Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 182

 

Гэрлэгчдийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Ханбогд сум, Жавхлант баг, Их булаг 5-5 тоотод оршин суух Дугант овогт Маамын Наранхүү /РД:ЗЗ78102304/-ын нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Өмнөговь аймаг, Ханбогд сум,  Жавхлант баг, Их булаг 2-3 тоотод  оршин суух Тайж овогт Оюунцэцэгийн Бямбацогт /РД:ЗЗ80110215/-д холбогдох

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Наранхүү, нарийн бичгийн даргаар Б.Номинтунгалаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч М.Наранхүү шүүхэд болон шүүх хуралдаан гаргасан тайлбартаа:

            “...Нөхөр О.Бямбацогттой эвлэрсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

            Хариуцагч О.Бямбацогт шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

            “...О.Бямбацогт би гэрлэлт цуцлуулж, хүүдийн тэтгэлэг тогтоолгох тухай М.Наранхүүгийн нэхэмжлэлтэй санал нийлэхгүй, 3 хүүхдээ өнчрүүлмээргүй байна.  М.Наранхүү нь миний үгэнд ордоггүй, ажил хийж байна гээд дандаа өрөнд оруулдаг, хүүхдүүдээ сайн харж хандаж чаддаггүй тул сайн ойлгуулмаар байна. Би 3 хүүхдээ бодоод цаашид эхнэртэйгээ цуг амьдармаар байна.” гэжээ.

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч М.Наранхүү нь хариуцагч О.Бямбацогтод холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

            Шүүхээс гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авахаар 3 сарын хугацаагаар хэргийг түдгэлзүүлсэн бөгөөд уг хугацаа дуусаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээн явуулан шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцсэн.

Харин дээрх хугацаанд гэрлэгчид буюу нэхэмжлэгч М.Наранхүү, хариуцагч О.Бямбацогт нар нь эвлэрсэн нь нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байх бөгөөд энэхүү эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул гэрлэгчдийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн тал хувийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 35,100 төгрөгийг түүнд буцаан олговол зохино.

 

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.3 дахь хэсэгт зааснаар М.Наранхүүгийн нэхэмжлэлтэй, О.Бямбацогтод холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт зохигч буюу гэрлэгчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн тал хувийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 35,100 төгрөгийг “Төрийн банк” ХХК-ийн 211000134959 тоот данснаас буцаан гаргуулж, түүнд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигчид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.УРАНГУА