| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогтбаярын Урангуа |
| Хэргийн индекс | 144/2016/00163/И |
| Дугаар | 185 |
| Огноо | 2016-12-13 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 185
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Урангуа би,
Нэхэмжлэгч: Өмнөговь аймгийн Цогтцэций сум 1 дүгээр баг Цагаан-Овоо 3-12 тоотод оршин суух Ямаат овогт Аяагийн Цэвэлмаа /РД:КН62032065/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өмнөговь аймаг, Цогтцэций сум, 1 дүгээр баг, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Засаг даргын тамгын газар /РД:9048243/-т холбогдох,
Цалин 1,435,142 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Цэвэлмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“...А.Цэвэлмаа миний бие нь 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Цогтцэций сумын Засаг даргын тамгын газрын даргын б/07 тушаалаар тээврийн хэрэгсэл байрлуулах албанд гэрээт ажилтнаар томилогдсон. Энэ хугацаанд сарын цалинг сар бүр олгохгүй байсаар эхний 6 сарын цалинг 03 дугаар сарын 27-ны өдөр олгосон боловч гаргасан тушаалын шатлалаар цалинг бодож олгоогүй. 371,016 төгрөг бодож олгосон. Мөн өнөөдрийг хүртэл цалин олгохгүй байгаа. 2016 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр тус сумын тамгын газрын дарга Х.Батдэлгэр нь цалингийн урьдчилгаа 300,000 төгрөг өгсөн. Иймээс 07,08, 09, 10 дугаар саруудын цалин болох 1,287,192 төгрөг урьд авсан 6 сарын цалингийн зөрүү 147,950 төгрөг нийт 1,435,142 төгрөгийг Цогтцэций сумын Засаг даргын тамгын газраас гаргуулж өгнө үү.” гэжээ.
Нэхэмжлэгч А.Цэвэлмаа шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “...А.Цэвэлмаа би Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Засаг даргын тамгын газарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Засаг даргын тамгын газар нь миний нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн биелүүлсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Цэвэлмаа нь хариуцагч Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Засаг даргын тамгын газарт холбогдуулан 1,435,142 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг үүсгэснээс хойш хариуцагч Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Засаг даргын тамгын газар нь А.Цэвэлмаад төлөх 1,435,142 төгрөгийг бүрэн төлж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн бөгөөд нэхэмжлэгч А.Цэвэлмаа нь уг үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1, дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. А.Цэвэлмаагийн нэхэмжлэлтэй, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Засаг даргын тамгын газарт холбогдох 1,435,142 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай иргэний хэргийн нэхэмжлэгч А.Цэвэлмаа нь хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 37,920 төгрөгийн тал хувийг улсын орлогод хэвээр үлдээж, “Төрийн банк” ХХК-ийн 211000134959 тоот данснаас 18,960 төгрөг, хариуцагч Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Засаг даргын тамгын газраас 18,960 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч А.Цэвэлмаад олгосугай.
3. Энэхүү захирамжийг сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Захирамжид зохигч талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.УРАНГУА