Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 191

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Урангуа би,

Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Цогтцэций сум, 3 дугаар баг, Баруун суу 5-3 тоотод оршин суух Боржиогон овогт Баттөмөрийн Сайнзаяа /РД:НШ94050508/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өмнөговь аймаг, Цогтцэций сум, 3 дугаар баг, Цагаан-Овоод оршин суух Маньбадар овогт Хадын Энхсаран /РД:ЗИ87071801/-д холбогдох,

Гэм хорын хохирол 7,751,390 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Б.Сайнзаяа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

            “...Б.Сайнзаяа би 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдөр аавын дүүгийн эзэмшлийн 23-33 УБЯ улсын дугаартай автомашинаар Цогтцэций сумын нутаг “Магнай трейд” компанийн шатахуун түгээгүүрийн баруун талаар төв замаар явж байтал 11-68 ӨМӨ улсын дугаартай автомашин урсгал сөрөн ирж мөргөснөөс болж миний эрүүл мэнд болон эд хөрөнгөд хохирол учирсан. 11-68 ӨМӨ улсын дугаартай автомашины жолооч Х. Энхсаран нь замын хөдөлгөөний дүрмийг 100 хувь зөрчсөн болох нь ослын акт, Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газрын тогтоолоор тогтоогдсон.

            Иймд өөрт учирсан Цогтцэций сумаас Улаанбаатар хотын чиглэлд З.Очиржаргал, Ю.Отгонжаргал, Б.Сайнзаяа нарын онгоцны зардал 3х298,00=894,000 төгрөг, автомашинд учирсан хохирол 1,722,000 төгрөгөөр үнэлсэн боловч “Кибо” ХХК-иар зах зээлийн ханшнаас доогуур засуулахад 2,560,000 төгрөг, хот хооронд болон Гашуун сухайт чиглэлд явсан шатахууны зардал 1,118,390 төгрөг, эмнэлэгт сахиуртай хэвтэн эмчлүүлсний зардал 630,000 төгрөг, гэмтэл согог үндэсний төвийн шинжилгээ, рентген зурагны зардал 575,000 төгрөг, эцэг, эхийн ирж, буцсан автобусны билетийн баримтын төлбөр 100,000 төгрөг, хууль зүйн туслалцаа авсаны хөлс 1,500,000 төгрөг, эмийн сангийн эмийн төлбөрийн хөлс 94,400 төгрөг, Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэх шаардлагатай байсан учи р гадуур эмчилгээ хийлгэж буудалд байрласан 7х40,000=280,000 төгрөг нийт 7,751,390 төгрөгийг Х.Энхсарангаас  гаргуулж өгнө үү.” гэжээ.

            Зохигч талуудаас шүүхэд ирүүлсэн “Эвлэрлийн гэрээ”-нд:

            “...2015 оны 03 дугаар сарын 14-ны өдрийн 10-12 цагийн үед Өмнөговь аймгийн Цогтцэций сум төв зам дагуу МТ шатахуун түгээгүүрийн зүүн талд 23-33 УНЯ улсын дугаартай тоёото чейзер маркийн автомашин, 11-68 ӨМӨ улсын дугаартай тоёото алекс маркийн автомашин хоорондоо мөргөлдсний улмаас Х.Энхсаран нь Б.Сайнзаяад нийт 7,751,390 төгрөгний хохирол учруулсан бөгөөд үүнээс өмгөөлөгчийн төлбөр, шатахууны зардал бэлнээр 4,000,000 төгрөгийг төлж барагдуулсан бөгөөд үлдсэн 2,000,000 төгрөгийг Х.Энхсаран нь 2017 оны 01 дүгээр сарын 30-нд  Б.Сайнзаяагийн  Хаан банкны 5598101193 тоот дансанд төлж барагдуулахаар харилцан тохиролцов.” гэжээ.

                                                                ҮНДЭСЛЭХ нь:                                  

            Нэхэмжлэгч Б.Сайнзаяа нь хариуцагч Х.Энхсаранд холбогдуулан гэм хорын хохирол 7,751,390 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл шүүхэд гаргажээ. 

            Уг нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэн шүүх хуралдаан товлогдсон боловч зохигч талууд эвлэрлийн гэрээ байгуулан нэхэмжлэлийн шаардлага болох 7,751,390 төгрөгнөөс 4,000,000 төгрөгийг төлсөн, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас 1,751,390 төгрөгнөөс татгалзаж, талууд 2,000,000 төгрөг дээр харилцан тохиролцож, хариуцагч уг 2,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Сайнзаяад 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр бүрэн төлөх нөхцөлтэй харилцан эвлэрсэн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

            Иймд дээрх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

            Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 2,000,000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 46,950 төгрөгийн тал хувь 23,475 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Б.Сайнзаяагийн нэхэмжлэлтэй Х.Энхсаранд холбогдох гэм хорын хохирол 7,751,390 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас 5,751,390 төгрөгөөс татгалзаж, үлдэх 2,000,000 төгрөгийг 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр бүрэн төлүүлэх нөхцөлтэй эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураажаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж,

 мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Х.Энхсарангаас 46,950 төгрөгийн тал хувь болох 23,475 төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигч талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                   Ц.УРАНГУА