Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 187

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Солонго би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 04 дүгээр хороо, Худалдааны гудамж, Бага тойруу, 12, Худалдаа хөгжлийн банк, / улсын бүртгэлийн дугаар 9016001006, РД:2635534/ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өмнөговь аймаг, Ханбогд сум, Жавхлант баг, Гоёот 18 дугаар гудамж 6 тоотод оршин суух Ногоонууд овогт Тогоогийн Гансүх /РД:КЙ87062873/-д холбогдох 4,553,803 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Худалдаа хөгжлийн банк” нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн Т.Гансүх нь тус банктай 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 2014/000289/0009-н тоот “Цалингийн зээлийн гэрээ”, мөн “Цалингийн зээлийн барьцааны гэрээ”-г тус тус байгуулан 12,500,000 /арван хоёр сая таван зуун мянган/ төгрөгийг өрхийн хэрэглээний зориулалтаар, сарын 1.8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж авсан.

Зээлдэгч Т.Гансүх нь 2014 оны 03 дугаар сарын 28-ы өдрийн 2014/000289/0009 тоот “Цалингийн зээлийн гэрээ”, мөн “Цалингийн зээлийн барьцааны гэрээ”-ээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож өөрийн эзэмшлийн Худалдаа, хөгжлийн банкны 472008036 тоот цалингийн картын дансны орлогыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу барьцаалж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулсан болно.

Өнөөдрийн байдлаар зээлдэгч нь үндсэн зээл болох 12,500,000 /арван хоёр сая таван зуун мянган/ төгрөгөөс 8,831,318.23 /найман сая найман зуун гучин нэгэн мянга гурван зуун арван найман төгрөг, хорин гурван мөнгө/ төгрөгийг тус тус төлсөн байна.

Зээлдэгч Т.Гансүх нь “Цалингийн зээлийн гэрээ”-гээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж буй талаар сануулж, зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөх бодит боломжийг олгон хугацаа өгсөн боловч өгөгдсөн хугацаанд үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлж барагдуулаагүй бөгөөд 2014/000289/0009 тоот “цалингийн зээлийн гэрээ”-ний хугацаа дууссан байна.

2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар зээлдэгч дараах үндсэн зээл, зээлийн хүүгийн үлдэгдэлтэй байна. Үүнд

Үндсэн зээлийн үлдэгдэл: 3,668,682 /гурван сая зургаан зуун жаран найман мянга зургаан зуун наян хоёр/ төгрөг

Зээлийн үндсэн хүүгийн үлдэгдэл: 805,772 /найман зуун таван мянга долоон зуун далан хоёр/ төгрөг

Нэмэгдүүлсэн хүү: 76,349 /далан зургаан мянга гурван зуун дөчин есөн/ төгрөг

Шүүхэд нэхэмжилсэнтэй холбогдон гарсан зардал: 3,000 /гурван мянган/ төгрөг

Зээлдэгч Т.Гансүхтэй байгуулсан 2014/000289/0009 тоот цалингийн зээлийн гэрээний хугацаа дууссан байгаа тул үндсэн зээл, зээлийн үндсэн болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, мөн шүүхэд нэхэмжилсэнтэй холбогдон гарсан зардалд нийт 4,553,803 /дөрвөн сая таван зуун тавин гурван мянга найман зуун гурван/ төгрөгийг зээлдэгч Т.Гансүхээс гаргуулж худалдаа хөгжлийн банкинд олгож өгнө үү.

Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үндсэн зээл, зээлийн үндсэн болон нэмэгдүүлсэн хүүг албадан төлүүлэх талаар шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү.

Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 84,812 /наян долоон мянга найман зуун арван хоёр/ төгрөгийг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу шийдэж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Т.Гансүх шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Тогоогийн Гансүх миний бие Оюутолгой ХХК-ийн гэрээт SCC компанид ажиллаж байх хугацаандаа Худалдаа хөгжлийн банкнаас цалингийн зээл авсан байсан юм.

2015 оны 05 сард гэнэт орон тооны цомхотголд орсоноор уг зээлээ төлөх боломжгүй болсон бөгөөд ажилгүй байх хугацаандаа Оюутолгой болон бусад гэрээт компаниудад идэвхитэй ажил хайж байгаа билээ.

Худалдаа хөгжлийн банк дахь зээл болон зээлийн хүү нийт 4,553,803 төгрөг нэхэгдэж байгаад ямар нэгэн маргах зүйл байхгүй, уг мөнгийг миний бие ойрын хугацаанд ажилтай болж төлнө гэдгээ энэ тайлбараар мэдэгдэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Төлж барагдуулах болно” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн үлдэгдэл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 4,553,803 төгрөгийг хариуцагч Т.Гансүхээс гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Т.Гансүх нь “Худалдаа хөгжлийн банк” ХХК-аас 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 12,500,000 төгрөгийг авсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн тухай хариу тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хариуцагч Т.Гансүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч “Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийг хохиролгүй болгохоор шүүхэд хариу тайлбар гаргасан байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.5, дахь хэсэг, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Зээлийн гэрээний үүрэгт 4,553,803 төгрөг гаргуулах тухай “Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн нэхэмжлэлийг хариуцагч Т.Гансүх хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 87,812 төгрөгөөс 43,906 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Өмнөговь аймгийн Ханбогд сумын орон нутгийн төсвийн орлогын 211000134959 тоот данснаас 43,906 төгрөг, хариуцагч Т.Гансүхээс 43,906 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Худалдаа хөгжлийн банк” ХХК-д олгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч нь энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                        Г.СОЛОНГО