Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэрэннадмидын Батсүрэн |
Хэргийн индекс | 128/2017/0786/З |
Дугаар | 85 |
Огноо | 2018-02-07 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 85
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Батсүрэн даргалж, тус шүүхийн 4 дүгээр танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ш овогт, Т гийн М ,
Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурал, 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Тооллогын комисс,
Гуравдагч этгээд: Ц.Б , Ц.Ш , Б.М , А.Г , Б.Б , Ж.Ц ,
Нэхэмжлэлийн шаардлага: “Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 03 дугаар тогтоол, 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 04, 05, 06, 07, 08 дугаар тогтоол, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын Тооллогын комиссын 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 02 дугаар тогтоол, 2017 оны 08 дугаар сарын 15-ний өдрийн 01, 02, 03, 04 дүгээр тогтоолыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын Тооллогын комиссын 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн санал хураалтын дүнд Б.М ыг 97 хүний саналаар ялагч болсныг тогтоолгож, иргэдийн Нийтийн Хуралын даргаар томилсон шийдвэр гаргуулахыг даалгуулах” нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.З , хариуцагч Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т , 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Тооллогын комиссын дарга Х.З , гуравдагч этгээд Б.М , Ц.Ш , Ц.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.М , түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.З нар шүүхэд болон шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ: “Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын дарга, тэргүүлэгчид, Засаг даргын үүрэг гүйцэтгэх хугацаа хуульд заасан үндэслэлээр дуусгавар болж, дараагийн хурлын даргыг сонгох, Засаг даргыг нэр дэвшүүлэх хурал 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 1452 цагт тус хорооны нутаг дэвсгэрт байрлах “Үүрдийн гэгээ” сүмийн зааланд болсон.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10-д “Баг, хорооны Хурлын хуралдаанд зөвхөн тухайн баг, хорооны сонгуулийн насны иргэн бүр оролцож болох бөгөөд хуралдаанд багт 4 өрх тутмаас, хороо, аймгийн төвийн сумын багт 20-30 өрх тутмаас тус бүр нэг хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд хүчинтэйд тооцно” гэж зааснаар дээрх хуралдаанд тус хорооны 192 оршин суугч санал хураалтад оролцсоноор хүчинтэй хурал болсон.
Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооний иргэдийн Нийтийн Хуралдаанаас 5 хүний бүрэлдэхүүнтэй Тооллогын комиссыг байгуулсан. Тооллогын комиссын зүгээс санал хураалтад оролцох иргэдийг тойм байдлаар 186 гэж тоолсон боловч зааланд байгаа бүх хүн тоологдож байгаа эсэх нь эргэлзээтэй байсан. Ингээд хурлаараа хэлэлцээд санал хураалтын дүнд нийт санал өгөх иргэдийн тоо гарна гэж үзэж санал хураалтыг эхлүүлсэн бөгөөд иргэдийн Нийтийн Хурлын даргад Т.М , Ц.Ш нар нэр дэвшиж, санал хураалтад 192 хүн оролцож, Т.М би нийт санал хураалтад оролцсон иргэдийн 97 хүний саналыг авч, хуульд заасан олонхийн саналаар иргэдийн Нийтийн Хурлын даргаар сонгогдсон.
Гэтэл Тооллогын комиссын 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 02 дугаар тогтоолоор “186 санал хураалтад оролцох ёстой байтал 192 хүн санал хураалтад оролцсон” гэх үндэслэлээр энэ өдрийн санал хураалтын дүнг бүхэлд нь хүчингүйд тооцсон тогтоол гаргаж, улмаар иргэдийн Нийтийн Хурлын дарга Ц.Ш болон тус хуралдаан даргалагч Ц.Б нар ирцийн асуудлаар маргаан үүсгэж, хурлыг орхин гарсан. Гэтэл Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т “... хурлын даргыг сонгох, чөлөөлөх тухай тогтоолд тухайн хуралдаан даргалагч тус тус гарын үсэг зурна” гэж зааснаар Ц.Б нь Т.М намайг Сүхбаатар дүүргийн иргэдийн Нийтийн Хурлын даргаар томилох тухай тогтоолд гарын үсэг зурах эрх бүхий этгээд атлаа томилсон шийдвэр гаргахгүй байгаа нь Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхийг зөрчиж байна.
