Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 795

 

 

 

 

 

 

 

 

 

   2020         04          30                                       2020/ШЦТ/795

 

                            

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Солонго,

улсын яллагч М.Ариунцэцэг,

шүүгдэгч Т.А. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б. овогт Т.ын А.д яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2006 00000 0986 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1972 оны 08 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт оршин суух, ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Т.ын А..

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.А. нь 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр 23а байрны орцонд хохирогч Ч.Ж.ы Huawei P30 Pro загварын гар утсыг зураг авлаа гэх нэрийдлээр уурлаж хана руу 2-3 удаа авч шидэж, улмаар дэлгэцийг хагалж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээсний улмаас 1.628.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                                                                                                                                                                     /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.А. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Хохирогч Ч.Ж.ы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би оройн 23:00 цагийн үед үеэл ахынхаа хамт Сансарын 23а-34 тоотод найз хүүхнийд нь цуг хамт ирсэн. Орц руу ороод явж байхдаа би үеэл ах болох М.А.д “та юун хүүхэнтэй цуг яваа юм бэ, эхнэрээ хуураад яагаад ингэж байгаа юм” гэж хэлсэн. Миний уур хүрээд тэр хүүхэнтэй цуг зогсч байгаа зургийг нь утсаараа авсан чинь үеэл ах уурлаад “чамд ямар хамаатай юм бэ” гэж хэлээд миний утсыг булааж аваад хана руу хоёр гурван удаа шидсэн. Гар утсаа эвдүүлсэндээ гомдолтой байсан. Гар утасны нөхөн төлбөр болох 1.628.000 төгрөгийг эхнэрийн эгч Энхтайваны “Хаан” банкны дансанд шилжүүлж авсан. Одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 2-4, 38/,

- “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 14-15/,

- Т.А.ын яллагдагчаар өгсөн: “Надад ял сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Хүний утас эвдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Гар утасны хохирол болох 1.628.000 төгрөгийн хохирлыг барагдуулна.” гэж мэдүүлэг /хх-ийн 28-29/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

            Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Т.А. нь 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр 23а байрны орцонд хохирогч Ч.Ж.ы Huawei P30 Pro загварын гар утсыг зураг авлаа гэх нэрийдлээр уурлаж хана руу 2-3 удаа авч шидэж, улмаар дэлгэцийг хагалж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээсний улмаас 1.628.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул Т.А.д холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

           Т.А. нь 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр 23а байрны орцонд хохирогч Ч.Ж.ы Huawei P30 Pro загварын гар утсыг зураг авлаа гэх нэрийдлээр уурлаж хана руу 2-3 удаа авч шидэж, улмаар дэлгэцийг хагалж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээсний улмаас 1.628.000 төгрөгийн хохирол учруулсан болох мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Ч.Ж.ы мэдүүлэг, Т.А.ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Т.А.ыг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

            Хохирогч гомдол саналгүй, хохирол төлөгдсөн байх тул шүүгдэгч Т.А.ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. /хх-ийн 44/

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Шүүгдэгч Т.А.д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн  хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  Б. овогт Т.ын А.ыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А.д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Т.А. нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

           4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.МӨНХТУЯА