| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 168/2020/0115/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/115 |
| Огноо | 2020-04-16 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Ч.Мөнхзул |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 2020/ШЦТ/115
2020 04 16 2020/ШЦТ/115
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг
Улсын яллагч Ч.Мөнхзул
Шүүгдэгч Л нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Лхамсүрэнгээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ............ овогт Лд холбогдох 1921007610115 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1977 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 1, ............................оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2002 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 59 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-д зааснаар 50000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, ................ овогт Л. /РД ............/
Шүүгдэгч Л нь 2019 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 17 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Пунцаг Даржаа Чойнхорлин” хийдийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж, цахилгаан тасдагч 1 ширхэг, Соёрхол архи 4 ширхэг, 2.5 литрийн Боргио пиво 5 ширхэг, зэс гүц зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 446500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанд дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Л шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би 2019 оны 10 дугаар сарын 27-ны өдөр “Шүр” зах дээр архи уусан. Тэгээд хадам эгчийнхээ гэрт очиход намайг гэрээсээ хөөгөөд байсан. Тэгэхээр нь би дүүтэйгээ уулзах гээд “Пунцаг Даржаа Чойнхорлин” хийд рүү очиход цонх нь онгорхой байхаар нь ороод архи, пиво авсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хохирогч О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Манай төрсөн ах Л миний ажлын өрөө рүү миний зөвшөөрөлгүй орж, гарах, тэр ч байтугай цонх, хаалгыг нь эвдэж ороод эд хөрөнгийг нь захиран зарцуулах эрх байхгүй. ...Би хулгайд алдагдсан зэс гүцийг хүлээж авсан. ... харин Кен маркийн цахилгаан тасдагч, архи, пиво зэргийг Лгээс нэхэмжлэхгүй...” гэжээ. /хх-ийн 27-29/
Иргэний нэхэмжлэгч М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 10 дугаар сарын сүүлээр намайг ажил дээр байж байхад үдийн үед өмнө нь зүс харж байсан залуу үл таних залуугийн хамт манай дэлгүүрт лууны дүрс бүхий бариул болон цорготой хүрэн өнгийн зэс гүц бариад орж ирсэн. Тэгээд миний өмнө нь зүс харж байсан залуу барьж байсан зэс гүцээ 40000 төгрөгөөр зарна гэж байхад нь би худалдаж авсан юм. Би тус гүцийг 20000 төгрөгөөр худалдаж авсан. Би тухайн үед тус гүцийг хулгайн замаар олсон гэдгийг мэдэхгүй болохоор худалдаж авсан юм. Би 20000 төгрөгөө нэхэмжлэх хүсэлгүй байна...” гэжээ. /хх-ийн 31/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 254 дугаартай дүгнэлтэд:
1.Шинжилгээнд ирүүлсэн 1, 2, 4, 5 дугаараар дугааралсан 4 ширхэг гарын мөр нь харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. Харин 3, 6 гэж дугаарласан 2 ширхэг мөр нь харьцуулах шинжилгээнд тэнцэхгүй.
2.Шинжилгээнд тэнцэх 5 дугаартай гарын мөр нь Папилон системийн нэгдсэн санд MN004110007897 бүртгэлтэй Лувсанбалдан овогтой Л гэгчийн зүүн алганы хээтэй тохирч байна.
3. Лувсанбалдан овогтой Л гэгчийн зүүн алганы хээтэй доорх шинж тэмдгээрээ тохирч байна.
-Папилляр шугамын салаалалт -1, 2, 3, 4, 5, 6
-Папилляр шугамын эхлэл – 7, 8
4. Шинжилгээнд тэнцэх гарын мөрүүд нь эзэн холбогдогч нь тогтоогдоогүй байгаа хэргийн газраас бэхжүүлэн авсан гарын мөрүүдтэй тохирохгүй байна гэжээ. /хх-ийн 44-49/
-Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-15/
-Эд мөрийн баримт хураан авах тухай тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 17-20/
-Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 21/
-Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 22/
-Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 23/
-Гэрч О-ийн мэдүүлэг /хх-ийн 34/
-Гэрч Б-ийн мэдүүлэг /хх-ийн 35/
-Гэрч Г-ийн мэдүүлэг /хх-ийн 38-39/
-Шүүгдэгч Лгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 54-56/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч Л нь 2019 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 17 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Пунцаг Даржаа Чойнхорлин” хийдийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж, цахилгаан тасдагч 1 ширхэг, Соёрхол архи 4 ширхэг, 2.5 литрийн Боргио пиво 5 ширхэг, зэс гүц зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч О-т 446500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Лгийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч О, иргэний нэхэмжлэгч М, гэрч О, Б, Г нарын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 254 дугаартай дүгнэлт, эд зүйлийн үнэлгээ, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл хураан авсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Лд холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Лхамсүрэнгээс зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Лг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч Лг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Тус хэрэгт Л нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болно.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Лд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Лд оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Л нь хохирогч О-д 446500 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч М-д 20000 төгрөгийн хохирол тус тус учруулсан боловч хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Лг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Лгийн ......... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааг тус тус Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ........... овогт Лг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч .......... овогт Лг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Лд оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Лгийн .................. регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Лд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслах сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