Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 103/ШШ2017/00007

 

 

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг  
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг  би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо Чингисийн өргөн чөлөөнд байрлах “Скайтел” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 3 дугаар хороо, 49 дүгээр байрны 17 тоотод оршин суух, Боржигон овогт Батмөнхийн Нарантуяад холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 60.011 төгрөг, нотариатын зардал 4.000 төгрөг нийт 64.011 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянаад:

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч “Скайтел” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Нарантуяа нь манай байгууллагын үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч 2013 оны 7 дугаар сарын 10-ны өдөр дараа төлбөрт Postpaid nice үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган гэрээ байгуулж 91021560 дугаарын эзэмшигч болсон. Гэтэл Б.Нарантуяа нь гэрээний үүргээ биелүүлээгүй тул төлбөрийн үлдэгдэл 60.011 төгрөг, нотариатын зардал 4.000 төгрөг нийт 64.011 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч Б.Нарантуяа шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие “Скайтел” ХХК-ийн нэхэмжилсэн төлбөр 60.011 төгрөг, нотариатын зардал 4.000 төгрөг нийт 64.011 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөөрч байна гэжээ. 

         Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг уншиж танилцаад:

ҮНДЭСЛЭХ  нь:

          Нэхэмжлэгч “Скайтел” ХХК нь хариуцагч Б.Нарантуяагаас худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 60.011 төгрөг, нотариатын зардал 4.000 төгрөг нийт 64.011 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.  

          Хариуцагч Б.Нарантуяа нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.      

 Учир нь: Хариуцагчийн зөвшөөрлийн үндэслэл болсон “Миний бие “Скайтел” ХХК-ийн нэхэмжилсэн төлбөр 60.011 төгрөг, нотариатын зардал 4.000 төгрөг нийт 64.011 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна” гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна.       

 Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1,  74.2 дахь хэсгүүдэд заасныг  удирдлага  болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.“Скайтел” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Боржигон овогт Батмөнхийн Нарантуяад холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 60.011 төгрөг, нотариатын зардал 4.000 төгрөг нийт 64.011 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 4.550 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 2.275 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч Б.Нарантуяагаас тэмдэгтийн хураамж 2.275 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Скайтел” ХХК-д олгосугай.

           3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

           4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид  давж  заалдах, хяналтын  журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                                    Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