Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 181

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Урангуа би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороонд байрлах “Капитрон банк” ХХК-ийн  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өмнөговь аймаг, Цогтцэций сум, 2 дугаар баг, Цагаан-Овоо 16-12 тоотод оршин суух, Боржигон овогт Дамдинсүрэнгийн Энхтайван /РД:НЧ84112714/-д холбогдох,

Цалингийн зээлийн гэрээний үүрэг 3,811,266.55 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

            “...Иргэн Д.Энхтайван нь 2014 оны 05 дугаар 30-ны өдөр 3019-2014/123 тоот “Цалингийн зээлийн гэрээ” байгуулан 7,000,000 төгрөгийн зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатай авсан. Гэтэл зээлдэгч Д.Энхтайван нь тус банктай байгуулсан зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж, зээл, хүүний төлөлтийг тогтоосон хугацаанд төлөлгүй 2016 оны 02 дугаар сараас эхлэн өнөөдрийг хүртэл хугацаанд үндсэн зээл 3,612,198.88 төгрөг, үндсэн хүү 186,928.03 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12,139.63 төгрөгийн төлөлтийг хийгээгүй болно. Тус банк Д.Энхтайваныг зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл гүйцэтгээгүй байна.

            Иймд зээлийн гэрээний 5.3 дахь хэсэг, Иргэний хуулийн 225,284,451 дүгээр зүйлүүдэд заасан үндэслэлийг бүрдүүлсэн тул иргэн Д.Энхтайванаас цалингийн зээлийн гэрээний үүрэг нийт 3,811,266.55 төгрөгийг гаргуулж өгнө үү. Тус банк нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан эрхийнхээ дагуу шүүхийн шийдвэр эцэслэн гарах өдрийг хүртэл тооцогдох зээлийн хүүг нэмэгдүүлэн нэхэмжлэх болно.” гэжээ.

            Хариуцагч Д.Энхтайван шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

            “...Иргэн Д.Энхтайван би 2014 оны 05 дугаар сарын 30-ны “Капитрон банк” ХХК-тай 3019-2014/123 тоот “Цалингийн зээлийн гэрээ байгуулан 7,000,000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн. Би “Тавантолгой транс” ХК-д жолоооч хийж байсан бөгөөд компани хэвийн ажиллаж зээлээ цаг тухайд нь төлж байсан. 2015 оны 04 дүгээр сараас компанийн ажил зогсож, зээлээ төлж чадахгүйд хүрсэн. Надад тогтвор суурьшилтай ажил олдохгүй, хувь хүмүүс цаг тухайд нь цалин хөлсөө өгөхгүй 2016 оны 02 дугаар сараас зээлээ төлөөгүй. “Капитрон банк” ХХК-нд 3,811,266.55 төгрөгийг төлж барагдуулах болно. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК нь хариуцагч Д.Энхтайванд холбогдуулан цалингийн зээлийн гэрээний үүрэг 3,811,266.55 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

            Иргэний хэрэг үүсгэснээс хойш хариуцагч Д.Энхтайван нь нэхэмжлэлийн шаардлага болох 3,811,266.55 төгрөгийг нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК-нд төлнө хэмээн бүхэлд нь хүлээн зөвшөөрч байх ба энэ зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

            Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. “Капитрон банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Д.Энхтайванд холбогдох цалингийн зээлийн гэрээний үүрэг 3,811,266.55 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч Д.Энхтайван нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 75,930 төгрөгийн тал хувийг улсын орлогод хэвээр үлдээж, “Төрийн банк” ХХК-ийн 211000134959 тоот данснаас 37,965 төгрөгийг, мөн хариуцагч Д.Энхтайванаас  37,965 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК-нд олгосугай.

3. Энэхүү захирамжийг сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Захирамжид зохигч талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                   Ц.УРАНГУА