| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 132/2016/00484/И |
| Дугаар | 00463 |
| Огноо | 2016-08-18 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 08 сарын 18 өдөр
Дугаар 00463
Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Дарьсүрэн даргалж, хийсэн шүүх хуралдаанаар Г.Цэцэгмаагийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2016/00484/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч: 1966 онд төрсөн, 50 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, Булган аймгийн Хангал сумын 2 дугаар багт оршин суух Боржгон овогт Готовын Цэцэгмаа /РД:ГЮ66090469/, нарийн бичгийн дарга Э.Цэнгүүн оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Цэцэгмаа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 1966 онд төрсөн. Миний бие 1986 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс Булган аймгийн хүнсний бүтээгдэхүүний захын ангид гахайчнаар, 1987 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс тус ангийн сахиул, цэвэрлэгчээр ажиллаж байгаад 1989 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс Эрдэнэт хотруу шилжсэн. 1990 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс Эрдэнэт хотын Угаалга кабинат-ын цайны газар угаагчаар 1991 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл ажиллаж байсан. Тухайн үед хөтлөгдөж байсан хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй байх тул дээрх жилүүдэд улсад ажиллаж байсныг тогтоож өгнө үү. Би 1985, 1986, 1988, 1992 онуудад хүүхэд төрүүлж байсан гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Цэцэгмаа нь Булган аймгийн хүнсний бүтээгдэхүүний захын ангид 1986 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс 1987 оны 3 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл гахайчнаар, 1987 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл тус ангийн сахиул, цэвэрлэгчээр, Эрдэнэт хотын Угаалга кабинат-ын цайны газарт 1990 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 1991 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл угаагчаар ажиллаж байснаа тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгчийн дээрх нэхэмжлэлийн шаардлага нь нэхэмжлэгчийн тайлбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Булган хотын худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1988 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 57 дугаар ажилд орсныг нөхөн гаргах тухай тушаал, тухайн үед Г.Цэцэгмаатай хамт ажиллаж байсан гэрч Ц.Бямбадоржийн өгсөн ...Би 1972 онд Булган аймгийн Нийтийн хоолны газарт сахиулаар ажилд орж 1995 оныг дуустал ажилласан. Намайг ажиллаж байхад хүнсний бүтээгдэхүүний зах гэж нэрлэдэг байсан санагдаж байна. Г.Цэцэгмаа нь 1986 оноос 1989 оны үед тус ангид ажиллаж байсан гэх мэдүүлэг, гэрч Л.Алтанцэцэгийн өгсөн ...Би 1980 оноос 1985 оныг хүртэл Булган аймгийн Ахуй үйлчилгээний газар ажиллаж байгаад 1985 оноос Булган аймгийн хүнсний бүтээгдэхүүний захын ангид бэлтгэгч, тогоочоор ажилд орсон. Би тус ангийг тартал буюу 1995 оныг хүртэл ажилласан. Г.Цэцэгмаа нь 1986 онд тус ангид манаач, гахайчнаар ажилд орсон. 1989 онд ажлаасаа гарч Орхон аймаг руу шилжсэн гэх мэдүүлэг, гэрч Г.Туяагийн өгсөн ..би 1977 оноос 1992 оныг хүртэл Эрдэнэт хотын нийтийн хоолны төвийн цайны газарт ахлах тогоочоор ажиллаж байсан. Г.Цэцэгмаа нь 1989 оноос 1992 он хүртэл ажиллаж байсан санагдаж байна. 1991 оныг дуустал угаагчаар ажиллаж байсан. Байгууллагаа татан буугдаж бид ажилгүй болсон. Г.Цэцэгмаа нь тасралтгүй ажиллаж байсан гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Боржгон овогт Готовын Цэцэгмааг Булган аймгийн хүнсний бүтээгдэхүүний захын ангид 1986 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс 1987 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл гахайчнаар 6 /зургаа/ сар, 12 /арван хоёр/ хоног, 1987 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл тус ангийн сахиул, цэвэрлэгчээр 2 /хоёр жил/, 5 /тав/ сар, 20 /хорь/ хоног, Эрдэнэт хотын Угаалга кабинат-ын цайны газарт 1990 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 1991 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл угаагчаар 1 /нэг/ жил, 1 /нэг/ сар, 16 /арван зургаа/ хоног, улсад нийт 4 /дөрөв/ жил, 1 /нэг/ сар, 18 /арван найм/ хоног ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН