Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 0004

 

Б.Оюунчимэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, шүүгч Т.Ганбат нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Мягмарсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ариунболд, хариуцагчийн өмгөөлөгч Б.Амаржаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1266 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Б.Оюунчимэгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: йт холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Ганбатын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Б.Оюунчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөвсгөл аймгийн Холбооны газрын дарга Ц.Уранчимэг нь 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 16 цаг 30 минутын үед шуурхай хурал зарлаж, түүний ажлын өрөөнд ороход А80 дугаартай орон тооны цомхотгол явуулах тухай тушаалыг танилцуулсан.

Уг тушаалыг танилцуулаад санал, хүсэлт байвал төв байгууллага руу хандаж болно гэж хэлсэн. Ийнхүү 2016 оны 08 дугаар сард Монголын цахилгаан холбооны хүний нөөцийн мэргэжилтэн Буянхүү гэх эмэгтэйгээс энэ тухай асуухад Танай байгууллага ямар бүтэцтэй, ямар зохион байгуулалтай ажилладаг гэдгийг бид мэдэхгүй. Танай байгууллагын дарга 7 хүний орон тоог цомхотгох хүсэлт өгсөн. Тус хүсэлтийн дагуу 7 хүний ажлын байрыг цомхотгосон гэсэн. Дарга Ц.Уранчимэг нь ажлын орон тоог цөөрүүлэхдээ ажлын байрны шалгаруулалт явуулаагүй, Ажлын байрны нягтруулга хийсэн орон тоог цомхотгосон, Өөрийн үзэмжээр шийдвэр гаргасан. Ажлын зөвлөлийн хурлаар шийдвэрлээгүй. Иймд намайг ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн тул ажилд минь эгүүлэн тогтоон, ажилгүй байсан цалинг гаргуулж өгнө үү. Би 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр ээлжийн амралт авч 2016 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр ажилдаа орох байсан бөгөөд уг өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл хугацааны цалин гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч Ц.Уранчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монголын цахилгаан холбоо хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/80 дугаартай Зарим орон тоо хасч, ажилтны тоог цөөрүүлэх тухай тушаал гарч Б.Оюунчимэгийн ажиллаж байсан орон тоо хасагдсан. Бид хуулийн дагуу холбогдох мэдэгдлийг өгч ажилтныг ажлаас чөлөөлж тэтгэмж олгосон. Одоо манай байгууллагад Б.Оюунчимэгийн ажиллаж байсан Техникч гэх орон тоо байхгүй тул Б.Оюунчимэгийг авч ажиллуулах боломжгүй. Б.Оюунчимэг нь 2013 онд техникчээр ажиллаж эхэлсэн юм билээ. Би урьд эгч, дүүгийн журмаар Б.Оюунчимэгт өөр ажилд шилжих санал тавьж байсан хэдий ч саналыг маань хүлээж аваагүй. Техникчийн орон тоо нь хасагдах журмаар цомхотголд орсон. Мөн ажлын байрны нягтруулга хийгдээгүй гэдэг бөгөөд нягтруулга гэдэг нь ижил төстэй мэргэжилтэй орон тоон дээр нягтруулга хийх байсан боловч Б.Оюунчимэг нь ахлах инженерээр ажиллаж байгаагүй, кабелийн телевизийн инженерийн мэргэжил байхгүй учраас уг орон тоон дээр очиж ажиллах боломжгүй байсан.

Мөн засварчны орон тоон дээр очих боломжгүй байсан. Ийм учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар Б.Оюунчимэгийн ажлын орон тоо хасагдсан юм. Түүнчлэн манай байгууллагаас амралтын мөнгө болон 9 сартай тэнцэх хэмжээний нөхөн олговрыг Б.Оюунчимэгт олгосон. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1266 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Оюунчимэгийг Хөвсгөл аймгийн Холбооны газрын техникчийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагч Хөвсгөл аймгийн Холбооны газраас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар тус тус шийдвэрлэжээ.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Холбооны газар давж заалдах гомдолдоо: ... Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ажил олгогч намайг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр ажилтныг ажлаас халах тохиолдолд мөн хуулийн 40.5-д заасан шаардлагыг хэрэгжүүлсэн байх ёстой байсан боловч хэрэгжүүлээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Шүүх хуралдаанд дээр шүүгч нэхэмжлэгчээс асуухдаа “... 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хурал хийсэн байдаг. Та ямар байдлаар мэдэгдлийг хүлээж авсан бэ ...” гэсэн асуултад нэхэмжлэгч хариулахдаа ...” тухайн үед техникч хүн орон тооны цомхтголд орлоо гээд мэдэгдлээ авсан. Тэр үед миний толгой манарсан ...” гэж хариулсан. Шүүгч дахин асуухдаа “... өөрөөр хэлбэл таныг чөлөөлөх болохоо мэдэгье гэсэн мэдэгдэл байсан юм уу ? эсвэл А/80 дугаар тушаалыг танилцуулсан юм уу? Та ямар журмаар мэдэгдлийг авчихваа гэж асууж байна. ... “ гэсэн шүүгчийн асуултын дундуур нэхэмжлэгч  “... мэдэгдэл байсан...” гэж хариулаад шүүгчийн асуулт дуусахад нэхэмжлэгч “... 7 дугаар сарын 8-ны өдрийн хурал дээр манай цахилгаан холбоо компанийн тийм тийм мэргэжилтэй, тийм тийм албан тушаалд орон тооны цомхтгол орно гэсэн мэдэгдэл байсан ...” гэхэд шүүгч “ ... тус тусад нь гардуулсан юм уу” гэхэд нэхэмжлэгч “тийм” гэж хариулж байсан. Энэ байдлыг шүүх хурлын тэмдэглэлд бүрэн гүйцэт бичиж тэмдэглээгүй байгаад гомдолтой байна.

Би шүүх хурлын тэмдэглэлтэй танилцах хүсэлтээ хуульд заасан хугацаанд гаргаж хандсан боловч танилцуулаагүй, хурлын тэмдэглэл гараагүй байна гэсэн байдлаар хойшлуулсаар 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр танилцуулсан. Хуульд зааснаар хэргийн оролцогч нь шүүх хурлаас шийдвэр уншиж танилцуулсан өдрөөс хойш 3 хоногийн дотор шүүх хурлын тэмдэглэлтэй танилцах, түүнд нэмэлт өөрчлөлт оруулах хүсэлтээ гаргах эрхийг хэрэгжүүлээгүй.

... Нэхэмжлэгч шүүх хуралдаанд техникчийн ажлын байр орон тооны цомхтголд орох болсон тухай мэдэгдлийг 7 дугаар сарын 08-ны өдөр байгууллагын хурал дээр авсан гэж тайлбар өгөөд байхад шүүгч нэхэмжлэгчийн тайлбарыг үнэлж дүгнэлгүй, нэхэмжлэгчээс удаа дараа нэг агуулга бүхий асуултыг олон янзын байдлаар асууж, нэхэмжлэгч хариулсаар байхад заавал хариуцагчид эсрэг байдлаар тайлбар авахаар нэхэмжлэгчийг хөтөлж, дагуулсан байдлаар асуултаа удаа дараа асууж байгаа байдлыг хурлын тэмдэглэлд бүрэн гүйцэт бичээгүй.

... Иймд анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдлыг хуульд заасан үндэслэлээр тал бүрээс нь бүрэн бодитой, нотлох баримтад үндэслэн шийдвэрлэж чадаагүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэж хүсч байна гэжээ.  

ҮНДЭСЛЭХ НЬ:

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт өгч, хөдөлмөрийн харилцаанаас үүссэн маргаантай харилцаанд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Б.Оюунчимэг нь Хөвсгөл аймгийн Холбооны газарт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба хариуцагч Хөвсгөл аймгийн Холбооны газар нь Б.Оюунчимэгийн ажиллаж байсан техникч гэх орон тоо хасагдсан тул Б.Оюунчимэгийг ажиллуулах боломжгүй гэж маргажээ.

Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Оюунчимэгийг Хөвсгөл аймгийн холбооны газрын техникчийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй  байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч Б.Оюунчимэг нь ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан тухай гомдлоо Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д “ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор гаргана ” гэж заасан хугацаанд гаргасан байх ба шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Монголын цахилгаан холбоо хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/80 дугаартай тушаалаар тус компанийн орон тоог нягтруулах, Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 01 тоот тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор нэр бүхий орон тоог хасч ажилтны тоог цөөрүүлжээ. Үүнд: Хөвсгөл аймгийн Холбооны газраас касс оператор-2, мэдээллийн технологийн инженер-1, техникч-1, жолооч-1, салбарын эрхлэгч-1, засварчин-1, нийт 7 орон тоог хасч, ажилтны тоог цөөрүүлжээ. /хх-н 55-56-р тал/

Үүний дагуу ажил олгогч нь нэхэмжлэгч Б.Оюунчимэгийг 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн Б/90 дүгээр тушаалаар техникчийн үүрэгт ажлаас чөлөөлсөн болох нь Хөвсгөл аймгийн Холбооны газрын даргын 2014 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/7 дугаартай Б.Оюунчимэгийг КаТВ-ийн техникчээр шилжүүлэн ажиллуулах тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 53-р тал/, ажил олгогчоос ажилтан Б.Оюунчимэгтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ /хх-н 6-10/ зохигчийн тайлбар зэргээр нотлогджээ.

Ажил олгогч нь Б.Оюунчимэгийг Хөдөлмөрийн тухай хуулийн 38-р зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1-д заасныг үндэслэн орон тоо хасагдсан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасан үндэслэлд нийцээгүй тул нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоосон нь  үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Б.Оюунчимэгийг ажлаас чөлөөлсөн талаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасны дагуу мэдэгдээгүй бөгөөд хариуцагч байгууллагаас энэ талаар болон дээрх нөхцөл байдлыг үгүйсгэсэн үндэслэлээ нотлох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Хариуцагч  "...шүүх хурлын тэмдэглэлтэй танилцах, түүнд нэмэлт өөрчлөлт оруулах хүсэлтээ гаргах эрхийг хэрэгжүүлээгүй” гэсэн гомдол гаргаж байх боловч шүүх хуралдааны тэмдэглэлд засвар оруулах  санал  шүүхэд гаргаагүй байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлд заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1266 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу / төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан үндэслэлээр  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Б.СОСОРБАРАМ

                                    ШҮҮГЧИД                                  Б.ОЮУНЦЭЦЭГ                                                                                    

                                                                                       Т.ГАНБАТ