Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 231

 

 

 

 

 

 

                                              

 

 2020        03          26                                   2020/ШЦТ/231

 

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав, 

улсын яллагч С.Солонго,

хохирогч Б.Нямбилэг,

шүүгдэгч З.А, түүний өмгөөлөгч Н.Мандхай нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Таргуд овогт З.А-д холбогдох эрүүгийн 1911 03151 0042 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч,хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1999 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Төв аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ах, эгч, дүү нарын хамт Төв аймаг Баянцогт сум 3 дугаар баг, Даргиат давхар 1-р гудамж 21 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Орчлон хороолол 44-34 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй,

-Урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 230 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр, 5 жил 6 сар хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан, хэрэг хариуцах чадвартай,

Таргуд овогт З.А /РД:                   /,

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;

Шүүгдэгч З.А нь 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Содон" бөмбөгөр худалдааны төв дотор хохирогч Б.Нямбилэгийг зодож эрүүл мэндэд нь "зүүн талын 3,4,5,6,7,8,9,10-р хавирганы хугарал, цээжний хөндий дэх хий, зүүн уушгины уналт" бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч З.А нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Би хохирогчийн цохисон гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа, гэхдээ би 2-8 дугаар хавирга хугартал зодоогүй. Хэрвээ хавирга хугарсан бол шууд эмнэлэг явах ёстой байсан. Цээжин хэсэгт нь нэг л удаа өшиглөсөн. Хавирга хугартал өшиглөөгүй. Тухайн үед хохирогч гуйвсан байдалтай 2-3 хүнтэй цуг байсан. Намайг хараагаад байсан. Гарах гээд явж байхад өөрөө эхэлж намайг өшиглсөн юм. Тэгээд миний уур хүрээд цохисон. Ор хоног, эмчилгээ гээд 895,000 төгрөг өгсөн. Энэ хэрэгтээ үнэхээр гэмшиж байна. Хохирогчоос чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Хохирогч Б.Нямбилэг нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр “Бөмбөгөр худалдааны төв”-д очсон. Өдөр 12 цагийн үед намайг ажлаа хийгээд явж байхад манай найз хөдөөнөөс ирээд бид 4 уулзсан. Уулзаад 2 ширхэг 0.75 л архи хувааж уусан. Дараа нь би “Содон бөмбөгөр” рүү хүнээс мөнгө авах гээд ороход шүүгдэгч З.А намайг дуудаж, дагуулж яваад намайг зодсон. Тухайн үед би дунд зэргийн согтолттой байсан.Зарим зүйлийг сайн санахгүй байгаа.Гүүр лүү цохиод унахад цээж рүү өшиглөөд байсан.1 цохисон гэдэг нь худлаа, боль гээд байхад цохиод байсан. Намайг зодсоны дараа ээж рүүгээ яриад “намайг ирээд аваач” гэсэн. Тухайн үед ээж нь дүүгийн хүүхдийг хараад ирж чадахгүй гэж хэлсэн. Тиймээс арай гэж хана түшиж явсаар байгаад гэртээ харьж унтсан. Гэртээ харих замдаа өөр хүмүүстэй маргалдаж, зодолдсон зүйл байхгүй. Маргааш өглөө нь бие маш муу байсан, Зодуулснаас хойш 110 хоног болж байна.2.19-ны өдөр хүртэл мөнгө нэхэмжилж байгаа.1 830 000 төгрөг.Эдийн засгийн хувьд хэцүү л байгаа.100 000 төгрөг л өгсөн.Надруу яриагүй, холбоо бариагүй.Одоогоор биеийн байдал гайгүй, хөнгөн ажил хийж байгаа....” гэв.

