Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 1203

 

 Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Ц.Долгормаа,

улсын яллагч Б.Дэлгэрмаа,

шүүгдэгч Т.... нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан гэмт хэрэгт Т....г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1903010400425 дугаар хэргийг 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1953 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Ховд аймгийн Буянт суманд төрсөн, 66 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цэргийн тусгай мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 2, эхнэрийн хамт Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, Мэргэжилтний ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Улаан соён овогт ...ын ... /РД:.../.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч Т.... нь согтуурсан үедээ 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 18 цаг 00 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг Хүй долоон худгаас 361 дүгээр гарам явах замд “Ниссан Мурано” маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;” мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” гэснийг тус тус зөрчсөний улмаас замаас гарч онхолдон зорчигч 35 настай, эмэгтэй Д....ын эрүүл мэндэд хүнд, 42 настай, эмэгтэй Д....ийн мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Т.... шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Ярих зүйлээ бичгээр өгсөн байгаа. Архи уусандаа харамсаж байна” гэв.

 

Эрүүгийн 1903010400425 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Д....ын: “2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр ...16 цагийн үед Хархорин захын хойд талын автобусны буудлаас Партизаны сангийн аж ахуй явах автобусанд суучихсан байсан. Гэтэл нөхөр манай тэнд байдаг ... ахтай утсаар ярьсан юм шиг байна лээ, “... ахтай цуг явъя” гэхээр нь бид 2 буугаад ... ахын машинд сууж явсан. Замдаа “Энхжин” худалдааны төв рүү ... ах манай нөхөр 2 орсон. Тэндээс архи авсан юм шиг байна лээ. Хүй долоо худгийн Чулуутын овоо гэх газар очоод манай нөхөр ... ах, ... ахын танил хүүхэн гурав 0,5 литрийн нэг шил архи хувааж уугаад цаашаа явж байхад бид нарын өөдөөс том ачааны машин зөрөхдөө шахсан. Тэр үед ... ах замаас гараад онхолдсон. Машин дөрвөн дугуй дээрээ босчихсон, миний толгой тархи эргээд сууж байсан. Гэмтлийн эмнэлэгт хэвтсэн...” гэх мэдүүлэг /хх-15-17/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2019.09.16-ны өдрийн 10827 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. Д....-н биед баруун зулай, чамархай ясны хугарал, баруун чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн чамархайн дэлбэнд тархины эдийн няцрал, зүүн чамархайн дэлбэнгийн аалзан хальсан доорх цус харвалт, баруун зовхи, хацар, шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн зовхи, ооч, хоёр бугалга, зүүн тохой, зүүн мөр дал, баруун мөр, баруун гуя, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгднэ. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5.Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна” гэжээ /хх-33/,

Хохирогч Д....ийн: “2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр ...... ах машинтайгаа хүрээд ирэхээр нь бид суугаад явсан. ... ах “Энхжин” худалдааны төв рүү ороод нэг шил архи авсан байсан. Бид Хүй долоо худгийн давааны овоо гэх толгой дээр гараад нөгөө нэг шил 0,5 литр архиа хувааж уусан. Тэгээд цаашаа 361-ийн гарам орох гээд Хүй долоо худгийн замаар ертөнцийн зүгээр урдаас хойшоо зүгт явж байтал бид нарын машины өөдөөс нэг том ачааны автомашин зөрж өнгөрсөн. Тэр үед ... ах сандраад замаас гараад онхолдсон. Машин дөрвөн дугуйн дээрээ босоод ирсэн байсан. Миний баруун бугалга хугарсан байна гээд шохойдуулсан...” гэх мэдүүлэг /хх-19-20/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2019.09.11-ний өдрийн 10980 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.Д....-н биед баруун атгаалын их төвгөр дайрсан сэлтэрч салсан хугарал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн. 3.Шинэ гэмтэл байна. 4.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-40/,

Гэрч С....гийн: “2019 оны 9 дүгээр сарын 05-ны ...16 цагийн орчимд байх ...... ах “тэг тэг, автобуснаасаа буучих” гэхээр нь эхнэр бид хоёр буух гэтэл бид хоёрын хажууд сууж байсан бас нэг хүүхэн “Та хоёр ... ахтай хамт явах гэж байгаа юм уу” гээд бид хоёртой хамт буугаад байж байтал ... ах ирээд бид машинд суугаад 361-ийн гарам руу явж байхдаа “Энхжин” худалдааны төвөөс ... ах нэг шил архи авсан. Хүй долоо худгийн даваан дээр зогсож нөгөө архиа ... ах нөгөө хамт суусан хүүхэн бид гурав хувааж уугаад, цаашаа явж байтал бид нарын өөдөөс ирж явсан том ачааны автомашин зөрөхдөө шахсан. Тэгтэл ... ах баруун гар тийшээ зайлуулж дараад замаас гарч онхолдсон...” гэх мэдүүлэг /хх-23-24/,

Шүүгдэгч Т....гийн яллагдагчаар өгсөн: “...Би согтууруулах ундааны зүйл уусан үедээ Давааны зөрлөгөөс Хүй долоо худаг хүртэл 4-5 километр орчим газар автомашин жолоодсон. Ослын талаар ярих зүйлгүй. Хохирол төлбөрийг төлж байгаа...” гэх мэдүүлэг /хх-62-64/,

зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3-10/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-11/, хохирлын баримтууд /хх-82, 84-87, 90-93/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-75/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-65/, тээврийн хэрэгсэл бүртгэлтэй лавлагаа /хх-70/, эд хөрөнгө бүртгэлтэй лавлагаа /хх-71/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-73/, хохирогч Д....ийн “......тэй тохиролцож 1 сая төгрөг надад өгсөн. Бид эвлэрсэн тул ямар нэгэн гомдол санал гомдолгүй...” гэх хүсэлт /хх-97/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг,

мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гаргаж өгсөн хохирогч Д....ын “...... ах эмчилгээний зардлыг өгсөн. Би ямар ч гомдолгүй” гэх хүсэлт, шүүгдэгчийн өөрийн шүүхэд хандсан хүсэлт зэргийг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай. Хохирогч нарт хохирол төлөгдсөн тул бусдад төлөх төлбөргүй. Цаашид гарах эмчилгээний зардлыг жич нэхэмжлэх эрхтэйг дурдуулах саналтай...” гэж,

шүүгдэгч “Гэм буруугаа хүлээж байна” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Т.... согтуурсан үедээ 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 18 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Хүй долоо худгаас 361 дүгээр гарам явах замд “Ниссан Мурано” маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” гэснийг зөрчсөнөөс онхолдон зорчигч Д....ын эрүүл мэндэд хүнд, Д....ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Д....ын “...манай нөхөр ... ах, ... ахын танил хүүхэн гурав 0,5 литрийн нэг шил архи хувааж уугаад бид цааш явж байхад гэнэт том ачааны машин зөрөхдөө шахсан. Тэр үед ... ах замаас гараад онхолдсон...” гэх мэдүүлэг /хх-15-17/, шүүх эмнэлгийн 10827 дугаар “1. Д....-н биед баруун зулай, чамархай ясны хугарал, баруун чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн чамархайн дэлбэнд тархины эдийн няцрал, зүүн чамархайн дэлбэнгийн аалзан хальсан доорх цус харвалт, баруун зовхи, хацар, шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн зовхи, ооч, хоёр бугалга, зүүн тохой, зүүн мөр дал, баруун мөр, баруун гуя, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-33/, хохирогч Д....ийн “...нөгөө 0,5 литр архиа бид хувааж уусан. ...бид нарын сууж явсан машины өөдөөс нэг том ачааны автомашин зөрж өнгөрсөн. Тэр үед ... ах сандраад замаас гараад онхолдсон...” гэх мэдүүлэг /хх-19-20/, шүүх эмнэлгийн 10980 дугаар “1. Д....-н биед баруун атгаалын их төвгөр дайрсан сэлтэрч салсан хугарал гэмтэл тогтоогдлоо. 4.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-40/, гэрч С....гийн “...нэг шил архиа ... ах нөгөө хамт суусан хүүхэн бид гурав хувааж уугаад, цаашаа явж байтал ...... ах баруун гар тийш зайлуулж дараад замаас гарч онхолдсон...” гэх мэдүүлэг /хх-23-24/, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /3-10/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгах хуудас /хх-11/ зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр хангалттай нотлогдож байна.

Иймд шүүгдэгч Т....гийн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д “Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ “согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасныг тус тус зөрчсөний улмаас тээврийн хэрэгсэл онхолдон, зорчиж явсан нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болгоомжгүй үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул Т....г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Д....ийн эрүүл мэндэд хүндэвтэр, хохирогч Д....ын эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учирсан бөгөөд хохирогч Д....ийн “......тэй тохиролцож 1 сая төгрөг надад өгсөн. Ямар нэгэн гомдол саналгүй...” гэх хүсэлт /хх-97/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гаргаж өгсөн хохирогч Д....ын “...... ах эмчилгээний зардлыг өгсөн. Би ямар ч гомдолгүй” гэх хүсэлтийг тус тус үндэслэн шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Түүнчлэн хохирогч Д...., Д.... нар цаашид гарах эмчилгээтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар шүүгдэгч Т....гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хорих ял оногдуулах, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай...” гэж,

шүүгдэгч “Мод тарих хүсэл мөрөөдлөө биелүүлж чадахгүйд хүрсэндээ харамсаж байна” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.   

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцсон/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /гэмт хэргийн улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учирсан, хохирогч нарт хохирол төлөгдсөн, хохирогч нар “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн/, шүүгдэгчийн хувийн байдал /66 настай, өндөр насны тэтгэвэрт байдаг, хийсэн хэрэгтээ гэмшиж буй/-ыг тус тус харгалзан шүүгдэгч Т.... гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар шүүгдэгч Т....гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар Т....д тэнссэн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж байна.  

Шүүгдэгч Т....гийн жолоочийн В ангиллын 100648 дугаар үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолох, “Nissan Murano” маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслийн 01034689 дүгээр гэрчилгээг өмчлөгч Т....д буцаан олгох нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Т.... цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Улаан соён овогт ...ын ...г автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдэж нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулсан гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар шүүгдэгч Т....гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Шүүгдэгч Т....д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг тэнссэн хугацаанд хэрэглэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчвөл прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Т....д мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т....д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Т.... цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдаж, шийтгэх тогтол хүчин төгөлдөр болмогц Т....гийн жолоочийн В ангиллын 100648 дугаар үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, “Nissan Murano” маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслийн 01034689 дүгээр гэрчилгээг өмчлөгч Т....д буцаан олгосугай.

7. Хохирогч Д...., Д.... нар цаашид гарах эмчилгээтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т....д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                    Л.БААТАР