Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2018/00888

 

Г.Эын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 153/ШШ2017/00545 дугаар шийдвэр,

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 02 дугаар магадлалтай,

Г.Эын нэхэмжлэлтэй

“Х Н Х Г С Г З”нд холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 4 664 620 төгрөг, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл 466 460 төгрөг, хүн амын орлогын албан татвар 349 810 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нямдаваагийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв

Шүүх хуралдаанд: хариуцагчийн өмгөөлөгч Н.Дэмбэрэлдагва, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/11 дугаар тушаалаар тус байгууллагын дотоод ажил хэрэг, үйлчлэгчийн ажилд томилогдсон. Хариуцагч “Х Н Х Г С Г З”ны дарга Р.Энхсүрэн нь намайг 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Б/23 дугаар тушаалаар ажлаас халсан нь үндэслэлгүй болох нь Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 153/ШШ2016/00520 дугаартай шийдвэр, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 115 дугаартай магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 001/ХТ2017/00314 дугаартай тогтоол зэргээр нотлогдож байна. Мөн Хар нуур-Ховд голын захиргааны даргын 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Б/08 дугаартай тушаалаар түр гэрээт ажилтнаар 1 сарын хугацаатай томилох тухай тушаал гаргасан нь хуулийг үл хүндэтгэсэн гэж үзэж байна. Мөн надад “Х Н Х Г С Г З”ны даргын 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Б/11 дугаартай Ажилд томилох тухай тушаалыг гардуулаагүй. Энэ тушаалыг манай дүүд өгсөн байсан. Надруу утсаар ярихдаа шүүхэд өгсөн нэхэмжлэлээ татаж аваад ажилдаа ор гэж хэлсэн. Би зөвшөөрөөгүй. Би шүүхэд “Х Н Х Г С Г З”ны даргын 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Б/08 дугаартай Түр гэрээт ажилтнаар томилох тухай тушаал, 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Б/12 дугаартай хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцалж, ажлаас халах тухай тушаалуудыг хүчингүй болгуулах, Ховд аймгийн “Х Н Х Г С Г З”ны бичиг, хэрэг, няравын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 4,664,620 төгрөг, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл 466,460 төгрөг, хүн амын орлогын албан татвар 349,810 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгахыг хүссэн нэхэмжлэл гаргасан бөгөөд “Х Н Х Г С Г З”ны даргын 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Б/08 дугаартай Түр гэрээт ажилтнаар томилох тухай тушаалыг хүчингүй болгуулах, хүн амын орлогын албан татвар 349,810 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Намайг ажилд томилсон тушаалыг надад гардуулаагүй, надтай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, намайг ажилд орохдоо шүүхэд өгсөн нэхэмжлэлээ татаж ав гэсэн зүй бус шаардлага тавьсан тул би ажилд очоогүй. Иймд “Х Н Х Г С Г З”ны даргын 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Б/12 дугаартай хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцалж, ажлаас халах тухай тушаалыг хүчингүй болгуулах, Ховд аймгийн “Х Н Х Г С Г З”ны бичиг, хэрэг, няравын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 4,664,620 төгрөг, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл 466,460 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагч байгууллагад даалгахыг хүссэн нэхэмжлэлээ дэмжиж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбараа: Г.Эыг Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 153/ШШ2016/00520 дугаартай шийдвэр, Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 115 дугаартай магадлал, Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 001/ХТ2017/00314 дугаартай тогтоол зэргээр ажилд эгүүлэн томилсон. Гэвч Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/83 тоот тушаалаар баталсан тус сав газрын бүтэц орон тоо буюу бүтцэд Г.Эын ажлын байр байхгүй тул нэхэмжилсэн ажилгүй байсан хугацааны цалин нийт 4,664,620 төгрөг, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэл 466,460 төгрөг, ХАОАТ 349,810 төгрөг зэргийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 153/ШШ2017/00545 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасныг баримтлан Ховд аймгийн “Х Н Х Г С Г З”ны 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Б/12 дугаартай Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлаж, ажлаас халах тухай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Г.Эыг Ховд аймгийн “Х Н Х Г С Г З”ны дотоод ажил, бичиг хэрэг, нярвын ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Ховд аймгийн “Х Н Х Г С Г З”наас Г.Эын ажилгүй байсан 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх 9 сар 21 өдөрт ногдох олговорт 4,653,753 төгрөг /дөрвөн сая зургаан зуун тавин гурван мянга долоон зуун тавин гурван төгрөг/ гаргуулан нэхэмжлэгч Г.Эт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10,867 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэл 466,460 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-д заасныг баримтлан ажилтан Г.Эын ажилгүй байсан 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр нөхөн төлж, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч Ховд аймгийн “Х Н Х Г С Г З”ны газарт үүрэг болгож, Нэхэмжлэгч нь хүн амын орлогын албан татвар 349,810 төгрөг гаргуулах, 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Б/08 дугаартай Түр гэрээт ажилтнаар томилох тухай тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Эын улсын тэмдэгтийн хураамжид 89,584 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ховд аймгийн Хар нуур-Ховд голын сав газраас улсын тэмдэгтийн хураамж 159,610 төгрөг гаргуулан Төрийн сангийн дансанд оруулж шийдвэрлэжээ.

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 02 дугаар магадлалаар Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 153/ШШ2017/00545 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нямдаваа хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлал нь “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” гэх үндэслэлээр гомдол гаргаж байна. 1. Анхан шатны шүүх “нэхэмжлэгч 2016 оны 10-р сарын 07-ны 153/ШШ2016/000520 дугаар шийдвэр гарсан өдрөөс хойш ажилд томилогдсон өдөр буюу 2017 оны 07-р сарын 31-ний өдрийг хүртлэх хугацааны цалинг 4653000 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулах”-аар шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар “ажилтныг ажилд нь эргүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговорыг олгоно” гэж зааснаар нэхэмжлэх эрхтэй байна гэж дүгнэжээ. - Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэг нь иш татсан гипотезтэй хэм хэмжээ юм. Дээрхи заалтын хэрэгжих нөхцөл нь мөн хуулийн 36 зүйлийн 36.1.2 бөгөөд “шүүхийн шийдвэрээр урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эргүүлэн тогтоосон бол ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгох ойлголт нь тухайн ажилд нь эргүүлэн тогтоосон шийдвэр гарах хугацааны буюу 2016 оны 10-р сарын 07-ны өдрийн 153/ШШ2016/000520 дугаар шийдвэр гарах өдөр хуртлэх хугацааны цалин хөлс байхаар тайлбарлагдана. -Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120.1 дэх хэсэгт “анхан шатны шүүхийн шийдвэр нь хяналтын журмаар гомдол гаргасан бол хяналтын шатны шүүх гомдлыг хянаад тогтоол гарснаар” хүчин төгөлдөр болохоор хуульчилсан. Гэтэл ажилгүй байсан хугацааны цалинг анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдөөр эхлэн тооцож гаргуулахаар шийдвэрлэсэн нь: а. ИХШХШТХ-ийн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох журам, б. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн “Шүүхийн өмнө эрх тэгш байх”, “Мэтгэлцэх”, “шүүхэд мэдүүлэх эрх”-ийн зарчмуудыг зөрчиж байна. Учир нь өмнө хэрэг маргааныг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр байсан, зохигчид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан нь хууль зүйн ач холбогдолтой байсан, шаардлагагүй байсан гэх үндэслэл гэж ойлгогдож байна. Анхан шатны шүүхийн дүгнэсээр мөн энэхүү маргааны зохигчдын аль нэг нь хуулинд заасан эрхийнхээ дагуу давах, хяналтын шатаар гомдол гаргаад шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа нэхэмжлэгч нь дахин ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжлэх, мөн цаашид дахин нэхэмжлээд байх боломжтой мэтээр тайлбарласан нь тогтоогдсон үйл баримтыг талаар дахин нотлохгүй гэсэн журмыг зөрчиж байгаа юм. 2. Хар нуур -Ховд голын сав газрын захиргааны даргын 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Б/12 дугаар тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэхдээ Г.Эыг ажилд томилсон тушаалыг гардуулаагүй, ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-д заасан үндэслэлийн алийг нь үндэслэн ажлаас чөлөөлсөн нь тодорхойгүй байна гэж дүгнэжээ. Анхан болон давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчиж, зохигчдын гаргаж өгсөн нотлох баримтыг бүхэлд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй. Үүнд: -Хариуцагч нь шүүхэд хөдөлмөрийн дотоод журмыг нотлох баримтаар үнэлүүлэхээр гаргаж өгсөн бөгөөд уг журмыг нотлох баримтаар үнэлээгүй хэрэв нотлох баримтаар үнэлэх хуулийн шаардлагагүй бол нотлох баримтаас хасах үнэлэхгүй байх талаар шийдвэртээ дурдаж  өгөөгүй болно. -Давж заалдах шатны шүүх “Хөдөлмөрийн дотоод журмыг зөвшөөрч баталсан ажилчдын нэр, гарын үсэгт нэхэмжлэгч Г.Эын нэр, гарын үсэг байхгүй байх бөгөөд энэхүү дотоод журмыг өдөр тутмын үйл ажиллагаандаа баримтлан ажиллах, дагаж мөрдөх талаар Г.