Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 180

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Урангуа би,

Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Ханбогд сум, Цаг уурын 1-9 тоотод байрлах “Хас банк” ХХК-ийн  Ханбогд тооцооны төвийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 6 дугаар баг, Начин, Их-Уул 19-11 тоотод албан ёсны хаягтай, Өмнөговь аймаг, Цогтцэций сум, Цэций хороолол 10 байр 34 тоотод оршин суух Дашууд овогт Сумъяагийн Эрдэнэболд /РД:КД85021316/,

Хариуцагч: Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 1 дүгээр баг, Баруунсайхан 14-12 тоотод албан ёсны хаягтай, Өмнөговь аймаг, Цогтцэций сум, Цэций хороолол 10 байр 34 тоотод оршин суух Нүүлэд овогт Өлзийбүрэн Нарангэрэл /РД:МК83022503/ нарт холбогдох,

Барьцаат зээлийн гэрээний үүрэг 4,383,261.24 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч “Хас банк” ХХК-ийн  Цогтцэций тооцооны төв шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“...С.Эрдэнэболд, Ө.Нарангэрэл нар нь тус банкны Цогтцэций салбараас 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 1450003430 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 4,000,000 /дөрвөн сая/ төгрөгийн зээлийг жилийн 16.56 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалтаар 36 сарын хугацаатай С.Эрдэнэболдын  өмчлөлийн тоёота марк-2 суудлын автомашин, 4-н ханатай гэр, тавилга эд хогшил, 2х3 харьцаатай амбаар зэргийг тус тус барьцаалан зээлсэн.

Зээлдэгч банктай байгуулсан барьцаат зээлийн гэрээний 4.1, 4.2 дахь заалтуудыг зөрчсөн /зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч зээлийн үндсэн төлбөр болон үндсэн хүүг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй/.

2016 оны 10 дугаар сарын 26-ны байдлаар С.Эрдэнэболд, Ө.Нарангэрэл нар нь нийт төлөх ёстой үндсэн зээлийн үлдэгдэл 3,095,943.24 төгрөг, үндсэн хүү 1,195,260 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 92,058 төгрөг нийт 4,383,261.24 төгрөг болоод байна.

Банкны зүгээс зээлдэгчийг зээлийн төлбөрөө төлж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж байсан. Удаа дараалан дээрх шаардлагуудыг тавьж байсан боловч зээлдэгч банкны шаардлагыг биелүүлээгүй. Иймд дараах нэхэмжлэлийн шаардлагыг хангуулж өгнө үү:

Зээлдэгч С.Эрдэнэболдын зээлийн барьцаанд барьцаа хөрөнгө болон бусад эд хөрөнгөөр зээлийн төлбөрийг барагдуулж, банкийг хохиролгүй болгуулах,

Барьцааны хөрөнгийг хамгаалалтад авах,

Тэмдэгтийн хураамжийн төлбөр гаргуулах,

Нотариатчийн зардал гаргуулах,

Шүүх хуралдаан товлон зарлагдах хүртэл хугацааны хүүг зээлийн гэрээнд заасны дагуу тооцож нэмж нэхэмжилнэ.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийг төлөөлж Ханбогд тооцооны төвийн захирал Пүрэвсүрэнгийн Анхбаяр оролцоно” гэжээ.

            Хариуцагч С.Эрдэнэбаяр, Ө.Нарангэрэл нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

            “...Иргэн С.Эрдэнэболд, Ө.Нарангэрэл бид нар “Хас банз” ХХК-ийн Цогтцэций тооцооны төвөөс 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 1450003440 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 4,000,000 төгрөгийг өрхийн хэрэглээний зориулалтаар 36 сарын хугацаатай авсан. С.Эрдэнэболд би зээл авах үедээ “Хас банк” ХХК-ийн Цогтцэций тооцооны төвд жолоочоор ажиллаж байсан бөгөөд хуучин ажиллаж байсан хүн ажилдаа орж ажилгүй болсон. Тэгээд зээлийн эргэн төлөлтийг төлж чадаагүй өдий хүрсэн. С.Эрдэнэболд, Ө.Нарангэрэл бид нар “Хас банк” ХХК-иас авсан зээлээ төлж 4,383,261.24 төгрөгийг төлж барагдуулах болно. Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч “Хас банк” ХХК-ийн Цогтцэций тооцооны төв нь хариуцагч С.Эрдэнэбаяр, Ө.Нарангэрэл нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 4,383,261.24 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

            Иргэний хэрэг үүсгэснээс хойш хариуцагч С.Эрдэнэболд, Ө.Нарангэрэл нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 4,383,261.24 төгрөгийг нэхэмжлэгч “Хас банк” ХХК-ийн  Цогтцэций тооцооны төвд төлнө хэмээн бүхэлд нь хүлээн зөвшөөрч байх ба энэ зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

            Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. “Хас банк” ХХК-ийн Цогтцэций тооцооны төвийн нэхэмжлэлтэй С.Эрдэнэболд, Ө.Нарангэрэл нарт холбогдох барьцаат зээлийн гэрээний үүрэг 4,383,261.24 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч С.Эрдэнэболд, Ө.Нарангэрэл нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 85,082.18 төгрөгийн тал хувийг улсын орлогод хэвээр үлдээж, “Төрийн банк” ХХК-ийн 211000134959 тоот данснаас 42,541.09 төгрөгийг, мөн хариуцагч С.Эрдэнэболд, Ө.Нарангэрэл нараас  42,541.09 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Хас банк” ХХК-ийн Цогтцэций тооцооны төвд олгосугай.

3. Энэхүү захирамжийг сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Захирамжид зохигч талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                   Ц.УРАНГУА