Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 250

 

 

 

 

 

 

2020        03          31                                   2020/ШЦТ/250

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав, 

улсын яллагч П.Итгэл,

  шүүгдэгч Т.А /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Т.А-д холбогдох эрүүгийн 2011 00505 0262 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1978 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, нөхөр, охины хамт, УБТЗ-ын суудлын вагон депод вагоны үйлчлэгч ажилтай, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо 49 дүгээр байрны 101 тоотод оршин суух, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,

Боржигон овогт Т.А, регистрийн дугаар /                   /.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Т.А нь 2020 оны 02 дугаар сарын 08-ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Алтжин бөмбөгөр" худалдааны төвд "мөнгө буцааж өгөхгүй байна" гэх шалтгаанаар Ж.Нарангэрэлтэй маргалдан улмаар түүний хурууг мушгиж “сарвууны долоовор хурууны 1-р үе, 2-р үе болон 2-р шивнүүрийн эргэн тойронд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шуунд зулгаралт” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Т.А нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Ж.Нарангэрэлээс Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст гаргасан гэмт хэргийн талаарх гомдол /хх-ийн 4 дүгээр хуудас/,

Хохирогч Ж.Нарангэрэл нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 16:30 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо Аптжин бөмбөгөр худалдааны төвийн 2045 лангуун дээр 40 гаран насны үл таних эмэгтэй пальто үзээд өмсөж үзээд үнийг асуухад би 120,000 төгрөгийн үнэтэй 110,000 төгрөгт таалагдвал аваарай. Тэгтэл үл таних эмэгтэй 100,000 төгрөгөнд авъя гэхээр нь би наймаа хагараагүй байсан тул тэг тэг гэж хэлсэн. Удалгүй үл таних эмэгтэй картаа гаргаж ирээд уншуулъя гэхээр нь би мобайл банк ашиглаад шилжүүлэх боломжтой юу гэсэн чинь боломжгүй гэсэн. Тэгээд би Хас банкны пос машинаа асаагаад картыг нь уншуулаад өөрөөр нь нууц дугаарыг нь хэлүүлээд би картыг зуруулсан. Тэгтэл үл таних эмэгтэйгийн утас нь дуугараад нэг хүнд лангууны хаягийг зааж өгөөд нөгөө хүн нь миний лангууг олохгүй байсан. Үл таних эмэгтэй пальтогоо орхиод өөдөөс нь явсан. 10 минутын дараа эргэж ирэхдээ 18-20 насны орчим эмэгтэй хүүхэд дагуулаад ирсэн. Тэр хүүхэд нь үл таних эмэгтэйгийн охин нь юм шиг байсан. Дагуулж ирээд авсан пальтогоо өмсөж харуулсан чинь тухайн хар өнгийн пальтог голоод ийм пальто авлаа, хүн цуг дагуулж яваад авч өгнө гэж байхад ганцаараа явлаа гэж ээж рүүгээ уурласан. Тэгээд тэр охин нь пальто авахаа болилоо мөнгөө буцаагаад авъя гэхээр нь Хас банкны пос машинд картаа уншуулсан тул мөнгө нь маргааш миний дансанд орно гэдгийг тайлбарлаж өгтөл тэр хүүхэд нь уурлаад хэл амаар доромжпоод луйварчин, залилагч гээд орилоод байсан. Би өөрөө хоолойны далд бамбай өвчтэй, зүрх муутай хүн мөн дээрээс нь худалдан авагчтай муудалцаагүй дуугүй сууж байсан. Удалгүй тэр хүүхэд нь цагдаад дуудлага өгөөд учраа хэлтэл цагдаа иргэд хоорондын маргаан байна. Шүүхэд өргөдөл гаргах талаар хэлсэн. Тэр хоёр шүүхэд өргөдлөө өгнө гээд ярьж байхаар нь та нар ингээд худлаа дуудлага өгч яадаг юм бэ? худал дуудлага өгөхөөр хариуцлага хүлээх юм бишүү гэж хэлчихээд тухайн зарах гэж байгаа пальтогоо цэвэрлэж дуусчихаад уутанд хийсэн. Ээж нь пальтогоо орхиод маргааш ирээд мөнгөө авъя гээд байсан чинь тэр хүүхэд юу гэсэн үг юм бэ, 100,000 төгрөгөө залилуулж, луйвардуулчихаад пальтогоо орхиж явлаа, лангуугаа цоожпоод явчихвал яахын энэ хүнийг хаанаас олох гээд байгаан гээд ээжрүүгээ уурлаад байсан. Удалгүй би пальто цэвэрлэсэн хувцасны сойзыг нөгөө лангуун дээр хүргэж өгөхөөр босохдоо солиотой юм дагуулчихаад гэж хэлчихээд лангууруугаа яваад ирсэн. Үл таних эмэгтэй тэр охины ээж нь чи яахаараа миний охиныг солиотой, галзуу гэдэг юм бэ? чам шиг юм миний охиныг тэгэж хэлэх болоогүй гээд дайраад байхаар нь би тэр үл таних эмэгтэйг битгий лангуун дээр хэрүүл ам хийгээд хашгираад бай гээд түлхсэн. Тэр үед охин нь намайг цээжин тус газарт цохиод дайраад сүүлдээ хоёулаа цохиод байсан. Та нар яагаад хүн зодоод байгаан гэтэл охин нь чи миний ээжид түрүүлж гар хүрсэн. Яахаараа миний ээжид гар хүрдэг юм бэ гээд дайраад байхаар нь би өөрийгөө баруун гараараа хамгаалах үед ээж нь гэх үл таних эмэгтэй миний баруун гарын долоовор хурууг мушгисан. Тэгээд ээж нь бичлэг хий, фэйсбүүкээр луйварчин залилагч гээд эгц урдаас бичлэг хийгээд байсан. Тэгээд би утсыг нь булааж авах гэж зууралдтал утас нь газарт унаж байгаа харагдсан. Тэгээд ээж нь чам шиг авгай охины утсыг төлж дийлэх юм уу гээд хэл амаар бас л доромжлоод зогсоод байсан. Тэгээд миний хуруу өвдөөд хавдаад би Хас банкны пос машин дээр та хоёрын картыг уншуулсан мэдээлэл чинь байгаа өргөдлөө өгнө гэж хэлсэн. Тэр хоёр явахгүй бичлэг хийгээд байхаар нь би хамгаалагч дуудах гээд явтал хамгаалагч байхгүй байсан эргээд ирэхэд тэр хоёр явсан байсан...Миний баруун гарын долоовор хурууг үл таних эмэгтэй мушгиж гэмтээсэн. Өөр гэмтэл шарх байхгүй. Шүүх эмнэлэгт үзүүлсэн байгаа.” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7 дугаар хуудас/,

