Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2021/0161

 

Ц.О-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

           Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гантогтох, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 
П.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У, С.Ч нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 791 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлын дагуу Ц.О-ийн нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 791 дүгээршийдвэрээр: Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4-д заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Ц.О-ийн Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга миний эзэмшлийн газарт Н ХХК-ийн хууль бусаар барьсан хашаа, байшинг албадан чөлөөлөхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож тус үйлдлийг хийхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, маргаан бүхий газрыг чөлөөлөх арга хэмжээ авахыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгаж шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээд Н ХХК нь давж заалдах гомдолдоо: ...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2020/0791 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Нэхэмжлэгч Ц.О нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдуулан газар албадан чөлөөлөх шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, газар албадан чөлөөлөх шийдвэр гаргахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Уг маргаанд манай компанийг 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 7868 дугаар захирамжаар гуравдагч этгээдээр татан оролцуулсан. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийг 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр гардан авч мөн өдрөө хариу тайлбараа шүүхэд хүргүүлсэн байдаг.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан /өөрчилсөн/ байх боловч уг нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагыг хариуцагч болон гуравдагч этгээд нарт танилцуулаагүй хэргийг 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2020/0791 дүгээр шийдвэрээр шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой алдаа гэж үзэж байна.

Манай компанийн хувьд Сонгинохайрхан дүүргийн газрын албаны ажилтнуудын хариуцлагагүй үйлдлийн улмаас өөрийн эзэмшлийн газраа зориулалтын дагуу ашиглах боломжгүй болж улмаар тэд нарын санал болгосон газарт байшин барьж, газраа хашаалсан. Тэр үед одоо манай компанийн хашаалсан 2 га газар нь бусдын эзэмшил, ашиглалттай давхцалгүй байсан тул саналыг нь хүлээн авч газар эзэмших хүсэлтээ Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад бичгээр гаргасны дагуу кадастрын мэдээллийн санд бүртгэгдсэн байдаг. Гэтэл анхан шатны шүүх нотлох үүргээ хангалтгүй биелүүлж зөвхөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нотлох баримт цуглуулж гуравдагч этгээдийн газар эзэмших эрхийг зөрчсөнд харамсалтай байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд ... хянан үзэх үүрэгтэй гэж заасны дагуу давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянав.

Давж заалдах гомдолд ... гэтэл анхан шатны шүүх нотлох үүргээ хангалтгүй биелүүлж, зөвхөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нотлох баримт цуглуулж гуравдагч этгээдийн газар эзэмших эрхийг зөрчсөн ...гэж дурьдсан нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Ц.О Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга газар албадан чөлөөлөх шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, газар албадан чөлөөлөх шийдвэр гаргахыг даалгах нэхэмжлэлийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга миний эзэмшлийн газарт Н ХХК-ийн хууль бусаар барьсан хашаа, байшинг албадан чөлөөлөхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож тус үйлдлийг хийхийг даалгах гэж шаардлагаа өөрчилсөн байна. Анхан шатны шүүхээс энэхүү шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүхээс: Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/505 дугаар захирамжаар Ц.О-д тус дүүргийн 21 дүгээр хороо, Ар гүнтэд 80000 мкв газрыг жимс жимсгэнийн зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлж, эрхийн гэрчилгээ олгон гэрээ байгуулсан гэж дүгнээд улмаар энэхүү газартай нь Н ХХК-д эзэмшүүлсэн газар нь давхцалтай байна гэж дүгнэжээ.

Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтаар Нийслэлийн Өмчийн харилцааны газар иргэнд газар өмчлүүлсэн хувийн хэрэг. Нэгж талбарын дугаар 49. Захирамжийн дугаар А/531, Нэр: Ц.О, Хаяг, дүүрэг: 21 хороо, Ар гүнт, Жимс жимсгэнэ...гэсэн баримт /хувийн хэрэг/ авагджээ. Хариуцагчаас ирүүлсэн уг баримтад Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны 12 сарын 31-ний өдрийн А/531 дүгээр захирамж мөн авагдсан байх бөгөөд хавсралтын 49 дүгээр Ц.О 21-р хороо, Ар гүнт 50000 мкв гэсэн хэмжээ заажээ.

Өөрөөр хэлбэл, Ц.О-ийн тухайд 80000 мкв болон 50000 мкв гэсэн 2 баримт хэрэгт авагдсан байхад аль нь хүчинтэй талаар анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй, 80000 мкв газартай нь давхцалтай гэж үзжээ. Хувийн хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл хэрвээ Ц.О 80000 мкв биш харин 50000 мкв газар эзэмшдэг бол ямар нэгэн давхцал үүсхээргүй байгааг анхаараагүй байна.

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаас 2015 онд А/505 болон А/531 дүгээр захирамжийг гаргахдаа: 1.Тус дүүргийн хэмжээнд хэрэгжүүлэх хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалах, фермер, мод үржүүлэг, аж ахуйн чиглэлийн төсөл сонгон шалгаруулалтад тэнцсэн ...аж ахуйн нэгж, иргэнд газар эзэмшүүлжээ. Гэтэл энэхүү төсөл сонгон шалгаруулалттай холбоотой ямар ч баримт алга байна. Энэхүү баримтыг шүүх гаргуулан авснаар А/505 болон А/531 дүгээр захирамжийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийх боломжтой.

Мөн А/505 дугаар захирамжийг хүчингүй болгосон ямар нэгэн захиргааны акт гарсаны дараа А/531 дүгээр захирамж гарсан эсэх, эсхүл 2 захирамж 2-уулаа хүчинтэй байгаа эсэх, мөн төсөл сонгон шалгаруулалт 2 удаа явагдсан эсэх, үүний улмаас А/505 болон А/531 гэсэн 2 захирамж гарсан эсэх, 2 захирамжид Ц.О, Ц.О гэж 2 өөрөөр бичигдсэн байдлыг тогтоох шаардлагатай. Дээрх тодорхойгүй байдал нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ гэж заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэл болох бөгөөд мөн хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.3-д анхан шатны шүүх энэ хуулийг зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн байвал гэсэн заалтад хамаарна гэж дүгнэв.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4 дэх заалтуудыг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 791 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан гуравдагч этгээдийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР

ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР