| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2020/0059/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/065 |
| Огноо | 2020-02-18 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | С.Болорзул |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 2020/ШЦТ/065
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: С.Болорзул,
Нарийн бичгийн дарга: О.Сувд-эрдэнэ,
Шүүгдэгч: П.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Болорзулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, 1978 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор төрсөн, 42 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, П.Б
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч П.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Баянхонгор аймгийн ******* 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 3- 18-16 тоотод хамтран амьдрагч О.Д гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Мөн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Баянхонгор аймгийн ******* 3 дугаар багийн нутаг ******* тоотод хамтран амьдрагч О.Д гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1.Шүүгдэгч П.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...Би хоёр удаа цохиж зодсон, эхний нь нохойны учгаар, 2019 оны 11 сарын 25-ны өдөр дараа нь 2019 оны 12 дугаар сарын 8-9-нд шилжих шөнө араас нь зулгааж ноцолдсон тэр үед О.Дийн эрүү нь хөхөрч миний зулгаасан хэсэгт хөхөрсөн байсан. Би гэт хэрэг үлдсэнээ хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг / хх-ийн 96-97 /
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Б мэдүүлэхдээ: ярих зүйлгүй, гэм буруугаа хүлээж байна гэв.
3. Хохирогч О.Дийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
.....2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 17 цагийн орчимд би чи яв чи бид хоёр таарахгүй гэж хэлээд хөөсөн тэгсэн гэрээс гарч би нохойгоо дагуулж явна гэж хэлээд нохойгоо тавьсан би нохой авч явж яах гэсэн юм гэж хэлээд нохойгоо авах гэхэд нохойны хүзүүвч тайлж аваад намайг толгойн дээр хүзүүвчээр цохисон тэрний дараа гараараа мөр орчимд цохиж гуяа хэсэгт өшиглөсөн тэгтэл манай охин ******* гарч ирэх үед ******* яваад өгсөн. Намайг миний толгойн хэсэгт нохойны хүзүүвчээр хоёр удаа цохисон гуя хэсэгт өшиглөсөн, мөр дал орчмоор гараараа цохисон. Намайг өмнө цохиж зодож байсан би цагдаад хэлж байгаагүй нуугаад өнгөрдөг байсан тэр миний буруу болсон байн лээ согтууруулах ундааны зүйл хэрэглэх нь хэрэглэсэн байсан гэхдээ зүгээр байсан..” гэх мэдүүлэг / хх-ийн 40-41 /
....2019 оны 12 дугаар сарын 09- ний өдөр гэрээс гарч яваад 30 орчим минут болсны дараа орж ирсэн. Надад нэг компот, үзэмний шүүс авч ирсэн тэгээд би явлаа ахиж ирэхгүй чамд өгөх гэсэн юм гэж хэлээд гэрт байж байгаад орж гараад яваад байсан. тухайн үед би юм хийж байгаад унтаад өгсөн байсан тэгтэл намайг сэрээж чи яагаад миний авчирсан компотыг идэхгүй байгаа юм гэж хэлээд тэрнээс болж бид хоёр маргалдсан би босож тэрлэн өмсөх гэтэл миний тэрлэгээр боож цааш дараад гараараа толгой руу цохисон ноцолдож байхдаа цээж орчимд дарсан гараас хазсан би босож ирээд цагдаа дуудсан юм. Тэрний урд орой мөн адил намайг зодсон хоолой боосон би тамир тэнхээгүй болсон байсан юм би чи намайг алах юм байна салмаар байна гэж хэлээд байж байсан юм. Надад нэхэмжлэх зүйл байхгүй гэхдээ би гомдолтой байна сэтгэл санаа биеийн эрүүл мэндээрээ хохирсонд гомдолтой байна...гэх мэдүүлэг /хх-ийн 76-77/
4. Гэрч Р.*******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
......2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр би гэртээ дээлийн шилбэ хадаад сууж байсан тэгтэл манай хоёр бага дүү ээжийг зодоод байна гэж хэлээд орж ирсэн би гарч ирээд харахад ******* хашаанаас гарч зам руу уруудаж явж байсан. ээж хашааны үүдэн дээр байж байсан ба би гэртээ дагуулж орсон. надад юм хэлээгүй толгойтой үс нь өрвийчихсөн дуу муутай байсан. Би нүдээр бол хараагүй ээж надад нохойны уяагаар цохисон гэж хэлсэн. Манай ээжийг урьд нь зөндөө зодож байсан ээжээс салах байх гэж бодоод байдаг байсан......гэх мэдүүлэг / хх-ийн 43 /
5. Насанд хүрээгүй гэрч Д.******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...П.Б ах 2019 оны 11 дүгээр сард ээж О.Д нохойны уяагаар толгой руу цохисон гараараа бас цохиод байсан дүү бид хоёр аниаг гарч дуудсан тэгтэл ******* ах яваад өгсөн. Ээж О.Д өмнө нь зодож байсан. намайг З дугаар ангид байхад зодож байсан нуруу хэсэгт нь цохиод байсан...” / хх-ийн 44 /
6. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 697 дугаартай шинжээчийн:
1. О.Дийн биед тархи доргилт, нуруу, зүүн мөр, далны хэсэгт цус хуралт, зулай, дагзанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх зүүн далны хэсгийн цус хуралт гэмтэл нь 5-7 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Харин биеийн бусад хэргийн гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх зүүн далны цус хуралт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Харин биеийн бусад хэргийн гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх-ийн 19/
7. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 14 дугаартай шинжээчийн:
1. О.Дийн биед баруун хацар, доод эрүү, зүүн хөх, хэвлий, баруун шуунд зулгаралт, цус хуралт, дагзанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх-ийн 64/ зэргийг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч П.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Баянхонгор аймгийн ******* 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 3- 18-16 тоотод хамтран амьдрагч О.Д гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Мөн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Баянхонгор аймгийн ******* 3 дугаар багийн нутаг ******* тоотод хамтран амьдрагч О.Д гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт тус тус болсон нь хохирогч О.Д, гэрч Р. *******, насанд хүрээгүй гэрч Д.Отгонжаргал нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 697, 14 дугаартай дүгнэлтүүд зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч П.Бийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч П.Бөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч дөрвөн зуун тавин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх дүгнэлт гаргасан бөгөөд шүүгдэгч улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгааг илэрхийлснийг дурдах нь зүйтэй байна.
Шүүх шүүгдэгч П.Бөд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан нохойны уяаг эд мөрийн баримтаар тооцсон 2019 оны 12 дугаар сарын 16-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх уяаг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсны дараа устгахыг Шүүхийн тамгын газарт даалгаж шийдвэрлэв. .
Шүүгдэгч Д П.Бөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч П.Бөд нь энэ хэргийн улмаас хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй зүйлгүй болохыг дурдав.
Шүүгдэгч П.Б нь урьд нь ял шийтгэгдэж байсан талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг урьд нь ял шийтгүүлж байгаагүй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч П.Бийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Гочоо овогт П.Бийг дөрвөн зуун тавин / 450 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч П.Бөд шүүхээс дөрвөн зуун тавин / 450 / цагийн хугацаагаар оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар хийлгэж байхыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч П.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, хяналт тавьж хэрэгжүүлж ажиллахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Шүүгдэгч П.Б нь энэ хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан нохойны уяа нэг ширхгийг эд мөрийн баримтаар хураан авсан 2019 оны 12 дугаар сарын 16-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх нохойны уяа нэг ширхгийг шийтгэх тогтоол хуулийн төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч П.Бөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч П.Бөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