| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 144/2016/00153/И |
| Дугаар | 176 |
| Огноо | 2016-12-01 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 176
щӨмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Ханбогд сум, Хайрхан багт оршин суух Олхон овогт Батаагийн Ариунжаргал /РД:ПЭ82042909/-ийн нэхэмжлэлтэй,
Боржигин овогт Занданхүүгийн Батсүхтэй хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Раднаарагчаа, нарийн бичгийн дарга Б.Номинтунгалаг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Ариунжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:“Миний бие Батаа овогтой Ариунжаргал Занданхүүгийн Батсүхтэй 2008 оны 03 сарын 15-ны өдөр танилцаж, 2009 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс хамтран амьдарч эхэлсэн. 2011 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүү Билгүүнийг төрүүлсэн юм. 2013 оны 01 сарын 22-ны өдөр охин Цэлмүүнийг төрүүлсэн. Тэр цагаас хойш бид 2 нэг гэрт хамтран амьдарч байгаад нөхөр Занданхүүгийн Батсүх маань 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр элэгний хорт хавдраар 3-р эмнэлэгт нас барсан. Бид 2 энэ хугацаанд Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэг Баянхошуу 7-р хороо 20-13 тоотод амьдарч байсан. Өмнөговь аймгийн Ханбогд суманд нэг мөсөн очиж гэрлэлтээ батлуулах бодолтой байсан. Хүү Билгүүн, охин Цэлмүүндээ тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох болсон тул биднийг 2009 оны 02 дугаар сарын 27-оос 2016 оны 06 дугаар сарыг хүртэл хамтран амьдарч байсныг тогтоож өгнө үү...” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Раднаарагчаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:“Нэхэмжлэгч Б.Ариунжаргалын шүүхэд гаргасан шаардлагыг дэмжиж байна. Б.Ариунжаргалын З.Батсүхтэй хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү ” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар болон хэрэгт авагдсан түүний иргэний үнэмлэхний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 300 дугаартай Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн засаг даргын тодорхойлолт, 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр З.Батсүхийг нас барсныг 3120 дугаарт бүртгэж олгосон №0000179512 тоот нас барсны гэрчилгээний хуулбар, 2011 оны 12 дугаар сарын 01-ний өдөр төрсөн хүү Б.Билгүүн №0000720746/6496 тоот төрсний гэрчилгээний хуулбар, 2013 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн охин Б.Цэлмүүн №0000870452/852 тоот төрсний гэрчилгээний хуулбар, 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Б.Цэлмүүний төрсний бүртгэлийн лавлагаа, 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Б.Билгүүний төрсний бүртгэлийн лавлагаа, Б.Ариунжаргалын 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн эмнэлгийн магадлагаа, нэхэмжлэлгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Раднаарагчаагийн нэхэмжлэгчийг төлөөлөх итгэмжлэл, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны засаг даргын 2016 оны 10 сарын 07-ны өдрийн 6329 дугаар тодорхойлолт, гэрч Д.Занданхүү, З.Баярмаа нарыг гэрчээр асуусан тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Ариунжаргал нь З.Батсүхтэй хамтын амьдралтай байснаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Б.Ариунжаргал нь З.Батсүхтэй 2010 оноос гэрлэлтээ бүртгүүлэлгүй хамтран амьдарч байсан ба хамтран амьдрах хугацаандаа 2011 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүү Б.Билгүүн, 2013 оны 01 сарын 22-ны өдөр охин Б.Цэлмүүнийг төрүүлсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хүү Б.Билгүүн, охин Б.Цэлмүүний төрсний гэрчилгээний хуулбар, 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр олгосон З.Батсүхийн нас барсны бүртгэлийн гэрчилгээний хуулбар, гэрч Д.Занданхүүгийн “...З.Батсүх нь манай хүүхэд байгаа юм. З.Батсүх нь 2010 оноос Б.Ариунжаргалтай гэр бүл болж хамтран амьдарч байгаад 2016 оны 06 пугаар сарын 21-ний өдөр өвчний улмаас нас барсан юм. Энэ хоёр дундаасаа 2 хүүхэдтэй. Гэр бүлээ батлуулаагүй байсан боловч хүүхдүүд нь эцгээрээ овогтой байсан. Б.Ариунжаргал, З.Батсүх нар нь 2010 оноос эхлэн 2016 оны 06 дугаар сар хүртэл Улаанбаатар хотод хамт амьдарч байсан нь үнэн. Тэгээд Өмнөговь аймаг руу шилжүүлэг хийлгэсэн байсан. Тэгээд ажилдаа орохоосоо өмнө нас барчихсан юм. Одоо эхнэр хүүхэд нь Ховд аймагт оршин сууж байгаа” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26 дугаар тал/, гэрч З.Баярмаагийн “...Миний дүү талийгаач З.Батсүх нь 2010 оноос хойш Б.Ариунжаргалтай хамт амьдарч эхэлсэн. 2011 онд хүү Б.Билгүүн, 2013 онд охин Б.Цэлмүүн нар төрсөн. Ингээд ам бүл дөрвүүл амьдарч байгаад 2016 онд нөхөр З.Батсүх нь өвчний улмаас нас барсан юм. Одоо Б.Ариунжаргал нь 2 хүүхдийн хамт Ховд аймагт амьдарч байгаа. З.Батсүх Б.Ариунжаргал нар нь гэрлэлтийн баталгаа хийлгээгүй боловч 2010 оноос 2016 он хүртэл хамт амьдарч байсан юм. Хоёр хүүхэд нь эцэг З.Батсүхээр овоглосон байдаг юм байна лээ ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27 дугаар тал/ зэрэг баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Б.Ариунжаргалын 2010 оноос 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл З.Батсүхтэй хамтын амьдралтай байсныг тогтоох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт зааснаар Олхон овогт Батаагийн Ариунжаргалыг Боржигин овогт Занданхүүгийн Батсүхтэй 2010 оноос 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч болон тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор тухайн шатны шүүхээр дамжуулан Өмнөговь, аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.СОЛОНГО