Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 24

 

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч: С.Болорзул,

Нарийн бичгийн дарга: Ж.Чимэддорж,

Хохирогч: Г.Ю,

Шүүгдэгч: Д.З, түүний өмгөөлөгч Л.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Болорзулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1914004500313 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, 1987 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Баянхонгор аймгийн Галуут суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, Таван толгой ХХК-д хувираа хөдөлмөр эрхэлдэг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь Баянхонгор аймгийн сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар 1 жил 02 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзах ялаар шийтгэгдэж байсан  Д.З

Холбогдсон хэргийн талаар:

      Шүүгдэгч Д.З нь 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдөр, мөн 2019 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар багийн нутаг 55-11 тоотод гэр бүлийн хамаарал бүхий хүн болох хамтран амьдрагч Г.Юыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/                                                

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

     1.Шүүгдэгч Д.Зын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

  ... Би сургуулийн үүдэнд Юмжавтай тэнд байсан. Би Юмжавтай уулзаад хэрэлдээд Юмжавтай машинаас буугаад зугтаагаад Хас биллъяардны арын задгай хашаанд ороод тэнд Юмжавтай хэрэлдээд эхлээд гараараа би Юмжавыг нэг удаа цохиод түлхсэн чинь хашааны хаалганы буланг толгойн ар хэсгээр мөргөөд унасан. Тэгж байтал тэр хашааны тэр хавиас эмэгтэй хүн гарч ирээд юу болж байна гээд намайг хашаанаас аваад гарсан. Тэр эмэгтэй хүнийг танихгүй юм байна лээ. Мөн Сэлэнгэ багш надтай зөрөөд хашаанд яваад орсон юм. Тэгээд цагдаа ирээд намайг аваад явсан. Дараа нь 6 дугаар сарын 08-нд Юмжав ээжийндээ очсон байсан би тэгээд орой залгаад 2 хүүхдээ аваад харьяа гээд гэрт нь би очоод эхнэр хүүхдээ аваад гэртээ ирсэн. Тэгээд бид 2 дахиад хэрэлдэж байгаад би Юмжавыг барьж аваад тохойгоороо 1 цохиод 1 удаа түлхсэн. Тэгээд Юмжав гэрээс гараад зугтаагаад хажуу айлын хашаанд орсон. Би араас нь ороход манай хүүхдүүд бас дагаж орсон. тэр хашааны эгч юу болж байна гээд Юмжав тэр айлын эгчид ээжийг дуудаадах гээд ээж рүүгээ залгуулж ээж нь ирээд Юмжавыг аваад явсан. гэх мэдүүлэг /хх-ийн 56 /

      2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.З мэдүүлэхдээ: ярих зүйлгүй гэв.

   3. Хохирогч Г.Юын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

      ... 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдөр санагдаж байна. Тэгээд өдөр нь гэртээ маргалдсан талаараа ярьж байснаа “чи намайг хүрээд ир гэхээр ирдэггүй мөртөө ангийнхаа хүүхэд дээр ирдэг л юм байна ш дээ” гээд шууд миний нүүр рүү 2 гараараа цохисон. Тэгэхээр нь би машинаас буугаад зугтаасан чинь араас ирээд гараараа цохиж зодсон. Дараа нь 2019 оны 06 дугаар сарын 08-ны өдөр  З утсаа авахгүй болохоор би хайж гол дээр очсон. Гэртээ хариад  З уйлж байснаа гэнэтхэн миний авсан Эс-8 утаснаас болж маргасан. Тэгээд аймаар орилоод байхаар нь би өмнө нь зодуулсан учраас айгаад гараад зугтаачихсан. Тэгээд том хүүхэд ээжээ гэж орилоод уйлж гүйж ирсэн. Тэгээд би гудамжинд  Зд баригдаад  З намайг үсдээд толгой руу цохиж, өшиглөж зодсон. Тэгээд би айлын хашаанд гүйж орж туслаарай гэж айлын байшингийн хаалгыг татсан чинь хаалгаа онгойлгож өгөөгүй. Тэгээд  З үснээс зулгааж нүүр рүү өшиглөхөд уруул томбойж арьс нь уншиж, шүд хөдөлсөн. гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 /

      4. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Ю мэдүүлэхдээ: Үндсэн хуульд заасан эрхийн дагуу нөхрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэв.

      5. Гэрч Д.Саранцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

      ... 2019 оны 06 дугаар сарын үед үед саяхан болсон юм. Орой харанхуй болсон байхад танихгүй эмэгтэй над руу залгаад “танай хүүхэд чинь ирээд аваадах гээд байна нөхөр нь согтуу зодоод байна” гэсэн тэгээд би бэрийнхээ машинаар очиход Юмжав хажуу хашаан дотор нь байшингийнхан нь цонхон дээр сууж байсан.  З хажууд нь байсан ба хүүхэд нь бас байсан.  З архи уучихсан байсан. Би хүүхдүүдээ аваад гэртээ ирэхэд Юмжавын уруул нь хавдаж дотор тал нь хэгзэрсэн байсан. Юмжав шүд хөдөлчихлөө гэж байсан. Гэхдээ шүдэндээ гар хүргээгүй хөндүүрлэж байна гэсэн. Манайхаас гарахдаа зүгээр явсан, тэгээд гэртээ харихдаа зодуулсан байсан юм. гэх мэдүүлэг /хх-ийн 22/

      6. Насанд хүрээгүй гэрч З.Энххүслэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

      ... Хүүхдийн баяраас хойш хэдний өдрийг мэдэхгүй аав ээжийг зодсон. Тэгэхэд ээж гэрээс гараад зугтаасан чинь аав араас нь гараад гудамжинд ээжийн үснээс аав зулгааж ам руу өшиглөж, гараараа бас нүүр рүү нь цохисон. Тэгэхэд ээжийн шүднээс цус гарсан. Ээж зугтаагаад хажуугийн дэлгүүрийн гэр руу нь орох гэхэд хаалга нь хаалттай онгойгоогүй. Тэгэхээр нь цонхон дээр нь очоод туслаарай гэхэд цонхоор дэлгүүрийн эгч хараад байсан. Тэгээд ээж эмээ рүү утсаар залгаад өгөөч гээд тэр эгчийг гуйж эмээг дуудсан ирээд бид нарыг авч явсан. Ээж айсандаа гадагш гараад аав араас нь хөөж гудамжинд зодсон. Өмнө аав ээжийг зодсон гэсэн гэхдээ би мэдэхгүй байна. гэх мэдүүлэг /хх-ийн 23/

7. Гэрч Б.Сэлэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

      ... 2019 оны 06 дугаар сарын 02-ны орой урд мөхөөлдөсний хашаанд эмэгтэй хүний уйлах чимээ гарахаар нь би ганцаараа яваад очиход зөрөөд Юмжавын нөхөр нь эмэгтэй хүнтэй хашааны хаалганы гадаа гарч таарсан. Би хашаанд ороход Юмжав ганцаараа цементэн довжоон дээр уйлаад сууж байсан. Юмжавын толгойн арын хэсгээс цус гарч байсан. Би түүнээс юу болсон талаар асуухад “манай нөхөр намайг цохиод зодчихлоо” гэж байсан. Нөхөр нь тухайн үед согтуу харагдаж байсан. гэх мэдүүлэг /хх-ийн 24/

8. Гэрч О.Оюунмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

      ... өдрийг нь сайн мэдэхгүй байна. хөдөө гарахаас өмнө би гэртээ байж байхад орой харанхуй болж байхад гэнэт манай байшингийн хаалгыг нүдээд “аваарай намайг алах гээд байна байна зодох гээд байна” гээд эмэгтэй хүн уйлж дуугарахаар нь би цонхоор харахад манай баруун хашааны эхнэр нөхөр хоёр 2 байсан ба эрэгтэй хүүхэд нь ээжийнхээ дэргэд уйлсан байсан. Эмэгтэй бага хүүхэд нь уйлаагүй байсан. Нөхөр нь болох эрэгтэй нь уусан байж магадгүй байдалтай байсан. Эхнэр нь болохоор нөхрийгөө намайг цохиж зодсон гээд байсан тэрнээс манай хашаанд миний дэргэд зодоон болоогүй. Эхнэр нь уйлаад хашгираад байсан. Сүүлд нь би яагаад харанхуй шөнө эхнэр хүүхдээ зодоод байдаг юм бэ гэхэд нөхөр нь уур хүрээд би нэг л цохисон байх тэрнээс сүртэй зодоогүй ш дээ гэж байсан. Эхнэр нь надаас ээж рүү залгаад дуудаад өг би гэр рүү явна гэхээр нь би би ээж рүү залгаж дуудаад эхнэрийн нь ээж нь ирж аваад явсан. гэх мэдүүлэг /хх-ийн 27/

 9. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 384 дугаартай шинжээчийн:

              1. Г. Юмжавын биед тархи доргилт, зүүн дээд 1-р шүдний сулрал, дээд уруул баруун бугалга, зүүг гуя, нуруунд цус хуралт, дагзанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх тархи доргилт, зүүн дээд 1-р шүдний сулрал, дээд уруулын цус хуралт гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн харин баруун бугалга, зүүн гуя, нуруунд цус хуралт, да1-зны зулгаралт гэмтэл нь 5-8 хоногийн өмнө үүссэн байх боломжтой.

              2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

             3. Дээрх тархи доргилт, зүүн дээд 1-р шүдний сулрал, дээд уруулын цус хуралт гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин баруун бугалга, зүүн гуя, нуруунд цус хуралт. дагзны зулгаралт нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

            4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх-ийн 10/ болон хавтаст хэргийн 59-62 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч Д.Зын эзэмшлийн гар утас битүүмжилсэн тэмдэглэлүүд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

         Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгч Д.З нь 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдөр, мөн 2019 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар багийн нутаг 55-11 тоотод гэр бүлийн хамаарал бүхий хүн болох хамтран амьдрагч Г.Юыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт болсон нь хохирогч Г.Ю, гэрч Д.Саранцэцэг, Б.Сэлэнгэ, О.Оюумаа, насанд хүрээгүй гэрч З.Энххүслэн нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 384 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Д.Зыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Д.Зд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч гурван зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх, шүүгдэгчийн өмгөөлөгч торгох ялаар шийтгэх талаар дүгнэлт гаргасан бөгөөд Шүүх шүүгдэгч Д.Зд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.             

            Шүүгдэгч Д.Зын эзэмшлийн “Орро” маркийн гар утсыг битүүмжилсэн 2019 оны 08 дугаар сарын 12-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх гар утсыг  эзэмшигч Д.Зд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу буцаан олгохоор шийдвэрлэв.

 Шүүгдэгч Д.Зд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.З нь энэ хэргийн улмаас хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдав.

Шүүгдэгч Д.З нь урьд нь ял шийтгэгдэж байсан талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдсэн байх тул түүнийг урьд нь ял шийтгүүлж байсан гэж үзлээ.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                   ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  Д.Зыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч  Д.Зыг нэг мянган / 1000 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нэг сая / 1.000.000 / төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан Д.Заар шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Д.З нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, хяналт  тавьж хэрэгжүүлж ажиллахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 5. Шүүгдэгч Д.З нь энэ хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.                         

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч Д.Зын эзэмшлийн “Орро” маркийн гар утсыг битүүмжилсэн 2019 оны 08 дугаар сарын 12-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх гар утсыг эзэмшигч Д.Зд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу буцаан олгосугай.

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Д.Зд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

          8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.  

         9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.              

          10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Зд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.