Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 86

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Төмөрбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны нэгдүгээр танхимд нээлттэй хийж, “Ю” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 429 дүгээр шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгох, Байгаль орчин, аялал жуучлалын яамны ажлын хэсгийн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 17/01 тоот дүгнэлтийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга, Байгаль орчин, аялал жуучлалын яаманд тус тус холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Ю” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б , хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын  хэлтсийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б , хариуцагч Байгаль орчин, аялал жуучлалын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б , Б.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүлэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

“Ю” ХХК Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлдээ: 

“Манай компани нь Хэнтий аймгийн Б*******, Б******* сумын Г******* д******* нэртэй газарт орших 342 гектар талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын МV-00******* тоот тусгай зөвшөөрлийг 2007 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Ашигт малтмалын газраас авсан бөгөөд зохих журмын дагуу эзэмшдэг.

Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн “Чиглэл өгөх тухай” А/67 тоот тушаал болон тус яамны 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн мэдэгдлийг хүлээн авснаар үйл ажиллагаагаа явуулах боломжтой болсон.

Төслийн Техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулан хүргүүлснээр Ашигт малтмал, газрын тосны газрын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар дүгнэлт гарган хүлээн авч, улмаар Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн т/23 тоот тушаалаар манай компанийн техник эдийн засгийн үндэслэлийг хүлээн авч Эрдэс баялгийн мэдээллийн архивд бүртгэгдсэн.

Гэтэл Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн №429 дүгээр тушаалаар манай компанийн МV-00******* тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан талаар “Ө с”-ны 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн №160 дугаар дээр гарсныг олж мэдсэн.

1. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 429 дүгээр тушаал хууль зөрчсөн үндэслэлийн тухайд: Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу оролцогчийг шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулах эрхээр хангаагүй.

Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон талаар сонинд нийтэлснээс өмнө манай компани ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг “хүчингүй болгох” гэж байгааг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан.

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-д “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална”, 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах”, 4.2.8-д “хууль ёсны итгэлийг хамгаалах” 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээ батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж тус тус заасны дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга нь эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй манай компанид шийдвэр гаргахаасаа өмнө мэдэгдэж, шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулж, эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах боломжийг олгоогүй нь Захиргааны ерөнхий хуулийн гуравдугаар бүлэгт заасан шийдвэр гаргах ажиллагааг бүхэлд нь зөрчиж явагдсан. 

2. Ашигт малтмалын тухай хуулийг зөрчсөн үндэслэлийн тухайд: Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон шийдвэрийг гаргахдаа Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-д заасныг тус тус үндэслэжээ.

Гэвч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга 429 дүгээр тушаалыг гаргахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-56.4 дэх хэсгүүдийг тус тус зөрчсөн.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсон талаар мэдэгдээгүй ба ийнхүү мэдэгдээгүйн улмаас тусгай зөвшөөрөл цуцлах үндэслэлийг зөвшөөрөхгүй талаарх үндэслэл, түүнийг нотлох баримтыг гаргах боломжоор хангаагүй.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар эүйлийн 56.4-т заасан ажиллагааг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс хийлгүйгээр 2017 оны 429 дүгээр тушаалыг гаргажээ.

Манай компанийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэл байхгүй байхад бодит болон хууль зүйн үндэслэлгүйгээр, шийдвэр гаргах журам зөрчиж гаргасан дээр шийдвэр нь бүхэлдээ хууль бус гэж үзэж байна.

 “Ю” ХХК Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагадаа: Захиргааны ерөнхий хуульд заасан мэдэгдэх, сонсгох, нотлох баримт бүрдүүлэх, нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг хийгээгүй.

Манай компанийг “байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй” гэх дүгнэлт гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 27 дугаар зүйлийн 27.1, 26 дугаар зүйлийн 26.1-д заасны дагуу “мэдэгдэх, сонсгох, оролцоог хангах” заалтуудыг зөрчиж мэдэгдэлгүйгээр шийдвэр гаргасан. 

Мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-24.5-д заасан нөхцөл байдлыг тогтоох, 25.1-д заасан нотлох баримт цуглуулах үүргээ биелүүлээгүй. Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд заасны дагуу мэдэгдээгүй. Байгаль орчин, аялал жуучлалын яамны ажлын хэсэг ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд 2016 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр ажилласан бөгөөд дээрх баримтаа үндэслэж акт гаргахыг өмнө компанийн бичиг баримтын бүрдэл, байгаль орчин, нөхөн сэргээлтийн бодит байдлыг хянаж шалгалгүйгээр 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр дүгнэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны буруутай үйл ажиллагааны улмаас “Баримт бичгийн бүрдэл” гүйцээгүй.

Ашигт малтмалын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах талаар дараахь үүрэг хүлээнэ. 39.1.1-д “Энэ хуулийн 24.1-д заасан этгээд ашиглалтын тусгай зөвшөөрөл авахын өмнө, сонгон шалгаруулалтын журмаар ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан этгээд уг зөвшөөрөл авсны дараа байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэж, байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах" гэж заасан.

“Баруун Гутай болон Шургадагийн хөндийн алтны шороон ордны техник, эдийн засгийн үндэслэл”-ийг 2017 оны 03 дугаар сарын сарын 28-ны өдөр “Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөл"-өөр батлуулсан бөгөөд түүнд “Олборлолтын явц дах техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг М******* Улсын хүчин төгөлдөр, стандарт зааварчилгааны дагуу гүйцэтгэхээр төлөвлөж Байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээлтийн зардалд нийтдээ 769.3 сая төгрөг зарцуулахаар тооцож батлуулсан. 

Улмаар хуульд заасны дагуу байгаль орчны төлөв байдлын тайлан гаргаж Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд 2017 оны 04 дүгээр сарын сарын 24-ний өдөр хүргүүлж Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ гаргаж өгөхийг хүссэн боловч Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-д зааснаар шинжээч 14 хоногийн дотор дүгнэлт гарган хүргүүлэх ёстой боловч өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй.

Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээхтэй холбоотой анхан шатны дээрх баримт бичгийг байгаль орчны яам гаргаж өгөөгүйн улмаас дараа дараагийн баримтууд буюу байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ, байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөө, тайлан зэрэг баримт бичгийг батлуулах боломжгүй болсон.

Хэдийгээр Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээний дүгнэлтийг Байгаль орчны яам гаргаж өгөөгүй боловч бид байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлэгээний тусгай зөвшөөрөл бүхий "И З” ХХК-тай гэрээ байгуулан "Баруун Гутай болон Шургадагийн хөндийн алтны шороон ордны байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайлан гаргуулж түүнд үндэслэн “2017 оны байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөө”-г боловсруулан түүнийг мөрдлөг болгон үйл ажиллагаагаа явуулж байсан.

Гагцхүү “Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээний дүгнэлт” гараагүй тул дээрх баримт бичгийг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүргүүлж баталгаажуулах боломжгүй болсон. Өөрөөр хэлбэл Байгаль орчин, 

аялал жуулчлалын яамны мэргэжилтнүүд 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр гаргаж байгаа дүгнэлтэд дурдсан холбогдох баримт бичиггүй “хууль бусаар үйл ажиллагаа явуулж байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй” гэх нөхцөл өөрийн яамны буруутай үйл ажиллагааны улмаас үүссэн гэдгийг мэдэж байсан боловч тус дүгнэлтийг хийж "Ю" ХХК-ийг буруутгасан.

“Байгаль орчныг нөхөн сэргээх” гэдэг ойлголт нь байгалийн баялагийг зүй зохистой ашигласны дараа, байгалийн баялагийн ашиглалтаас байгаль орчинд үүссэн нөлөөлөлийг арилгах, эвдрэлийг засаж сайжруулах үйл ажиллагаа юм.

Гэвч зөвхөн ашиглалт эхлэх үед төлөвлөлтийн дагуу нөхөн сэргээлтийг бүрэн хийх ёстой хугацаанаас өмнө “байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй” гэж дүгнэсэн нь бодит үндэслэлгүй. 2017 оны уулын ажил явагдаж эхлэх үед буюу 2017 оны 06 дугаар сарын 25-ны өдөр байгаль орчныг нөхөн сэргээх үүргийг биелүүлсэн эсэхийг дүгнэх боломжгүй.

Хэдийгээр Байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөө БОАЖЯ-аар батлагдаагүй боловч бид дээрх төлөвлөгөөг баримтлан үйл ажиллагаагаа явуулж олборлолтын үйл ажиллагаа явуулж байх хугацаанд байгаль орчныг хамгаалах арга хэмжээ авч ажиллаж байсан бөгөөд 2016 оны олборлолтын үр дүнд эвдэгдсэн талбайд техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг зохих журмын дагуу гүйцэтгэж байсан.

Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үйл ажиллагааны зардал 2016 болон 2017 онд нийтдээ 230.000.000 төгрөгийн зардал гарган зарцуулсан.

Байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй гэдгийг нөхөн сэргээлт хийх ёстой цаг хугацаанаас хойш Байгаль орчныг хамгаалах тухай хуульд заасны дагуу “байгаль орчны аудит” хийлгэж түүнд үндэслэн тогтоох ёстой атал ямар ч суурь шинжилгээ судалгаагүйгээр хийсвэрээр дүгнэлт гаргасан байна.

Өөрөөр хэлбэл “Ю" ХХК байгаль орчныг нөхөн сэргээх ямар үүргээ хэрхэн биелүүлэх ёстой байсныг, хэрхэн яаж биелүүлээгүйн улмаас байгаль орчинд /хөрс, ус, агаар/-т холбогдох стандартаас хэтэрсэн нөхөн сэргэх боломжгүй ямар сөрөг нөлөөлөл үзүүлсэнийг холбогдох мэргэжлийн байгууллага ямар хэмжилт судалгаа, шинжилгээний үндсэн дээр тогтоосон бэ гэдэг нь тодорхойгүй.

Зөвхөн “баримт бичгийн бүрдэл дутуу" үйл ажиллагаа явуулж байна гэх үндэслэлээр “байгаль орчныг нөхөн сэргээх үүрэг"-ээ зөрчиж байгаль орчныг бохирдуулж хор хохирол учруулсан гэх дүгнэлт хийсэн нь хэт өрөөсгөл юм.” Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Хэнтий аймгийн Б*******, Б******* сумын нутаг Г******* д******* нэртэй 342 гектар талбайд Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын алба /хуучнаар/-ны даргын 2000 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 604 дүгээр шийдвэрээр “Т С Э г” ХХК-нд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл анх олгосон байна.

Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын алба /хуучнаар/-ны даргын 2004 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 1756 дугаар шийдвэрээр “Т С Э г” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын *******А дугаартай тусгай зөвшөөрлийг” Ю” ХХК-нд шилжүүлэн бүртгэсэн байна.

М******* Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 06/4116 тоот албан бичгээр “Хэнтий аймгийн Б*******, Б******* сумдын нутагт Байгаль, орчныг хамгаалах тухай хууль, Ашигт малтмалын тухай хуулийг зөрчиж үйл ажиллагаа явуулж буй “Ю” ХХК-ийн МV-00******* тоот тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай 2017 оны 06 дугаар сарын 28-ны 17/01 тоот дугнэлтийг хүргүүлж байна" гэсэн мэдэгдлийг тус газарт ирүүлсэн байна.

Дээрх албан бичигт Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн “Тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай” 17/01 дүгнэлтийг хавсаргаж ирүүлсэн байна.

Уг дүгнэлтэд “...Дээрх санал, холбогдох хавсаргасан баримтыг үндэслэн тусгай зөвшөөрлийг цуцлах дүгнэлт гаргаж байна. Үүнд: “Ю” ХХК нь 2016, 2017 онд уурхайн олборлолтын ажил эхлүүлэхэд шаардагдах холбогдох баримт бичиггүй хууль бусаар үйл ажиллагаа явуулж байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй. Иймд Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 1.5 дахь заалтын дагуу М\/-00******* тоот тусгай зөвшөөрлийг энэхүү дүгнэлтийг үндэслэн цуцлах шийдвэр гаргаж хариу ирүүлнэ үү” гэсэн байна. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан бол төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах”-аар заасан.

Түүнчлэн Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-д “тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн" бол тусгай зөвшөөрөл олгосон байгууллага тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно “гэж заасан.

Нэхэмжлэгч “Ю” ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 31 дүгээр зүйл, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7.2, Гол, мөрний урсац бүрэлдах эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг тус тус зөрчсөн нь Хэнтий аймгийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 9/1134 тоот албан бичгээр ирүүлсэн санал, уг саналыг харгалзан гаргасан Байгаль орчин аялал жуулчлалын яамны 2017 оны 17/01 тоот дүгнэлтээр тогтоогдсон байна.

Иймд Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2017 оны 17/01 тоот дүгнэлтийг тус тус үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 429 дүгээр шийдвэрээр “Ю” ХХК-ийн М\/-00******* дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалж шийдвэрлэсэн.

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 429 дүгээр шийдвэр нь холбогдох хуулиудад заасан болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дүгнэлтийг үндэслэн гарсан хууль ёсны захиргааны акт тул хүчингүй болгох үндэслэлгүй болно.

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлохдоо тусгай зөвшөөрлийг цуцлах талаар уг компанид мэдэгдээгүй, Өдрийн сонин /2017 оны 160 дугаар/-оос мэдсэн талаар дурдаж, төрийн захиргааны байгууллагыг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Захиргааны ерөнхий хуулийн 4.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзсэн үндэслэлийн тухайд:  “Ю ХХК”-иас “Хуулийн этгээдийн тодорхойлолт” маягтаар тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн эзэмшигч өөрчлөгдөж, улмаар хуулийн этгээдийн албан ёсны хаягтаа өөрчлөлт оруулсан талаар Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.12-т заасны дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын бүртгэлийн систем /СМСS/-Д 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр шинэчлэн бүртгүүлсэн байна. Бүртгүүлснээр “Ю” ХХК-ийн албан ёсны хаяг нь Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 6 дугаар Хороо, Их сургуулийн гудамж,.... тоот болсон байна. 

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасны дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс дээр дурдсан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны албан бичиг, дүгнэлтийн дагуу МV00******* дугаартай тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн талаар 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 7/4980 тоот албан бичгээр “Ю” ХХК-нд мэдэгдэл явуулсан байна.

Гэвч “Ю” ХХК-ийн хаягаар М******* Ш******* ХК-аас мэдэгдлийг хүргүүлсэн боловч тухайн мэдэгдэлд заасан хаяг буюу Кадастрын бүртгэлийн систем /СМСS/-Д шинэчлэн бүртгүүлсэн хаяг дээр “ийм байгууллага байхгүй" гэсэн шалтгаанаар 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр буцаалт хийгдсэн байна.

Улсын дээд шүүхийн 2010 оны 9 дүгээр тогтоолын 6-д “...56 дугаар зүйлийн 56.2-д заасан мэдэгдэнэ гэдэгт төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэр, эсхүл түүнийг утгыг агуулсан албан бичгийг өргөдөл гаргагчид болон тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдэд гардуулах буюу хүргүүлж, түүнийгээ баримтжуулсан байхыг ойлгоно" гэж заасан.

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс тусгай зөвшөөрөл цуцлах үндэслэл бүрдсэн мэдэгдлийг дээр дурдсан 2017 оны 7/4980 тоот албан бичгээр, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хаягаар ш*******гаар албан ёсоор хүргүүлсэн тул төрийн захиргааны байгууллагыг хууль зөрчсөн гэж үзэж буруутгах ямар ч үндэслэлгүй болно.

Харин тусгай зөвшөөрөл эзэмшигч өөрийнхөө шинэчлэн бүртгүүлсэн албан ёсны хаягтаа байхгүй /энэ нь төрийн захиргааны байгууллагад хамааралгүй/ тохиолдолд хариуцагчийг гэм буруутай гэж буруутгах хууль зүйн үндэслэлгүй болно.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.7-д “Төрийн захиргааны байгууллага хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалсан бол мэргэжлийн хяналтын байгууллагад, ашиглалтын болон үүсмэл орд ашиглах тусгай зөвшөөрлийг цуцалсан бол татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны болон, мэргэжлийн хяналтын байгууллагад тус тус мэдэгдэж өдөр тутмын сонинд нийтэлнэ” гэж заасан.

Захиргааны өрөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д “3ахиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ”, мөн зүйлийн 43.2-т “Захиргааны байгууллага хуульд өөрөөр заасан тохиолдолд өөрт нь гардуулах шаардлагатай тохиолдолд утас, факс, ш*******, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулна” гэж тус тус заасан.

Мөн Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.5-д “Захиргааны актын хаяглагдсан этгээд өөрийн албан ёсны хаягтаа байхгүй, хаягийн өөрчлөлтийг захиргааны байгууллагад мэдэгдээгүй, эсхүл зориуд санаатайгаар хүлээн зайлсхийсэн тохиолдолд хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлснээс хойш өнгөрсний дараах өдрийг уг актыг албан ёсоор мэдэгдсэнд тооцно” гэж заасан.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

Хариуцагч Байгаль орчин, аялал, жуучлалын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан тайлбартаа: 

3ахиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-д “Нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдох захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлсэн захиргааны байгууллага, албан тушаалтныг хариуцагч гэнэ...” гэж заасан.

Харин Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлд захиргааны үйл ажиллагаа нь захиргааны акт, захиргааны гэрээ, захиргааны хэм хэмжээний акт гэсэн хэлбэртэй байна гэж заасан. Харин дээрх маргаанд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын зүгээс Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны үйл ажиллагаа явуулсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу хариуцагчаар оролцох ёстой бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын яам тус хэрэгт хариуцагчаар оролцох хууль зүйн үндэслэл байхгүй байна.

Учир нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас захиргааны акт, захиргааны гэрээ, захиргааны хэм хэмжээний акт гаргаагүй болно.

“Ю” ХХК нь “Нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх тухай" тайлбартаа Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээний дүгнэлтийг яамнаас гаргуулалгүй ашигт малтмалын олборлолтын үйл ажиллагаа явуулсан тухай дурдсан нь хууль бус үйл ажиллагаа юм. Учир нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-д Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг байгалийн нөөцийг ашиглах, газрын тос болон ашигт малтмал хайх, ашиглах, аж ахуйн зориулалтаар газар эзэмших, ашиглах эрх авах болон төсөл хэрэгжүүлэхээс өмнө хийнэ...” гэж заасныг зөрчсөн байна.” гэжээ.

Хариуцагч Байгаль орчин, аялал жуучлалын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас тусгай зөвшөөрлийг цуцлах дүгнэлт гаргахдаа 2 зүйлийг үндэслэл болгосон. Орон нутгийн засаг захиргааны

байгууллагаас манайд удаа дараа хүсэлт ирүүлсэн. Мөн Байгаль орчныг хамгаалах тухай хуульд заасны дагуу нэхэмжлэгчийн бичиг баримтын бүрдэл хэсгүүд бүрэн хангагдаагүй байхад олборлолтын үйл ажиллагаа эхлүүлсэн...” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх “Ю” ХХК-ийн Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Ашигт малтмал газрын тосны газрын Кадастын хэлтсийн даргад тус тус холбогдуулан гаргасан дараах нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж шийдвэрээ гаргалаа. Үүнд:

 Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдуулан “Байгаль орчин, аялал жуучлалын яамны ажлын хэсгийн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 17/01 тоот дүгнэлтийг хүчингүй болгуулах”,

 Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 429 дүгээр шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгуулах”.

Шүүх нэхэмжлэлийн шаардлага, хэрэгт цугларсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч нараас шүүхэд бичгээр гаргасан тайлбар тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хурал дээр гаргасан тайлбар зэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ажлын хэсэг 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 17/01 дүгээр дүгнэлтээрээ ““Ю” ХХК нь 2016, 2017 онд уурхайн олборлолтын ажил эхлүүлэхэд шаардагдах холбогдох баримт бичиггүй хууль бусаар үйл ажиллагаа явуулж байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй” гэж үзэн “Ю” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын МV-00******* дугаар тусгай зөвшөөрлийн цуцлах саналыг Ашигт малтмал, газрын тосны газарт Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалын нөөцийн удирдлагын газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 06/4116 дугаар албан бичгээр хүргүүлсэн байна.

Анх 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалын нөөцийн удирдлагын газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг Хэнтий аймгийн Б******* сумын Г******* д*******нд ашигт малтмалын үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцах, нөхцөл байдлыг тодорхойлох, хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулах зорилготойгоор ажилласан байна.  Ажлын хэсэг “Ю” ХХК-ийг  Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүлийн 35.3 дахь хэсэгт заасан тусгай зөвшөөрөл эзэмшигч уурхай дээр байлгах шаардлагатай бичиг баримтын бүрдэл дутуу үйл ажиллагаа явуулсаныг тогтоож байсан байна.

 Шүүх маргаан бүхий захиргааны акт болох Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ажлын хэсгийн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 17/01 дүгээр дүгнэлтийг дараах үндэслэлээр хууль бус болохыг тогтоож, хүчингүй болголоо.

1. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 14-т ”байгаль орчны аудит” гэж байгаль орчны хууль тогтоомж, төрийн бодлого, үндэсний хөтөлбөрийн биелэлт, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, стандартын хэрэгжилтийг хянаж, дүгнэлт гаргах, мэргэжлийн зөвлөгөө өгөх хараат бус үйл ажиллагааг”, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний асуудлыг зохицуулах, энэ хуулийн 4.1.1, 4.1.4, 7.1.2-т заасан үнэлгээний үр дүн, тайланд дүгнэлт өгөх, үүрэг бүхий байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний мэргэжлийн зөвлөл /цаашид “мэргэжлийн зөвлөл” гэх/ ажиллана” гэж заасны дагуу М******* Улсын Засгийн газрын 2013 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 374 дүгээр  тогтоолын хавсралтаар “Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний журам”-г баталжээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дэргэд ажиллах мэргэжлийн зөвлөл нь байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийх, дүгнэлт гаргах эрхийг хэрэгжүүлдэг бөгөөд дээрх журмын 9.1 дэх хэсэгт “Мэргэжлийн зөвлөл нь байгаль орчин, нийгэм, эрүүл мэнд, эдийн засаг, хөгжлийн салбарын төлөөллийг оролцуулсан 10-с доошгүй гишүүний бүрэлдэхүүнтэй байх ба гишүүд нь тухайн чиглэлээрээ 10-аас дээш жил ажилласан туршлагатай байна”, 9.2 дахь хэсэгт “Мэргэжлийн зөвлөлийн бүрэлдэхүүн нь төр, төрийн бус болон хувийн хэвшлийн төлөөллөөс бүрдэх бөгөөд зөвлөлийн гишүүн өөрийн салбарын эрх ашгийг төлөөлж ажиллахгүй” гэж зохицуулжээ. Өөрөөр хэлбэл байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний мэргэжлийн зөвлөл хөндлөнгийн, бие даасан, хараат бусаар үйл ажиллагаагаа явуулахыг хууль болон хэм хэмжээний актад нийцүүлэн зохих дүгнэлт гаргасан байх ёстой.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 дахь хэсэгт заасан тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй талаар байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргах гэх зохицуулалт нь дээрх “Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний журам”-р зохицуулагдсан харилцаанд нийцүүлэн зохих дүгнэлт гаргасан байхыг шаардаж байна. 

