| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2020/0031/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/035 |
| Огноо | 2020-01-28 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 2020/ШЦТ/035
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: Э.Гантулга,
Нарийн бичгийн дарга: О.Сувд-эрдэнэ,
Шүүгдэгч: Б.Н нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол улсын-иргэн, 1988 оны 02 сарын 21-ний өдөр Баянхонгор аймгийн ******* суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нийгмийн ажилтан мэргэжилтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Б.Н
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Н нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7 дугаар багийн нутаг ******* 2019 оны 11 дүгээр сарын 23-24-нд шилжих шөнө Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлд заасан 2.6 дахь хэсэгт заасан хоёр, түүнээс дээш хүнийг, 2.7 дугаар зүйлд заасан хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж, 2.8 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр У.О, бага насны хүүхэд О.А, иргэн С.О нарыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1.Шүүгдэгч Б.Ны мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүүхдийн эцэг эхчүүдийн дунд тэмцээн болж шагналт байранд орж эцэг эхчүүдийн хамт нийлж гурван шил архи уусан тэгээд тасарсан байсан, юу болсон талаар мэдэхгүй. Намайг ухаан орох үед би цагдаагийн газар эрүүлжүүлэх байранд байсан. Маргааш нь цагдаа нар эхнэртээ агсам тавьсан гэсэн. Би эхнэр О рүү утсаар залгасан. Тэр үед эхнэр уйлж, намайг архи ууж ирчихээд агсам тавилаа гэж хэлээд загнаж утсаа салгасан. Би эхнэр О, бэр эгч О, охин А, Н нарыг зодсон байсан. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Ахиж ийм муухай зүйл хийхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 78-79/
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Н мэдүүлэхдээ: Ярих зүйлгүй гэв.
3. Хохирогч У.Оийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
....2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 11 дүгээр цэцэрлэгийн гар бөмбөг тэмцээн болсон тухайн өдөр би ажилтай байсан тэгээд өдөр нь нөхөр Н утсаар залгахад тэмцээн дээр байна гэж хэлсэн тэгээд орой ажил тараад 19 цагийн орчим ярихад тэмцээн дуусаж байна 4 тоглолт үлдсэн дуусаж байна орой тараад эцэг эхчүүд нийлж шоудна гэж байна гэж хэлсэн би тухайн үед нь миний хань хэрэггүй юм биш үү гэж хэлсэн тэр үед би өөрийгөө мэдэж байна гэж хэлсэн энэ үед би утсаа салгасан удалгүй бэр эгч Отай ярьж саяхан ярьсан зүйлийн талаар хэлсэн мөн нөхрөөсөө айгаад байна ******* ахынд очоод хонох уу гэж асуусан О эгч яах юм бэ юун сүртэй юм зүгээр манайд хоночих гэж хэлсэн. Тэгээд би орой 21 цагийн орчимд гэртээ ирсэн ирэхдээ цэцэрлэгийн ажилчид тоглож байсан заалыг харахад тарж байгаа харагдсан тэгээд би нөхөр Н руу утсаар залгахад утас холбогдохгүй байсан би бэр эгч О руу ороод утас холбогдохгүй байна гэж хэлэхэд бэр эгч надад уурлаж гарч орох зүйл байлгүй яадаг юм гэж хэлсэн тэгээд О эгч нэг хүнтэй ярьсан удалгүй манай нөхөр Н утсаар залгаж О эгчтэй ярьж удахгүй очлоо гэж хэлсэн тэгээд би ахынд тайвширч хүүхдүүдийн хамт унтаад өгсөн тэгээд шөнө 02 цагийн үед сэрсэн тэр үед манай нөхөр ирээгүй байсан тэгээд нойр хүрэхгүй чимээ чагнаж хэвтэж оайхад гэнэт ороод ирсэн тэгээд гэрлээ асаа гэсэн тэр үед бэр эгч болох О бид нар амарч байна хүүхдүүд унтаж байна гэж хэлсэн. Тэгтэл Н шууд О эгч рүү эчиж нүүрэнд нь хоёр удаа өшиглөсөн тэгээд эргэж хараад унтаж байсан бид гурав руу ирж хамгийн урд байсан том охин Аыг уруул орчимд нь өшиглөсөн тэгээд дахиж өшиглөх үед бага охин босож таарч толгой руугаа өшиглүүлж таарсан тэгээд би цаанаас босож ирээд нөхрөө барьж аваад тайвшруулах гэтэл миний толгой руу цохиж зодож үүдэнд байсан эд зүйл гарт таарсан зүйлсээр цохиж зодсон айсандаа юугаар цохиж зодож байгааг хараагүй тэгтэл О Нд хандаж чи тайвшир хүүхдүүдийн дэргэд хэрэггүй О гурвуулаа жижиг гэрт оръё гэж хэлээд гартал намайг үсдэж үүдэнд чирсэн тэр үед О салгаж тайвшир гэж хэлсэн. Тэгтэл Н хойш гэдрэг хэвтээд өгсөн би энэ үед ахын гэрт байсан куртик өмсөж гараас гарч байшингийн ард орж нуугдсан цагдаа иртэл нуугдсан энэ үеэр О эгчтэй маргалдаад гэр орон буулгаж байгаа чимээ гараад байсан. Тухайн үед О эгч манай хоёр охин ахын гурван жоохон хүүхэд бид хэд байсан өөр хүн байгаагүй. О эгчийн нүүрэнд хоёр удаа өшиглөсөн харагдсан тэгээд яасан талаар би сайн мэдэхгүй байна намайг бол толгой руу цохисон толгой хагарсан нэг талын нүд хөхөрч хавдсан миний биед энэ тэндээ хөхөрсөн байсан Наас өөр хүн цохиж зодоогүй. О.Аы уруулд өшиглөсөн Намуунцэцэгийн толгой руу нь өшиглөсөн өөрөөр гар хүрээгүй. Бид хоёр бол хамтран амьдрагч таван жил болж байна хоёр хүүхэдтэй. Б.Н нь хардалтаас болж намайг цохиж зодсон гэж бодож байна надад нэг ******* дугаар байдаг юм гэтэл энэ дугаар руу ******* дугаараас нэг хүн залгаад уулзах уу энэ тэр гэж ярих болсон би ямар хүн гэдгийг мэдэхгүй манай нөхөр Н таван толгойд машин барьж байгаад амраад ирэх үед энэ дугаараас залгаж тэрнээс болж хардах болсон. Б.Н тухайн үед нэлээд согтуу байсан архи уусан үедээ тасарч юу болсноо мэддэггүй юм эрүүл юм шиг байгаад байдаг. Урд нь намайг зоддог байсан хоёр гурван удаа зодсон эрүүл үедээ зарим үед согтуу үедээ зоддог цагдаад ханддаг байсан тэгээд гэмших байх гэж бодоод гомдолгүй гэж хэлж гардаг байсан Б.Нд арга хэмжээ авхуулж байгаагүй... Урьд өмнө нь Петровис шатахуун түгээх газар ажилладаг байсан тэр үед нэг хүүхнээс болж маргалдаж намайг зодож байсан хэзээ гэдгийг санахгүй байна 2019 оны 10 сарын 31-нд утасны дугаараас болж зодуулсан өөрөөр зодуулаагүй хэрүүл маргаан хийж маргалдаж байсан зүйл бол зөндөө байсан. Б.Н гэр бүлийн хүчирхийлэл үйлддэггүй гэж бодож байна. Бид хоёрын хэрүүл маргаантай зүйл бол хардалтаас бодлог тэр болгонд бид хоёр хоорондоо маргалдаж хэрүүл хийдэг үр хүүхдээ бол энэ талаар оролцуулж байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-47, 97/
4. Хохирогч С.Оын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 11 дүгээр цэцэрлэгийн тэмцээнд Н орж тоглосон байсан тэгтэл О нэлээд түгшүүртэй байдлаар 19 цагийн үед манай гэрт орж ирээд Н тэмцээнд орж тоглоод уух гэж байна гэж хэлсэн би эцэг эхчүүдтэй явж яадаг юм гэж хэлээд уурлачихлаа гэж хэлж манай гэрт орж ирсэн би тэр үед Оийг тайвшруулж яах вэ дээ эцэг эхийн тэмцээнд орж байдаг чи тэгж айгаад байгаа бол араас нь аргадаад ярьчих гэж хэлсэн. Тэгээд гарч яваад ахындаа очиж хонолоо гэж хэлсэн мөн эгчийгээ дуудаж хамт явлаа гэж хэлээд байхаар нь би тэгж айгаад байгаа бол манайд хоночих гэж хэлээд тухайн үед тоогоогүй юм О ах буюу манай нөхөр Баянговь сумд ажилтай явж байсан юм О манай гэрийн баруун талын орон дээр хүүхдүүдтэйгээ унтсан би зүүн талын орон дээр хүүхдүүдтэйгээ унтах гэж хэвтээд О унтахгүй байхаар нь би Н руу 23 цагийн үед залгаж ирэх болж байна уу? Танай хэд манайд унтаж байгаа шүү гэж хэлээд унтаж байсан юм тэгтэл шөнө 2 цаг өнгөрч байсан байх гэнэт Н гэрт орж ирээд гэрлээ асаа гэж надад хандаж хэлсэн би гэрэл асаахгүй танай хэд баруун талын орон дээр унтаж байна тэнд очоод унт гэж хэлсэн тэгтэл шууд ирж намайг толгой руу нэг удаа өшиглөсөн ахиж өшиглөх үед би бултсан тэгээд би юу хүүхдээ өшиглөчихлөө гэж хэлсэн. Тэгээд намайг харах үед 5 настай охиныг өшиглөсөн тэгээд эхнэр Оийг чи муу янхан гэж хэлээд үсдэж чирч гэрийн хойно нүүрэнд нь өвдөглөөд байсан би хувцсаа өмсөж Нтай зууралцаж авсан тэр үед эхнэр О нь бултаад Н эхнэрээ цохих гэж тонгойгоод байгаад байсан би Нг аргадаж гурвуулаа гадаа гаръя гэж хэлсэн хүүхдүүд айгаад байхаар нь тэгтэл 40 бетонтой ус Н татаж асгасан гэр дотор болон гэрийн үүдэнд О бид хоёр Нг татаж гэрийн үүдэн дээр гадаа гаргасан намайг гадаа гарах үед Н гэрт орж Оийг ахиж зодсон байсан тэгээд Нтай би зууралцаж гэрээс гаргасан тэр үед О гэрт орж хувцсаа өмсөж гадаа гарч нуугдсан байсан тэрний дараа намайг гарт таарсан гэрийн эд хогшлоор гарт таарсан эд зүйлсээ авч шидсэн гадаа гарах үед хүүхдийн эвдэрсэн дугуй эд зүйлс авч шидээд байсан тэр зүйл нь намайг бол оноогүй Нг би аргадаж ингэж болохгүй тэгж болохгүй гэж хэлээд яваад байсан О асуугаад хэл амаар доромжилж ална хядна гэр орныг түйвээнэ гэж хэлээд яваад байсан Н Оийн амьдардаг жижиг гэрийн эд хогшлыг бол түйвээсэн гарч ирээд манай машиныг гарт таарсан эд зүйлсээр нүдээд байсан тэгж байхад манай охин цагдаа дуудсан байсан жижиг гэрийг эвдээд байхаар нь би гарч зугтаасан тэгээд би эрэгтэй дүү рүү залгасан тэр үед цагдаагийн машин явж байгаа харагдаж байгаад алга болсон удалгүй манай дүү машинтай ирж би дүүтэйгээ гэрт очих гэж явж байхад Н таарч Нг дүүтэйгээ нийлж дарж авсан удалгүй цагдаа ирсэн тэгтэл цагдаагийн машинаас О том охин А бууж ирсэн юу болсон юм бол гэхэд намайг гэрээс гарсны дараа Аыг Н зодсон байсан тийм зүйл болсон тухайн үед миний утсаар Оийн ах нарыг дууд гэж хэлээд Н утсаар залгаж ярьж байгаад утас шидсэн утасны дэлгэц хагарсан байсан. Манай гэрийн цахилгааны эд зүйлсийг бүгдийг эвдэж аяга таваг хагалсан. Намайг миний толгой руу нэг удаа өшиглөсөн өөрөөр яаж цохисон талаар одоо сайн мэдэхгүй байна Нтай зууралцаж аргадаж баахан барилцаж авсан энэ тэнд жижиг жижиг хөхөрч гэмтсэн байсан. Урьд өмнө нь буюу 2019 оны 10 дугаар сарын 31 -ны өдөр үүрээр гэртээ ирсэн ирээд Оийг ажлаас авч ирээд зодсон байсан би тэрийг бол харсан охин нь цагдаа дуудаж Нг бариулж явсан байсан О гомдолгүй гэж хэлээд Н гарч ирсэн байсан сая буюу 2019 оны 11 сарын 23-нд бол Оийн толгой руу нь цохиод байсан Аыг бол зодуулж байхыг хараагүй жижиг охиноо өшиглөхийг бол харсан. Манай гэрийн будаа агшаагч, цахилгаан*тогоо, ус буцалгагч, угаалтуур, аяга тавгууд, миний утас, манай машины зүүн толийг хагалсан, урд салхины шил хагалсан тийм хохирол учруулсан би хохирлоо барагдуулж авмаар байна... Намайг урьд өмнө нь цохиж зодож байгаагүй О зодож байсан миний мэдэхийн гурван удаа 2019 оны 10 сарын 31-нд мөн 2019 оны 11 сарын 23-24-нд шилжих шөнө зодож байсан тухайн үед хүүхдүүд болон би байсан өөр хүн тэнд байгаагүй тухайн үед цагдаад дуудлага өгч байсан цагдаа ирээд Нг авч явсан О гомдолгүй би мэдүүлэг өгөхгүй гэж хэлээд өнгөрч байсан Н тухайн үед эрүүл архи дарс хэрэглээгүй байсан юм. Би Б.Н талаар сайн мэдэхгүй О Н хоёр хоорондоо халуун дулаан уур амьсгалтай харилцаатай байдаггүй юм шиг санагддаг..” гэх мэдүүлэг /хх-ийн 50-52, 99/
5. Насанд хүрээгүй хохирогч О.Агийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...Тухайн хэрэг болсон өдөр би гэртээ байсан амралтын өдөр байсан ээж ажилдаа явчихсан байсан манай ахын хүүхдүүд байсан би гэртээ тэр хүүхдүүдийг хараад байж байсан тэгтэл манай дүүгийн аав миний хойд аав Н цэцэрлэгийн хүүхдийн тэмцээнд очиж тоглолоо гэж хэлээд явсан тэгээд би дүү нараа хараад байж байхад ээж орой ирсэн тэгээд надаас аавыг асуусан би ирээгүй гэхэд ээж тухайн үед түгшсэн байдалтай байсан би тухайн үед гайгүй байх гэж хэлсэн тэгтэл ээж өөр газарт очиж хонох уу гэж хэлсэн гайгүй байх зүгээр байлгүй дээ гэж хэлсэн тэгээд бид нар хажуу айл болох ахынд орж унтацгаасан тэгээд шөнө унтаж байхад гэрийн хаалга зөөлөн онгойлгож хойд аав Н орж ирсэн бид нар унтаж байсан тэгтэл О эгчийг гэрлээ асаа гэхэд асаахгүй гэж хэлсэн тэгтэл шууд очоод О эгчийг очиж өшиглөж цохиод авсан бид нар нөгөө оронд унтаж байхад миний дүү болон намайг гараар цохиж өшиглөсөн дүүг гараар цохиж миний нуруу руу өшиглөсөн тэгтэл манай дүү уйлаад босоод ирэх үед О эгч гэрэл асаасан тэгтэл ээж яаж байна аа гэж гадаа гаръя хүүхдүүд айчихна гэж хэлээд байхад ээж түрүүлж гэрээс гарсан тэгтэл ээжийн араас хойд аав очоод үснээс зулгааж газар унагаж цохиж зодоод байсан О эгч салгах гэсэн боловч тойрч зугтаасан тэгж байгаад О эгч хойд аав Нг барьж авсан тэр үед ээж зугтаагаад явсан тэгсэн манай гэрт ороод юм эвдээд байсан тэгтэл О эгч хувцсаа өмсье гэж хэлсэн тэгээд Н хамт гэрт орж хувцсыг өмсүүлсэн тэр хооронд манай эгч О эгчийн том охин цагдаа дуудсан тэгсэн манай ахын машиныг хойд аав Н юмаар нүдээд байсан тэр хооронд О эгч ойр байх дүүгийнхээ гэрт очиж тусламж гуйхаар явах хооронд намайг гараараа нүүр рүү бие хаа таарсан газраа үсдэж байгаад гараараа цохиж өшиглөсөн /уйлав/ тэр хооронд чи аавтай бил үү аавыгаа дууд гэж хэлээд байсан тэгээд өшиглөж намайг унагаах хооронд би