Иргэдийн Нийтийн Хурал гэдэг бол тухайн нутаг дэвсгэрийн оршин суугчид дотроосоо нэр дэвшүүлж, сонгох эрхээ хэрэгжүүлэх замаар нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыг сонгох ажиллагаа юм. Гэтэл тус хуралд хүрэлцэн ирсэн иргэдийн саналын эрхтэй эсэхээр нь ялгах үүнээс улбаалан санал хураалтыг хүчингүйд тооцсон нь хууль бус юм.
Түүнчлэн санал хураалтад оролцох иргэдийг болон санал хураалтын дүнг тоолох нь тооллогын комиссын үүрэг бөгөөд энэхүү үүргээ хангалттай биелүүлээгүй. Өөрөөр хэлбэл санал хураалтад оролцох иргэдийг маргаангүй байдлаар тоолж, тогтоолоор албажуулаагүй атлаа санал хураалт явагдаж дууссаны дараа ирцтэй холбоотой асуудлаар санал хураалтын дүнг хүчингүйд тооцож байгаа нь хуульд нийцээгүй гэж үзэж байна.
Дээрх тооллогын комиссын тогтоол хуульд нийцээгүй тул үүнийг баримтлан анхдугаар хуралдааныг хойшлуулсан Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 03 дугаар тогтоол, уг тогтоолоор товлогдож, хуралдсан гэх 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг хууль бус гэж үзэж байна.
Иймд Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 03 дугаар тогтоол, 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 04, 05, 06, 07, 08 дугаар тогтоол, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын Тооллогын комиссын 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 02 дугаар тогтоол, 2017 оны 08 дугаар сарын 15-ний өдрийн 01, 02, 03, 04 дүгээр тогтоолыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын Тооллогын комиссын 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн санал хураалтын дүнд Б.М ыг 97 хүний саналаар ялагч болсныг тогтоолгож, иргэдийн Нийтийн Хуралын даргаар томилсон шийдвэр гаргуулахыг даалгаж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын дарга болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т зааснаар Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 5 дугаар тогтоолоор анхдугаар хуралдааныг 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хийхээр зарлаж, зар тараах, хурлын бэлтгэл ажлыг Хорооны Засаг дарга Ж.Ц д даалгасан.
Үүний дагуу Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдаан 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Үүрдийн гэгээ” сүмийн зааланд 1450 цагт эхэлсэн. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.14-т зааснаар хуралдаан хэлэлцэх асуудлын дарааллын дагуу хурлын дэг буюу хурлын дотоод журмаа танилцуулж, батлуулсан. Дараа нь редакцийн комиссыг 5 хүний бүрэлдэхүүнтэй, Тооллогын комиссыг 5 хүний бүрэлдэхүүнтэй баталсан. Энэ хугацаанд хурал үймүүлэх хандлага гарч байсан боловч дээрх комиссын бүрэлдэхүүнийг цугласан хүмүүсийн олонхи нь дэмжсэнээр Тооллогын комисс батлагдан ажилласан.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6-д зааснаар Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын дарга Ц.Ш нь тэргүүлэгч Ц.Б ийг хуралдаан даргалагчаар санал болгож, хүмүүсийн олонхи дэмжсэнээр хуралдааныг цаашид Ц.Б даргалан явуулсан.
Иргэдийн Нийтийн Хурлын даргад нэр дэвшүүлэх ажиллагаа явуулахад Ц.Ш , Т.М нар нэр дэвшиж, өөрсдийгөө танилцуулан, өрсөлдөхөөр болсон. Хуралдаан даргалагч ирцийн мэдээг санал хураалт явуулахаас өмнө гаргаж, мэдээллэхийг Тооллогын комисст даалгаснаар Тооллогын комисс саналын эрхтэй нийт 186 иргэн байгааг мэдээлж, албажуулсан.
Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд 1400 өрх бүртгэлтэй бөгөөд 30 өрх тутам 1 хүн буюу 50 хүн ирсэнээр хүчинтэйд тооцогдох хуралд 186 иргэн хуралд ирсэнээр хуульд заасан хүчинтэй ирцтэйгээр хуралдаан эхэлсэн.
Санал хураалтын үйл ажиллагаа явагдаж дуусахад Тооллогын комисс санал хураалтад 192 иргэн буюу 186 хүнээс 6-аар илүү санал өгсөн байсан тул санал хураалтыг хүчингүйд тооцож, санал хураалтыг дахин явуулах тухай Тооллогын комиссын тогтоолыг танилцуулахад иргэдийн дунд эмх замбараагүй байдал үүсэж, цаашид дахин санал хураалт явуулах боломжгүй, хурал тарахаас өөр аргагүй нөхцөл байдал үүссэн. Ингээд Хурлын дэгийн дагуу санал хураалтыг хүчингүйд тооцож, Тооллогын комиссын зүгээс санал хураалтыг 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр явуулах санал гаргаж, Хуралдааны дэгийн 6.2-т заасны дагуу хуралдаан даргалагч Ц.Б нь хурлыг хойшлуулсан.
2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн хуралдааны зарыг түгээж, энэ тухай Т.М т хэд хэдэн удаа утсаар мэдэгдсэн боловч тухайн хуралд өөрөө ирээгүй.
Уг хуралдаанд Б.М нь Хурлын даргад нэр дэвшиж 163 иргэн санал өгч, 95.1 хувийн саналаар дэмжигдэж, 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн “Хорооны иргэдийн Нийтийн Хурлын дарга сонгох тухай” 05 дугаар тогтоолоор Хурлын дарга болсон. Мөн иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдэд Б.Б т, А.Г , Ц.Б , Ц.Ш нар нэр дэвшиж, 97.5 хувийн саналаар дэмжигдэж, 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн “Хорооны иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийг сонгох тухай” 07 дугаар тогтоол гарсан.
Мөн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2 дахь заалтад зааснаар хорооны Засаг даргад Ж.Ц нэр дэвшиж, 90.8 хувийн саналаар дэмжигдэж, хорооны Засаг даргаар сонгогдож, “Хорооны Засаг даргыг томилуулахаар уламжлах тухай” 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 08 дугаар тогтоолыг гаргасан.
Иймд Т.М ын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Хамтран хариуцагч Х.З шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр “Үүрдийн гэгээ” сүмийн зааланд иргэдийн Нийтийн Хуралтай гэсэн зарын дагуу тус хуралд оролцохоор очсон. Хуралд сууж байх явцад тухайн өдрийн тооллогын комиссын бүрэлдэхүүнд оролцох иргэдийг бүртгэхэд нэрээ өгч бүртгүүлсэн. Тооллогын комисс хуралдаж миний бие даргаар сонгогдсон.
Тухайн өдрийн хуралдаанд ирсэн иргэд илээр гар өргөн санал хурааж, тооллогын комисс тухай бүр нь нээлттэй, шударга, маргаан зөрчилгүй тоолж, дүнг тогтоолоор баталгаажуулан Хурлын дарга, тэргүүлэгчдэд уламжилсан” гэжээ.
Гуравдагч этгээд Б.М шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Миний бие 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн хуралдаанд оролцоогүй. Харин 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанд оролцсон. Уг хуралдаан нь хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.
Гуравдагч этгээд Ц.Ш шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Миний бие нь Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Чингэлтэйн 18-424 тоотод оршин суудаг.
Миний бие иргэдийн Нийтийн Хуралд иргэний хувиар оролцсон бөгөөд иргэд намайг заалнаас санал болгож, Тэргүүлэгчид нэр дэвшүүлсэн. Хурлыг хуулийн дагуу болсон гэж үзэж байна” гэжээ.
Гуравдагч этгээд Ц.Б шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Миний бие Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Чингэлтэйн 19-107а тоотод оршин суудаг.
Миний бие иргэдийн Нийтийн Хуралд иргэний хувиар оролцсон бөгөөд иргэд намайг заалнаас санал болгож, Тэргүүлэгчид нэр дэвшүүлсэн.
Иргэдийн Нийтийн Хурал баталсан дэгийн хүрээнд хуулийн дагуу явуулсан” гэжээ.
Гуравдагч этгээд А.Г шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Нуурын 7-4 тоотод оршин суудаг.
Иргэдийн Нийтийн Хурал болох зарыг гудамжны үзүүрт наасан байсныг хараад зарын дагуу хуралд очиж оролцсон. Хурлын заалнаас иргэд намайг Тэргүүлэгчид нэр дэвшүүлсэн. Хурлыг хуулийн дагуу болсон гэж үзэж байна” гэжээ.
Гуравдагч этгээд Б.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Миний бие Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Нуурын 7-40 тоотод оршин суудаг.
Иргэдийн Нийтийн Хурал болох зарыг гудамжны үзүүрт наасан байсныг хараад зарын дагуу хуралд очиж оролцсон. Хурлын заалнаас иргэд намайг Тэргүүлэгчид нэр дэвшүүлсэн. Хорооны иргэдийн Нийтийн Хурал хуулийн дагуу болсон гэж үзэж байна” гэжээ.
Гуравдагч этгээд Ж.Ц шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Миний бие 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр иргэдийн Нийтийн Хуралд тус хорооны иргэн учраас иргэний хувиар оролцсон.
Хорооны Засаг даргад нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхэд заалнаас миний нэрийг дэвшүүлсэн тул хүндэтгэж, хүлээж авсан бөгөөд өөр нэр дэвшигч гараагүй. 1 хүн нэр дэвшсэн тул хуралдаан даргалагч саналыг илээр хураах санал гаргаж, санал хураалтад оролцсон иргэдийн 90.8 хувь нь дэмжиж, хорооны Засаг даргаар сонгогдсон.
Хорооны иргэдийн Нийтийн Хурал хуралдааны дэгийнхээ дагуу хуулийн хүрээнд явагдсан гэж үзэж байна.
Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын зарыг миний бие Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хуралд 9 дүгээр хорооноос нэг тойрогт нэр дэвшиж, дүүргийн төлөөлөгч болсон Т.М т 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 20-23 цагийн хооронд түүний гар утас болох 99166414 дугаарт 3 удаа залгаж, хурал 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 12 цагт “Үүрдийн гэгээ” сүмийн зааланд болохыг мэдэгдсэн боловч Т.М нь иргэдийн Нийтийн Хуралдаанд ирээгүй” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.М нь тус шүүхэд Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурал, Тооллогын комиссод холбогдуулан “Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 03 дугаар тогтоол, 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 04, 05, 06, 07, 08 дугаар тогтоол, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын Тооллогын комиссын 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 02 дугаар тогтоол, 2017 оны 08 дугаар сарын 15-ний өдрийн 01, 02, 03, 04 дүгээр тогтоолыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын Тооллогын комиссын 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн санал хураалтын дүнд Б.М ыг 97 хүний саналаар ялагч болсныг тогтоолгож, иргэдийн Нийтийн Хуралын даргаар томилсон шийдвэр гаргуулахыг даалгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Т.М нь “... 192 иргэн оролцсоноор хорооны Хурлын хуралдаан хүчинтэй хуралдаан болсон. ... иргэдийн Нийтийн Хурал нь тухайн нутаг дэвсгэрийн оршин суугч дотроосоо нэр дэвшүүлж, сонгох эрхээ хэргэжүүлэх замаар нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыг сонгох ажиллагаа юм. Гэтэл тус хуралдаанд хүрэлцэн ирсэн иргэдийг саналын эрхтэй эсэхээр нь ялгах, үүнээс улбаалан санал хураалтыг хүчингүйд тооцсон нь хууль бус ... санал хураалтад оролцох иргэдийг маргаангүй байдлаар тоолж, тогтоолоор албажуулаагүй мөртлөө санал хураалт дууссаны дараа ирцтэй холбоотой асуудлаар санал хураалтыг хүчингүйд тооцож байгаа нь хуульд нийцэхгүй. Тооллогын комиссын тогтоол хуульд нийцээгүй тул үүнийг баримталж анхдугаар хуралдааныг хойшлуулсан ... тогтоол, дээрх тогтоолоор товлогдож хуралдсан Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийг хууль бус ...” гэж маргажээ.
Нэг: Нэхэмжлэгчийн “Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 03 дугаар тогтоол, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын Тооллогын комиссын 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 02 дугаар тогтоолыг тус тус хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Маргаан бүхий акт болох Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны Иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 03 дугаар тогтоолоор Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны Иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны Тооллогын комиссын 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 02 дугаар тогтоол, Хуралдааны дэгийн журмын 6 дугаар зүйлийн 6.2 дахь заалтыг үндэслэн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны Иргэдийн Нийтийн Хуралдааны хэлэлцэх асуудлыг дарааллын дагуу бүрэн хэлэлцэж дуусаагүй тул хуралдааныг хойшлуулж, иргэдийн Нийтийн Хуралдааныг 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хуралдуулах бэлтгэл ажлыг хангахыг Засаг даргад даалгаж, харин Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын тооллогын комиссын 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 02 дугаар тогтоолоор иргэдийн Нийтийн Хурлын даргыг сонгох санал хураалтад оролцсон 186 иргэнээс санал авч дүнг нэгтгэхэд 192 буюу 6 саналын хуудас илүү гарсан тул уг санал хураалтын дүнг бүхэлд нь хүчингүйд тооцож, санал хураалтыг дахин явуулахыг хуралдаан даргалагчид даалгаж тус тус шийдвэрлэжээ.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10-т “... Хорооны нийтийн Хурлын хуралдаанд хорооны сонгуулийн насны иргэн бүр оролцох бөгөөд хуралдаанд ... хороонд 20-30 өрх тутмаас тус бүр нэг хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд уг хурлыг хүчинтэйд тооцно”, 23 дугаар зүйлийн 23.12-т “баг, хорооны Хурлын хуралдааныг хэсэгчлэн зохион байгуулж болно” гэж тус тус хуульчилжээ.
Мөн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 01 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны дэгийн журам”-ын “Зургаа”-ын 6.2-т “Хуралдаанаар хэлэлцэх асуудал дуусаагүй, зохих шийдвэр гараагүй, хуралдаан хэвийн үргэлжлэх боломжгүй болсон зэрэг нөхцөл байдал үүссэн бол Хуралдаан даргалагч тухайн хэлэлцэх асуудлыг /хурлыг/ хойшлуулж, дахин хэлэлцүүлж санал хураах зэргээр зохион байгуулалтын арга хэмжээ авч болно” гэж журамлан тогтоожээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 05 дугаар тогтоолоор Хорооны иргэдийн Нийтийн Хурлыг 2017 олны 08 дугаар сарын 09-ний өдрийн 12.00 цагт хорооны иргэний танхимд зарлан хуралдуулж, хуралдаанаар Хорооны иргэдийн Нийтийн Хурлын дарга, Тэргүүлэгчдийг сонгох, Хорооны Засаг даргыг томилуулахаар нэр дэвшүүлэх зэрэг асуудлыг хэлэлцүүлэхээр тогтоожээ.
Дээрх тогтоолын дагуу Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурал 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хуралдаж, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.14-т заасны дагуу хуралдааныхаа дэгийн журмыг баталж, Хорооны иргэдийн Нийтийн Хурлын даргад нэр дэвшигчийг сонгох асуудлыг хэлэлцсэн бөгөөд Хорооны иргэдийн Нийтийн Хурлын даргад Т.М , Ц.Ш нар нэр дэвшиж, нэр дэвшигч бүрээр санал хураалт явуулахад нэр дэвшигч Г.М т 97 хүн, Ц.Ш т 95 хүн санал өгч, 6 саналын хуудас илүү гарсан, уг хуралдаан цаашид хэвийн үргэлжлэх боломжгүй болсны улмаас хуралдааныг хойшлуулсан, улмаар Сүхбаатар дүүргийн иргэдийн Нийтийн Хурлыг 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр үргэлжлүүлэн хуралдаж, Хорооны иргэдийн Нийтийн Хурлын даргаар Б.М ийг, Хорооны иргэдийн Нийтийн Хурлын тэргүүлэгчээр Б.Б т, А.Г , Ц.Б , Ц.Ш нарыг тус тус сонгож, Хорооны Засаг даргаар Ж.Ц г сонгож, томилуулахаар нэр дэвшүүлсэн болох нь хэрэгт авагдсан болох нь хэрэгт авагдсан хуралдааны тэмдэглэл , саналын хуудас, аудио бичлэг, гэрчүүдийн мэдүүлэг, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 08 дугаар сарын 05, 06, 07, 08 дугаар тогтоолууд зэрэг нотлох баримтуудаар тогтоогджээ.
Хэргийн оролцогч нар нь Хорооны иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны Хурлын даргыг сонгох санал хураалтад оролцсон хүний тоог 186, 192 иргэн оролцсон гэж 2 өөрөөр тайлбарлаж маргаж байх боловч тооллогын комиссоос 186 гэсэн тоог ирүүлсний дагуу редакцын комисс 186 саналын хуудас хэвлэсэн, саналын хуудас дутангуут дахин 6 саналын хуудас нэмж хэвлэсэн болох нь гэрч А.Аюурзаны “... 186 гэсэн тоог Тооллогын комиссоос ирүүлсний дагуу хэвлэсэн боловч саналын хуудас дутчихлаа гэхээр нь нэмж 6 хуудас хэвлээд өгсөн ...” гэсэн мэдүүлэг , гэрч Д.Наранцэцэгийн “Хуралдаан даргалагч хүнийхээ тоогоор саналын хуудас хэвлэ гэсэн. ... 186 гэсэн тоо гараад байсан” гэсэн мэдүүлэг , гэрч Д.Оюунтуяагийн “... Тооллогын комиссын 2 гишүүн нь сандал дээр сууж байгаа хүмүүсийг, 2 гишүүн нь зогсож байгаа хүмүүсийн тоог тоолоод 186 хүн гэж гаргаж ирсэн. ... Тухайн үед Тооллогын комиссын 4 гишүүн санал нэгтэйгээр хүний тоог 186 гэж тоолж, Хурлын даргад тоог өгсөн” гэсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул тухайн хуралдааны Хурлын даргыг сонгох санал хураалтыг бүхэлд нь хүчингүй болгосныг хууль бус гэж үзэхээргүй байна.
Учир нь Сонгуулийн тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.3 дахь хэсэгт зааснаар санал хураалтын явцад гарсан зөрчил нь сонгуулийн дүнд илт нөлөөлөхүйц буюу сонгогдсонд тооцсон нэр дэвшигч ба түүний дараах нэр дэвшигчийн саналын зөрүүтэй тэнцүү, эсхүл их байхыг сонгуулийн дүнд ноцтойгоор нөлөөлсөнд тооцохоор байна.
