Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 0001

 

П.Энхбаатарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, шүүгч Т.Ганбат нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу, нэхэмжлэгч П.Энхбаатар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батдорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ариунтуул, хариуцагчийн өмгөөлөгч Н.Баасанжав нарыг оролцуулан хийсэн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1239 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч: П.Энхбаатарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хаан банкны Хөвсгөл салбарт холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Ганбатын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч П.Энхбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би шүүхэд ажлаас халагдсан тухай гомдлоо гаргасан. Учир нь: Дотоод аудитын шалгалтыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Би дотны найз нөхдийн хүмүүстэй хувийн харилцаа үүсгэж байснаас биш хувьдаа ажлын давуу байдлаа ашиглаж байсан явдал гарч байгаагүй гэж бодож байгаа болно. Надад мотоцикль зарах шаардлага байсан, Бямбажав малчны зээл авч мотоцикл авах хэрэгцээ байсан тул би Бямбажавт мотоциклоо зарсан. Хэд хоногийн дараа наймаа буцах гэхлээр нь Бямбажавт мөнгө чинь байхгүй гэхэд тэгвэл чи миний авсан малчны зээлийг төл гэхлээр нь зөвшөөрч би уг зээлийг би төлж байсан, мөн харилцагч Баатархүүгийн авсан зээлээс нь би зээлж мөнгө аваад буцааж төлсөн, лизингийн төлбөрөөс тушаагүй байсан 25.500 төгрөгийг буцааж шилжүүлсэн гэхдээ би өөрийгөө буруугүй гэж хэлэхгүй зөрчил гаргасан нь үнэн надад ажлаас халахаас өөр сахилгын шийтгэл ногдуулж өгөхийг хүсэж байна.

Иймд ХААН банкны Хөвсгөл салбарын захирлын ажлаас халсан тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул намайг ажилд эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн явдал байхгүй нэхэмжлэл дээр бичсэн урьд ажиллаж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлээ дэмжиж оролцож байна гэж ойлгож болно. Тэрнээс цалин хөлс нэхээгүй хамааралгүй гэжээ.

Хариуцагч ХААН банкны Хөвсгөл салбар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: П.Энхбаатар нь ХААН банкны Хөвсгөл салбарын Цэцэрлэг тооцооны төвийн эдийн засагчаар ажиллаж байх хугацаандаа банкны дотоодод мөрдөгдөх дүрэм, журмыг зөрчиж түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг үндэслэн Хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Тэрээр ажлын байрны давуу талаа ашиглаж өөрт үүссэн санхүүгийн асуудлыг шийдвэрлэхийн тулд харилцагчийн зээлийн мөнгөнөөс зээлэх, зээлдэгч нараас мөнгө зээлэх, харилцагчийн зээлийг төлж хугацаа хэтрэлтээс гарган дахин зээл судалж олгох замаар авлагаа барагдуулах зэргээр санхүүгийн харилцаа үүсгэсэн, уг үйлдлээ нуун дарагдуулсан, гэрээт байгууллагын барааг харилцагчид дамжуулж борлуулахдаа 22.500 төгрөгийн урамшууллыг хувьдаа авсан үйлдлээр ... хөдөлмөрийн гэрээний 5.7.1, 5.7.7, 5.7.10, 5.7.12, 5.7.14-т заасан ноцтой зөрчлийг гаргасан юм. П.Энхбаатарын гаргасан дээрх зөрчлийг банкны дотоод аудитын 2016 оны 7 дугаар сарын 20-27-ны өдөр хийсэн шалгалтаар тогтоосон бөгөөд холбогдох нотлох баримтуудаар нотлогдож байгаа болно.

Иймд П.Энхбаатарын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ариунтуул шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ... Энхбаатарын ажлыг дотоод аудитаар зөрчил гаргасан болох нь тогтоогдсон. Ямар зөрчил байна гэхээр харилцагч Бямбажавд малчны зээл гаргаж тухайн зээлийг авахуулаад Энхбаатар өөрөө хувьдаа авч ашигласан. Энэ зөрчил нь өөрийнх нь өгсөн тайлбар, зээлийн гэрээ бусад бичгийн нотлох баримтаар тогтоогдсон. Мөн харилцагч Төрмөнхөд 3.500.000 төгрөгийн зээлийг Цолмон гэж эдийн засагч олгоод энэ мөнгөнөөс 1.560.000 төгрөгийг зээлийн төлбөрөө төлж санхүүгийн хэрэгцээгээ хангасан. Энэ нь мөн санхүүгийн баримтаар нотлогдож байгаа. ХААН банктай лизингийн гэрээгээр хамтран ажилладаг байгууллага байдаг. Эдгээр байгууллагатай ямар байдлаар ажилладаг вэ гэхээр лизингээр нэг мотоцикль зарахад тодорхой хувийн урамшууллыг банканд буцааж олгодог хамтран ажиллах гэрээтэй байгууллагаас 1.560.000 төгрөгөөр мотоцикль аваад түүнийгээ харилцагчид бэлэн мөнгөөр зараад дээрх мөнгийг гэрээт байгууллагад шилжүүлэхдээ 1.534.500 төгрөг дутуу тушааж 25.500 хувьдаа авч ашигласан байгаа. ... 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 13 харилцагчид олгосон зээлээс мөнгө зээлж авдаг, харилцагчид зээлээ төлж чадахгүй болоход өөр нэг зээл судалж эхэлдэг зөрчилтэй. Эдгээр нь гүйлгээний баримт өөрийнх нь өгсөн тайлбар харилцагч нарын тайлбараар тогтоогдож байгаа. ... Мөн нэхэмжлэгч нь шүүх хуралдаан дээр ажилгүй байсан үеийн цалин гаргуулах тухай нэмж ярьж байгаа нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэж ойлгож байна.

Иймд нэхэмжлэгч П.Энхбаатарын ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1239 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Хэргэс овогт Пүрэв-Очирын Энхбаатар /РС-85121232/-ын нэхэмжлэлтэй ХААН банкны Хөвсгөл салбарт холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч П.Энхбаатар давж заалдах гомдолдоо: Би Хаан банкны Цэцэрлэг сум дахь тооцооны төвийн эдийн засагч ажилтай бөгөөд сахилгын зөрчил гарган ажлаас чөлөөлөгдсөнөө хүлээн зөвшөөрөхгүй. Би албаны ашиг сонирхлоо амин хувийн ашиг сонирхолтой хутгаж, албан байгууллагын эрх ашгийг зөрчсөн асуудал байхгүй. Миний хөдөлмөрлөх эрх зөрчигдөж байна. Миний хувийн эрх, эрх чөлөөг тэр тусмаа амин хувийн эрх ашиг ахуйн хэрэгцээний асуудлыг ажлын бус цагаар өөрөө зохицуулж амьдрах ёстой. Тийм байдлуудыг өөр хооронд нь ялган салгаж, ялгамжтай хандаагүйгээс намайг сахилгын зөрчил гаргасан гэж үзэж, ажил олгогч дангаараа үндэслэлгүй шийдвэр гаргаж намайг ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна. Энэ бүгдийг анхан шатны шүүх үндэслэл бүхий байдлаар авч хэлэлцсэнгүй. Иймд нэхэмжлэлийг хангаж, ажилд минь эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

 Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан  шаардлагад нийцсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч П.Энхбаатар нь ХААН банкны Хөвсгөл салбарт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч “П.Энхбаатар нь ХААН банкны Хөвсгөл салбарын Цэцэрлэг тооцооны төвийн эдийн засагчаар ажиллаж байх хугацаандаа банкны дотоодод мөрдөгдөх дүрэм, журмыг зөрчиж түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг гаргасан”  гэж маргажээ.

Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар талууд хөдөлмөрийн гэрээг 2011 оны 02 дугаар сарын 07-ны өдөр байгуулж, 2014 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс ажилтан П.Энхбаатарыг жинхлэн ажиллуулсан ба хариуцагч байгууллага нь 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 238 дугаар тушаал гарган мөн өдрөөс эхлэн дээрх гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, нэхэмжлэгч П.Энхбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн үйл баримт тогтоогдсон байна /хх-н 2, 13, 26/.

Нэхэмжлэгч П.Энхбаатар нь  хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журам болон ажлын байрны тодорхойлолт, ХААН банкны ёс зүйн дүрмэнд нэрлэн заасан ноцтой зөрчлүүдийг гаргасан болох нь хавтаст хэрэгт авагдсан Хөвсгөл салбарын харьяа Цэцэрлэг тооцооны төвд хийсэн дотоод аудитын тайлан, харилцагч Г.Бямбажавын барьцаат зээлийн гэрээ мөнгөн шилжүүлэг, орлогын мэдүүлэг, харилцагч Ч.Төрмөнхийн барьцаат зээлийн гэрээ, орлогын мэдүүлэг, Н.Баатарын орлогын мэдүүлэг, харилцагч Х.Батбаярын барьцаат зээлийн гэрээ мөнгөн шилжүүлэг, орлогын мэдүүлэг, Г.Гүнчин-иш, Ж.Батбаяр, Б.Адъяаням орлогын мэдүүлэг, Г.Өлзийбаярын мөнгөн шилжүүлэг, харилцагч Ж.Баатархүүгийн барьцаат зээлийн гэрээ мөнгөн шилжүүлэг, харилцагч Г.Адъяадоржийн барьцаат зээлийн гэрээ мөнгөн шилжүүлэг, орлогын мэдүүлэг, харилцагч Д.Дамдиндоржийн барьцаат зээлийн гэрээ мөнгөн шилжүүлэг, орлогын мэдүүлэг, Г.Жаргалсайханы орлогын мэдүүлэг, харилцагч С.Дашийн барьцаат зээлийн гэрээ мөнгөн шилжүүлэг, орлогын мэдүүлэг, Б.Мөнхдэлгэрийн мөнгөн шилжүүлэг зэрэг баримтууд болон бусад тайлбар, гэрчийн мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна./хх- 12, 27, 44, 45, 46, 99, 127, 137-168/

Дээрх зөрчил нь хөдөлмөрийн гэрээний 3.2.6, 3.2.7, 3.2.8, 3.2.9, 5.7.1, 5.7.7, 5.7.10, 5.7.12, 5.7.14, Хаан банкны хөдөлмөрийн дотоод журмын 4.2.4, 4.3.1, 4.3.2, 4.3.14, 4.4.1, 4.4.3, 4.4.4, 4.4.11, 4.4.12, 4.4.15, Хаан банкны ёс зүйн дүрмийн 5.2.1, 5.2.2, 5.4.4, 5.5.2, 5.5.3, 5.8.4-т заалтуудыг тус тус зөрчсөн үндэслэлд хамаарч байх ба хариуцагч байгууллага  Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Хөдөлмөрийн дотоод журмын 9.2.3, Хөдөлмөрийн гэрээний 5.7-т заасныг тус тус үндэслэж П.Энхбаатартай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж үүрэгт ажлаас чөлөөлсөн үйл баримтад анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийж Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар П.Энхбаатарын нэхэмжлэлтэй ХААН банкны Хөвсгөл салбарт холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэгчийн гаргасан “... намайг сахилгын зөрчил гаргасан гэж үзэж, ажил олгогч дангаараа үндэслэлгүй шийдвэр гаргаж намайг ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна...” гэх давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1239 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан үндэслэлээр  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Б.СОСОРБАРАМ

                                   ШҮҮГЧИД                                  Б.ОЮУНЦЭЦЭГ

                                                                            Т.ГАНБАТ

 

 

 

,