| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | 163/2019/0233/Э |
| Дугаар | 63 |
| Огноо | 2020-03-30 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | П.Шижиртуяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 63
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч
Ж.Дэлгэрмөрөн даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Энхзул
Улсын яллагч П.Шижиртуяа,
Шүүгдэгч Б.А , түүний өмгөөлөгч Г.Эрдэнэчимэг
Шүүгдэгч Э.Ц , түүний өмгөөлөгч М.Найдан,
Шүүгдэгч О.Э түүний өмгөөлөгч П.Ган-Очир нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх П.Шижиртуяа 2015 оны Шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт О.Э , Ч овогт Б.А , Н овогт Э.Ц нарт холбогдох 163/2019/0233/Э индекстэй, эрүүгийн 201706000168 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 25 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, Орхон аймаг дахь Эрүүгийн , хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 121 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял оногдуулж 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Б овгийн О.Э ,
2.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, урьд ял шийтгэлгүй, Ч овгийн Б.А ,
3.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Улаанбаатар хотын “Г” ХХК-д зүсэгч ажилтай, ам бүл 3, урьд ял шийтгэлгүй, Н овгийн Э.Ц.
Холбогдсон хэргийн талаар:
Яллагдагч О.Э нь ганцаараа 2017 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 06 дугаар сарын 08-ны хооронд Булган аймгийн ...ийн нутгаас иргэн Л.Н ын хаваржааны байшинд хууль бусаар нэвтрэн 8 завхай мөнгөн тоногтой эмээл хулгайлж 2, 400,000 /хоёр сая дөрвөн зуу/ төгрөгийн хохирол учруулсан,
Яллагдагч О.Э , Б.А , Э.Ц нар нь бүлэглэн 2017 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 06 дугаар сарын 08-ны хооронд Булган аймгийн ...ийн нутгаас иргэн С.Б ийн өвөлжөөний байшингийн вакум цонхоор хууль бусаар нэвтрэн орж 417000 төгрөгийн үнэ бүхий зүйлс хулгайлсан ,
Мөн иргэн Ц.Б ын өвөлжөөний амбаарт хууль бусаар нэвтрэн орж 2627500 төгрөгийн үнэ бүхий эд зүйлс хулгайлсан,
Иргэн Л.Ц ын зуслангийн гэрт хууль бусаар нэвтрэн орж монетан ээмэг, бөгж, эмэгтэй бүс, эрэгтэй мөнгөн бүсийг хулгайлсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэнд/
Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч О.Э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг өгөхгүй гэв.
Шүүгдэгч Б.А шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг өгөхгүй гэв.
Шүүгдэгч Э.Ц шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг өгөхгүй гэв.
201706000168 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:
Хохирогч Л.Н ын өгсөн: “...Булган аймгийн ...ийн нутаг Б гэх нэртэй газарт байх хаваржааны байшинд 2017 оны 05 сарын 27- ны өдрөөс 06 дугаар сарын 08-ны хооронд хулгай орсон. Миний хулгайд алдсан эмээл 8 завхай хатуу хар мөнгөн хивсэн гөлөмтэй эмээл байсан юм....” 12 завхай мөнгөн эмээл, эмэгтэй хүний мөнгөн бүсний даруулга, 54 ширхэг элдсэн хуганы арьс, мөнгөн бүсний толь зэрэг эд зүйлүүдээ хулгайд алдсан..., би өмнө нь андуураад 12 завхай мөнгөн эмээл байсан гэж мэдүүлсэн байна..., алдсан эмээл маань 8 завхай эмээл байсан” гэх мэдүүлэг, /2хх-ийн 9-10, 3 хх-ийн 99-100 дугаар хуудас/,
Гэрч Л.Б гийн өгсөн: “...2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 1 цагийн үед шиг санал байна 3 залуу дэлгүүр дээр орж ирээд эмээл зарах гэсэн юм гэж ярьсан. Хаана байгаа талаар асуухад гадаа байгаа гэхээр нь саарал өнгөтэй машин дээр очсон. Машины багаажийг сөхөж үзэхэд эмээл байсан. Лангуун дээрээ очоод задалж үзэхэд 8 цагаан мөнгөн чимэгтэй, хивсэн гөлөмтэй, төмөр дөрөөтэй, 8 завхай эмээл байхаар нь бэлэн 700000 төгрөгөөр авсан... би тэр 3 залуугаас хулгайн зүйл мөн үү гэж асуухад өөрсдийнхөө эмээлийг зарж байна гээд жолооны түр үнэмлэхээ канондаж өгсөн...” гэх мэдүүлэг, /2 хх-ийн 41-42 дугаар хуудас/,
Гэрч Д.Х ийн өгсөн: “...би О.Э гэх хүнийг мэдэх болоод 1 жил болж байна. Манай охин М ын найз залуу байгаа юм..., манай охинтой хөдөө явж туслах малчин хийдэг юм....” гэх мэдүүлэг, /2 хх-ийн 34-35 дугаар хуудас/,
Гэрч Д.М ын өгсөн: ...Э цагаан шуудайтай зүйл тэврээ ирсэн. Тухайн үед би наадах чинь юу юм бэ гэж асуухад миний юм байгаа юм гэж хэлсэн..., тэгээд бид 2 цаашаа Улаанбаатар хот руу шуудайтай зүйлийг нь голдоо хийгээд би бариад явсан. Тухайн үед би тэр шуудайн дотор байгаа зүйлийг тэмтэрч үзэхэд эмээл байсан... шууд явсаар байгаад олон зоогийн газар ажилладаг газарт очоод мотоциклоо шууд тэнд орхиод Улаанбаатар хотын унаанд суугаад явсан. Улаанбаатар хотын наахан талд Э гийн найз гэх А саарал өнгийн Соната-6 маркийн тээврийн хэрэгсэлтэй тосч авсан. Энэ машины жолоочийг Цацрал гэж дуудаж байсан...” гэх мэдүүлэг /2хх-ийн 51-52 дугаар хуудас/,
Гэрч Б.Эрдэнэбаатарын өгсөн: “....2017 оны 06 дугаар сарын эхээр Булга аймгийн Номын булаг гэх газарт би машинтайгаа Улаанбаатар хот орно гэж байхад үл таних эрэгтэй, эмэгтэй 2 хүн Улаанбаатар хот орно гэхээр нь авч явсан. Тэгэхэд эрэгтэй хүүхэд нь цагаан өнгийн мяндсан шуудайтай эд зүйл авч явсан. Төв аймгийн Лүн суман дээр бууж саарал өнгийн Соната-6 маркийн машинд сууж явсан... надад өөрийгөө эрэгтэй нь танилцуулахдаа Э гэж байсан....” гэх мэдүүлэг /2ххийн 39-40 дүгээр хуудас/,
Хохирогч Ц.Б ын өгсөн: “...манай хүү Улаанбаатар хотод эрэгтэй эмэгтэй 2 хүүхэд оллоо ажилд авах уу малд сайн юм шиг байна гэхээр нь би зөвшөөрч авсан юм. Тэгээд манай гэрт 20 орчим насны эрэгтэй, эмэгтэй 2 хүүхэд ирсэн ба эрэгтэй хүүхэд нь өөрийгөө М, эмэгтэй хүүхэд нь өөрийгөө М гэж танилцуулсан. Өөрсдийгөө гэр бүлийн хүмүүс гэж байсан. Тэгээд манайд байрлаж 3 хоног мал ахуйд явж байгаад эхнэр бид хоёр сумын төв рүү явах хооронд хоёулаа алга болсон байсан. Манайд байх хугацаанд би эрэгтэй хүүхдийг нь дагуулаад өвөлжөө, хаваржаан дээрээ очиж юм хийж байсан. Нэг удаа нэг эргүүтсэн
төлгийг өвөлжөөн дээрээс очоод аваад ир гэж эрэгтэй хүүхдийг нь явуулахад Н ын хаваржааны хашаанд аваачиж орхисон байсан. Миний санаж байгаагаар 2 хүүхэд хоёр дахь өдөр яваад сураггүй алга болсон. Тэгээд 5 дахь өдөр буюу 2017.06.09-нд малд явж байхад манай өвөлжөөний амбаарын хаалга бүтэн байсан ба маргааш нь эхнэрийн хамт хаваржаан дээрээ юм тавихаар очиход хаваржаан дээр байсан гэр болон амбаарын хаалганы цоожийг эвдэж онгойлгосон байсан гэрийн гадаа жижиг машины тод мөр байсан, тэгээд эд зүйлээ шалгахад гэрийн хананд өлгөсөн байсан төмөр тоногтой хазаар, бурхны гүнгэрваан дотор байсан 2 жижиг архины мөнгөн аяга алга болсон. Хаваржааны амбаараас авдар дотор байсан СНАNEL нэртэй эрэгтэй, эмэгтэй, үнэртэй эс ойролцоогоор 100 мл, цахилгаан сахлын машин, манай өвөлжөөний байшингаас модон авдар дотроос эрэгтэй эмэгтэй хурган дээл, сэгсүүргэн дээл алга болсон...” гэх мэдүүлэг /2хх-ийн 1417 дугаар хуудас/,
Хохирогч С.Б ийн өгсөн: ”... 2017 оны 6 дугаар сарын эхээр өвөлжөөн дээрээ юм авахаар ирэхэд манай өвөлжөөний байшингийн вакум цонхыг онгойлгож байшин дотор авдарт байсан эхнэрийн сувдан даруулга, хүүхдийн мөнгөн зүүлт бөгж, мөлхөө тавлиганы шургуулгад байсан миний гаансыг авч явсан байсан... тэр үед манай ойролцоох Б , Н , Ц нарын байшингаас эд зүйл алга болсон байсан, эд зүйлээ алдсандаа гомдолтой байна. Алдсан эд зүйлээ буцааж олж авахыг хүсч байна” гэх мэдүүлэг /2хх-ийн 20- 21 дүгээр хуудас/,
Хохирогч Л.Ц ын өгсөн: “...Манай зуслан Булган аймгийн ...ийн нутаг Бунхан гэх газарт байдаг юм. Манай зуслангийн газартай ойролцоо Б ын өвөлжөө, Н ын хаваржаа, Б ийн өвөлжөө байдаг юм. 2017 оны 06 дугаар сарын эхээр ногооны гарц муу болохоор зуслангийн газартаа гэрээ бариад эд зүйлээ орхиод отроор яваад гэр эзэнгүй байсан. Тэгээд 2017 оны 06 дугаар сарын эхээр зуслангийн гэртээ ирэхэд манай гэрийн ил зүүдэг цоожийг хөшиж онгойлгоод модон авдарт байсан манай эхнэрийн монетон ээмэг, бөгж, эмэгтэй бүс, эрэгтэй мөнгөн бүсийг авч явсан байсан. Тухайн үед манай ойролцоох Б , Н , Б нарын байшингаас эд зүйл алга болсон байсан..” гэх мэдүүлэг /2хх-ийн 25-26/,
Гэрч Б.Б.өгсөн: “...2017 оны 06 дугаар сарын 02 -ны өдөр интернетээр туслах малчин авна гэж зар тавьсаны дагуу 2017 оны 06 дугаар сарын 03-ны өдөр өглөөний 09 цагийн үед ******** дугаарын утсаар залгаж зарын дагуу ярьж байна туслах малчнаар ажиллая хаана мал маллах юм бэ гэхээр нь би Булганы Могод суманд гэж хэлсэн. Надад өөрийгөө Хэнтий аймгийн Хэрлэнбаян Улаан сумынх гэж танилцуулж байсан. Мөн бүтэн нэрээ М гэж хэлж байсан... зүүн мөрөн дээрээ хээ шивээстэй, мөн гарынхаа шуун дээр шар шувууны шивээстэй гараараа дүүрэн элдэв янзын шивээтэй байсан... би 32-ын тойрог дээрээс суулгаж явуулсан...” гэх мэдүүлэг /2хх-ийн 28-29 дүгээр хуудас/,
Гэрч Г.Ц ийн өгсөн: “....2017 оны 06 дугаар сарын дундуур гэж санаж байна 2 эрэгтэй хүн ирж мөнгөн хазаар, мөнгөн бүс худалдана гэхээр нь үзэхэд мөнгөн эдлэл биш дууриалгасан эд байсан. Тэгээд 2 үл таних хүн гуйгаад байхаар нь 10000 төгрөгөөр худалдаж авсан. Авсан эд зүйл надад байгаа...” гэх мэдүүлэг /2ххийн 30-31 дүгээр хуудас/,
Яллагдагчаар О.Э гийн өгсөн“...мал маллаж байсан айлынхаа наад талд байдаг дүнзэн байшинтай айлаас мөнгөн эмээл, хурганы арьс, мөнгөн бүсний даруулга, үсний даруулга гэх эд зүйлс байсаныг би ганцаараа хулгайлж аваад явсан. Замдаа найз А , зүс таних Ц нарыг дуудаад Төв аймгийн Лүн сумаас тосч авахуулсан. Миний хулгай хийсэн зүйлийг А , Ц бид 3 хамт Урт цагаан дээр 700000 төгрөгөөр зараад Ц гэх залууд 200000 төгрөг өгөөд үлдсэн 500000 төгрөгөөр нь А бид 2 архи ууж шоудсан.... энэ үйл явдал болсноос хойш 3 хоногийн дараа А бид 2 манай гэрт байж байхад А рүү Ц утсаар залгаад Э байна уу Могод сум руу явж хулгай хийе гэж хэлсэн. Тэгээд Ц Могод сум руу явах машин болон бензин тосоо өөрөө олоод бид 2 дээр ирсэн. Бид 3 Улаанбаатар хотоос 18 цагийн үед Могод сум руу хулгай хийхээр явсан. 22 цагийн үед очоод шууд Монгол гэртэй айл байхаар нь А бид 2 ороод мөнгөн бүс 2 ширхэгийг, монетон юм шиг ээмэг, бөгж авсан. Тэгээд цааш яваад улбар шар дээвэртэй байшин байхаар нь бид 3 гурвуулаа ороод 1 ширхэг гаанс, хүүхдийн зүүлт, бөгж, 1 ширхэг даруулга зэрэг эд зүйл байсныг авсан. Тэгээд цаашаа яваад Б гэх айлын амбаар луу орж мөнгөн аяга, дээл, хазаар болон бусад эд зүйлийг авсан. Хар хорин зах ороод хулгайлсан эд зүйлсээ зараад мөнгийг нь Ц бүгдийг нь авсан... хулгай хийх санааг 3-уулаа ярилцаж байгаад явсан...” гэх мэдүүлэг /2хх-ийн 125-128 дугаар хуудас/,
Яллагдагчаар Б.А ийн өгсөн“...2017 оны 06 дугаар сар шиг санаж байна миний танил Э гэх залуу над руу залгаад намайг хөдөөнөөс ирээд авчих гэж хэлсэн. Тухайн өдөр Ц ыг гуйгаад Э г очиж авахаар болоод Улаанбаатар хотоос Өвөрхангай аймгийн чиглэлд Ц ын Сонота-6 маркийн тээврийн хэрэгсэлтэй явсан. Э г Төв аймгийн Лүн сумаас тосч авсан. М гэх найз охинтойгоо хамт приус-20 маркийн тээврийн хэрэгслээс бууж ирсэн ба ирэхдээ 1 цагаан шуудайтай юм авч бууж ирсэн... шууд Улаанбаатар хот руу ороод урт цагаан дээр зогссон. Зогсоод байж байтал Э машинаас буугаад урт цагаан руу ганцаараа орсон. Ороод удалгүй нэг эгч дагуулж гарч ирээд цагаан шуудайтай зүйлээ машины багаажнаас үзүүлсэн. Шуудайн дотор эмээл байсан тэр эгчид 700000 төгрөгөөр зарсан... Могод сумын цаахан талд шөнө 02 цагийн үед очсон. Э замаа заагаад заасан газарт нь очиход нэг эзэнгүй байшин байсан ба
Э бууж очоод байшингийн цонхоор орсон, цонхоор орохыг нь Ц бид 2 харсан. Э тухайн байшингийн цонхоор ороод гарч ирэхдээ 1 ширхэг тортой зүйл авч гарч ирээд машины багаажинд хийгээд машинд орж ирээд суусан. Тэр үед нь би чи хулгай хийгээд байгаа юм биш үү гэхэд Э та хоёр хулгай хийхийг харлаа энэ хэрэгт холбоотой боллоо гэж хэлсэн. Тэгээд цааш яваад дахиад нэг гэртэй айлын гадаа очоод тухайн айл руу Э бид 2 хамт ороод үстэй дээл, хазаар аваад гарч ирсэн. Тэгээд цааш хөдлөөд дахиад нэг монгол гэр байхаар нь Э , Ц ын хамтаар ороод гарч ирэхдээ хөнжилөнд юм боогоод гарч ирсэн. Тэгээд л шууд буцаад Улаанбаатар хот руу явсан өглөө 09 цагийн үед очсон. Очоод Хар хорин зах дээр очиж зогсоод Э бид 2 хулгай хийсэн 2 дээлээ 50000 төгрөгөөр зарсан. Тэгсэн Ц шатахууны мөнгө нэхэж уурлаад байсан ба дээл, хазаар, бүс зарсан мөнгөө нийлүүлээд Ц ад өгсөн... хулгай хийж байгааг мэдээд хамтраад хулгай хийсэн...” гэх мэдүүлэг /2хх-ийн 116-118 дугаар хуудас/,
Яллагдагчаар Э.Ц ын өгсөн: “...А бид 2 манай ахын Сонота-6 маркийн **-** УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслээр Төв аймгийн Лүн сум руу явсан. А хүнтэй утсаар яриад ярьсныхаа дараа надад ирж байна гэнээ гэж хэлээд эргээд Улаанбаатар хот чиглэлд хараад зогссон. Араас приус-20 маркийн тээврийн хэрэгсэл ирсэн ба тухайн тээврийн хэрэгслээс эмэгтэй, эрэгтэй 2 хүн бууж ирсэн... эрэгтэйг нь Э гэж дуудаж байсан. Урт цагаан дээр очоод байж байхад А нь Э гийн хамтаар буугаад Урт цагааны үнэт эдлэл авна гэсэн газар луу орсон ба түр хугацааны дараа нэг эгч дагуулж гарч ирээд машины багаажинд байсан зүйлээ үзүүлээд аваад орсон. Орохдоо А надаас миний машины түр үнэмлэхийг авч орсон. Гарч ирээд Э надад 200000 төгрөг шатахуун хийгээрэй гэж хэлээд өгсөн. 4-5 хоногийн дараа А над руу утсаар залгаад юманд яваад өгөөч гэж хэлсэн. Би мөн зөвшөөрөөд ахынхаа Сонотоа6 маркийн **-** УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслээр 5 шар дээр яваад очиход А , Э нар хамт байсан ба миний машинд суугаад бид 3 хамт Улаанбаатар хотоос 18 цагийн үед явсан... гадаа харанхуй болсон 23 цаг өнгөрч байсан ба Э нь айлд очно гэж хэлж байсан ба нэг хашаа байшинтай айлын гадаа очоод зогссон. Тэгсэн Э машинаас буугаад явсан ба хэсэг хугацааны дараа буцаж ирээд явъя гэж хэлсэн. Явсаар байгаад монгол гэрийн гадаа очсон Э машинаас буугаад түүний дараагаар А араас нь явсан 1 уутгай юм барьчихсан ирээд машины багаажинд хийсэн. Тэгээд дахиад зам заагаад явсан явсаар байгаад нэг Монгол гэр харагдсан чинь Э ингээд зогсчих тамхи татъя гэж хэлээд машинаас буусан. Тэгээд нэлээн байж байгаад буцаж ирээд за одоо хот руугаа явъя гэсэн. Хар хорин зах дээр буусан ба нэлээн удаж байгаад буцаад ирсэн. Надад шатахуун хийгээрэй гэж хэлээд 80000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 119-122 дугаар хуудас/,
Гэмт хэрийн талаархи гомдол, мэдэлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-ийн 49-50 дугаар хуудас/, хэрэг учралыг газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 54-57 дугаар хуудас/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 60-63 дугаар хуудас/, мэдүүлэгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 66-67 дугаар хуудас/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /1хх-ийн 73-75, 76-77 дугаар хуудас/, Лэндс ХХК-ний үнэлгээ /2хх-ийн 59-64, 67-71, 74-78, 81-85 дугаар хуудас/, шийтгэх тогтоолын хуулбар /2ххийн 135-139 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, /2хх-ийн 151, 153, 184 дүгээр хуудас/, зэрэг бичгийн бусад нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч О.Э нь ганцаараа 2017 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 06 дугаар сарын 08-ны хооронд Булган аймгийн ...ийн нутгаас иргэн Л.Н ын хаваржааны байшинд хууль бусаар нэвтрэн 8 завхай мөнгөн тоногтой эмээл хулгайлж 2.400.000 /хоёр сая дөрвөн зуу/ төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч О.Э , Б.А , Э.Ц нар нь бүлэглэн 2017 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 06 дугаар сарын 08-ны хооронд Булган аймгийн ...ийн нутгаас иргэн С.Б ийн өвөлжөөний байшингийн вакум цонхоор хууль бусаар нэвтрэн орж 417000 төгрөгийн үнэ бүхий зүйлс хулгайлсан, иргэн Ц.Б ын өвөлжөөний амбаарт хууль бусаар нэвтрэн орж 2627500 төгрөгийн үнэ бүхий эд зүйлс хулгайлсан, иргэн Л.Ц ын зуслангийн гэрт хууль бусаар нэвтрэн орж монетан ээмэг, бөгж, эмэгтэй бүс, эрэгтэй мөнгөн бүсийг хулгайлсан учруулсан болох нь болох нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч нарыг мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч, гэрч нарын мэдүүлэгээр нотлогдон тогтоогдож байна.
