| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогтбаярын Урангуа |
| Хэргийн индекс | 144/2016/00188/И |
| Дугаар | 192 |
| Огноо | 2016-12-16 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 192
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: 1963 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд суманд төрсөн, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ам бүл 3, 2 хүүхдийн хамт Өмнөговь аймаг, Баян-Овоо сум, 3 дугаар баг, Бага хавчиг 3-1 тоотод оршин суух Шар овогт Гүндсамбын Дэнзмаа /РД:ЦГ63111903/-ийн нэхэмжлэлтэй,
Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Г.Дэнзмаа, нарийн бичгийн даргаар Б.Номинтунгалаг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Г.Дэнзмаа шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Г.Дэнзмаа би 1988 онд Санхүү эдийн засгийн техникум төгсөөд 1988 оноос 1995 он хүртэл Баян-Овоо сумын Санхүү тасагт нягтлан, санхүү тасгийн эрхлэгчээр ажилласан. Одоо тэтгэвэрт гарах дөхөж байгаа тул материал бүрдүүлэх явцад өөрийн болгоомжгүйгээс хөдөлмөрийн дэвтэр дээр ус асгасан учир гаргацгүй болсон. Тухайн үеийн ажиллаж байсан тушаалыг Өмнөговь аймгийн архивын газраас шүүлгэхэд аймгийн санхүү хэлтсийн 1988 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн ажилд орсон тушаал, 1995 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Баян-Овоо сумын Засаг даргын ажлаас чөлөөлсөн 71 тоот захирамж олдоогүй.
Иймд намайг 1988-1995 он хүртэл хугацаанд Баян-Овоо сумын санхүүгийн тасагт ажиллаж байсныг тогтоож өгнө үү.” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хүсэлт гаргагчийн тайлбар, Өмнөговь аймгийн Архивын тасгийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 702 дугаартай лавлагаа, 1992 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх захиргааны 02 дугаартай захирамж, 1992 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Баян-Овоо сумны Ерөнхий боловсролын дунд сургуулийн захирлын 49 дугаартай тушаал, 1991 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 05 дугаартай захирамж тогтоол, гэрч Б.Цооцэрэн, Ц.Батсүх нарын мэдүүлэг зэрэг хэрэгт байгаа бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Г.Дэнзмаа нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Г.Дэнзмаа нь 1988 оны 07 дугаар сараас 1995 оны 11 сар хүртэл Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын АТХурлын гүйцэтгэх Захиргаа /Засаг даргын тамгын газар/ болон Ерөнхий боловсролын сургуульд нягтлан бодогч, ахлах нягтлан бодогчоор тус тус ажиллаж байсан болох нь:
Архивын тасгийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 702 дугаартай лавлагаа, 1992 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх захиргааны 02 дугаартай захирамж, 1992 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Баян-Овоо сумны Ерөнхий боловсролын дунд сургуулийн захирлын 49 дугаартай тушаал, 1991 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 05 дугаартай захирамж тогтоол, гэрч Ц.Батсүхийн ”... 1987 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Баян-Овоо сумын Ерөнхий боловсролын сургуулийн аж ахуйн нярваар ажиллаж эхэлсэн. Тэгэхэд Баян-Овоо сумын “Говийн хөгжил” нэгдэлд Цэдэндорж, Содномцэрэн гэдэг хүмүүс нягтлан бодогчоор ажиллаж байгаад 1988 онд Дэнзмаа, Өлзийнэмэх гэдэг хүмүүс шинээр ирж ажлыг нь авч байсан. Г.Дэнзмаа нь миний ажлын данс тооцоо /сургуулийн сар, жилийн эцсийн тайлан г.м/ бүгдийг бодож хянаж гаргадаг байсан. Бид ажлын байнгын холбоотой байсан учир сайн мэдэж байна”, гэрч Б.Цооцэрэн “...Би 1984 онд Баян-Овоо сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд хөдөлмөр, нийгэм хангамжийн байцаагчаар ажилд орсон. 1988 онд Баян-Овоо сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд нягтлан бодогч Содномцэрэн, Цэдэндорж нар ажиллаж байхад Г.Дэнзмаа, М.Өлзийнэмэх нар сургууль төгсөж ирээд нягтлан бодогчоор ажлыг хүлээн авч байсан. Тухайн үеийн Ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх захиргаа гэж байхад нягтлан бодогчоор ирээд 1992 онд засаг захиргааны нэгжийн нэр өөрчлөгдөөд Баян-Овоо сумын Засаг даргын тамгын газар байгуулагдаж Г.Дэнзмаа санхүүгийн тасгийн ахлах нягтлан бодогчоор томилогдож байсан. Тэр үедээ Ерөнхий боловсролын сургуулийн нягтлан бодогчоор давхар ажиллаж байсан. Миний ажлын нэршил мөн өөрчлөгдөж нийгмийн даатгалын байцаагч болж одоо хүртэл энэ нэрээрээ явж байгаа. Г.Дэнзмаа бид нар нэг дор ажиллаж байсан учраас Баян-Овоо суманд 1988-1995 он хүртэл нягтлан бодогчоор ажиллаж байсныг гэрчилж байна.” гэсэн тайлбарууд зэрэг хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар нотлогдож байх тул хүсэлт гаргагчийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Шар овогт Гүндсамбын Дэнзмааг 1988 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 1995 оны 11 сар хүртэл Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх захиргаа / нэршил өөрчлөгдөн Баян-Овоо сумын Засаг даргын тамгын газар болсон/ санхүү тасгийн нягтлан бодогч болон ахлах нягтлан бодогчоор тус тус ажиллаж байсныг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.УРАНГУА