Гэрч Ц.Батдэлгэр нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Он, сар, өдрийг нь санахгүй байна. Хажуугийн 2045 лангуунаас нэг эмэгтэй хүн пальто авахаар ирээд үзэж байгаад авахаар болоод картаа өгч байсан. Тэгээд тэр эгч гүйж яваад нэг охин дагуулаад ирсэн хараад байхад ээж охин хоёр шиг санагдсан. Охин ирээд тухайн пальтог голоод авахгүй гэж хэлсэн. Энэ пальто авахаа болилоо мөнгөө авъя гээд муудалцаж байсан. Ж.Нарангэрэл эгч мөнгө өгөхгүй ээ, пос машинаар карт уншуулахаар маргааш ирээд мөнгө авах талаар хэлж байсан. Тэгээд хоёр хувь өгөхгүй луйварчин, залилагч гэж хэл амаар доромжилсон. Тэгээд цуг явсан охин нь бичлэг хийх гээд утсаа гаргаж ирээд бичлэг хийж харагдсан. Тэгтэл Нарангэрэл эгч бичлэг хийхээ боль гээд утасаа булаацалдаж байгаад тухайн утас газарт унасан. Тэр үед утсаа булаацалдаж байгаад Нарангэрэл эгчийн баруун гарын долоовор хурууг мушгисан. Охин тэр үед 102 дугаарт дуудлага өгсөн. Нилээн удаан маргаан хийж зогссон...” гэх мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/,

Гэрч Т.А нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...миний охин утсаа гаргаж ирээд урдаа барьсан. Энэ үед миний охины утсыг аваад шидчихсэн тэрэнд уур хүрээд хэл амаар доромжлоод бид утас булаацалдсан. Тэр үед худалдагч эгчийн долоовор хуруу гэмтсэн байх. Уг нь нээх хүчтэй татаж мушгисан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх- ийн 9-10 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Н.Туяагийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2463 дугаартай “...Ж.Нарангэрэлийн биед сарвууны долоовор хурууны 1-р үе, 2-р үе болон 2-р шивнүүрийн эргэн тойронд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.” гэх дүгнэлт /хх-ийн 17-18 дугаар хуудас/,

Шүүгдэгч Т.А нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 16:00 цагийн орчимд “Алтжин бөмбөгөр” худалдааны төвөөс плато авахаар 2045 дугаар лангуу очоод тухайн платогоо авахаар болоод картаа өгөөд зуруулсан. Тэрний дараа миний охин ирээд тухайн платог буцаах талаар хэлсэн. Тэгээд бид платогоо буцааж мөнгөө авахаас болж муудалцсан. Тэгээд миний мөнгийг буцааж өгөхгүй болохоор гар утсаа гаргаж ирээд булаалцалдаж байгаад Нарангэрэл эгчийн баруун гарын долоовор хурууг мушгисан. Мөн утас булаалцалдаж утасаа шүүрээд авахад гар нь гэмтсэн бөгөөд гараа булгахдаа ард нь байсан өөрийн аягатай ус зүйлэнд гараа давхар цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 35 дугаар хуудас/

