Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 2020/ШЦТ/033

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж, 

Улсын яллагч С.Болорзул,

Нарийн бичгийн дарга О.Сувд-эрдэнэ,

Шүүгдэгч Ө.Ж нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Болорзулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1914008390021 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

     1. Шүүгдэгч, 1996 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 24 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой мэргэжилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Ө.Ж

Холбогдсон хэргийн талаар:

           Шүүгдэгч Ө.Ж нь Баянхонгор аймгийн ******* 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Ц.Д зүүн шуунд нь хутгаар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/                                                                                                                                 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж,  хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

          1.Шүүгдэгч Ө.Ж мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 00 цагийн орчимд би гэртээ ирээд гал түлэх асуудлаас болоод хойд аав *******тэй маргасан. Би үнсээ янзалчхаад нүүрс авах гээд гарахад ******* гэрийн гадаа намайг түлхэж унагаасан. ******* намайг өөрийг нь цохих гэж байна гэж бодсон байх. Тэгээд би нүүрсээ аваад галаа түлэх гээд мод зорж хагалах гээд хутга аваад эргээд харахад ******* орж ирж байсан ба намайг түлхэж унагаагаад надаас хутга булааж авсан. Өөрийг нь хутгалах гэж байна гэж бодсон юм шиг байна лээ. Намайг ******* түлхэж унагаагаад хутга булааж авчхаад чи намайг хутгалчихлаа гэж байсан. Тухайн үед гараас нь цус харагдаагүй, хутгаа угаалгын машинд хийчихсэн байна лээ. Би бол *******ийг хутгалаагүй намайг түлхэж унагаахад л зүсэгдсэн байсан юм шиг байна лээ. Тэгээд нэлээн удаж байгаад цагдаа нартай орж ирсэн.....гэх мэдүүлэг /хх-ийн 41/

      2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.

     3. Хохирогч Ц.Д мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

      ... 2019 оны 12 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө би гэртээ ганцаараа байсан бөгөөд 06-ны орой нь манай дагавар охин ******* найзуудтайгаа уулзах гээд гараад явсан. тэгээд 07-ны өдөр буюу 00 цаг өнгөрөөд 01 цаг болох гэж байхад гаднаас ******* гаднаас ганцаараа жаахан пиво үнэртүүлсэн байдалтай орж ирсэн. ******* орж ирээд “галаа түлчихгүй яасан юм” гэхээр нь би нэг их юм дуугараагүй. Тэгээд дахиад ******* үг хэлэхээр нь би “хүн даараад байх хүйтэн алга байна” гээд хэлчихсэн чинь миний араас нуруу хэсэгт 1 удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би босож ирээд “чи хаашаа юм шөнө тэнж ирчхээд юу гэж агсраад байгаа юм” гээд бид 2 маргасан. Тэгэхэд ******* миний урдаас элдэв янзаар хэл амаар дайрсан. ******* миний нүүр ам руу самардах гээд миний өмнөөс дайрахаар нь би 2 гарыг нь барьчихсан юм. тэгээд гарыг нь барьж байгаад орны чигт түүнийг би түлхчхээд гараад явсан чинь ******* араас гараад ирсэн. Гэрт над руу дайрч байсан үйлдлээ дахин давтаж миний нүүр амыг самардах гээд байхаар нь би зууралдаж 2 гарыг нь бариад гэртээ хамт гарыг нь барьсан чигээрээ орж ирээд гарыг нь тавиад гэрийнхээ хоймор руу алхаад компьютер унтраачхаад эргээд харахад ******* хутга барьчихсан гэрийн үүдэнд зогсож байсан. ******* хутга барьсан чигтээ над руу дайраад ирэхээр нь би өөрийгөө хамгаалах гэж хутгатай гарыг нь бариад хутгыг нь булааж авах гэж ноцолдох үед хутга нь миний гарын шууны хэсэгт хатгагдсан. Тэгэхэд хутгыг ******* барьж байсан. Тэгээд би  хутгыг нь булааж авч чадалгүй хутгалчихлаа ш дээ чи гэхэд Ө.Ж өөрөө больчихсон. Тэгэхээр нь би гараад цагдаа дуудсан.....гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/

4. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 05 дугаартай шинжээчийн:

         1. Ц.Д биед зүүн шуунд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

          2. Дээрх гэмтэл нь  ир үзүүр бүхий хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

          3. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

           4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.

гэх дүгнэлт /хх-ийн 10/ болон хавтаст хэргийн 51 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч *******ы урьд ял шийтгэлтэй байсан эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

          Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд  заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгч Ө.Ж нь 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Баянхонгор аймгийн ******* Ц.Д зүүн шуунд нь хутгаар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт болсон нь хохирогч Ц.Д мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 05 дугаар дүгнэлт, болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Ө.Жг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Ө.Жд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч Ө.Жд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд  тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж шийдвэрлэв. 

 Шүүгдэгч Ө.Жд авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ө.Жд нь энэ хэргийн  улмаас  бусдад төлөх төлбөргүй, цагдан  хоригдсон  хоноггүй болохыг дурдав.    

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нэг ширхэг хутгыг хураан авсан Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 01 дүгээр сарын 16-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгаж шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болохыг дурдаж шийдвэрлэв. 

Шүүгдэгч Ө.******* нь урьд нь ял шийтгэгдэж байгаагүй талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэлээ.         

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                                                                      ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ө.Жг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол  учруулах гэмт  хэргийг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

2.  Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар  шүүгдэгч ******* овогт Ө.Жг дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан Ө.Жд оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн 5.3 дугаар зүйлийн  5-д зааснаар ялтан Ө.Ж нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай. 

   5. Шүүгдэгч Ө.Ж нь энэ хэргийн учир бусдад төлөх төлбөргүй,хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.         

   6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар бор иштэй хутгыг хураан авсан  Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 01 дүгээр сарын 16-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгасугай.         

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ө.Жд авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц  хүчингүй болгосугай.

 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д  зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор  хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.            

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор  Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй  болохыг дурдсугай.             

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл  шүүгдэгч Ө.Жд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Д.БАТЦЭНГЭЛ