Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 29

 

            Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

         Нэхэмжлэгч: Увс аймгийн Тариалан сумын 3 дугаар багт оршин суух, 1969 онд төрсөн, 48 настай, эмэгтэй, регистрийн дугаар ОМ69092908, Шаавай овогт Жимбийн Бэлгээгийн,

         Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Бэлгээ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

         Нэхэмжлэгч Ж.Бэлгээ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 1969 онд төрсөн, 48 настай. Би 1986 оноос эхлэн Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдэлд мал маллаж байсан. 1986 оноос 1991 оны хооронд Туяа нэгдэлд малчнаар ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтрээ анхнаасаа авч чадаагүй учир шүүхэд хандаж байна. Иймд миний 1986 оны 1 дүгээр сараас 1991 оныг дуустал Туяа нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү. Мөн надтай хамт ажиллаж байсан Ж.Санж, Г.Нямжав нарыг гэрчээр асууж өгнө үү” гэв.

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Ж.Бэлгээ нь 1986 оноос 1991 оныг дуустал Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.

            Увс аймгийн Архивын тасгийн 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн цалингийн тодорхойлолтод нэхэмжлэгч Жимбийн Бэлгээгийн 1986 оноос 1991 оныг дуустал Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдэлд малчнаар ажиллаж, цалин авч байсныг түүвэрлэн ирүүлжээ.

       Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Г.Нямжав, Ж.Санж нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч Г.Нямжав “Миний бие нь 1973 оноос 1993 он хүртэл Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Намайг тус нэгдэлд ажиллаж байхад Ж.Бэлгээ нь 1986 оноос Туяа нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн бөгөөд 1991 оныг дуустал ажилласан. Ж.Бэлгээ нь голдуу шийр мал малладаг байсан. Тухайн үед Тариалан сумын Туяа нэгдлийн даргаар Баазар, Маамуу гэх хүмүүс ажиллаж байсан” гэж, гэрч Ж.Санж “Миний бие нь 1962 оноос 1990 он хүртэл Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдэлд малчин, заводын эрхлэгч, хэсгийн ахлагчаар ажиллаж байсан. Намайг тус нэгдэлд ажиллаж байхад Ж.Бэлгээ нь 1986 оноос Туяа нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн бөгөөд намайг ажлаас гарахад Ж.Бэлгээ нь нэгдэлдээ малаа маллаад үлдсэн. Ж.Бэлгээ нь голдуу хонь малладаг байсан ба мөн саальчнаар ажилладаг байсан” гэж мэдүүлсэн ба тэдний ажилласан байдлыг нотлох хөдөлмөрийн дэвтрийн хуулбар болон Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 403 дугаар шийдвэрийн хуулбарууд хэрэгт авагджээ.

          Нэхэмжлэгч Ж.Бэлгээ нь 1986 оноос 1991 оныг дуустал Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгийн 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн цалингийн тодорхойлолт, гэрч Г.Нямжав, Ж.Санж нарын мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байна. 

         Иймд нэхэмжлэгч Ж.Бэлгээгийн хүсэлтийг хангаж, түүний 1986 оноос 1991 оныг дуустал Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдэлд малчнаар 6 жил ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.

 Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.      

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

        1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар Шаавай овогт Жимбийн Бэлгээгийн 1986 оноос 1991 оныг дуустал Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдэлд малчнаар 6 /зургаав/ жил ажиллаж байсан байдлыг тогтоосугай.            

         2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд  зааснаар нэхэмжлэгч Ж.Бэлгээгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