Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 788

 

 

 

 

 

 

 

 

 

   2020         04          30                                       2020/ШЦТ/788

 

                            

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Солонго,

улсын яллагч С.Чимэдцэеэ,

шүүгдэгч Ч.Б. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан М. овогт Ч.ын Б.ад яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2006 00839 0982 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Сайнцагаан суманд 1991 оны 12 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сантехникийн инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт оршин суух бүртгэлтэй, ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, М. овогт Ч.ын Б..

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.Б. нь 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр “өвлийн идэшний мах, айраг” зарна гэж иргэн П.Г.ыг хуурч, түүнээс 1.600.000 төгрөг залилсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                                                                                                                        /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Б. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Гэмт хэргийн талаар бичгээр гаргасан гомдол, мэдээлэл /хх-ийн 4/,

- Хохирогч П.Г.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би 2019 оны 07 дугаар сарын дундуур “Дундговь ус” ОНӨҮГ гэх нэртэй байгууллагад очиж ажиллаж байх хугацаанд тухайн компанийн ерөнхий инженер Ч.Б. гэх хүнтэй танилцсан. Танилцаад удаагүй надад мах авах хүн байвал хэлээрэй гэхээр нь би өвлийн идэш авъя гэж хэлсэн. Тэгээд авахаар тохирч, хязаалан үхэр 800.000 төгрөгөөр, шүдлэн 650.000 төгрөгөөр, 50 литр айргийг 150.000 төгрөгөөр авахаар тохирсон ба намайг айрагны саваа явуул гэхээр  нь би сав 100.000 төгрөгөөр аваад Ч.Б.ад өгч явуулсан. Мах авах болохоороо хэлээрэй гэхээр нь би 11 сард авна гэж хэлээд өнгөрсөн. 11 дүгээр сарын 20-ны үеэр залгаж ярихад мах аваад Дундговиос гарах гэж байна гэж надад хэлсэн. Тэрнээс хойш 3 хоног утас нь холбогдохгүй байсан. Тэрнээс хойш Амарсанаа гэх хүнээс сураг гаргахад махаа зарчихаад явчихсан шүү дээ гэж надад хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/,

- Иргэн П.Г.ын “Хаан” банкин дахь 5750204855 дугаартай депозит дансны хуулга /хх-ийн 5-9/,

- Иргэн Ч.Б.ын “Хаан” банкин дахь 5031664629 дугаартай депозит дансны хуулга /хх-ийн 45/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

            Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Ч.Б. нь 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр “өвлийн идэшний мах, айраг” зарна гэж иргэн П.Г.ыг хуурч, түүнээс 1.600.000 төгрөг залилсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул Ч.Б.ад холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

           Ч.Б. нь 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр “өвлийн идэшний мах, айраг” зарна гэж иргэн П.Г.ыг хуурч, түүнээс 1.600.000 төгрөг залилсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч П.Г.ын мэдүүлэг, П.Г.ын “Хаан” банкин дахь 5750204855 дугаартай депозит дансны хуулга, Ч.Б.ын “Хаан” банкин дахь 5031664629 дугаартай депозит дансны хуулга зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ч.Б.ыг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

            Хохирогч гомдол саналгүй, хохирол төлөгдсөн байх тул шүүгдэгч Ч.Б.ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. /хх-ийн 50-51/

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Шүүгдэгч Ч.Б.ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн  хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  М. овогт Ч.ын Б.ыг хуурч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б.ад 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ч.Б. нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

           4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.МӨНХТУЯА