Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 430

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Налайх дүүргийн 6 дугаар хороо, Тэрэлжийн гудамжны 65 тоотод оршин суух, РД:ДЖ67072407, Цахар Лхамсүрэнгийн Бямбажавын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Завхан гол багт оршин суух, РД:ДЖ63081638, Лхамсүрэнгийн Алтангэрэл, РД:ДЖ86101910, Бямбажавын Нямдаваа нарт холбогдох

Л.Алтангэрэл, Б.Нямдаваа нараас өөрийн өмчлөлийн малын үнэ 20.000.000 төгрөг, Б.Нямдаваагаас тэжээн тэтгүүлэх тэтгэмж 39.180.000 төгрөг, хүү Б.Батмэндийн хүний хөгжил сангаас олгодог 20.000 төгрөгийг захиран зарцуулах эрхийг эх Л.Бямбажавын нэр дээр шилжүүлж, 2013 оны 02 дугаар сараас 2016 оны 07 дугаар сарын дуусталх хугацааны хүүхдийн мөнгө нийт буюу нийт 41 сарын мөнгө 820.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагч Б.Нямдаваа, хариуцагч Л.Алтангэрэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Цэцэгмаа, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Одбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Бямбажав шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Л.Бямбажав миний бие нь 1980 оноос эхэлж мал маллаж өөрийн 4 хүүхдийн хамт малынхаа ашиг шимээр амьдарч байсан. 2011 оноос миний 2 дахь хүү Нямдаваа нь архи ууж агсам согтуу тавьж байнга хэл амаар доромжилж, ална гэж хутга заазуур барьж удаа дараа цохиж зодож ирсэн. Энэ хугацаанд намайг байнга зодож тархи толгой, гар, хөл хугаралттай, цууралттай болсон. Би энэ талаар цагдаагийн байгууллагад удаа дараа хандаж байсан боловч засрахгүй болохоор нь 2014 оны 01 дүгээр сард амьдралын эрхээр Улаанбаатар хотын Налайх дүүрэгт бүх эд хөрөнгө, малаа орхиод ирсэн. Энэ хугацаанд хүүг засарч төрсөн эхээ гэх болов уу? гэсэн байдлаар харсан боловч архи уух нь улам ихсэж, үг хэлээр харааж байгаа газар чинь очиж ална гэсээр өдийг хүрсэн. Би нутгаасаа гарахдаа өөрийн нэр байсан 200 гаруй хонь, 300 гаруй ямаа, 5 үхэр, 4 тэмээ, 9 адуугаа Б.Нямдаваад үлдээгээд ирсэн. Энэ хугацаанд би ашиг шим, ноос ноолуурыг нь зарж борлуулсны төлбөрөөс нэг ч төгрөг  авч байгаагүй. Тухайн 500-гаруй малаас Б.Нямдаваагийн гэх мал нэг ч байхгүй байсан. Одоо түүнээс зөвхөн 200 хонь, 200 ямаа нийт 400 бог малыг нэхэмжилж, тухайн малыг Улаанбаатар хотод авчрах хүн хүч, боломж бололцоо байхгүй тул 400 богийн үнэ одоогийн зах зээлийн дундаж үнэ 150.000 төгрөгөөр дүйцүүлэн 60.000.000 төгрөгийг гаргуулна.  Мөн  миний  бага  хүү  болох Бямбажавын Батмэндийг намайг гэрээс явснаас хойш хүн ёсоор харж хандалгүй, халамж анхаарлаар дутааж байгааг нь ажиглаад хүүгээ 2016 оны 04 дүгээр сараас өөр дээрээ авч сургуулийг нь албан ёсоор шилжүүлэн Налайх дүүргийн 6 дугаар хороонд хүүгийн хамт бүртгэгдэж амьдрах болсон. Харин бага хүү Б.Батмэндийн хүний хөгжил сангаас сар бүр олгодог 20.000 төгрөгийн захиран зарцуулах эрх Б.Нямдаваагийн нэр дээр байгаа, түүнийг Төрийн банк миний хүсэлтээр захиран зарцуулах эрхийг шилжүүлэн шийдвэрлэх боломжгүй, шүүхийн журмаар, эсвэл Б.Нямдаваа өөрийн хүсэлтээр шилжүүлэх боломжтой гэсэн хариуг өгсөн. Иймд 20.000 төгрөгийг захиран зарцуулах эрхийг эх Л.Бямбажав миний нэр дээр шилжүүлэн хүүхдийн өдөр тутмын хэрэгцээнд нь зарцуулах эрхийг нь хууль ёсоор шилжүүлэх, 400 богийн үнэ 60.000.000 төгрөгийг Б.Нямдаваагаас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Л.Бямбажав шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн ирүүлэхдээ болон шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Л.Бямбажав миний бие нь 1980 оноос эхэлж мал маллаж өөрийн 4 хүүхдийн хамт малынхаа ашиг шимээр амьдарч байсан. 2011 оноос миний дунд хүү Б.Нямдаваа нь архи ууж, агсам согтуу тавьж байнга хэл амаар доромжилж, ална гэж хутга, заазуур барьж удаа дараа цохиж зодож ирсэн. Энэ хугацаанд намайг байнга зодож тархи толгой, гар, хөл хугаралтай, цууралттай болсон. Би энэ талаар цагдаагийн байгууллагад удаа дараа хандаж байсан боловч засрахгүй болохоор нь 2014 оны 01 дүгээр сард амьдралын эрхээр Улаанбаатар хот, Налайх дүүрэгт бүх эд хөрөнгө, малаа орхиод ирсэн. Энэ хугацаанд хүүг засарч төрсөн эхээ гэх болов уу? гэсэн байдлаар харсан боловч архи уух нь улам ихсэж, үг хэлээр харааж байгаа газар чинь очиж ална гэсээр өдийг хүрсэн. Би нутгаасаа гарахдаа өөрийн нэр дээр байсан 200 гаруй хонь, 300 гаруй ямаа, 5 үхэр, 4 тэмээ, 9 адуугаа Б.Нямдаваад үлдээгээд ирсэн. Энэ хугацаанд би ашиг, шим ноос ноолуурыг нь зарж борлуулсны төлбөрөөс нэг ч төгрөг авч байгаагүй, тухайн 500 гаруй малаас Б.Нямдаваагийн гэх мал нэг ч байхгүй байсан. Ах маань бие муутай учраас би л малаа маллаж өдий тооны мал болгосон. Б.Нямдаваа нас биед хүрээд мал өсгөхөөс үрэн таран хийх нь их байсан. Б.Нямдаваа, Л.Алтангэрэл нараас өөрийн үлдээсэн 200 хонь, 200 ямаа нийт 400 бог малын үнэ одоогийн зах зээлийн дундаж үнэ 150.000 төгрөгөөр тооцон 400 бог*150.000 төгрөг = 60.000.000 төгрөг түүнээс зарим хэсэг болох 20.000.000 төгрөгийг гаргуулах, мөн миний бага хүү болох Бямбажавын Батмэндийг намайг гэрээсээ явснаас хойш хүний ёсоор харж хандалгүй, халамж анхаарлаар дутааж байгааг нь ажиглаад хүүгээ 2016 оны 04 дүгээр сараас өөр дээрээ авч сургуулийг нь албан ёсоор шилжүүлэн Налайх дүүргийн 6 дугаар хороонд хүүгийн хамт бүртгэгдэж амьдрах болсон. Харин бага хүү Б.Батмэндийн хүний хөгжил сангаас сар бүр олгодог 20.000 төгрөгийн захиран зарцуулах эрх Б.Нямдаваагийн нэр дээр байгаа түүнийг Төрийн банк миний хүсэлтээр захиран зарцуулах эрхийг шилжүүлэн шийдвэрлэх боломжгүй шүүхийн журмаар, эсвэл Б.Нямдаваагийн хүсэлтээр шилжүүлэх боломжтой гэсэн хариуг амаар өгсөн тул 20.000 төгрөгийг захиран зарцуулах эрхийг эх Л.Бямбажав миний нэр дээр шилжүүлэн хүүхдийн өдөр тутмын хэрэгцээнд нь зарцуулах эрхийг нь хууль ёсоор шилжүүлэх мөн тухайн хугацаанд сар бүрийн 20.000 төгрөгийг буюу хуримтлагдсан 41 сарын мөнгө нийт 820.000 төгрөгийг хуулийн дагуу Б.Нямдаваагаас гаргуулах, дунд хүү Б.Нямдавааг би гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргэх гэж 18 настайгаасаа мал маллаж хүнээс дутаахгүй эрүүл саруул өсгөсөн.  Гэтэл  нас биед хүрч архи дарсанд дуртай болж улмаар эхдээ гарч хүрч хамт амьдрах аргагүй болж Налайх дүүрэгт зугтаж ирсэн. Хүүхдүүдээ өсгөж мал маллаж байх хугацаандаа малаас хүнд халддаг бруцеллёз өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдаж группэд орсон. Би Налайх дүүрэгт өөрийн гэсэн орон гэр байхгүй, хөдөлмөр эрхлэх чадваргүй учраас группийн мөнгөнөөс өөр орлогогүй. Авсан мөнгөө бага хүүхдээ зарцуулж амьдрал хэцүү, тарчигхан амьдарч байна. Б.Нямдаваад маш их гомдож байна. Өдийг хүртэл эрүүл саруул өгсөж өгсөн байтал, ийм байдалтай болгож эцэст нь шүүхээр асуудлаа шийд гээд ярьж байгаад эх хүний хувьд гомдоод барахгүй л байна. Одоогийн байдлаар Б.Нямдаваагаас өөр намайг асарч хандах боломж бололцоотой хүн байхгүй. Иймд Б.Нямдаваагаас тэжээн тэтгүүлэх зардалд 39.180.000 төгрөгийг гаргуулж тэжээн тэтгүүлэх тэтгэлэг тогтоож өгнө үү.

Хариуцагч Б.Нямдаваа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Бямбажав овогтой Нямдаваа миний бие Лхамсүрэнгийн Бямбажавын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Миний бие өөрийн дүү Б.Батмэнд, ээж Л.Бямбажав, түүний ах Л.Алтангэрэл нартай цуг амьдардаг байсан. Ээж Л.Бямбажав нь 2014 оны 10 дугаар сард дүү Б.Буян-Оргих нь Улаанбаатар хотод өрх тусгаарлах үед очиж тэндээ сар гаруй байсан, байх хугацаандаа н.Төрөө гэдэг хүнтэй танилцсан сурагтай байсан. Тэгээд нутагтаа буцаж ирчихээд байнга л Улаанбаатар хот явах гээд байдаг болсон. Бидэнтэй цуг амьдардаг ээжийн ах Л.Алтангэрэл нь бие муу даралт харвасан, байнга хүний асаргаа сувилгаа шаарддаг. Иймд ээжийг би ахын хоол ундыг хийж өгөх хэрэгтэй, би мал ахуй гээд завгүй байна хэлж байсан. Гэтэл нэг өдөр яваад өгсөн байсан. Тэгээд дүү бид гурвыг үлдээгээд 2015 оны 02 дугаар сард бүр яваад өгсөн. Намайг ээж өөрийгөө байнга зодож, зовоодог тэсэхээ байгаад явсан гэж худал ярьсанд гомдолтой байна. Би зодож, зовоож байсан удаа байхгүй. Цагдаагийн байгууллагад ч бүртгэгдэж байгаагүй. Мөн надаас өөрийн өмчийн 400 бог мал түүний үнэ 60.000.000 төгрөг нэхэмжилсэн байна. Ээжид өөрийн өмчийн мал хөрөнгө гэж байхгүй. Надад ч мал хөрөнгө гэж байгаагүй. Ахынхаа малыг цэргээс халагдснаас хойш ирээд хамт мал маллаж амьдарч байна. Дүү Б.Батмэнд нь Жаргалант сумын 5 дугаар ангид сурдаг байсан. 2016 оны 03 дугаар сард ээжийгээ санаад байгаа байх гээд амралтаар яваад ир гэсэн буцааж явуулаагүй. Дүүгийн хүний хөгжил сангаас олгодог хүүхдийн 20.000 төгрөгийг 2005-2012 оны хооронд ээж захиран зарцуулж хэрэглэж байсан. 2012 онд ээж, бид хоёр яриад тус оны 11 дүгээр сард дүү Б.Батмэндийн нэр дээр төрийн банкинд хүүхэд хөгжлийн хадгаламж нээж өгч би боломжоороо хуримтлал хийж өгдөг цаашид миний дүүд хэрэгтэй. Хэрэв захиран зарцуулах эрхийг ээжийн нэр дээр шилжүүлвэл үрэн таран хийж дүүд өгөхгүй. Иймд хүлээн зөвшөөрөхгүй байна. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Л.Алтангэрэл шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Л.Алтангэрэл нь 1963 онд төрсөн. Анх явахдаа бидэнд юу ч хэлээгүй, нэг л өдөр өрөөл татуу болсон ахыгаа, өөрөөсөө гарсан үрээ хаяж яваад яаж өмч хөрөнгийг минь булаалцалдаж байна, уг би дүүгээ сайн мэднэ, надтай өмч хөрөнгө булаалдах хүн биш гэдгийг ахынх нь хувьд би сайн мэднэ. Энэ хүн хүний дарамтанд байдаг юм биш үү гэж бодогдож байна. Би хоёр хүүхдийг нь хүртэл тусад нь гаргаж өгсний минь хариу энэ юм байлгүй. Цаана нь өөр хүн байгаа юм бишүү. Тэгээд одоо харж ханддаг хүнийг архи ууж, ирээд чамайг зодож байхыг би хараагүй, Б.Нямдаваад өмч хөрөнгө гэх юм байхгүй гэжээ.

Хариуцагч Б.Нямдаваа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 34 настай. Ээж ах дүү нартайгаа нийт ам бүл зургуулаа амьдарч байсан. Энэ нэхэмжлэлийн шаардсанаар дүүгээ асран хамгаалах үүргээ авах талаар гаргасан сөрөг нэхэмжлэлээсээ татгалзаж, хүний хөгжил сангийн мөнгө 820.000 төгрөгийг дүү Б.Батмэндийн өөрийнх нь дансанд шилжүүлэн өгнө. Тэрийг хүлээн зөвшөөрч байна. Би одоо нагац ахтайгаа хамт амьдарч түүнийгээ асарч, хамгаалж байгаа. Тэр нэхэмжилж байгаа 60.000.000 төгрөгийн эд хөрөнгө байхгүй. Нагац ахын маань хөрөнгө. Энэ хүн биднийг өдий хүртэл хүний зэрэгтээ өсгөж хүмүүжүүлж байсан учраас, мөн энэ хүний тус нэмэр бидэнд маш их байгаа учраас би өдийг хүртэл асарч хамгаалж, халамжилж байгаа. Нийт нэхэмжилж байгаа 60.000.000 төгрөгийг өөрөөсөө илүү гаргаад өгөх юм байхгүй. Нагац ахаас хэрэглэ гэж өгсөн тэтгэвэр, бензин тосны мөнгөнөөс илүүчилж амьдралаа болгож явдаг. Надад 60.000.000 төгрөгийг өгөх эд хөрөнгө, ямар нэгэн зүйл байхгүй гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Цэцэгмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Намайг Ч.Цэцэгмаа гэдэг. Нэхэмжлэгч маань манай хадам эгч байгаа юм. Уг нь 4 хүүхэдтэйгээ тусдаа амьдарч байсан. Энэ хүн өөрийнх нь үлдээгээд явсан 400 мал гээд байна. Өөрт нь ямар ч мал хөрөнгө байхгүй. 39.000.000 төгрөг, 20.000.000 төгрөг гэж байна. Энэ хүүхдийг өсгөж хүмүүжүүлж яваа хадам ах Л.Алтангэрэл гэх хүний малыг нэхэмжлээд байгааг ойлгохгүй байна. 4 хүүхэдтэйгээ хамт хадам ахаас тусдаа өрх толгойлсон эмэгтэй гэж амьдарч байсан хүн. Сүүлдээ гэр орон нь шатаад хадам ахтайгаа амьдарч байгаад 2015 онд хот яваад алга болсон. Энэ хүн бол бичиг үсэг, хэл яриа, боловсрол муутай хүн байгаа. Үүнээс үзэхэд цаана нь шүүх цагдаагаар явуулаад байгаа хүн байгаа байх гэж бодож байна гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Л.Бямбажавын нэхэмжлэлийн шаардлагыг тодруулбал:

1.  Л.Алтангэрэл, Б.Нямдаваа нарт холбогдуулан  өөрийн өмчлөлийн үлдээж явсан бог, бод нийлсэн 500 гаад малаас нэхэмжилвэл зохих 200 хонь, 200 ямаа, нийт 400 бог малын үнэ 60.000.000 : 3 /Нямдаваа, Алтангэрэл, Бямбажав/ = оногдох хэсэг болох 20.000.000 төгрөг гаргуулах,

2. Б.Нямдаваад холбогдуулан хүү Бямбажавын Батмэндийн хүний хөгжил сангаас олгох хүүхдийн 20.000 төгрөгийн захиран зарцуулах эрхийг эх Л.Бямбажавын нэр дээр шилжүүлэх,

З. Б.Нямдаваагаас Б.Батмэндийн 2013 оны 02 дугаар сараас 2016 оны 07 дугаар сарыг дуусталх 20.000 төгрөг нийт 41 сарын хүүхдийн мөнгө 820.000 төгрөгийг гаргуулах,

4. Гэр бүлийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн чадвартай, болон амьдралын боломжтой том хүү Б.Нямдаваагаас эхийгээ тэжээн тэтгүүлэх тэтгэмжид 39.180.000 төгрөгийг гаргуулах зэрэг нийт 60.000.000 төгрөгийн үнийн дүн бүхий нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргажээ.

Хариуцагч Б.Нямдаваа нь Б.Батмэндийн асран хамгаалагчаар тогтоолгохоор шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргасан боловч шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсан байна.

Хариуцагч Б.Нямдаваа нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Б.Батмэндэд хүний хөгжил сангаас олгодог хүүхдийн 20.000 төгрөгийг захиран зарцуулах эрхийг эх Б.Бямбажавын нэр дээр шилжүүлэх болон 2013 оны 02 дугаар сараас 2016 оны 07 дугаар сарыг дуусталх хугацааны 41 сарын 20.000 төгрөг буюу нийт 820.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, харин Л.Алтангэрэл,Б.Нямдаваа нараас өөрийн өмчлөлийн малын үнэ 20.000.000 төгрөг, Б.Нямдаваагаас тэжээн тэтгүүлэх тэтгэмж 39.180.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаарх тайлбарыг ирүүлэн маргаж байна.

Өөрийн өмчлөлийн үлдээж явсан бог, бод нийлсэн 500 гаруй малаас нэхэмжилвэл зохих 200 хонь, 200 ямаа, нийт 400 бог малын үнэ 60.000.000: 3 /Нямдаваа, Алтангэрэл, Бямбажав/= зарим хэсэг болох 20.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Л.Бямбажав нь “...би нутгаасаа гарахдаа өөрийн нэр дээр байсан 200 гаруй хонь, 300 гаруй ямаа, 5 үхэр, 4 тэмээ, 9 адуугаа Б.Нямдаваад үлдээгээд ирсэн. Энэ хугацаанд би ашиг, шим ноос ноолуурыг нь зарж борлуулсны төлбөрөөс нэг ч төгрөг авч байгаагүй, тухайн 500 гаруй малаас Б.Нямдаваагийн гэх мал нэг ч байхгүй байсан. Ах маань бие муутай учраас би л малаа маллаж өдий тооны мал болгосон. Б.Нямдаваа нас биед хүрээд мал өсгөхөөс үрэн таран хийх нь их байсан. Б.Нямдаваа, Л.Алтангэрэл нараас өөрийн үлдээсэн 200 хонь, 200 ямаа нийт 400 бог малын үнэ одоогийн зах зээлийн дундаж үнэ 150.000 төгрөгөөр тооцон 400 бог * 150.000 төгрөг = 60.000.000 төгрөг түүнээс зарим хэсэг болох 20.000.000 төгрөгийг гаргуулна...” гэж,

Хариуцагч Б.Нямдаваа нь “...Би одоо нагац ахтайгаа хамт амьдарч түүнийгээ асарч хамгаалж байгаа. Тэр нэхэмжилж байгаа 60.000.000 төгрөгийн эд хөрөнгө байхгүй. Нагац ахын маань хөрөнгө. Энэ хүн биднийг өдий хүртэл хүний зэрэгтээ өсгөж хүмүүжүүлж байсан учраас, мөн энэ хүний тус нэмэр бидэнд маш их байгаа учраас би өдийг хүртэл асарч хамгаалж, халамжилж байгаа. Нийт нэхэмжилж байгаа 60.000.000 төгрөгийг өөрөөсөө илүү гаргаад өгөх юм байхгүй. Нагац ахаас хэрэглэ гэж өгсөн тэтгэвэр, бензин тосны мөнгөнөөс илүүчилж амьдралаа болгож явдаг. Надад 60.000.000 төгрөгийг өгөх эд хөрөнгө, ямар нэгэн зүйл байхгүй...” гэж, хариуцагч Б.Алтангэрэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Цэцэгмаа нь “...Энэ хүн өөрийнх нь үлдээгээд явсан 400 мал гээд байна. Өөрт нь ямар ч мал хөрөнгө байхгүй. 39.000.000 төгрөг, 20.000.000 төгрөг гэж байна. Энэ хүүхдийг өсгөж хүмүүжүүлж яваа хадам ах Л.Алтангэрэл гэх хүний малыг нэхэмжлээд байгааг ойлгохгүй байна. 4 хүүхэдтэйгээ Г.Алтангэрэл ахаас тусдаа өрх толгойлсон эмэгтэй гэж амьдарч байсан хүн...” гэж тус тус маргаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэх ба 6.1-д зааснаар зохигч... хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ гэж, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч нэхэмжлэлийн шаардлага, татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлд дурдсан хэмжээний малтай байсан ба түүний тодорхой хэсгийг шаардах эрхтэй болох талаарх шаардлагын үндэслэлээ шүүхэд баримтаар нотлоогүй байна. Хэрэгт баримтаар Л.Алтангэрэлийн 2013, 2014, 2015 онуудын мал тооллогын А дансны хуулбар ирсэн ба Жаргалан сумын Засаг даргын тамгын газрын албан бичигт “Л.Бямбажав болон түүний хүү Б.Нямдаваа нарын нэр дээр тоологдсон мал сумын А дансанд байхгүй болно” гэжээ. Мөн Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн  албан бичигт “Тус аймгийн Жаргалан сумын 1993 он, 2005-2007 оны мал тооллогын баримтыг шүүж үзэхэд Завхан гол багийн иргэн Лхамсүрэн овогтой Бямбажавын нэр дээр мал тоологдоогүй байна” гэсэн байгаа зэргээр Л.Бямбажавын нэр дээр малтай байсан гэх тайлбар нь баримтаар нотлогдохүй байна. Харин хариуцагч Б.Нямдаваагийн “...манай гэр шатсаны улмаас 2008 оноос нагац ах Алтангэрэлийнд цуг амьдрах болсон, ...түүнээс өмнө бид Алтангэрэл ахынхаа хаяанд малыг нь маллан амьдарч, ах маань бидний хоол унд бүх зүйлийг хангаж амьдарч байсан...   “ гэх татгалзал тайлбар нь дээрх баримтаар нотлогдож байна.

Иймд малаас оногдох хэсгийн үнэ 20.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлтэй буюу хууль ёсоор эзэмших эрхтэй шударга эзэмшигч болох нь баримтаар тогтоогдохгүй байна гэж дүгнэв.

Гэр бүлийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн чадвартай, болон амьдралын боломжтой том хүү Б.Нямдаваагаас эхийгээ тэжээн тэтгүүлэх тэтгэмжид 39.180.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Гэр бүлийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт Хөдөлмөрийн чадвартай хүүхэд нь төрүүлсэн, үрчлэн авсан хөдөлмөрийн чадваргүй эцэг, эх, хойт эцэг, хойт эхээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заасан байна. Хэрэгт авагдсан баримт болох эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр Л.Бямбажав нь хөдөлмөрийн чадварыг 50 хувиар алдсаныг тогтоожээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн энэ шаардлагаа гаргахдаа эхийгээ тэжээн тэтгүүлэх тэтгэжид 39.180.000 төгрөг гэж нэхэмжилсэн нь ямар цаг хугацааг, тэтгэмжийн ямар хэмжээгээр тооцсон болох нь ойлгомжгүйн дээр хэрэв өнгөрсөн цаг хугацааны байдлаар нэхэмжилсэн бол Гэр бүлийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт тэжээн тэтгүүлэх хүн тэжээн тэтгүүлэх эрх үүссэн цагаас хойш хугацаа харгалзахгүйгээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж зааснаас үзэхэд тэжээн тэтгэх үүргийг шүүхийн журмаар шийдвэрлэснээр тэжээн тэтгүүлэх харилцаа хэрэгждэг, энэ хуулийн 45 дугаар зүйлд зааснаар гэрээний үндсэн дээр тэжээн тэтгүүлэх үүргийг мөн хэрэгжүүлж болохоор тус тус заасан бөгөөд Л.Бямбажав, Б.Нямдаваа нарын хувьд тэжээн тэтгүүлэх гэрээ байхгүй, шүүхээр тэжээн тэтгүүлэх шийдвэр гараагүй байхад буюу тэжээн тэтгүүлэх тэтгэмж авах үндэслэл хууль зүйн хувь бий болоогүй байхад энэ нэхэмжлэлийн дагуу шүүх нөхөн тооцож гаргуулах нь үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч хэрэв тэжээн тэтгүүлэх асуудлыг шүүхээр шийдвэрлүүлээд ийнхүү шийдвэрлэснээс хойшхи хугацааны тэтгэмжийг нэг мөсөн бөөнд нь хэлбэрээр гаргуулах шаардлага гаргаж байгаа бол Гэр бүлийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 зааснаар сар, улирал, хагас жил, жилээр олгож болохоор заасан байдаг боловч шүүх сар бүр буюу хамгийн богино хугацаа тутамд олгуулахаар шийдвэрлэдэг. Харин бусад хугацаа, хэлбэрийг төлбөр авагч, төлбөр төлөгч нар харилцан тохиролцохоор байдаг. Шүүх нэхэмжлэгчийн хүсэл зориг, нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн хүрээнд хэргийг шийдвэрлэдэг бөгөөд нэхэмжлэгч нь тэтгэмж 39.180.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж дүгнэв.  

Хэдийгээр дээр дурдсан Б.Нямдаваад холбогдох бусад шаардлагын хувьд хариуцагч хүлээн зөвшөөрч маргаагүй боловч хэд хэдэн шаардлага бүхий нэхэмжлэлийн хувьд зарим хэсэгт хариуцагчийн зөвшөөрлийг батлах хууль зүйн боломжгүй тул энэ шийдвэрийн тогтоох хэсэгт заан тусгах нь зүйтэй байна.

Хариуцагч Б.Нямдаваа хүүхдийн асрамж тогтоолгох сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсаныг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 100.4, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэг, Гэр бүлийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэг, 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэг, 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн /РД:ДЖ05260317/ Цахар Бямбажавын Батмэндийн хүний хөгжил сангаас олгогддог хүүхдийн мөнгийг захиран зарцуулах эрхийг эх /РД:ДЖ67072407/ Цахар Лхамсүрэнгийн Бямбажавт шилжүүлэхийг хариуцагч Бямбажавын Нямдаваад даалгаж, 2013 оны 02 дугаар сараас 2016 оны 07 дугаар сарыг дуусталх хугацааны сар бүрийн хүүхдийн мөнгө 20.000 төгрөг болох 820.000 төгрөгийг /РД:ДЖ86101910/ Цахар Бямбажавын Нямдаваагаас гаргуулан Л.Бямбажавт олгож, нэхэмжлэлээс үлдэх хэсэг болох малын үнэ 20.000.000 төгрөг, тэжээн тэтггүүлэх тэтгэмж 39.180.000 төгрөг гаргуулах тухай шаардлагуудыг  хэрэгсэхгүй болгосугай.

2. Хариуцагч Б.Нямдаваа нь Б.Батмэндийн асран хамгаалагчаар тогтоолгохыг хүссэн сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсан болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэлээс хангагдсан хэмжээ болох хүүхдийн мөнгөний захиран зарцуулах эрх шилжүүлэх шаардлагад ногдох тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, 820.000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 24.230 төгрөг, нийт улсын тэмдэгтийн хураамжид 94.430 төгрөгийг хариуцагч Б.Нямдаваагаас гаргуулан улсын орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн  давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                           Ц.ҮЙТҮМЭН