Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 2020/ШЦТ/031

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч: Э.Гантулга,

Нарийн бичгийн дарга: Ж.Чимэддорж,

Шүүгдэгч: Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1914008350010 тоот эрүүгийн хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, 1990 оны 03 дугаар сарын 16-ны өдөр ******* төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн ашиглалтын инженер мэргэжилтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б.Б

Холбогдсон хэргийн талаар

 Шүүгдэгч Б.Б нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Есөнбулаг 9 дүгээр багт үйл ажиллагаа явуулах ******* цэцэрлэгийн хажуугийн зам дээр 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр иргэн ******* нь өөрийн эзэмшлийн Huawei -Ү-6 маркийн гар утсаа гээгдүүлснийг олж авч хувьдаа завшиж 540.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

                ТОДОРХОЙЛОХ нь:

Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

  1. Шүүгдэгч Б.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 ... 2019 оны 12 дугаар сарын 05-ны өглөө 9 цагийн үед машинтай Баянхонгор сумын Номгон 1 дүгээр баг Холбооны газрын хажуугийн засмал замаар доош уруудаад явж байтал нэг танихгүй эмэгтэй гар өргөхөөр нь зогсож авсан. Тэр эмэгтэй хүүхэдтэйгээ хамт явж байсан бөгөөд ******* цэцэрлэг орно гэхээр нь би доош уруудаад ******* цэцэрлэгийн хажууд буулгаж өгчхөөд хөдөлсөн чинь замын хажуу талд гадуураа ягаан өнгийн гэртэй гар утас харагдахаар нь бууж авсан. Тухайн үед ойр хавьд хүн байгаагүй. Тухайн гэр утас нь асаалттай байсан бөгөөд цэнэг нь 10 орчим хувьтай, тоон кодон түгжээтэй байсан, би уг гар утсыг машиныхаа дунд талын хайрцагт хийгээд бараг 30-аад минут машинтай гадуур явсан бөгөөд тэр хугацаанд ямар нэгэн хүн залгаж мэдэгдээгүй, дараа нь гар утас унтарчихсан байхаар нь гэртээ оруулж байлгаж байгаад Улаанбаатар хотод байдаг төрсөн ах болох ******* ******* луу явуулсан юм. Тэгтэл саяхан манай ах руу аймгийн Цагдаагаас яриад тухайн газрыг утсыг хүний гээгдүүлсэн утас авчирч өг гэсэн юм билээ. Тэгээд над руу гар утсыг явуулахаар нь би эзэнд нь хүлээлгэн өгсөн.....гэх мэдүүлэг /хх-ийн 56-58/

            2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.

   3. Хохирогч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2019 оны 12 сарын 05-ны өдөр хүүхдээ сургуульд хүргэж өгчхөөд сургуулийн хажуу талын төв замаас такси бариад Чандманы хажуу талын засмал зам дээр буугаад ажил руугаа орсон. Тэгээд утсаараа хүнтэй ярих гэхэд утас байхгүй байсан. Би таксинд явж байхдаа гар утсаа өвөр дээрээ тавьж явсан бөгөөд таксины мөнгө өгөхдөө унагаасан байх. Би ажлынхаа хүний утсаар өөрийн утас руу залгахад холбогдохгүй байсан тул цагдаагийн байгууллагад хандсан.....гэх мэдүүлэг / хх-ийн 37-40/

            4. Гэрч Б.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

.....Б.Б миний төрсөн дүү, айлын бага хүүхэд. 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 25-ны хооронд надад Huawei Y-6 маркийн гар утсыг төрсөн дүү Б.Б Баянхонгор аймгийн замын унаанд тавьсан гэж хэлж байсан. Миний бие явуулсан утсыг Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо Драгон үйлчилгээний төвийн Баянхонгороос ирсэн микро автобуснаас тосож авсан. Дүү Б.Б Huawei Y-6 маркийн гар утсыг над руу замын унаагаар явуулахдаа ашиглаж болох эсэхийг та нэг үзээд өгөөч гэж хэлээд явуулсан. Тухайн утсыг яаж авсан талаар хэлээгүй. Ийм утас байна та үзээд өгөөч гэж хэлсэн өөр зүйл хэлээгүй....гэх мэдүүлэг /хх-ийн 44/

9. Энх-Нахиа ХХК-н 2019 оны 12 сарын 09-ний өдрийн 637 дугаартай шинжээчийн:

.......Huawei V6 маркийн гар утас 559.000 төгрөг гэх дүгнэлт /хх-ийн 16-17/, хавтаст хэргийн 30 дугаар хуудсанд авагдсан эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн санал, хавтаст хэргийн 31-32 дугаар хуудсанд авагдсан эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаа явуулах тухай прокурорын тогтоол, хавтаст хэргийн 33-34 дугаар хуудсанд авагдсан эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зураг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

     Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн зүгээс өөрийгөө өмгөөлж оролцсон бөгөөд гэм буруугийн талаар мэтгэлцэхгүй талаар дүгнэлт гаргасныг дурдаж шийдвэрлэв.

Шүүхээс шүүгдэгч Б.Б нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Есөнбулаг 9 дүгээр багт үйл ажиллагаа явуулах “*******” цэцэрлэгийн хажуугийн зам дээр 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр иргэн ******* нь өөрийн эзэмшлийн Huawei -Ү-6 маркийн гар утсаа гээгдүүлснийг олж авч хувьдаа завшиж 540.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болсон нь хохирогч *******, гэрч Б.******* нарын мэдүүлэг, үнэлгээний Энх-Нахиа ХХК-н .... дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна.

Иймд шүүхээс шүүгдэгч Б.Бг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул Б.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

            Шүүх шүүгдэгч Б.Бгийн орлого олох боломжийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

            Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

            Хэрэгт шүүгдэгч Б.Бгийн эзэмшлийн Нокиа маркийн гар утсыг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 01 дүгээр сарын 10-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг гар утсыг шийтгэх тог_тоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Б.Бд хэрэгцээний дагуу буцаан олгож шийдвэрлэв.

 Шүүгдэгч Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Б нь урьд нь ял шийтгэгдэж байсан талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Бг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Бг дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг ялтан Б.Бгээр шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван / 15 / нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдаж биелэлтэд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.   

5. Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт шүүгдэгч Б.Бгийн эзэмшлийн Нокиа маркийн гар утсыг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 01 дүгээр сарын 10-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Б.Бд хэрэгцээний дагуу буцаан олгосугай.

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д  зааснаар шүүгдэгч Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй. 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                           Д.БАТЦЭНГЭЛ