| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2020/0037/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/036 |
| Огноо | 2020-01-30 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | С.Болорзул |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 2020/ШЦТ/036
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч : С.Болорзул,
Нарийн бичгийн дарга: О.Сувд-Эрдэнэ,
Шүүгдэгч: Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Болорзулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1914008570022 тоот хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, 1996 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Ц.Б
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.Б нь 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг 1-9-9 тоотод оршин суух иргэн ******* гэрээс ТСL маркийн 42 инчийн зурагт 1 ширхэг, индүү 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1.100.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч Ц.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
...Ахаа би энд жаахан унтчихъя гэхэд тэрээр чи жаахан унтаж бай , би ээж рүү явчхаад ирье гээд гаднаас цоожилчхоод явсан. Тэгээд жаахан зүүрмэглэж босож ирсэн чинь ямар нэгэн хүн ирээгүй байхаар нь зочны өрөөнд байсан зурагтыг, гал тогооны өрөөнд байсан индүүг нь аваад зочны өрөөний цонхыг нь онгойлгоод гарах гэж байтал цагдаагийн машин ирэхээр нь зурагтыг нь тэнд үлдээгээ мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн ард руу зугтаасан боловч баригдсан. Тэгж зугтааж байхдаа индүүг нь амбаарын ард руу шидсэн байсныг нь маргааш эзэнд нь буцааж өгсөн, мөн зурагтын дэлгэц голоороо зураастай болоод эвдэрчихсэн байсан. Би тухайн үед яагаад тухайн айлаас эд зүйл авсан болохоо өөрөө ч ойлгохгүй байна. би бодохдоо архи уугаад согтчихсон, тэдгээр эд зүйлүүдийг авч яваад архи авч уух гэж байсан юм болов уу гэж бодож байна. Миний хувьд тухайн айлаас хурган дотортой дээл аваагүй би тэднийхээс зурагт, индүү хоёрыг авч гараад үйлдэл дээрээ цагдаад баригдсан......гэх мэдүүлэг / хх-ийн 60-62/,
2.Шүүгдэгч Ц.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт: Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.
3. Хохирогч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
.....2019 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 12 цагийн үед би хүүхдийн Тэмүүжин ******* үйл ажиллагаатай байж байтал манай багийн засаг дарга ******* над руу утсаар яриад танай 1-9-9 тоотод байдаг бил үү гэхээр нь би тийм яасан гэхэд тэрээр танайхаас хүн эд зүйл хулгайлж байгаад баригдсан байна танай гадаа цагдаагийн ажилчид ирчихсэн байна гэж хэлсэн. Тэгээд би хүү ******* хамт гэртээ очсон чинь манай байшингийн цонх онгорхой байсан бөгөөд гэртээ орсон чинь зочны өрөөнд байсан зурагт, индүү зэрэг зүйл авч байгаад баригдсан байсан.тэгээд зурагт индүү зэргээ хүлээн авсан бөгөөд зурагтыг нь унагаасан юм уу, ямар ч байсан дэлгэц нь эвдэрчихсэн гарахгүй байсан. тэгээд тухайн өдрийнхөө орой нь өмсөж байсан хувцсаа авдарт хийх гээд гал тогооны өрөөнд байсан авдраа уудалсан чинь дотор нь эд зүйлүүдийг онгичсон байхаар нь эд зүйлээ бүртгэсэн чинь миний хүрэн бор өнгийн дугуй хээтэй өнгөтэй хурган дотортой дээл алга байсан. Би бодохдоо миний хурган дотортой дээл тухайн өдөр алдагдсан манайд унтаж байсан залууг авсан гэж бодож 1 байгаа. Учир нь тухайн өдрөөс 2-3, хоногийн өмнө би авдраасаа шүүпээ гаргаж өмссөн бөгөөд тэгэхэд авдарт байсан эд зүйлүүд эмх цэгцтэй дээл байсан. тэгээд зурагт индүү алдагдсан өдрийн орой авдартай шүүпээ хийх гэхэд эд зүйлүүд эмх цэгцгүй дээл алга болсон байсан.Би урьд өгсөн мэдүүлэгтээ манайхаас бор өнгийн хурган дотортой дээл алдагдсан гэж мэдүүлсэн. Миний хувьд 3 хүүхэдтэй бөгөөд 2 хүүхэд маань Улаанбаатар хотод байдаг юм, тэгээд би саяхан Улаанбаатар хотод байгаа төрсөн хүү ******* утсаар ярьсан чинь тэрээр миний хурган дотортой дээлийг найз охиндоо өмсүүлэх гээд аваад явсан гэж хэлсэн. Манайхаас хулгай хийсэн гэх залуу өнөөдөр надад хохирлын мөнгө болох 1.060.000 төгрөгийг өгч миний хохирлыг барагдуулсан. Би индүүгээ буцааж хүлээж авсан, тиймээс одоо надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.....гэх мэдүүлэг /хх-ийн 37-41/