Иймд хариуцагч захиргааны байгууллага нь санал хураалтын явцад гарсан зөрчил буюу тоологдсон хүмүүсээс илүү 6 саналын хуудас илүү гарсан зөрчил нь саналын дүнд ноцтойгоор нөлөөлсөн гэж үзэж, хуралдааныхаа дэгд заасан журмын дагуу хуралдааныг хойшлуулсныг буруутгах үндэслэлгүй юм.
Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн үзэхэд маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Хоёр: Нэхэмжлэгчийн “Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 04, 05, 06, 07, 08 дугаар тогтоол, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын Тооллогын комиссын 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 01, 02, 03, 04 дүгээр тогтоолыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн санал хураалтын дүнд Б.М ыг 97 хүний саналаар ялагч болсныг тогтоолгож, иргэдийн Нийтийн Хурлын даргаар томилсон шийдвэр гаргуулахыг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Маргаан бүхий захиргааны акт болох Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны Тооллогын комиссыг А.Оюун, Х.З , П.Тунгалаг нарын 3 хүний бүрэлдхүүнтэйгээр байгуулахаар, мөн 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 05 дугаар тогтоолоор Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын даргаар Б.М ийг баталж, мөн 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 06 дугаар тогтоолоор Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын дарга Ц.Ш , Хурлын Тэргүүлэгч Г.Сүхбаатар, Ц.Б , Л.Батмөнх, Д.Батсүх нарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан чөлөөлөхөөр, мөн 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 07 дугаар тогтоолоор иргэдийн Нийтийн Хурлын дарга Б.М ийг оролцуулан Б.Б т, А.Г , Ц.Б , Ц.Ш нарыг Хорооны иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчээр тус тус баталж, мөн 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 08 дугаар тогтоолоор Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны Засаг даргад нэр дэвшиж олонхийн санал авсан Ж.Ц г тус Хорооны Засаг даргаар томилуулахаар уламжлахаар тус тус шийдвэрлэжээ.
Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурал нь 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр үргэлжлүүлэн хуралдаж, Хорооны иргэдийн Нийтийн Хурлын дарга, Тэргүүлэгчдийг сонгож, Хорооны Засаг даргыг сонгож, томилуулахаар уламжилсан болох нь хуралдааны тэмдэглэл , Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны тогтоолууд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1, 17.1.2-д зааснаар хорооны Хурал нь Хурлын хуралдааны дарга, Хурлын Тэргүүлэгчдийг сонгох, чөлөөлөх, хорооны Засаг даргыг томилуулахаар нэр дэвшүүлэх, чөлөөлөх бүрэн эрхтэй байх бөгөөд мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн саналаар батлахаар, 25 дугаар зүйлийн 25.2-т зааснаар Хурлын тогтоолд Хурлын дарга, Хурлын даргыг сонгох тухай тогтоолд тухайн хуралдаан даргалагч тус тус гарын үсэг зурах ёстой.
Нэхэмжлэгч Т.М нь маргаан бүхий дээрх тогтоолуудыг хүчингүй болгох үндэслэлээ “2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Тооллогын комиссын тогтоол хуульд нийцээгүй тул үүнийг баримталж гаргасан анхдугаар хуралдааныг хойшлуулсан Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2017оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 03 дугаар тогтоол, дээрх тогтоолоор товлогдож хуралдсан гэх Сүхбаатар дүүргийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийг хууль бус шийдвэр” гэж маргажээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд Сүхбаатар дүүргийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанд 164 хүн хүрэлцэн ирж, 163 хүн санал хураалтад оролцсон байх тул хуралдааныг хүчингүйд тооцох үндэслэлгүй байх бөгөөд дээрх хуралдаан болон хуралдаанаас гаргасан тогтоолууд нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн, 23 дугаар зүйлийн 23.10-д “... Хорооны хуралдаанд зөвхөн тухайн ... хорооны сонгуулийн насны иргэн бүр оролцож болох бөгөөд хуралдаанд ... хороо, аймгийн төвийн сумын багт 20-30 өрх тутмаас тус бүр нэг хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд хүчинтэйд тооцно”, 23 дугаар зүйлийн 23.12-т “... Хорооны Хурлын хуралдааныг хэсэгчлэн зохион байгуулж болно”, 25 дугаар зүйлийн 25.1-д “Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг ... хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн саналаар батална”, 25 дугаар зүйлийн 25.2-т “Хурлын ... тогтоолд Хурлын дарга, Хурлын даргыг сонгох ... тогтоолд тухайн хуралдаан даргалагч тус тус гарын үсэг зурна”, 26 дугаар зүйлийн 26.2-т “Баг, хорооны Засаг даргад тухайн нэгжийн нийтийн Хуралд оролцож байгаа иргэд, ... нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно” гэсэнтэй нийцсэн, холбогдох хуулийн зохицуулалтыг зөрчөөгүй байх тул маргаан бүхий тогтоолуудыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хуралдаж, шийдвэр гаргахдаа ... хууль бус шийдвэр гаргасан, санал өгсөн иргэд, хуралдаанд ирсэн иргэдийн тоо зөрсөн” гэсэн тайлбар үндэслэлгүй байна.
Үүний зэрэгцээ Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан нь хуралдааныхаа дэгийг өөрөө тогтоож, “Иргэдийн нийтийн хурлын хуралдааны дэг”-ийн “Тав”-ын 5.1-д зааснаар тооллогын комиссыг хуралдаанд оролцсон иргэдээс нэр дэвшүүлж, Тооллогын комиссыг 3 хүний бүрэлдхүүнтэй байгуулсан, мөн журмын “Тав”-ын 5.3-т зааснаар Тооллогын комисс нь шийдвэрээ тогтоолоор гаргаж, гарын үсгээр баталгаажуулан Хуралдааны даргад, Хуралдааны дарга шийдвэрийн тогтоолын төслийг Хуралдаанд оролцогчдод уншиж сонсгон, санал хурааж баталгаажуулсан нь Тооллогын комиссын тогтоол , хуралдааны тэмдэглэл зэргээр тогтоогдож байх тул энэхүү маргаан бүхий тогтоолыг хууль бус гэж үзэхгүй.
Түүнчлэн нэхэмжлэгч Т.М нь “2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн санал хураалтын дүнд 97 хүний саналаар ялагч болсныг тогтоолгож, иргэдийн Нийтийн Хурлын даргаар томилсон шийдвэр гаргуулахыг даалгуулах”-аар маргаж байх боловч хариуцагч захиргааны байгууллага нь “... санал хураалтын явцад 6 саналын хуудас илүү гарсан” зөрчлийг санал хураалтын дүнд ноцтойгоор нөлөөлсөн гэж үзэж, санал хураалтын дүнг бүхэлд нь хүчингүй болгосон нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүнийг тухайн хорооны иргэдийн Нийтийн Хурлын даргаар томилохыг даалгах боломжгүй юм.
Дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэвэл маргаан бүхий дээрх тогтоолуудын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.
Хэргийн 6-12 дугаар хуудсанд авагдсан Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 01 дүгээр тэмдэглэлд хуралдаан даргалагч гарын үсэг зурж, тамга дарж албажуулаагүй байх тул шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгоогүйг дурдах нь зүйтэй
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1, 17.1.2, 23 дугаар зүйлийн 23.10, 23.12, 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч Т.М ын “Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 03 дугаар тогтоол, 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 04, 05, 06, 07, 08 дугаар тогтоол, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын Тооллогын комиссын 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 02 дугаар тогтоол, 2017 оны 08 дугаар сарын 15-ний өдрийн 01, 02, 03, 04 дүгээр тогтоолыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын Тооллогын комиссын 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн санал хураалтын дүнд Б.М ыг 97 хүний саналаар ялагч болсныг тогтоолгож, иргэдийн Нийтийн Хурлын даргаар томилсон шийдвэр гаргуулахыг даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.М аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч. өмгөөлөгч нар нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөлгардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.БАТСҮРЭН