Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 00462

 

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Дарьсүрэн даргалж хийсэн шүүх хуралдаанаар В.Жавзмаагийн нэхэмжлэлтэй, Х.Цогзоригтод холбогдох, гэрлэлт цуцлуулж хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий шаардлага бүхий 132/2016/00482/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч: 1966 оны 12 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, 50 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, Аймгийн Засаг даргын Тамгын газарт үйлчлэгч, Булган аймгийн Булган сумын 6 дугаар баг, 6а хэсгийн 5-11 тоотод оршин суух, Булгачин овогт Ванчигийн Жавзмаа /РД:ГЮ66122688/,

Хариуцагч: 1968 оны 02 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, 48 настай, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн ажилгүй, Булган аймгийн Булган сумын 6 дугаар багийн 6а хэсгийн 5-11 тоотод оршин суух, Боржигон овогт Хоролсүрэнгийн Цогзоригт /РД:ГЮ68020572/, нарийн бичгийн дарга И.Буманбаяр нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч В.Жавзмаа нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Би Х.Цогзоригттой 1992 онд гэр бүл болж бидний дундаас 2005 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүү Ц.Лхагваням төрсөн. Х.Цогзоригттой 20 гаруй жил амьдарч байна. Би элэгний цероз өвчтэй учраас хүүхэд гаргах боломжгүй байсаар 2005 онд хүүгээ гаргасан. Хамт амьдрах 20 гаруй жилийн хугацаанд Цогзоригт нь ажил хийгээгүй, байнга архи ууж, агсан согтуу тавьдаг байсан. Энэ байдал нь засралгүй сүүлийн 4-5 жил архи уух нь улам ихсэж намайг бусадтай хардан, байнга дарамтлан, хувцас урж шатаах, ажлын байранд ирж хамт олны өмнө хэл амаар доромжилдог болсон. Ухаан алдтал зодчихоод дээрээс ус цацчихаад гараад явж байсан тохиолдол ч олон бий. Олон ч удаа цагдаад дуудлага өгч эрүүлжүүлж, шүүхээр баривчлуулж байсан. 2016 оны 1 сард хоолойд хутга тулган ална гэж дайрч агсан согтуу тавьсан. Үүнээс үүдэн шүүхээс 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 06 дугаар шийтгэврээр 3 сарын хугацаагаар тусдаа амьдрах эрх хязгаарлах арга хэмжээ авсан. Энэ хугацаанд ч бас архи ууж, гэрт ирэн агсан согтуу тавьж, байхгүй хойгуур цоож эвдэн орж хувцас хунар шатааж байсан. Олон жил энэ байдлыг нь тэсч ирсэн. Цаашид сэтгэл амар, тайван амьдрахыг хүсч байна. Иймд бидний гэрлэлтийг цуцлаж, хүү Ц.Лхагванямыг миний асрамжинд үлдээж өгнө үү. Ажил хийдэггүй, байнга архи уудаг энэ хүнээс хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй. Бидний дунд эд хөрөнгийн маргаангүй гэв.

Хариуцагч Х.Цогзоригт шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би В.Жавзмаатай 1992 онд гэр бүл болж бидний дундаас 2005 онд хүү Ц.Лхагваням төрсөн. 2014 оноос гэр бүлийн байдал тогтворгүй болж В.Жавзмаа нь Ууганбаяр гэж хүнтэй нэр холбогдож бидний дунд хэрүүл маргаан үүсэж эхэлсэн. Би архи уух нь уудаг гэхдээ агсан согтуу тавьж, зодож нүддэггүй. Жавзмаагийн ярьж байгаа шиг 20 гаруй жил агсан согтуу тавьж, зодож нүдэж байсан бол хүн тэсэхгүй байх. Жавзмаа өөрөө өөр хүнтэй гэр бүлийн харьцаа үүсгэж гэрлэлтээ цуцлуулах гэж байгаа тул гэрлэлт цуцлахыг зөвшөөрч байна. Харин хүүгээ би өөрийнхөө асрамжинд авна. Эд хөрөнгийн маргаангүй гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч В.Жавзмаа нь хариуцагч Х.Цогзоригтод холбогдуулан шүүхэд гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ.

В.Жавзмаа, Х.Цогзоригт нар нь 1992 оны 02 дугаар сарын 12-ны өдөр гэр бүл болж, гэрлэлтээ бүртгүүлэн, тэдний дундаас 2005 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүү Ц.Лхагваням төрсөн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хүүхдийн төрсний гэрчилгээнийхуулбар зэргээр тогтоогдож байна. / хх 4 тал/

Хариуцагч Х.Цогзоригт нь архи ууж агсан согтуу тавьж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байснаасүүдэн нэхэмжлэгч гэрлэлтээ цуцлуулах нэхэмжлэл гаргасаныг хариуцагч үгүйсгэж маргажээ.

Хариуцагч Х.Цогзоригт нь архи, согтууруулах ундааны зүйл байнга хэрэглэж, нэхэмжлэгчид хүч хэрэглэж биед нь халдах, айлган сүрдүүлэх зэргээр сэтгэл санаа, бие махбодийн байнгын хүчирхийлэл дарамт үзүүлдэг болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Х.Цогзригтыг В.Жавзмаагаас тусдаа амьдрахыг даалгаж, түүний асрамжинд байгаа насанд хүрээгүй Ц.Лхагванямтай харилцахыг хориглож, эрх хязгаарлах арга хэмжээг 3 сарын хугацаагаар тогтоосон Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 06 дугаар шийтгэвэр, /хх 5 тал/ Булган аймгийн Цагдаагийн Газраас ирүүлсэн саатуулсан хүний талаарх бүртгэл /хх 43-54 тал/ зэргээр тогтоогдож байна.

Хариуцагч Х.Цогзоригт нь архи согтууруулах ундааны зүйл байнга хэрэглэж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаа нь гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой аюул, хор уршиг учирч болзошгүй нөхцөл байдлыг харгалзан шүүх эвлэрүүлэх хугацаа өгөлгүйгээр тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч Х.Цогзоригт нь хүү Ц.Лхагванямыг өөрийнхөө асрамжинд авна гэж маргаж байгаа хэдий ч шүүх хариуцагч архи согтууруулах ундааны зүйл байнга хэрэглэж, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг зэргийг харгалзан 2005 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн хүү Ц.Лхагванямыг эх В.Жавзмаагийн асрамжинд үлдээх зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй, зохигчид нь эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурьдахаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.4-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасныг баримтлан Булгачин овогт Ванчигийн Жавзмаа, Боржигон овогт Хоролсүрэнгийн Цогзоригт нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2005 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн хүү Ц.Лхагванямыг эх В.Жавзмаагийн асрамжинд үлдээсүгэй.

3. Нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй, зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэснийг тус тус дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж Төрийн санд олгосугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д заасныг баримтлан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Энх-Амгаланд даалгасугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаарзохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН