Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 18

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

О.Баярт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Бямбажав даргалж, шүүгч Н.Насанжаргал,                        Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор Д.Баянмөнх

            Нарийн бичгийн дарга И.Түвшинжаргал  нарыг оролцуулан хийж,           

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 85 дугаар  шүүгчийн захирамжийг эс зөвшөөрсөн  прокурорын эсэргүүцлээр  О.Б-т холбогдох эрүүгийн 1722000110008 тоот хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

              Монгол Улсын иргэн, 1984 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр Дундговь аймгийн Өлзийт суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-1, .......... оршин суух улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй   Б

            Дундговь аймгийн Прокурорын газраас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай Дундговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Дундговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 85 тоот шүүгчийн захирамжаар:

Шүүгдэгч Б-д холбогдох эрүүгийн 1722000110008 дугаартай хэргийг Дундговь аймгийн прокурорт буцааж,

Хэргийг Дундговь аймгийн прокурорт очтол шүүгдэгч О.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Энэ хэргийн улмаас шүүгдэгч О.Б  цагдан хоригдоогүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг  тус тус дурдаж,

Энэхүү захирамжийг эс зөвшөөрөл прокурор хүлээн авснаас хойш ажлын хоногт багтаан эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

            Прокурор Д.Баянмөнх эсэргүүцэлдээ: О.Б-д холбогдох хэргийг прокурорт буцаасан захирамж нь дараах нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна. Үүнд:

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт                               “Яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж болно” гэж заасан ба мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Яллагдагч энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүсэлтэд  хохирол нөхөн төлсөн баримт, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн тухай баталгааг хавсаргана” гэж зааснаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан  шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх журам нь Эрүүгийн хуульд заасан хялбаршуулсан журмаар шийдвэрлэх бүх хэргийн хувьд, шүүгдэгч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тохиолдолд шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохицуулсан журам гэж ойлгогдохоор байна.

            Гэтэл анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасныг зөрчиж, хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна.

            Мөн шүүгдэгч О.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрөөгүй гэсэн нь шүүгдэгч О.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “ би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна ...” гэсэн мэдүүлэг, прокурорын гаргасан ялын саналтай танилцаж гарын үсгээ зурсан баримт, шүүх хуралдааны шатанд мэдүүлсэн гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.

            Түүнчлэн шүүгдэгч О.Б нь хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь нотлогдоогүй гэж дүгнэсэн байна. Хавтаст хэрэгт авагдсан хохирогч Д.Н-ын мэдүүлэг, шүүх эмнэлгийн шинжээч эмчийн 170200209 дугаартай дүгнэлт,  яллагдагч О.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч нь Д.Н-ын  эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь нотлогдсон байхад анхан шатны шүүх  хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг зөрүүтэй гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан нь ойлгомжгүй байна.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх тухайн хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл хүлээн авсан даруй ял оногдуулах шүүх хуралдаан зарлан явуулж болно ...”  гэж заасан бөгөөд анхан шатны шүүх хэргийг хүлээн авч хэргийг шийдвэрлэх боломжтой гэж шүүх хуралдаан зарласан атлаа хэргийг прокурорт буцааж байгаа нь үндэслэлгүй байна.

            Анхан шатны шүүхийн шүүгчийн 85 дугаартай захирамжийн Захирамжлах хэсгийн 4 дэх хэсэгт прокурор хүлээн авснаас хойш ажлын хоногт багтаан эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай гэж заасан нь ойлгомжгүй, хэд хоногт эсэргүүцэл бичих эрхийг заагаагүй нь  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 39.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсгийг ноцтой зөрчсөн байна.  Иймд 85 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.

 

         Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокуророос: Анхан шатны шүүхийн 85 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

                                            

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Хохирогч Д.Н-д шүүх хуралдааны товыг 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр мэдэгджээ. Анхан шатны шүүх хуралдаанд хохирогч оролцохоор ирсэн болох нь шүүх хуралдааны тэмдэглэлээр /хх-н 51х/ тогтоогдож байна. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.4-д зааснаар хохирогч шүүх хуралдаанд оролцох эрхтэй. Шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд хохирогч нь энэ эрхээ эдлэхээр шүүхэд ирсэн боловч хуулиар олгогдсон эрхийг нь шүүх эдлүүлээгүй нь буруу байна. Шүүх хуралдаанд прокурор “Хохирогчийн эрх ашгийг прокурор хамгаалах боломжтой” гэсэн тайлбар гаргажээ. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 4.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокурор нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шүүхийн өмнө нотлох үүрэг л хүлээдэг бөгөөд хохирогчийн эрх ашгийг хамгаалах хамгаалах эрх, үүрэг хуулиар хүлээдэггүй болно.

Хохирогч шүүх хуралдаанд оролцох хүсэлт бичгээр гаргаагүй боловч шүүх хуралдаанд оролцохоор хүрэлцэн ирснийг оролцох хүсэлт гаргасан гэж үзэх боломжтой юм. Шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргасан хохирогчийг оролцуулаагүй нь анхан шатны шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөнд тооцогдохоор байна гэж Давж заалдах шатны шүүх дүгнэлээ. 

Анхан шатны шүүх нь хохирогчийг шүүх хуралдаанд оролцуулснаар шүүгдэгчийн гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн эсэх зэрэг асуудлыг тодруулах боломжтой байжээ.

Иймд Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцааж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай /шинэчилсэн найруулга/  хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, 39.9 дүгээр 1, 1.3, 39.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ НЬ:

 

            1. Дундговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 85 дугаар захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр  анхан шатны шүүхэд буцаасугай.

 

            2. Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болно.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3  дахь хэсэгт  зааснаар шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                Т.БЯМБАЖАВ

                                     ШҮҮГЧИД                                Н.НАСАНЖАРГАЛ

                                                     Р.МӨНХ-ЭРДЭНЭ