Уг гэмт хэрэг гарсан цаг хугацаа, орон зай, учирсан хор уршгийн талаар өгсөн хохирогч, гэрч нарын мэдүүлэг зөрүүгүй, нотолгооны ач холбогдол бүхий шууд нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт хамаарал бүхий байна.
“Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлнэ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Ц болон түүний өмгөөлөгч М.Найдан нар нь зүйлчлэлийг зөвшөөрөхгүй, хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдээгүй, хөлсөөр ажиллах гэрээг аман хэлбэрээр байгуулж машинаараа явж өгсөн гэж маргажээ.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг хянан үзвэл, мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч О.Э гийн... найз А , зүс таних Ц нарыг дуудаад Төв аймгийн Лүн сумаас тосч авахуулсан. Миний хулгай хийсэн зүйлийг А , Ц бид 3 хамт Урт цагаан дээр 700000 төгрөгөөр зараад Ц гэх залууд 200000 төгрөг өгөөд үлдсэн 500000 төгрөгөөр нь А бид 2 архи ууж шоудсан.., Б гэх айлын амбаар луу орж мөнгөн аяга, дээл, хазаар болон бусад эд зүйлийг авсан. Хархорин зах ороод хулгайлсан эд зүйлсээ зараад мөнгийг нь Ц бүгдийг нь авсан... хулгай хийх санааг 3-уулаа ярилцаж байгаад явсан гэх, шүүгдэгч Б.А ийн... цааш хөдлөөд дахиад нэг монгол гэр байхаар нь Э , Ц ын хамтаар ороод гарч ирэхдээ хөнжилөнд юм боогоод гарч ирсэн..., Хархорин зах дээр очиж зогсоод Э бид 2 хулгай хийсэн 2 дээлээ 50000 төгрөгөөр зарсан. Тэгсэн Ц шатахууны мөнгө нэхэж уурлаад байсан ба дээл, хазаар, бүс зарсан мөнгөө нийлүүлээд Ц ад өгсөн гэх, мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Э.Ц ыг... Э надад 200000 төгрөг шатахуун хийгээрэй гэж хэлээд өгсөн..., Хархорин зах дээр буусан ба нэлээн удаж байгаад буцаад ирсэн. Надад шатахуун хийгээрэй гэж хэлээд 80000 төгрөг өгсөн зэрэг мэдүүлэгүүдээс дүгнэхэд дээрхи гэмт хэрэгт шүүгдэгч Э.Ц нь гэмт хэрэг хамтран үйлдэх талаар хэрэг үйлдэхээсээ өмнө урьдчилан тохиролцоогүй боловч, хэрэг үйлдэх явцад санаатай оролцсон болох нь нотлогдон тогтоогдож байх ба хулгайн гэмт хэрэг бүлэглэн оролцоогүй, хөлсөөр ажиллах гэрээгээр явсан гэх нь үгүйсгэгдэж байна.
Иймд шүүгдэгч О.Э , Э.Ц , Б.А нарын үйлдсэн гэмт хэрэг нь Шинэчилэн найруулсан эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан ба дангаараа болон бүлэглэн орон байранд хууль бусаар нэвтэрч, бусдын эд зүйлийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна гэж үзэв.
Шүүгдэгч О.Э , Б.А , Э.Ц нарын гэм буруутай үйлдийн улмаас хохирогч Л.Н од 2.400.000 төгрөг, хохирогч Ц.Б од 2.587.500 төгрөг, хохирогч С.Б д 417.000 төгрөг, хохирогч Л.Ц т 162.000 төгрөгний хохирол тус тус төлөгдөөгүй болно.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч О.Э гаас 2.400.000 / хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Булган аймгийн ...т оршин суух Ш овогт Л.Н-д, шүүгдэгч О.Э , Э.Ц , Б.А нараас тус бүр 862.500 /найман зуун жаран хоёр мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч Булган аймгийн ...т оршин суух Д овогт Ц.Б -д, 139.200 /зуун гучин есөн мянга хоёр зуу/ төгрөгийг тус бүр гаргуулж хохирогч Булган аймгийн ...т оршин суух Ш овогт С.Б, 54.000 /тавин дөрвөн мянга/ төгрөгийг тус бүр гаргуулж хохирогч Булган аймгийн ...т оршин суух Ө овогт Л.Ц -д нарт тус тус олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч О.Э , Э.Ц , Б.А нарыг дангаараа болон бүлэглэн “бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч, эд хөрөнгийг хууль бусаар хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тус тус тогтоогдож байх тул 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага тэдгээрт хүлээлгэх үндэслэлтэй байна.
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 121 дугаартай шийтгэх тогтоолоор О.Э нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 216 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ял шийтглүүлсан ба мөн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж шийдвэрлэжээ.
2015 оны Шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулиар “ялтай байдал” гэх хууль зүйн ойлголтыг халсан байх тул шүүгдэгч О.Э г анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч О.Э , Э.Ц , Б.А нарын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгч нарын хувийн байдал, тэдгээрт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Шинэчилэн найруулсан эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч О.Э , Э.Ц , Б.А нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг гарахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хазаар 1 ширхэг, эмэгтэй хүний ширэн бүс 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч нарт буцаан олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч О.Э 287 хоног цагдан хоригдсон, Э.Ц , Б.А нар нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Б нь гэрч Д.М ыг /М / гэж нэрийг нь зөрүүтэй мэдүүлсэн байгааг дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХнь:
1. Шүүгдэгч Б овгийн О.Э г дангаараа болон Б.А , Э.Ц нартай бүлэглэн орон байранд хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн,
Шүүгдэгч Ч овгийн Б.А , Н овгийн Э.Ц нарыг О.Э тай бүлэглэн орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч О.Э , Э.Ц , Б.А нарт эд хөрөнгө хураахгүйгээр, шүүгдэгч О.Э г 2 /хоёр/ жил 3 /гурав/ сар, Э.Ц , Б.А нарыг тус бүрийг 2 /хоёр/ жилийн хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э , Э.Ц , Б.А нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснааршүүгдэгч О.Э гийн цагдан хоригдсон 287 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хазаар 1 ширхэг, эмэгтэйхүний ширэн бүс 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигчид буцаан олгосугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-дзааснаар шүүгдэгч О.Э гаас 2.400.000 / хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Булган аймгийн ...т оршин суух Ш овогт Л.Н /РД:/-д, шүүгдэгч О.Э , Э.Ц , Б.А нараас тус бүр 862.500 /найман зуун жаран хоёр мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч Булган аймгийн ...т оршин суух Д овогт Ц.Б /РД:/-д, 139.200 /зуун гучин есөн мянга хоёр зуу/ төгрөгийг тус бүр гаргуулж хохирогч Булган аймгийн ...т оршин суух Ш овогт С.Б /РД:/д, 54.000 /тавин дөрвөн мянга/ төгрөгийг тус бүр гаргуулж хохирогч Булган аймгийн ...т оршин суух Ө овогт Л.Ц /РД:/-д тус тус олгосугай.
7. Шүүгдэгч Э.Ц , Б.А нар нь цагдан хоригдсон хоноггүй,битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэххэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Э д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр, шүүгдэгч Б.А , Э.Ц нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч тэдний эдлэх ялыг 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн тоолсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахьхэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч О.Э , Б.А , Э.Ц нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН