Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 00461

 

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Дарьсүрэн даргалж, хийсэн шүүх хуралдаанаар Булган аймгийн Булган сумын 6 дугаар баг, 6а хэсгийн 11-09 тоотод оршин суух, Ч.Ариунжаргалын нэхэмжлэлтэй, Булган аймгийн Булган Авто Зам Засвар арчлалт ТӨХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах тухай 132/2016/00320/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч: 1968 онд төрсөн, 48 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, Булган аймгийн Булган сумын 6 дугаар баг, 6а хэсгийн 11-09 тоотод оршин суух, Боржигон овогт Чоёндагвын Ариунжаргал /РД:ГЮ68091701/, түүний өмгөөлөгч П.Ган-Очир,

хариуцагч байгууллагын төлөөлөгч: 1977 онд төрсөн, дээд боловсролтой, Булган АЗЗА Төрийн өмчит ХК-ийн хүний нөөцийн менежер, Булган аймгийн Булган сумын 2 дугаар багийн, 2Б хэсгийн 16-09 тоотод оршин суух, Боржигон овогт Жигжидийн Наранчимэг /РД:ГЭ77020108/, нарийн бичгийн дарга И.Буманбаярнар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Ариунжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2013 оны 4 дүгээр сараас Булган аймгийн Булган Авто зам засвар арчлалт Төрийн өмчит ХК-д үйлчлэгчээр ажиллаж эхэлсэн. Ажиллах хугацаандаа ажил үүргээ хэвийн гүйцэтгэж, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлдэг байсан. Гэтэл компаний захирлын 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Б/13 дугаар тушаалаар зөвшөөрөлгүй ажил тасалсан, удирдах ажилтны өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэх үндэслэлээр намайг ажлаас чөлөөлсөн. Би үүнийг зөвшөөрөхгүй байна. 2016 оны 2 дугаар сарын 8-ны өдөр буюу цагаан сарын битүүний өдөр, 2 дугаар сарын 14-ний өдөр буюу шинийн 4-ний өдөр би ажилдаа ирсэн. Мөн удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй тохиолдол байхгүй. Би өөрт ноогдсон ажлаа хөдөлмөрийн хуулийн дагуу л хийж байсан. Намайг ажлаас чөлөөлөх хуралдаа оруулаагүй, санал бодлыг минь ч сонсоогүй. Миний хувьд өрх толгойлсон эмэгтэй бөгөөд өндөр настай ээжийгээ асардаг. Гэхдээ энэ үүрэгтэйгээ холбогдуулан асуудалд хандаагүй. Ажилгүй болсноор ар гэрээ тэжээн тэтгэх, цалингийн зээлээ ч төлж чадахгүй байдалд хүрч байна. Энэ бүх байдлаа дарга нартаа хэлж ярих гэж уулзах гэсэн боловч дарга нар уулзах боломж олгохгүй байсаар 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр ажлаас чөлөөлсөн тушаалаа авч 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлж Үндсэн хуульд заасан хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн гэж үзэж байгаа тул Ч.Ариунжаргал намайг Булган аймгийн Булган Авто зам засвар арчлалт Төрийн өмчит ХК-ийн үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Булган АЗЗА төрийн өмчит ХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай компанид үйлчлэгч ажилтай Ч.Ариунжаргал нь удаа дараа ажил таслан, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй сахилгын зөрчил гаргасан тул ажлаас чөлөөлсөн. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ ажил таслаагүй, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй асуудал байхгүй гэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь ажлын цагийн бүртгэлд ажил тасласнаар бүртгэгдэж улмаар цалин олгогдоогүй. Холбогдох арга хэмжээг авч ажиллуулсан болно гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Ж.Наранчимэг шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Ч.Ариунжаргалыг өрх толгойлсон эмэгтэй гэдгээр нь манай компани 2013 оны 4 дүгээр сараас үйлчлэгчээр авч ажиллуулж байсан ба түүнийг 2016 оны 4 дүгээр сарын 7-ний өдөр 2016 оны 2 дугаар сарын 8, 14-ний өдрүүдэд ажил тасалсан, мөн өгсөн үүрэг даалгавар биелүүлэхгүй сахилгын зөрчил гаргасан тул ажлаас нь чөлөөлсөн. Энэ нь ажлын цагийн бүртгэлд ажил тасласнаар бүртгэгдэж улмаар 2 өдрийн цалин олгогдоогүй. Өндөр настай ээжийгээ асардаг байсан гэдгийг нь бид мэднэ, гэхдээ чөлөө зөвшөөрөл авах ёстой. Ч.Ариунжаргалын 2 өдөр ажил тасалсан нь хөдөлмөрийн дотоод журмын 2.2.1.1-д заасныг зөрчсөн бөгөөд энэ нь хөдөлмөрийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.3.1-д зааснаар хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах үндэслэл болж байгаа. Үйлчлэгчийн ажлын байрны тодорхойлолтонд бичиг хүргэх үүрэг бас байдаг. Бичиг хэргийн ажилтантай хэд хэдэн удаа маргаан үүсгэж байсан. Энэ болгонд нь амаар хэлж сануулдаг байсан. Ажилдаа их сэтгэлгүй ханддаг. Өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй тул байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 6.1.2-т зааснаар ажлаас чөлөөлөх нэг үндэслэл болсон. Мөн хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-т заасныг үндэслэн ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож ажлаас чөлөөлөх тушаал гаргасан. Бичиг хэргийн ажилтан Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2 гэж бичихийг 37.1.5 гэж буруу бичсэн байсныг анзааралгүй гарын үсгээ зурсан тул гар ноорогийг нь шүүх хуралдаанд нотлох баримтаар гаргаж өгсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.Ариунжаргал нь, Булган аймгийн Булган Авто зам засвар арчлалт ТӨХК-д холбогдуулан, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Ч.Ариунжаргал нь ажил олгогч үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөх тухай тушаал гаргаж хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн гэж шүүхэд гомдол гаргасныг хариуцагч байгууллагын төлөөлөгч эс зөвшөөрч Ч.Ариунжаргал нь 2 өдөр ажил таслан, өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй сахилгын зөрчил гаргасан учир ажлаас чөлөөлсөн гэж маргажээ.

Шүүх талуудын гаргаж өгсөн нотлох баримт, тайлбарын хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагын талаар дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Ч.Ариунжаргал нь 2013 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн Булган АЗЗА ТӨХК-д үйлчлэгчээр ажиллаж байсан ба түүнийг Булган АЗЗА ТӨХК гүйцэтгэх захирлын 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Б/13 тоот тушаалаар ажлаас нь чөлөөлсөн байна.

Ч.Ариунжаргалыг ажлаас чөлөөлөхдөө удаа дараа ажил таслан, өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй сахилгын зөрчил гаргасан гэх үндэслэл зааж, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.5-д /38.1.2-т заасныг баримталсан гэж тайлбарлаж байгаа/ заасныг баримталжээ.

Хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачлагаар цуцлах явдал ажилтны хүсэл зоригоос гадуур хийгддэг тул ажил олгогчийн шийдвэрт гэрээ цуцлах болсон шалтгаан, хууль зүйн үндэслэл зайлшгүй тусгагдсан байх шаардлагатай. Ч.Ариунжаргалыг ажлаас чөлөөлөх тушаалд хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон тул ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлах 37 дугаар зүйлийн 37.1.5 / 38.1.2/-д заасныг баримталж, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэл зааж ажлаас чөлөөлжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д зааснаар ажил олгогч иргэнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй. Мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т зааснаар гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол уг гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцно гэжээ.

Ажил олгогч, нэхэмжлэгч Ч.Ариунжаргалтай 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдөр 1 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан байх бөгөөд гэрээний хугацаа 2016 оны 3 дугаар сарын 2-ны өдөр дуусахад талуудын хэн аль нь гэрээ цуцлах санал тавиагүй, ажилтан ажил үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэж байхад нь 2016 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь хуульд нийцэхгүй байна.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа .. нэхэмжлэгч Ч.Ариунжаргалын 2 өдөр ажил тасалсан нь хөдөлмөрийн дотоод журмын 2.2.1.1-д заасныг зөрчсөн бөгөөд энэ нь хөдөлмөрийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.3.1-д зааснаар хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах үндэслэл болсон гэж байгаа хэдий ч Булган АЗЗА ТӨХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 2.2.1.1-д ..ажил, албан тушаал нь хэвээр хадгалагдсан ажилтан хадгалагдсан хугацаа дуусмагц ажилдаа саадгүй ирэх, ...энэ үед ахуй амьдралд нь хүндэтгэх шалтгаан бий болбол энэ тухайгаа шалтгаан бий болсноос хойш ажлын нэг өдөрт багтаан компанид мэдэгдэх талаар зохицуулсан байх бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлд ажил үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг хэвээр хадгалах талаар хуульчилсан байна. Гэтэл Ч.Ариунжаргал нь ажил үүргээ гүйцэтгэж байхдаа 2 өдрийн ажил тасалсан гэх зөрчлийг хөдөлмөрийн гэрээнд гэрээг шууд цуцлах ноцтой зөрчилд тооцон нэрлэн заагаагүй байна.

Мөн нэхэмжлэгч Ч.Ариунжаргал нь өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэх зөрчлийг хэдийд, хэдэн удаа, хэрхэн гаргасан болох нь тодорхой бус байхаас гадна, хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Иймд нэхэмжлэгч Ч.Ариунжаргалыг Булган аймгийн Булган Авто зам засвар арчлалт ТӨХК-ийн үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор 2141418 төгрөгийг /555000+487631+54500=1587631/3 сар =529210/21,5 =24614* 87 хоног =2141418/ Булган АЗЗА ТӨХК иас гаргуулж Ч.Ариунжаргалд олгох нь зүйтэй байна.

Цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговрыг Ч.Ариунжаргалын №0748147 дугаар нийгмийн даатгалын дэвтэр, ажил олгогч байгууллагаас гаргасан цалингийн түүвэр зэргийг үндэслэн тооцсон болно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т ..ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж заажээ.

Нэхэмжлэгч Ч.Ариунжаргал нь ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн шийдвэрийг 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд хандсан байх ба 4 дүгээр сарын 18-ны өдөр тушаалыг гардаж авсан гэдэгтэй хариуцагч маргахгүй байгаа тул түүний шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 , 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2, 129 дүгээр зүйлийн 12\98.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Ариунжаргалын шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээж, Ч.Ариунжаргалыг Булган аймгийн Булган АЗЗА ТӨХК-ийн үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор 2141418 /хоёр сая нэг зуун дөчин нэгэн мянга дөрвөн зуун арван найман/ төгрөгийг Булган АЗЗА ТӨХК-иасгаргуулж нэхэмжлэгч Ч.Ариунжаргалд олгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан Ч.Ариунжаргалыннийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцож дэвтэрт бичилт хийхийг Булган АЗЗА ТӨХК-ийн нягтлан бодогчид үүрэг болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Булган АЗЗА ТӨХК-иас 49213 /дөчин есөн мянга хоёр зуун арван гурав/ төгрөгийг гаргуулан Төрийн санд оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН