Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 00465

 

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Дарьсүрэн даргалж, хийсэн шүүх хуралдаанаар Ж.Дэлгэрдалайн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2016/00495/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч: 1956 онд төрсөн, 60 настай, эрэгтэй, бага боловсролтой, Булган аймгийн Бугат сумын 1 дүгээр багт оршин суух, Цэмбэлтэн овогт Жадамбын Дэлгэрдалай /РД:ГБ56090132/, нарийн бичгийн дарга Э.Цэнгүүн оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Дэлгэрдалай нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1956 онд Булган аймгийн Хантай суманд төрсөн. Би 1974 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1976 оны 07 дугаар сарын 19-ний хүртэл Булган аймгийн Бугат сумын Партизан нэгдэлд мал маллаж байгаад хугацаат цэргийн албанд явсан. 1979 онд цэргээс халагдан ирж 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Булган аймгийн Бугат сумын Партизан нэгдэлд малчнаар орж 1991 оныг дуустал ажилласан. Тухайн үед хөтлөгдөж байсан хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй, орсон гарсан тушаал олдохгүй байх тул 1974 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1976 оны 06 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж Булган аймгийн Бугат сумын Партизан нэгдэлд ажиллаж байсныг тогтоож өгнөө үү гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.Дэлгэрдалай нь Булган аймгийн Бугат сумын Партизан нэгдэлд 1974 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1976 оны 06 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байснаа тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгчийн дээрх нэхэмжлэлийн шаардлага нь нэхэмжлэгчийн тайлбар, Булган аймгийн Архивын тасгийн 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 29 дугаартай цалингийн лавлагаа, 1981 оны 05 дугаар сарын 04-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, тухайн үед Ж.Дэлгэрдалайтай хамт ажиллаж байсан гэрч Г.Туяагийн өгсөн ...Би 1974 онд Булган аймгийн Бугат сумын Партизан нэгдэлд саальчнаар ажилд орж 1992 оныг хүртэл ажилласан. Одоог хүртэл мал маллаж амьдарч байна. Ж.Дэлгэрдалай нь 1979 онд цэргийн албанаас халагдаж ирээд тус нэгдлийн хоньчноор 1992 оныг хүртэл ажилласан гэх мэдүүлэг, гэрч С.Мягмаржавыг өгсөн ...Би 1970 оноос Булган аймгийн Бугат сумын Партизан нэгдэлд малчнаар ажилд орж нэгдэл тартал ажилласан. Ж.Дэлгэрдалай нь 1976 онд цэрэгт явж 1979 онд халагдаж ирээд тус нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Бид нэгдэл тартал буюу 1992 оныг хүртэл малчнаар хамт ажилласан гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Цэмбэлтэн овогт Жадамбын Дэлгэрдалайг Булган аймгийн Бугат сумын Партизан нэгдэлд 1974 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1976 оны 07 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл, 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, улсад нийт 14 /арван дөрөв/ жил, 6 /зургаа/ сар, 19 /арван ес/ хоног ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН