Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 247

 

 

 

 

 

 

 

 

 2020        03          31                                   2020/ШЦТ/247

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав, 

улсын яллагч С.Энхтуул,

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Монтой овогт Б.Б-д холбогдох эрүүгийн 1911 02504 0085 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1988 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гуталчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 42-912 тоотод түр оршин суудаг /иргэний үнэмлэхний хаяг: Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 2 дугаар хэсэг Баатархайрхан 344 тоот/, урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 1429 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,

Монтой овогт  Б.Б регистрийн дугаар /                       /,

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 10 дугаар сараас 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо Сургуулийн 42 дугаар гудамжны 912 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдрагч Ж.Дайриймааг байнга хэл амаар доромжлон зодсон,

мөн 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 42 дугаар гудамжны 912 тоотод орших гэртээ иргэн Б.Батбаяртай маргалдаж, түүний зүүн гарын долоовор хурууны 1 дүгээр үеийг тасартал хазаж эрүүл мэндэд нь зүүн гарын долоовор хурууны 1 дүгээр үений тасрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Ж.Даариймаа бид хоёр хамтран амьдраад 5 жил болж байна. Ж.Даариймаа надтай нийлж байнга архи уудаг. Намайг ажил хийлэгдэггүй. Архи уугаад уурлахаараа цагдаа дуудаад “намайг зодсон” гэж худал мэдүүлэг өгч намайг баривчлуулдаг. Хохирогч Батбаярын тухайд бид хоёр 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Шар хадны Эрдэнэ толгойн ойролцоо 2 шил архи авч айлд орж уусан. Дахин1 шил архи аваад гэртээ ирээд байж байтал гаднаас Ж.Даариймаа орж ирээд намайг архи уулаа гэж сандлаар толгой руу хэд хэдэн удаа цохисон. Өдөр нь бас уусан байснаас болоод тасраад хэвтэж байх хооронд намайг хүлсэн байсан. Нэг мэдэхэд хохирогч Батбаяр миний дээр гарчаад “нүдийг чинь ухна, ална” гээд байхаар нь айсандаа хурууг нь хазсан. Удалгүй цагдаа нар ирсэн, гэмшиж байна. Дахиж архи дарс уухгүй, бага насны хүүхэдтэй...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч Ж.Дайриймаа нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Б.Б нь намайг 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр архи уусан үедээ зодож, миний нүдийг ухна гэж дайрсан юм. Тэр үед цагдаад гомдол гаргаад шар хадны эмнэлэгт шинжилгээ хийлгэсэн. Архины солиорол, хэрэг хариуцах чадвартай гэж гарсан. Тэгтэл миний гэмтлийн зэрэг хөнгөн гэж гарсан. Энэ асуудал шүүхээр 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ороод ээж нь гуйгаад бас би гэдсэнд байгаа хүүхдээ бодоод гомдол саналгүй гэж шүүхэд хэлсэн. Шүүх Б.Б-д 500.000 төгрөгийн торгуулийн ял оногдуулж шийдвэрлэсэн. Дараа нь 2018 оны 11 сард Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 42-892 тоотод амьдарч байхдаа намайг зодоод шүүхээр орж 30 хоногоор баривчлагдсан. Мөн 2019 оны 4 сард дахин намайг зодоод Чингэлтэй дүүргийн шүүхээр орж 30 хоног баривчлагаанд явсан. Бид хоёр 4 жил хамтран амьдарч байна. Би 2 дагавар хүүхэдтэй юм. Миний бага хүүхэд өөрийнх нь хүүхэд юм. 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Б.Б согтуу байсан бөгөөд тэрээр над руу уурлаад чи угаасаа удам судар муутай, чиний ажил хийдэг гэж юу байдаг юм, янхандаж яваад ирээ биздзэ. чиний хүү чинь над руу муухай хараал байна уу чаддаг юм бол намайг хутталчих гээд дайраад байхаар нь би дуугарахгүй буруу хараад хэвтсэн юм. Тэгээд чимээгүй сууж байгаад миний хажуугаар ороод хэвтсэн юм. Тэгээд гэрлээ унраатал миний үсийг зулгааж татаад миний толгой руу цохисон. Тэгээд би чамайг ална гээд дайраад байсан. Тэгэхээр нь би босоод зугтах гэтэл миний хөл рүү өшиглөсөн. Ер нь бол архи уугаад ирсэн үед нь би юм дуугарахгүй унтуулах гэдэг юм Б.Б нь өөрөө амандаа үглэж байгаад л уурлаад намайг зоддог. Сүүлийн үед эрүүл согтуу аль ч үедээ хамаагүй би хүүхдээ авч яваад эргэж ирж болон хүүхдүүдийг чинь ална гэж заналхийлдэг. Миний том хүүг хулгайч шоронгийн хадаас болно, охин чинь янхан болно гэж ярьдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-23 дугаар хуудас/,

Гэрч Г.Жаргалсайхан нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Тухайн үед Б.Б Дайриймааг хэвтэрт ортол зодож хавиргыг нь гэмтээсэн байсан. Тухайн үедээ надаас нуусан байсан. Ер нь энэ хоёр хоёулаа нийлж архи уудаг бөгөөд архи уухаараа зодолдоод байдаг юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/,

Гэрч Г.Пүрэвсүрэн нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Б.Б нь байнга архидан согтуурдаг эрхэлсэн тодорхой ажилгүй бегөөд Ж.Дайриймаатай хамтран амьдардаг юм. Цагдаагийн байгууллгагад Ж.Дайриймаа нь нөхөр зодлоо гэж гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй дуудлагыг байнга өгдөг бөгөөд дуудлагын дагуу маргааш нь болсон үйл явдлыг шийдвэрлэхэд Ж.Дайриймаа нь хамтран амьдрагч Б.Б согтуу ирээд зодсон гэж тайлбарладаг ба харин Б.Б нь цагдаа дуудах үед гарч зугтдаг юм. Б.Б нь Эрдэнэтолгой, Шар хад хавиар архидан согтуурдаг архи ууж ирээд эхнэр Ж.Дайриймаад агсан тавьж зоддог юм. Зодохдоо тэгж их гэмтэж бэртэхээр зоддоггүй дуудлага өгөх бүрт цохиж зоддог бөгөөд архи уусан үедээ Б.Б нь Ж.Дайриймааг маш их заналхийлж Ж.Дайриймааг цохиж зоддог хэл амаар доромжилдог юм. Б.Бийг 2018 онд болон 2019 онд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж шүүхээр 30 хоногоор баривчлуулж байсан юм. Б.Б нь манай хорооны гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч этгээдийн болон орчиндоо түгшүүр төрүүлэгч этгээдийн судалгаанд байдаг юм. Б.Б нь Ж.Дайриймааг гэмтэж бэртхээр зодохгүй бөгөөд зодуулах үед гэмтлийн зэрэг гарахааргүйгээр зоддог болохоор гэмтлийн зэрэг тогтоолгож байгаагүй юм. Ж.Дайриймаа өөрөө шүүх эмнэлэгт үзүүлэхгүй гэмтлийн зэрэг тогтоолгохгүй гэдэг юм. Хамгийн гол нь Б.Б нь эрүүл үедээ Ж.Дайриймаатай муудалцахгүй бөгөөд согтуу ирэхээр нь Ж.Дайриймаа уурладаг юм шиг байна лээ түүнээс болж согтуу байхдаа Ж.Дайриймааг хэл амаар доромжилж зодож цохидог юм. Манай хороонд оршин сууж байгаа иргэдээс хамгийн олон дуудлага өгдөг хаяг бол энэ Ж.Дайриймаа, Б.Б нарын оршин сууж байгаа хаяг юм. Б.Б нь зөрчлийн хэрэг нээгдэн шалгагдаж байхдаа үргэлж цагдаагийн байгууллагаас оргон зайлдаг байсан. Удаа дараа гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй дуудлага ирж түүнийг 3 удаа шүүхээр 30 хоногоор баривчилсаар байхад байнга архидан согтуурч архи уусан үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг болохоор Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэсэн зүйл ангиар зөрчлийн хэргийг шилжүүлсэн юм. 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Б.Б нь Ж.Дайриймааг зодсон нь тогтоогдсон тул зөрчлийн 1811001602 дугаартай хэрэг нээн шалгаад 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэврээр 30 хоногийн хугацаатай баривчлах шийтгэл оногдуулж байсан юм. Үүний дараа 2019 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Б.Б нь Ж.Дайриймааг зодсон бөгөөд үүн дээр зөрчлийн 1911000277 дугаартай хэрэг нээн шалгаж 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэврээр 30 хоногийн хугацаатай баривчлах шийтгэл оногдуулж байсан юм. Эдгээр зөрчлүүд дээр бүгдэд нь Ж.Дайриймаа шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлагагүй гэж шүүх эмнэлэгт үзүүлдэггүй учраас зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авч шийдвэрлэж байсан. Үүний дараа 2019 оны 08 дугаар сарым 29-ний өдөр Б.Бадорж нь Ж.Дайриймааг согтуурсан үедээ зодож сандал авч шидсэн болохоор зөрчлийн тухай хуулиар хэрэг нээж Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлд зааснаар гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй хэрэг тул Хэрэг бүрттэх тасаг руу харъяаллаар шилжүүлсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-40 дүгээр хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Д.Мөнгөн-Очир нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...ээжийнхээ гэрт ороход манай ээж Дайриймааг Б.Б нь зодсон бололтой ээж эрүүл, харин хамтран амьдрагч Б.Б согтуу байсан. Б.Б ээжийг янз бүрээр хараагаад ширээ цохиод босож ирээд ээжийг цохих гээд дайрсан ба мөн сандал аваад цохих гээд далайхаар нь би Б.Боос сандалыг нь булаагаад авсан. Ер нь Б.Б согтуу ирэхээрээ байнга удам судраараа лалар танайхан удам муутай гэж хараадаг, манай ээжийг гичий, пизда, янхан гэж хараадаг 2017 онд болсон шиг санагдаж байна Б.Б ах согтуу орж ирээд ээж чинь хаана байна гээд орилж байгаад миний нүүр лүү нэг удаа шанаадсан. Тухайн үед ээж маань дэлгүүр явчихсан байсан. Энэ талаар би нуугаад хэн нэгэнд хэлээгүй. Уг нь бол эрүүл байхдаа зүгээр юм ярихгүй энгийн байдаг, харин согтуу үедээ агсан тавьж хэл амаар доромжилдог...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар хуудас/,

Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-ийн 59-62 дугаар хуудас/,

Аюулын зэргийн үнэлгээ /хх-ийн 58 дугаар хуудас/,

Зөрчлийн шийтгэл оногдуулсан шийтгэвэрүүд /хх-ийн 73-75 дугаар хуудас/,

Хохирогч Б.Батбаяр нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр болох Эрдэнэтолгой орчимд 18 цагийн үед би бага зэрэг халамцуу явж байтал зүс таних дүү Б.Б-той таарсан юм. Бид хоёр Шархадны 2-р буудал дээр очоод гудамжинд байдаг нэг дэлгүүрээс 2 шил архи аваад бид хоёр гудамжинд хувааж уучихаад нөгөө дэлгүүрээс дахин нэг шил архи аваад Б.Б-ийн гэр болох Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо Сургуулийн 42-912 тоотод байх гэрт нь харанхуй болсон байх буюу 19 цаг өнгөрч байхад ирсэн. Гэрт нь ирэхэд хэн нэгэн байгаагүй бөгөөд Б.Б-ийн утасруу эхнэр нь залгаад хаана байна ирэх болж байна уу гээд ярьсан тэгэхэд Б.Б гэртээ ирсэн байна гэж хэлэхэд удалгүй эхнэр Дайриймаа нь нялх хүүхдийнхээ хамт гэртээ орж ирсэн юм. Энэ үед Б.Б бид хоёр авчирсан архиа хуваагаад ууж байтал Дайриймаа архи уулаа гээд уурлаад Б.Бийг гараараа толгой орчимд нь 2-3 удаа цохиод авсан юм. Дайриймаа хоол хийж өгөх гэж байтал Б.Б Дайриймаад агсам тавиад байсан. Ингээд Б.Б, Дайриймаа хоёр хэрэлдээд байсан чинь Дайриймаа надад цагдаа дуудаж байхаар хүлж тавиад жоохон унтуулаадхий гэж хэлсэн болохоор Дайриймаа бид хоёр нийлээд би Б.Б-ийг дарж байгаад Дайриймаа гар хөлийг нь хүлсэн юм. Ингээд Дайриймаа уурлахаа болиод хоол хийж өгөхөөр болоод байж байтал Дайриймаа намайг Батбаяр ахаа та Б.Бийн амнаас нь гарсан цагаан хөөсийг арччих гэхээр нь би Б.Бийн амны орчимд байсан шүлсийг нь арчих гээд зүүн гараа явуулаад арчиж байтал миний зүүн гарын долоовор хурууг Б.Б хазчихаар нь гараа татаад авчихсан чинь миний долоовор хурууны нэгдүгээр үе буюу хумстай хэсэг нь байхгүй болчихсон маш их цус гараад байсан юм. Ингээд Дайриймаа цагдаа болон түргэн дуудсан юм. Энэ үед Б.Б хүлээстэй хэвээрээ гэртээ байж байсан юм. Түргэн тусламж намайг гэмтлийн эмнэлэгт авч очоод оёдол тавьсан юм. Би Б.Б-той 2019 оны 05 дугаар сард танилцсан бөгөөд түүнээс хойш заримдаа тааралдахаараа хамтдаа архи уудаг хүмүүс байгаа юм. Б.Б болон Эрдэнэтолгой хавийн хүмүүс намайг Монхоо гэж дууддаг юм. Миний биед учирсан зүүн гарын долоовор хурууны 1-р үений тасрал гэмтлийг би Б.Б-ийг амнаас асгарсан шүлсийг арчих гэж байхад миний долоовор хурууг хазчихаар нь би хуруугаа шууд татаад авах үед хумс хэсэг нь байхгүй болчихсон байсан юм харин баруун шуунд цус хуралт гэмтлийг би Б.Б-ийг хүлэх гэж байхад миний биед учирсан гэмтэл гэж би бодож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 135-140 дүгээр хуудас/,

Гэрч Ж.Дайриймаа нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Б.Б руу утсаар ярихад Б.Б гэртээ ирчихсэн байна гэж хэлсэн ба би 1 настай хүүгээ дагуулаад гэртээ ороход Б.Б найз ах Батбаярын /Монхоо гэж дууддаг/ хамт гэртээ 0.75 граммын Монгол нэртэй архи тавьчихсан сууж байсан ингээд би Б.Бийг архи уусан болохоор уурлаад 2-3 удаа алгадсан юм. Тэгээд би уурласан ба Батбаяр ах өлсөөд байна хоол хийгээч гэж Б.Б хэлэхээр нь би дэлгүүр явж цуйван хийх материал аваад гэртээ орж ирэхэд Б.Б согтсон байж би явлаа гээд байсан тэгэхээр нь би явуулахгүй гадаа хүйтэн байна гээд хорих үед Батбаяр ах Б.Бийг тэврээд орон дээр хэвтүүлэхэд Б.Б уурлаад босож ирээд галын дэгээ төмөр аваад миний зүүн гарруу цохиод авахаар нь би Батбаяр ахыг орны тэндээс дуудаж босгож ирээд Б.Б-ийг газарт хэвтүүлээд хоёр гарыг нь дээр нь хоёр хөлийг нь доод талд нь уяагаар хүлсэн юм. Б.Бийг хүлсэн байхад Б.Б Батбаяр ахыг “чи манай эхнэртэй унтсан уу? одоо манай эхнэртэй унтах гэж байгаа юм уу?” гээд хэл амаар доромжлоод орилоод байсан Тэгээд Б.Б шээлээ гэхээр нь би шээлгэх гээд сав бариад хажууд нь очсон чинь надруу нулимахаар нь би уурлаад Б.Бийн хажуунаас холдсон юм. Батбаяр ах Б.Б-ийн хажууд байсан ба миний дүү чимээгүй зүгээр бай гэж хэлэхэд Б.Б Батбаяр ахын нүүр рүү нулимахдаа өөрийнхөө нүүрэн дээр шүлсээ унагаасан ба Батбаяр ах Б.Бийн нүүрэн дээр байгаа шүлсийг зүүн гараараа арчих гэхэд Б.Б Батбаяр ахын зүүн гарын долоовор хурууг тас хазчихсан юм. Ингээд Батбаяр ах миний гарыг хазчихлаа гээд хуруунаас нь маш их хэмжээний цус гараад байсан Б.Б харин хурууных нь тасархайг залгичихсан юм шиг байна лээ. Ингээд би цагдаа дуудсан удалгүй цагдаа нар ирсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 144-145 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1070 дугаартай “...Б.Батбаярын биед зүүн гарын долоовор хурууны 1 дүгээр үений тасрал, баруун шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо болон мохоо ирмэгтэй зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн. Шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид 5%-р алдагдуулна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 150 дугаар хуудас/,

Шинжээч эмч Ө.Сарангэрэл нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Б.Батбаярын биед учирсан зүүн гарын долоовор хурууны 1 дүгээр үений тасрал гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Баруун шуунд учирсан цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 152 дугаар хуудас/,

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн осол гэмтлийн тохиолдлыг бүртгэсэн хуудас /хх-ийн 156 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.Б нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...миний ажиллаж байсан гутлын үйлдвэр байрлуулж ажиллуулдаг бөгөөд байрлаж ажиллах гэхээр уурлаад явуулдаггүй ба ажилгүй байхаар ажилгүй байнаа гээд уурладаг. Бид хоёр хамтдаа нийлж архи уудаг бөгөөд архи уухаараа Дайриймаа агсан тавьдаг. Архи уугаад агсан тавиад надтай маргалдхаараа үргэлж цагдаа дууддаг юм. Дайриймаа наддад хандаад жижигхэн жижигхэн зүйлээс болж маргалдах бүртээ цагдаа дууддаг бөгөөд чамайг цагдаад барьж өгнө, зодоогүй байхад чинь зодсон гэж хэлнэ гээд байнга дарамталдаг юм. Дургүй хүргээд байвал чамайг цагдаа дуудаад өгчихнө гэж хэлдэг юм. Намайг цагдаад өгснийхөө дараа өөрөө гарч яваад тэнээд байдаг. Үүнийг түүний хүү Мөнгөн-Очир мэднэ. Дайриймаа ер нь гэрээ орхиод тэнээд хэд хоногоор ч хамаагүй яваад өгдөг. Надтай анх танилцаж байхдаа гэр орондоо очихгүй надтай хамт тэнээд явчихдаг байсан юм. Би сүүлдээ 2 хүүхэдтэй гэдгийг нь мэдсэн бөгөөд хамтран амьдарч эхлээд үе үе тэнээд явчихдаг гэдгийг нь мэдсэн...би тасраад сэрэхэд миний хоёр гарыг урд талд хүлээд хоёр хөлийг мөн адил хүлчихсэн байсан миний шээс хүрээд би шээлээ гэж хэлэхэд Дайриймаа шээлгэхгүй гээд байсан тэгээд Дайриймаа, Батбаяр ах хоёр хоорондоо ярилцаад байхаар нь миний дургүй хүрээд би өөрийнхөө хүлээсийг тайлах гэхэд тайлах ямар ч боломжгүй байсан...Батбаяр ах хүрч ирээд банди минь нүдийг чинь ухна шүү гээд хуруугаараа чичлээд байхаар нь намайг алах нь гэж бодоод айгаад хурууг нь хазчихсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-46 дугаар хуудас, 159-160 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 179/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 175/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх 110/, шүүгдэгч Б.Б-д холбогдох шийтгэвэр, шийтгэх тогтоолын хуулбар /хх 70-75/ 66-68/, цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн баримт /хх 79-86/, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч этгээдийн дэлгэрэнгүй хувийн хэрэг /хх 88-92/, шүүгдэгч Б.Бийн эрүүлжүүлэгдсэн тухай баримт /хх 184-194/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 10 дугаар сараас 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо Сургуулийн 42 дугаар гудамжны 912 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдрагч Ж.Дайриймааг байнга хэл амаар доромжлон зодсон, мөн 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 42 дугаар гудамжны 912 тоотод орших гэртээ иргэн Б.Батбаяртай маргалдаж, түүний зүүн гарын долоовор хурууны 1 дүгээр үеийг тасартал хазаж эрүүл мэндэд нь зүүн гарын долоовор хурууны 1 дүгээр үений тасрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар гэм буруутайд тооцуулж, 1 жилийн хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар гэм буруутайд тооцуулж 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлт гаргаж, уг ялыг нэмж, нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 1 жил 3 сарын хугацаагаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал дүгнэлт, харин шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.Бийн хувьд улсын яллагч /прокурор/-той гэм буруугийн талаар болон зүйлчлэлийн талаар маргаагүй, /шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч хөнгөрүүлэх байр сууринаас оролцсон тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэж, энэ зүйл хэсэгт зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгч Б.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувь хүний байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 9 сарын хугацаагаар хорих ял,

мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 /долоон зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэв.

Шүүх шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв. 

Шүүгдэгч Б.Б-д ял оногдуулахад хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Хохирол төлбөрийн хувьд хохирогч Ж.Дайриймаа нь хохирлын талаар баримт ирүүлээгүй, хохирол төлбөр нэхэмжлээгүй. Харин хохирогч Б.Батбаяр нь 1.000.000 төгрөг нэхэмжилсэн боловч хавтаст хэрэгт баримтаар гаргаж өгөөгүй тул нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь 5 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Б.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Монтой овогт Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн,

мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгч Б.Б-д 9 /ес/ сарын хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 /долоон зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 9 /ес/ сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 /долоон зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногийн хорих ялд шилжүүлэн нийт 30 хоногийг хорих ял дээр нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялыг 01 /нэг/ жилийн хугацаагаар тогтоож, шүүгдэгч Б.Б-ийг 01 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Б-ийн энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 5 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай. 

6. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай. 

7. Хохирогч Б.Батбаяр нь нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний журмаар гэм хорын болон цаашид гарах эмчилгээний зардлаа жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Б.Бид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

9. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.    

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.РЕНЧЕНХОРОЛ