Этай харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байна гэж дүгнэжээ. - Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Ажил олгогч хууль тогтоомжид нийцүүлэн хөдөлмөрийн дотоод журам баталж мөрдүүлэх" эрхтэй байхаар хуульчилсан. Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг баталж мөрдүүлэхэд ажилтнуудтай харилцан тохиролцох шаардлагагүй энэ нь ажил олгогчийн эрх байхаар хуульчилсан. Г.Э нь ажилд томилсон тухай тушаалыг өөрийн дүү Г.Энхцэцэгт өгсөн байсантай маргаагүй, хүлээн зөвшөөрсөн, тушаалыг дүүгээсээ аваад “ажилдаа орохоор удирдлага руугаа утсаар ярьсан талаар шүүхэд мэдүүлсэн атал давж заалдах шатны шүүх 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн тушаалыг Г.Эын дүү Г.Энхцэцэгт гардуулсан гарын үсэг бүртгэлд байхгүй байна гэж дүгнэжээ. Тушаал гардуулсан үйл баримтыг хариуцагч тал тайлбарлаж, гэрчийн мэдүүлгээр нотлуулсан бөгөөд энэ үйл баримттай нэхэмжлэгч маргаагүй, хүлээн зөвшөөрч байхад “заавал бичгийн нотлох баримт байх ёстой гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42.4-д заасан “нэг талын гаргасан тайлбарын эсрэг тал хүлээн зөвшөөрсөнд тооцно” гэсэн журмыг зөрчиж маргаагүй үйл баримтын талаар шүүх дүгнэлт хийж байгаа нь үндэслэлгүй байна. Ажилд томилсон тушаалаа гардаж аваад хүндэтгэн үзэх шалтгаагүйн улмаас нэхэмжлэгч Г.Э нь ажилд ирж ороогүй. Ажил олгогчийн буруутай үйл ажиллагаанаас болоогүй нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Өөрөөр хэлбэл ажил олгогчийн зүгээс Г.Этай Хөдөлмөрийн гэрээ байгуулах ямарч боломж байгаагүй болно. - Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-д заасан үндэслэлээр ажлаас чөлөөлөхдөө байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 9.1Г дэх заалтыг үндэслэсэн гэж тайлбарласан боловч нэгэнт хариуцагчийн гаргаж өгсөн уг баримтыг шүүх үнэлээгүй, давж заалдах шатны шүүхээс “хуулийн буруу тайлбарлан хэрэглэсэн” байх тул шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарч чадаагүй. Мөн анхан шатны шүүх “ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй хөдөлмөрийн гэрээнд ноцтой зөрчлийн талаар тусгагдсан байх учиртай гэж дүгнэжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-дэх заалтанд ноцтой зөрчил, давтан зөрчил гаргах гэсэн ойлголтыг хуульчилж өгсөн бөгөөд зөвхөн ноцтой зөрчил гэж ямар тохиолдлыг тооцохьг гэрээний талууд харилцан тохиролцсон байхаар харин давтан зөрчлийн тухайд зөрчил бүрийг харилцан тохиролцох хуулийн шаардлага байхгүй бөгөөд сахилгын зөрчил гэдэг нь ажилтан ажил үүргээ гүйцэтгэхдээ баримтлах горим, байгууллагын өдөр тутамдаа мөрдөх дотоод журам мэргэжлийн ёс зүй гэх мэтээр тодорхойлогдоно. Гэтэл шүүх зөвхөн хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй гэсэн үндэслэлийг шийдвэр  гаргахдаа үндэслэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Г.Э нь ажилдаа ирэхгүй, албан үүргээ гүйцэтгэхгүй байсан тул хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй нь ажил олгогчийн буруутай үйл ажиллагаанаас болоогүй. Хөдөлмөрийн харилцаа нь зөвшилцөх зарчимд тулгуурладаг бөгөөд нэн ялангуяа хөдөлмөрийн гэрээ нь Хөдөлмөрийн тухай хуулинд зааснаар харилцан тохиролцооны үндсэнд байгуулагдах зарчимтай. Харин ажил олгогч дангаараа албадан гэрээ байгуулах эрхийг хуульчлаагүй. Иймд шийдвэр, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хзрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх “нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан шаардлагын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, зохигчдын хооронд хөдөлмөрлөх эрхийн харилцаанаас үүссэн маргаанд Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг нь хууль зүйн үндэслэл бүхий болжээ. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан “...нотлох баримтыг үнэлж чадаагүй, ...хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн...” гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох боломжгүй байна.

Нэхэмжлэгч Г.Э нь “Х Н Х Г С Г З”нд холбогдуулан шүүхэд гаргасан нэхэмжлэлээ багасгаж, 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн Б/12 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, бичиг хэрэг, нярвын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 4 664 620 төгрөг, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг гаргасан, шүүх уг нэхэмжлэлийн хүрээнд хэргийг хянан хэлэлцсэн байна.

Хариуцагч нэхэмжлэлийг татгалзахдаа Г.Эыг шүүхийн шийдвэрийн дагуу ажилд нь эргүүлэн томилсон боловч шинэ бүтцээр түүний ажлын байр байхгүй болсон, 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Б/11 дүгээр тушаалаар Хар нуур-Ховд голын сав газрын дотоод ажил, бичиг хэрэг, нярвын ажилд томилсон боловч 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдөр хүртэл хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 6 хоног ажил тасалсан тул ажлаас халсан гэж маргажээ.

Г.Эыг “Х Н Х Г С Г З”ны дотоод ажил, бичиг хэрэг, нярвын ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулсан анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 153/ШШ2016/00520 дугаар шийдвэр, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 115 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 001/ХТ2017/00314 дүгээр тогтоолоор хүчин төгөлдөр болсон, хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй болжээ.

Шүүхийн шийдвэр гарсны дараа ажил олгогч нь 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн Б/08 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг түр гэрээт ажилтнаар 1 сарын хугацаатай томилсон, үүний дараа 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Г.Эыг нь дотоод ажил, бичиг хэрэг, нярвын ажилд эгүүлэн томилсон тушаал гаргасан боловч 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн Б/12 дугаар тушаалаар ажлаас нь халжээ. Уг тушаалд  Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Хөдөлмөрийн дотоод журмын 9.1(г) дэх заалтыг баримталж, 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдөр хүртэл хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 6 хоног ажил тасалсан гэсэн зөрчлийг заасан байна.

Хэрэгт байгаа баримтаас үзвэл ажил олгогч нь нэхэмжлэгчийг ажилд авсан тушаал гаргасан боловч энэ талаар ажилтанд мэдэгдээгүй, нэхэмжлэгч нь ажилдаа ороогүй тул түүнийг зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй ба Г.Э нь хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдоогүй гэж үзсэн  шүүхийн дүгнэлт хэрэгт авагдсан баримтад тулгуурласан байна.

Ажил олгогч хуульд заагаагүй үндэслэлээр ажилтныг ажлаас халсан тул шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь ханган, нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасан зохицуулалттай нийцжээ.

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговрыг шүүх 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 9 сар 21 өдрөөр тооцож 4 653 753 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийг зөрчөөгүй байна.

Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив. 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 153/ШШ2017/00545 дугаар шийдвэр, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 02 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

                                ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Х.СОНИНБАЯР

                           ШҮҮГЧ                                                    П.ЗОЛЗАЯА