Шүүх хуралдаан хохирол төлбөр төлөх зорилгоор 10 минут түр завсарлага авсны дараа хохирогч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Шүүгдэгч З.Аг шоронд явуулаад яахав, торгуулиа төлөөд гарах байлгүй дээ гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

Хохирогч Б.Нямбилэг нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...хүнсний тасагт хиам зардаг худалдагч Цээпилтэй юм яриад зогсож байтал хамгаалагч З.А хүрч ирээд наашаа хүрээд ир гээд намайг дагуулаад явсан. Би хамгаалагчийн өрөө рүү явж байгаа юм байх гээд дагаад явсан. ...шатны дэргэд шууд намайг газар унагаад миний хэвлий, цээж, хэсэгт хөлөөрөө замбараагүй их дэвсэж зодсон. ...З.А намайг зодчихоод одоо эндээс гар, яв дахиж үүгээр согтуу харагдвал ална шүү гэж хэлээд намайг хөөсөн. ...гэртээ хариад арай гэж унтсан. Гэтэл маргааш өглөө нь үүрээр бие өвдөөд босч чадахгүй байсан учир гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлэхэд 8 хавирга хугарч, зүүн уушги гэмтсэн байсан учир яаралтай эмнэлэгт хэвтсэн.Бид нар 4-үүлээ 2 шил 0.75 архи уусан.Зарим зүйлийш сайн санахгүй байна.Нүүрлүү цохиод л унахад цээж рүү өшиглөөд байсан.Нэг удаа цохисон гэдэг нь худлаа.Болье оо гэхэд цохиод байсан. ...хамгаалагч З.А намайг зодож, миний биед гэмтэл учруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 дугаар хуудас/,

Гэрч Ч.Хишигбаяр нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...хохирогч гэх хүний дүү манай ажил дээр ирээд надтай уулзаад ахыг нь зодсон хүний зүс царайг нь хэлэхээр нь хамгаалагч нарын зургийг харуулахад З.Аг заасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.Даваасүрэнгийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 117 дугаартай “...Б.Нямбилэгийн биед зүүн талын 3,4,5,6,7,8,9,10-р хавирганы хугарал, цээжний хөндий дэх хий, зүүн уушигны уналт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээний эдгэрэлт үр дүнгээс хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 16-17 дугаар хуудас/,

Шинжээч эмч Б.Даваасүрэн нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Нямбилэгийн зүүн талын 3,4,7,8-р хавирга суганы дунд шугамаар хугарсан нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх гэмтэл. Харин 5,6-р хавирга суганы дунд болон өвчүүтэй нийлэх хэсгээр хугарсан гэмтэл нь 2 удаагийн үйлчлэлээр, 9,10-р хавирга суганы арын шугамаар зөрөө бүхий хугарал нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр, зүүн плеврийн хөндийд хана дагасан сул хий, зүүн уушги коллапстай нь дээрх хавирганы хугаралаас үүдэлтэй битүү гэмтлээр мохоо зүйлийн 1 болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүснэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31-р хуудас/,

Шүүгдэгч З.А нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Нямбилэгийг ганцааранг нь дагуулаад содон бөмбөгөр худалдааны төвийн ачааны хаалга чиглээд явсан. Тэгсэн замд Нямбилэг намайг элдэв янзаар хараагаад байсан ба би урдаас нь юм дуугараагүй. Ингээд ачааны хаалганы дэргэд иртэл Нямбилэг миний баруун талын хөл рүү 1 удаа өшиглөхөөр нь миний уур хүрээд түүний зүүн хацар луу 2 удаа гараараа алгадаад хөлөөрөө буюу гутлынхаа хоншоор хэсгээр түүний цээж хэсэгт 1 удаа өшиглөхөд газар дээшээ хараад уначихсан. Тэгээд би босоод яв гэж хэлэхэд ахыгаа уучлаарай гэж хэлээд гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-44 дүгээр хуудас/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 50/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 49/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх 48/, шүүгдэгчийн цалингийн тодорхойлолт /хх 75/, шүүгдэгчийн хувийн байдлын талаарх баримтууд /хх 66-72/, хохирогч Б.Нямбилэгээс нэхэмжилсэн хохирлын баримтууд /хх 32-36/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч З.А нь 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Содон" бөмбөгөр худалдааны төв дотор хохирогч Б.Нямбилэгийг зодож эрүүл мэндэд нь "зүүн талын 3,4,5,6,7,8,9,10-р хавирганы хугарал, цээжний хөндий дэх хий, зүүн уушгины уналт" бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Б.Нямбилэгийн “...хүнсний тасагт хиам зардаг худалдагч Цээпилтэй юм яриад зогсож байтал хамгаалагч З.А хүрч ирээд наашаа хүрээд ир гээд намайг дагуулаад явсан. Би хамгаалагчийн өрөө рүү явж байгаа юм байх гээд дагаад явсан. ...шатны дэргэд шууд намайг газар унагаад миний хэвлий, цээж, хэсэгт хөлөөрөө замбараагүй их дэвсэж зодсон. ...гэртээ хариад арай гэж унтсан. Гэтэл маргааш өглөө нь үүрээр бие өвдөөд босч чадахгүй байсан учир гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлэхэд 8 хавирга хугарч, зүүн уушги гэмтсэн байсан учир яаралтай эмнэлэгт хэвтсэн. ...хамгаалагч З.А намайг зодож, миний биед гэмтэл учруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 дугаар хуудас/, гэрч Ч.Хишигбаяр нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...хохирогч гэх хүний дүү манай ажил дээр ирээд надтай уулзаад ахыг нь зодсон хүний зүс царайг нь хэлэхээр нь хамгаалагч нарын зургийг харуулахад З.А-г заасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.Даваасүрэнгийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 117 дугаартай “...Б.Нямбилэгийн биед зүүн талын 3,4,5,6,7,8,9,10-р хавирганы хугарал, цээжний хөндий дэх хий, зүүн уушигны уналт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээний эдгэрэлт үр дүнгээс хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 16-17 дугаар хуудас/, шинжээч эмч Б.Даваасүрэнгийн “...Б.Нямбилэгийн зүүн талын 3,4,7,8-р хавирга суганы дунд шугамаар хугарсан нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх гэмтэл. Харин 5,6-р хавирга суганы дунд болон өвчүүтэй нийлэх хэсгээр хугарсан гэмтэл нь 2 удаагийн үйлчлэлээр, 9,10-р хавирга суганы арын шугамаар зөрөө бүхий хугарал нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр, зүүн плеврийн хөндийд хана дагасан сул хий, зүүн уушги коллапстай нь дээрх хавирганы хугаралаас үүдэлтэй битүү гэмтлээр мохоо зүйлийн 1 болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүснэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31-р хуудас/, шүүгдэгч З.А-гийн “...Б.Нямбилэгийг ганцааранг нь дагуулаад содон бөмбөгөр худалдааны төвийн ачааны хаалга чиглээд явсан. Тэгсэн замд Нямбилэг намайг элдэв янзаар хараагаад байсан ба би урдаас нь юм дуугараагүй. Ингээд ачааны хаалганы дэргэд иртэл Нямбилэг миний баруун талын хөл рүү 1 удаа өшиглөхөөр нь миний уур хүрээд түүний зүүн хацар луу 2 удаа гараараа алгадаад хөлөөрөө буюу гутлынхаа хоншоор хэсгээр түүний цээж хэсэгт 1 удаа өшиглөхөд газар дээшээ хараад уначихсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-44 дүгээр хуудас/ зэрэг хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч З.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгч З.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувь хүний байдал гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрөө төлсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан 15.000 /арван таван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 /арван таван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэж, уг торгох ялыг 6 сарын хугацаанд төлж барагдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.А-д оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Хохирогч Б.Нямбилэгийн хавтаст хэрэгт баримтаар өгсөн эмчилгээний зардал 226.269 төгрөг болон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн 213.300 төгрөг, нийт 439.569 төгрөгийн бодит хохирлыг шүүгдэгч З.А нь төлж барагдуулсан байх тул шүүгдэгч З.Аг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин хохирогч Б.Нямбилэг нь цаашид гарах эмчилгээний зардлаа болон ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй холбоотой хохирлыг шийдвэрлэх боломжгүй байх тул хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Шүүгдэгч З.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Таргуд овогт З.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.А-г 15.000 /арван таван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 /арван таван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.А-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.А нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5. Шүүгдэгч З.А нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Хохирогч Б.Нямбилэг нь цаашид гарах эмчилгээний зардал болон гэм хорын зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурьдсугай.

8. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.РЕНЧЕНХОРОЛ