4. Гэрч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
...тэгээд нөгөө архийг нь манай гэрт ороод талыг нь хувааж уугаад би түүнтэй хамт аавын гэрт очиж нөгөө тал шил архиа хувааж уугаад тэр аавын гэрт унтаад өгсөн. Харин би түүнийг аавын гэрт үлдээгээд гаднаас нь түгжчихээд гадагш ажилтай гарсан юм. Тэгээд ээжийн ажил болох Тэмүүжин театр дээр очоод байж байтал над дээр ирээд манай гэрт хулгай орсон байна гэж хэлсэн.Тэр залуу би энд унтлаа та дүүдээ итгээрэй ямар нэгэн асуудал байхгүй ингээд амарлаа гээд шалан дээр хэвтээд байсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43/
5.Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
....Нэг согтуу бололтой зурагт барьж явснаа цагдаагийн машин хараад түүнийгээ байшингийн буланд тавиад зугтаасан. Тэгээд түүний араас хөөж барьж авч шалгасан. Тухайн залуу нэлээн согтуу байсан бөгөөд индүүг нь хайгаад олоогүй, зурагт нь байшингийн буланд байсан, түүнд ямар нэгэн дээл болон бусад эд зүйл байгаагүй..” гэх мэдүүлэг. /хх-ийн 44-45-р хуудас/
6. Энх-Нахиа ХХК-ны шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 649 дугаар шинжээчийн:
1. Зурагт TCL маркийн 42 инчийн өнгөт Led зурагт 1 ширхэг 1.060.000 төгрөг,
2. Хуучин хурган дээл 1 ширхэг 400.000 төгрөг,
3. Индүү 1 ширхэг 50.000 төгрөг, нийт нэг сая таван зуун 1.500.000 мянган төгрөг гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 28/ болон хавтаст хэргийн 11 дүгээр хуудсанд авагдсан гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хавтаст хэргийн 12-17 дугаар хуудсанд авагдсан хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл зэргийг баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч Ц.Б нь 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг 1-9-9 тоотод оршин суух иргэн ******* гэрээс ТСL маркийн 42 инчийн зурагт 1 ширхэг, индүү 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1.100.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болсон нь хохирогч *******, гэрч *******, ******* нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээний шинжээчийн 649 дугаар дүгнэлт зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна гэж үзлээ.
Иймд шүүхээс шүүгдэгч Ц.Б ыг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үзэж шүүгдэгч Ц.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүх шүүгдэгч Ц.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “ анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн...ний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Б нь өөрийгөө өмгөөлж оролцсон бөгөөд улсын яллагчаас гаргасан ялын саналыг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлснийг дурдах нь зүйтэй байна.
Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Ц.Б нь хохирогчид төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Хэрэгт шүүгдэгч Ц.Бын эзэмшлийн маркийн гар утсыг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 01 дүгээр сарын 27-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлд болсоны дараа эзэмшигч Ц.Бд буцаан олгож шийдвэрлэв.
Шүүгдэгч Ц.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож шийдвэрлэв.
Шүүгдэгч Ц.Б нь урьд нь ял шийтгэгдсэн талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй тул түүнийг ял шийтгүүлж байгаагүй гэж үзлээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц.Быг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.Быг хоёр зуун дөчин цагийн / 240 / хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар ялтан Ц.Бд оногдуулсан хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар хийлгэж байхыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар ялтан Ц.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Шүүгдэгч Ц.Б нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт шүүгдэгч Ц.Бын эзэмшлийн маркийн гар утсыг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 01 дүгээр сарын 27-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлд болсоны дараа эзэмшигч Ц.Бд буцаан олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Ц.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргаан ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