Иймээс маргаан бүхий акт болох 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 17/01 дүгээр дүгнэлтийг Байгаль, орчин, аялал жуулчлалын яамны газрын дарга хоёр ахлах мэргэжилтний хамт гаргасан нь Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний журмаар зохицуулсан харилцааг зөрчсөн гэж үзэх үндэстэй.

2. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Байгаль орчны унаган төрхийг хадгалах, түүний тэнцэл алдагдахаас сэргийлэх арга хэмжээ боловсруулж хэрэгжүүлэх, байгалийн баялгийн ашиглалтыг зохицуулах зорилгоор байгалийн баялгийн нөөцийн үнэлгээ болон байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг тус тус хийнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгч “Ю” ХХК нь Хэнтий аймгийн Б******* сумын нутагт орших “Г******* д*******” алтны шороон ордыг ил аргаар ашиглах төслийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланг “И з” ХХК-иар гүйцэтгүүлэн 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Ю/17-16 дугаар албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүргүүлсэн нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-т “Шинээр байгуулах болон одоо ажиллаж байгаа үйлдвэр, үйлчилгээ, барилга байгууламж, тэдгээрийг шинэчлэх, өргөтгөх, байгалийн нөөц ашиглах төсөлд байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг үнэлгээний шинжээч ажлын 14 хоногт багтаан хийж дараах дүгнэлт гаргана” гэж зааснаар зохих шийдвэрийг хариуцагч хуулийн хугацаанд гаргах үүрэгтэй байна. Гэтэл хариуцагч байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланг судлан үзэж хуулийн хугацаанд зохих дүгнэлт гаргаагүй атлаа “байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй” гэж дүгнэж байгаа нь өөрөө үндэслэлгүй болно.

3. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 11-т “байгаль орчинд учруулсан хохирол” гэж байгалийн баялгийг зөвшөөрөлгүй бэлтгэсэн, олборлосон, эсхүл байгаль орчны чадавхын тогтоосон хэм хэмжээ, зөвшөөрөгдөх дээд хэмжээний хязгаараас хэтрүүлэн байгаль орчныг бохирдуулсан, доройтуулсан, гэмтээсэн, байгалийн нөөц баялгийг хомсдуулсан, экологийн тогтолцоог алдагдуулсан аливаа үйлдэл, эс үйлдэхүйг” хэлнэ гэжээ.

Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагааны улмаас байгаль орчинд учруулсан хохирол нь Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулиар зохицуулагдсан байгаль орчны аудит болон байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, дүгнэлтээр  тодорхойлогдож Ашигт малтмалын хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь “байгаль орчинг нөхөн сэргээх” үүргийг хүлээдэг.

Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ажлын хэсэг 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 17/01 дүгээр дүгнэлтээрээ “...холбогдох баримт бичиггүй хууль бусаар үйл ажиллагаа явуулж байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй” гэж дүгнэсэн нь маргааны үйл баримтад хамааралтай баримтад тулгуурлан зохих хурлаар хэлэлцэгдэж, судлан шинжлэгдсэн, нөхцөл байдлыг бүрэн дүүрэн бодитой дүгнэж үндэслэл бүхий шийдвэр гаргасан гэж үзэх боломжгүй байна.

Уг зүй нь ажлын хэсэг маргаан бүхий захиргааны акт гарах үед буюу 2017 оны 06 дугаар сард ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбай дээр бодит байдал ямар байсан, дүгнэлтийн үндэслэл болж буй баримтыг тал бүрээс бүрэн, бодитойгоор харьцуулсан үнэлгээг дүгнэлтдээ тусгаснаар гарч буй шийдвэр нь хууль ёсны болно.  

4. Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцогч /цаашид “оролцогч” гэх/ гэж захиргааны байгууллагад өргөдөл, хүсэлт гаргасан этгээд, захиргааны акт, захиргааны гэрээний эрх зүйн үйлчлэл шууд болон шууд бусаар чиглэсэн этгээд болон захиргааны байгууллагаас шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулсан этгээдийг ойлгоно” гэж заасны дагуу хариуцагч нь сөрөг үр дагавар бүхий шийдвэрийн үйлчлэл шууд чиглэсэн,  эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх этгээдийг шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулахаар хуульчилсан байна. Өөрөөр хэлбэл “Ю” ХХК-д сөрөг нөлөө бүхий захиргааны шийдвэр болох 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 17/01 дүгээр дүгнэлт гаргах үйл ажиллагаанд уг аж ахуйн нэгжийг татан оролцуулж түүнд өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах боломж олгох төдийгүй, тухайн шийдвэртэй холбоотой нөхцөл байдлыг бүрэн дүүрэн судлах, бодит нөхцөлд тохирсон үндэслэл бүхий шийдвэрийг гаргах ёстой юм.

Нөгөөтэйгүүр, Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д “Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдснээр хүчин төгөлдөр болно” гэж зааснаар хариуцагч Байгаль, орчин, аялал жуулчлалын яам нь “Ю” ХХК-д 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 17/01 дүгээр дүгнэлтийг бичгээр хүргүүлж мэдэгдсэнээр уг дүгнэлт нь хүчин төгөлдөр болох ёстой.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нарын шүүхэд гаргасан тайлбараар хариуцагч нь нэхэмжлэгчийг маргаан бүхий дүгнэлт гаргах үйл ажиллагаанд оролцуулаагүйгээс гадна мэдэгдэх үүргээ хэрэгжүүлээгүй болох нь нотлогдсон тул Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Сөрөг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснөөс үл хамааран захиргааны байгууллага тухайн захиргааны актыг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хүчингүй болгоно” гэж заасны дагуу Байгаль, орчин, аялал жуулчлалын яамны ажлын хэсэг 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 17/01 дүгээр дүгнэлт нь хууль бус болно. 

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 429 дүгээр шийдвэрээрээ “Ю” ХХК-ийн MV-0028810 тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг  цуцалсан байна. Хариуцагч нь тусгай зөвшөөрөл цуцлах шийдвэрийг гаргахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 17/01 тоот дүгнэлтийг тус тус үндэслэл болгожээ.

Хэдийгээр Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг дараахь үндэслэлээр цуцална”, 56.1.5-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан” гэж заасан хэдий ч шүүхээс Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 17/01 тоот дүгнэлтийг хууль бус болохыг тогтоосон тул түүнийг үндэслэн гарсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 429 дүгээр шийдвэрийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж нэхэмжлэгч “Ю” ХХК-ийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг сэргээх нь зүйтэй гэж үзлээ. 

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн  106.1, 106.3.1, 106.3.12 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 46 дугаар зүйлийн 46.1, 48 дугаар зүйлийн 48.1, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.5, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 11, 14, 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,  Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсгүүдийг тус тус баримтлан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга, Байгаль орчин, аялал жуучлалын яаманд тус тус холбогдуулан гаргасан “Ю” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуучлалын яамны ажлын хэсгийн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 17/01 тоот дүгнэлт, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 429 дүгээр шийдвэрийг тус тус хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140.400 төгрөгийг Чингэлтэй дүүргийн татварын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргаас 70200 төгрөг, хариуцагч Байгаль орчин, аялал жуучлалын яамнаас 70200 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Ю” ХХК-д олгосугай.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             С.ТӨМӨРБАТ