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 24/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 31/, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 63 дугаар тогтоол /хх 43/, шүүгдэгч Т.А-ын гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 41/, хохирогч Ж.Нарангэрэлийн гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 40/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Т.А нь 2020 оны 02 дугаар сарын 08-ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Алтжин бөмбөгөр" худалдааны төвд "мөнгө буцааж өгөхгүй байна" гэх шалтгаанаар Ж.Нарангэрэлтэй маргалдан улмаар түүний хурууг мушгиж “сарвууны долоовор хурууны 1-р үе, 2-р үе болон 2-р шивнүүрийн эргэн тойронд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шуунд зулгаралт” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн Ж.Нарангэрэлээс Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст гаргасан гэмт хэргийн талаарх гомдол /хх-ийн 4 дүгээр хуудас/, хохирогч Ж.Нарангэрэлийн “...2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 16:30 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо Аптжин бөмбөгөр худалдааны төвийн 2045 лангуун дээр 40 гаран насны үл таних эмэгтэй пальто үзээд өмсөж үзсэн...Тэр үед охин нь намайг цээжин тус газарт цохиод дайраад сүүлдээ хоёулаа цохиод байсан. Та нар яагаад хүн зодоод байгаан гэтэл охин нь чи миний ээжид түрүүлж гар хүрсэн. Яахаараа миний ээжид гар хүрдэг юм бэ гээд дайраад байхаар нь би өөрийгөө баруун гараараа хамгаалах үед ээж нь гэх үл таних эмэгтэй миний баруун гарын долоовор хурууг мушгисан....Миний баруун гарын долоовор хурууг үл таних эмэгтэй мушгиж гэмтээсэн. Өөр гэмтэл шарх байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7 дугаар хуудас/, гэрч Ц.Батдэлгэрийн “...Тэгээд цуг явсан охин нь бичлэг хийх гээд утсаа гаргаж ирээд бичлэг хийж харагдсан. Тэгтэл Нарангэрэл эгч бичлэг хийхээ боль гээд утасаа булаацалдаж байгаад тухайн утас газарт унасан. Тэр үед утсаа булаацалдаж байгаад Нарангэрэл эгчийн баруун гарын долоовор хурууг мушгисан. Охин тэр үед 102 дугаарт дуудлага өгсөн. Нилээн удаан маргаан хийж зогссон...” гэх мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/, гэрч Т.Аын “...миний охин утсаа гаргаж ирээд урдаа барьсан. Энэ үед миний охины утсыг аваад шидчихсэн тэрэнд уур хүрээд хэл амаар доромжлоод бид утас булаацалдсан. Тэр үед худалдагч эгчийн долоовор хуруу гэмтсэн байх. Уг нь нээх хүчтэй татаж мушгисан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх- ийн 9-10 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Н.Туяагийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2463 дугаартай “...Ж.Нарангэрэлийн биед сарвууны долоовор хурууны 1-р үе, 2-р үе болон 2-р шивнүүрийн эргэн тойронд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.” гэх дүгнэлт /хх-ийн 17-18 дугаар хуудас/, шүүгдэгч Т.Аын “...2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 16:00 цагийн орчимд “Алтжин бөмбөгөр” худалдааны төвөөс плато авахаар 2045 дугаар лангуу очоод тухайн платогоо авахаар болоод картаа өгөөд зуруулсан. ...Нарангэрэл эгчийн баруун гарын долоовор хурууг мушгисан. Мөн утас булаалцалдаж утасаа шүүрээд авахад гар нь гэмтсэн бөгөөд гараа булгахдаа ард нь байсан өөрийн аягатай ус зүйлэнд гараа давхар цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 35 дугаар хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Хохирогч Ж.Нарангэрэл нь “...Би Т.А-тай сайн дураараа эвлэрсэн. Одоо бидний дунд хохирлын талаар гомдол санал байхгүй...” гэх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгч Т.А нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Иймд шүүх шүүгдэгч Т.А-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ял шийтгэв. Ингэхдээ хуульд заасан торгох ял оногдуулах талаар гаргасан улсын яллагчийн санал буюу түүнийг зөвшөөрч шүүгдэгчийн гарын үсэг зурсан тэмдэглэл зэргийг харгалзав.

Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх, болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А-д оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Шүүгдэгч Т.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Т.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А-ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5. Шүүгдэгч Т.А нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурьдсугай.

7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.РЕНЧЕНХОРОЛ