| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогтбаярын Урангуа |
| Хэргийн индекс | 144/2016/00183/И |
| Дугаар | 190 |
| Огноо | 2016-12-15 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 190
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Урангуа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороонд байрлах “Капитрон банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өмнөговь аймаг, Цогтцэций сум, 3 дугаар баг, Цагаан-Овоо Ямаан хүрэн 13-3 тоотод оршин суух, Чонос овогт Адъяабаатарын Өлзийсайхан /РД:ЗИ78021713/-д холбогдох,
Барьцаат зээлийн гэрээний үүрэг 10,696,850 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“...Иргэн А.Өлзийсайхан нь 2014 оны 09 дүгээр 25-ны өдөр 3019-2014/158 тоот “Зээлийн гэрээ” болон 3019-2014/11, 3019-2014/12 тоот “Барьцаат зээлийн гэрээ” тус тус байгуулан 17,500,000 төгрөгийн зээлийг жилийн 27.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай авсан. Уг зээлийн гэрээний үүргийг хангуулахаар дараах хөрөнгүүдийг барьцаалсан. Үүнд:
- 000209546 тоот гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн Г-1114000376 тоот дугаартай Цогтцэций сумын төв 3 дугаар баг Цагаан-Овоо Ямаан хүрэн 13-3 тоот 110 мкв талбайтай хувийн сууц, ажлын байр,
- 000202997 тоот гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн Г-1114001348 тоот дугаартай Цогтцэций сумын төв 3 дугаар баг Цагаан-Овоо Ямаан хүрэн 13-3 тоот 700 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхтэй газар,
- 000202998 тоот гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн Г-1114001349 тоот дугаартай Цогтцэций сумын төв 3 дугаар баг Цагаан-Овоо Ямаан хүрэн 13-3 тоот 500 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхтэй газруудыг барьцаанд тавьсан. Тус банк нь зээлийн барьцааны эрхээ хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлж, баталгаажуулсан болно.
Зээлдэгч А.Өлзийсайхан нь тус банктай байгуулсан зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж, зээл, хүүний төлөлтийг тогтоосон хугацаанд төлөхгүй байсан учир тус банк нь зээлдэгч А.Өлзийсайханд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж, зээл, зээлийн хүүний төлөлтийг тогтоосон хугацаандаа төлөхийг удаа дараа шаардсан. Гэвч тус банкны шаардлагыг болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа тул зээлдэгч А.Өлзийсайхантай байгуулсан 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 3019-2014/158 тоот зээлийн гэрээг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасны дагуу хугацаанаас өмнө цуцалж, мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсгүүдэд заасны дагуу үндсэн зээл 9,626,020 төгрөг, зээлийн хүү 1,049,327 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 21,503 төгрөг нийт 10,696,850 төгрөгийг гаргуулах, мөн зээлдэгч нь зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөрийг төлөхгүй тохиолдолд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг зээлийн барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэж өгнө үү. Тус банк нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан эрхийнхээ дагуу шүүхийн шийдвэр эцэслэн гарах өдрийг хүртэл тооцогдох зээлийн хүүг нэмэгдүүлэн нэхэмжлэх болно” гэжээ.
Хариуцагч А.Өлзийсайхан шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
“...Иргэн А.Өлзийсайхан би 2014 оны 09 дүгээр сарын 30-ны “Капитрон банк” ХХК-тай 3019-2014/158, 3019-2014/11, 3019-2014/12 тоот Цалингийн зээлийн гэрээнүүд байгуулан 17,500,000 төгрөгийг жилийн 27.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн. Миний бие Цогтцэций суманд хувийн үйл ажиллагаа явуулдаг байсан. Улс орон даяар эдийн засгийн хямрал болж үүнээс үүдэн орлого ашиг муудаж хувийн аж ахуй нэгжүүд хаагдахад хүрсэн. Би отор нүүдлийн хаус хийж банкны зээлээ хийж байгаад, орлогогүйн улмаас 2016 оны 08 дугаар сараас зээлээ төлж чадаагүй. Ингээд ажлын хөлс орж ирэн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 2,580,000 төгрөгийг банкны зээлэндээ хийсэн. “Капитрон банк” ХХК-нд 8,201,885.30 төгрөгийг төлж барагдуулах болно. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэбаяр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “...”Капитрон банк” ХХК нь 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр А.Өлзийсайханд холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Хариуцагч А.Өлзийсайхан нь иргэний хэрэг үүсгэснээс хойш 2,580,000 төгрөгийн зээлийн төлөлт хийсэн тул нэхэмжлэлийн шаардлагын 2,580,000 төгрөгөөс татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагыг 8,201,885.30 төгрөг болгон өөрчилж байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК нь хариуцагч А.Өлзийсайханд холбогдуулан барьцаат зээлийн гэрээний үүрэг 10,696,850 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг үүсгэснээс хойш хариуцагч А.Өлзийсайхан нь нэхэмжлэлийн шаардлага болох 10,696,850 төгрөгнөөс 2,580,000 төгрөгийг төлж, нэхэмжлэгч уг хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, үлдэх 8,201,885.30 төгрөгийг нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК-нд төлнө хэмээн хүлээн зөвшөөрч байх ба энэ зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “Капитрон банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй, А.Өлзийсайханд холбогдох барьцаат зээлийн гэрээний үүрэг 10,696,850 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч А.Өлзийсайхан нь нэхэмжлэлийн шаардлагаас 2,580,000 төгрөгийг төлж, нэхэмжлэгч уг хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, үлдэх 8,201,885.30 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 186,100 төгрөгийн тал хувийг улсын орлогод хэвээр үлдээж, “Төрийн банк” ХХК-ийн 211000134959 тоот данснаас 93,050 төгрөгийг, мөн хариуцагч А.Өлзийсайханаас 93,050 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК-нд олгосугай.
3. Энэхүү захирамжийг сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Захирамжид зохигч талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.УРАНГУА