| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 132/2016/00502/И |
| Дугаар | 00464 |
| Огноо | 2016-08-18 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 08 сарын 18 өдөр
Дугаар 00464
Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Дарьсүрэн даргалж, хийсэн шүүх хуралдаанаар Д.Сэнгээгийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2016/00502/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч: 1956 онд төрсөн, 60 настай, эрэгтэй, бага боловсролтой, Булган аймгийн Тэшиг сумын 3 дугаар багт оршин суух, Гоёжамц овогт Дондивын Сэнгээ /РД:ГЙ56070133/, нарийн бичгийн дарга Э.Цэнгүүн оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Сэнгээ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1956 онд Булган аймгийн Тэшзиг суманд төрсөн. Би Булган аймгийн Тэшиг сумын Шинэ амьдрал нэгдэлд 1973 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртал малчнаар ажиллаж байсан. Тухайн үед хөтлөгдөж байсан хөдөлмөрийн дэвтэр шатсан, ажилд орсон гарсан тушаал олдохгүй байгаа тул Булган аймгийн Тэшиг сумын Шинэ амьдрал нэгдэлд 1973 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 1974 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1977 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1981 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Сэнгээ нь Булган аймгийн Тэшиг сумын Шинэ амьдрал нэгдэлд 1973 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 1974 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1977 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1981 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байснаа тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгчийн дээрх нэхэмжлэлийн шаардлага нь нэхэмжлэгчийн тайлбар, Булган аймгийн Архивын тасгийн 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 33 дугаартай цалингийн лавлагаа, тухайн үед Д.Сэнгээтэй хамт ажиллаж байсан гэрч Д.Түвдэндоржийн өгсөн ...Би 1975 онд Булган аймгийн Тэшиг сумын Худалдаа бэлтгэлийн ангид агентаар ажиллаж байгаад Шинэ амьдрал нэгдлийн няраваар 1985 оноос 1990 оныг дуустал ажилласан. Д.Сэнгээ нь 1973 оноос 1981 оныг хүртэл нэгдлийн үхэрчнээр, 1981 оноос 1990 оныг дуустал адуучнаар ажиллаж байсан. Би Тэшиг сумын уугуул иргэн болохоор Д.Сэнгээг ямар ажил хийж байсныг сайн мэдэж байгаа юм гэх мэдүүлэг, гэрч П.Даваахүүгийн өгсөн ...Би Шинэ амьдрал нэгдэл байгуулагдснаас хойш саальчин хийж байгаад 1990 онд тэтгэвэрт гарсан. 50 жилийн өмнөх явдал болохоор яг хэдэн онд анх ажилд орсон гэдгээ сайн санахгүй байна. Д.Сэнгээ нь суурь мал маллаж байсан. 1973 оноос үхэрчин, 1981 оноос адуу маллаж байгаад 1990 онд нэгдэл тарахад ажилгүй болсон байх. 1988 оноос 2 жил дараалан сумын аварга малчин болж байсан хүн гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Гоёжамц овогт Дондивын Сэнгээг Булган аймгийн Тэшиг сумын Шинэ амьдрал нэгдэлд 1973 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 1974 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1977 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1981 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал улсад нийт 14 /арван дөрөв/ жил, 5 /тав/ сар, 24 /хорин дөрөв/ хоног малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн доторБулган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН