| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогтбаярын Урангуа |
| Хэргийн индекс | 144/2016/00174/И |
| Дугаар | 184 |
| Огноо | 2016-12-13 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 184
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Ханбогд сум, Гавилууд багт оршин суух Боржигон овогт Дармаагийн Байгальмаа /РД:КЙ67042162/-гийн нэхэмжлэлтэй,
Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Байгальмаа, нарийн бичгийн даргаар Б.Номинтунгалаг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Байгальмаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Д.Байгальмаа би 1983 оны 06 дугаар сараас 1992 оныг хүртэл Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Галбын хөгжил” нэгдлийн Гавилууд бригадад малчнаар ажилласан. 1995 онд амьдарч байсан гэр шатсаны улмаас хөдөлмөрийн дэвтрийн 1983 оноос 1986 оныг хүртэлх хэсэг шатсан тул намайг 1983 оноос 1992 он хүртэл Ханбогд сумын “Галбын хөгжил” нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү.” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгчийн тайлбар, Өмнөговь аймгийн Архивын тасгийн 2014 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 406 дугаартай лавлагаа, 1983 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Галбын хөгжил” нэгдлийн даргын 16 дугаартай тушаал, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Галбын хөгжил” нэгдлийн даргын 42 дугаартай тушаал, гэрч С.Гүнд, Д.Бат-Өлзий нарын мэдүүлэг зэрэг хэрэгт байгаа бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Байгальмаа нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Д.Байгальмаа нь 1983 оны 06 дугаар сараас 1991 оны 12 сар хүртэл “Галбын хөгжил” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь:
Өмнөговь аймгийн Архивын тасгийн 2014 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 406 дугаартай лавлагаа, 1983 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Галбын хөгжил” нэгдлийн даргын 16 дугаартай тушаал, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Галбын хөгжил” нэгдлийн даргын 42 дугаартай тушаал, гэрч С.Гүндийн ”...Д.Байгальмаа нь миний төрсөн охин байгаа юм. Би гэрчээр мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна. Манайх Гавилууд бригадад хонь малладаг байсан. Д.Байгальмаа нь 1983 онд 8 дугаар анги төгсөөд илгээлтээр хонь маллахаар гарсан. Д.Байгальмаагийн гэр шатаад тухайн үеийн хөдөлмөрийн дэвтэр шатсан. Д.Байгальмаа 1983 оноос хонь маллахаар илгээлтээр гарч одоог хүртэл тус бригаддаа мал маллаж байгааг гэрчилж байна”, гэрч Д.Бат-Өлзийгийн “...Д.Байгальмаа миний төрсөн эгч байгаа юм. Би гэрчээр мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна. Манай аав ээж Гавилууд бригадад мал малладаг байсан учир Д.Байгальмаа эгч 1983 онд 8 дугаар анги төгсөөд илгээлтээр хонь маллахаар гарсан. Би 1987 онд Техник мэргэжлийн сургууль төгсөөд Гавилууд бригадад моторчин, малчинаар ажиллаж байсан. Д.Байгальмаа 1983 оноос хонь маллахаар илгээлтээр гарч одоог хүртэл тус бригаддаа мал маллаж байгааг гэрчилж байна.” гэсэн тайлбарууд зэрэг хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Боржигон овогт Дармаагийн Байгальмааг 1983 оны 06 дугаар сараас 1991 оны 12 дугаар сар хүртэл Өмнөговь аймгийн Ханбогд сумын Гавилууд бригадын “Галбын хөгжил” нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.УРАНГУА