гарч гүйгээд байшингийн араар орж нуугдсан хөл нүцгэн байсан юм ээж доошоо суучихсан байшингийн ард таарсан хамаг бие цус болчихсон байсан би хөл нүцгэн хашаагаа давж цагдаагийн машин байгаа газар руу очих гэж гүйсэн тэгээд цагдаагийн машин дээр очиж болсон зүйлийн талаар хэлсэн. Ээжийг 2019 оны 10 дугаар сарын 31-нд эрүүл байхдаа үдээс хойш утас нь дээр мессеж ирсний дараа зодсон тухайн үед би байхгүй байсан бол саяын болсон явдал шиг зодох байсан байх өмнө нь гурван удаа зодож байсан намайг нэг удаа зодож байсан би сайн санахгүй байна. Хэрэглэсэн хэрэглээгүй зоддог эрүүл үедээ ихэвчлэн зоддог. Б.Наас айж байна хамт баймааргүй байна. Миний гар утас эвдэрсэн Самсунг S7 340.000 төгрөг үнэтэй утас цахилгаан тогоо зурагт угаалгын машин аяга таваг хийдэг гал тогооны тавилга хулдаас бурхан тахил эвдэрсэн төлүүлж авмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 55-57, 100/
6. Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн шөнө миний утас руу хоёр удаа 03 цагийн үед утсаар залгаж хүн алах гэж байна очоодох гэж хэлсэн тэгээд би нөхөртэйгөө болон том ах ******* бэр эгч ******* нарын хамт эмнэлгийн хүлээн авах дээр ирсэн тэрний дараа цагдаагийн газар дээр ирж тодорхойлолт авсан тэгээд хоёр машинтай Баянхонгор сумын 7 дугаар баг 16-40 тоотод байх гэрт явж очсон бүх зүйл эвдэрсэн тог цахилгаангүй хажуу айл болох манай ахын гэрт ороход зуух өшиглөж дөрвөлжтэй хог шороог тарааж бетонтой усыг асгасан хүүхэд нь цэвэрлээд дуусаж байгаа байталтай байсан О гэрт авах зүйл байхгүй хоёр багана хугарсан хулдаас түлэгдсэн, бурхан тахил хагарчихсан зурагт хагарсан байдалтай байсан О бие битүү хавдаж гэмтсэн өөрөө өвчиндөө шаналж уйлсан О.А биеийн уруул хавдаж хөхөрсөн язарсан бага охины толгойн дух шалбарсан Оын нүд хөхөрч толгой хавдчихсан байдалтай байсан тэгээд бид нар өглөө болтол тэнд байж байгаад Аыг гэрт бэр эгч Отай үлдээж би өөрөө том ахаар хүргүүлж ажилдаа явсан. Н бол манай дүү Оийг загнасан байталтай баяр баясгалангүй хөндий хүйтэн харилцаатай байдаг. Б.Н урьд өмнө нь Оийг зодож байсан хэд хэдэн удаа миний санаж байгаагаар дөрвөн удаа болж байна Петровис 3 шатахуун түгээх газар дээр зодож байсан хэд хоног гэртээ ирэхгүй байдалтай байсан хэд хоногийн дараа харахад нүүр нь битүү хавдартай байсан. Би гомдолтой байна удаа дараа манай дүүг зодож цохиж байна энэ ******* сумд байхад манай дүүг зодож гэрт түгжиж байсан байна лээ манай дүү янз бүр бол би Н гэх хүнээс дүүгийнхээ амь насыг нэхнэ манай дүү биш бэр эгч үр хүүхдээ зодсонд гомдож байна. Н гэх хүнд бид нар гэм хийгээгүй цуг байгаа нөхцөлд эхнэр хүүхдээ хувцаслаж гэр орондоо зарцуулсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг / хх-ийн 59-61/
7. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 11 дүгээр сарын 28-ний өдрийн 693 дугаартай шинжээчийн:
1. У.Оийн биед тархи доргилт, зулайд шарх, баруун нүдний алимны салст болон дээд, доод зовхи, дух, баруун чамархай, зулайд цус хуралт, дух, баруун сарвууд зулгаралт, зовхи, дух, хамар, чамархай, зулайд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх-ийн 21-22/
8. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 11 дүгээр сарын 28-ний өдрийн 692 дугаартай шинжээчийн:
1. С.Оын биед зүүн нүдний дээд зовхи, дух, нуруунд цус хуралт, баруун сарвуунд зулгаралт, зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх-ийн 25-26/
9. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 11 дүгээр сарын 28-ний өдрийн 695 дугаартай шинжээчийн:
1. О.Агийн биеийн 1%-г хамарсан 1-р зэргийн хөлдөлт, доод уруулд шарх, зулгаралт, доод эрүү, уруул, дух гуянд цус хуралт, дух, доод эрүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
2. Дээрх гэмтэл нь нам хэмийн болон мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх-ийн 29-30/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь өөрийгөө өмгөөлж оролцсон бөгөөд улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцэх зүйлгүй талаараа илэрхийлсэн болно.
Шүүхээс шүүгдэгч Б.Н нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7 дугаар багийн нутаг ******* 2019 оны 11 дүгээр сарын 23-24-нд шилжих шөнө хоёр, түүнээс дээш хүнийг, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр У.О, бага насны хүүхэд О.А, иргэн С.О нарыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт болсон нь хохирогч У.О, С.О, бага насны хохирогч О.А, гэрч нарын нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 692, 693, 695 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Ныг хоёр түүнээс олон хүнийг, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Б.Нд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч Б.Нд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “ учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Ны эзэмшлийн “Самсунг” маркийн гар утсыг битүүмжилсэн 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх гар утсыг эзэмшигч Б.Нд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу буцаан олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Н нь энэ хэргийн улмаас хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Б.Н нь урьд нь ял шийтгэгдэж байсан талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг урьд нь ял шийтгүүлж байгаагүй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Ныг хоёр түүнээс олон хүнийг, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Б.Ныг нэг мянга таван зуун / 1500 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нэг сая таван зуун мянган / 1.500.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан Б.Нд оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Б.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, хяналт тавьж хэрэгжүүлж ажиллахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Шүүгдэгч Б.Н нь энэ хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч Б.Ны эзэмшлийн “Самсунг” маркийн гар утсыг битүүмжилсэн 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх гар утсыг эзэмшигч Б.Нд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу буцаан олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Б.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