Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 2020/ШЦТ/015

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч: Э.*******а,

Нарийн бичгийн дарга: О.Сувд-эрдэнэ,

Шүүгдэгч: Г.П, түүний өмгөөлөгч Г.Дуламсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.*******аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Пд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* тоот эрүүгийн хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, 1984 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Баянхонгор аймгийн ******* суманд төрсөн, 36 настай, эмэгтэй, боловсрол, мэргэжилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,  Г.П

Холбогдсон хэргийн талаар

 Шүүгдэгч Г.П Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6-15-01 тоот хашааны үүднээс иргэн О.******* нь 2019 оны 05 дугаар сарын 25-ны өдөр ******* БНА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд сууж ******* сум хүргүүлэхдээ уг машинд ******* маркийн гар утсаа гээгдүүлснийг олж авч хувьдаа завшиж 560.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

  1. Шүүгдэгч Г.Пгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 ... 2019 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүүхдийн үсэглэлийн баяр болох гээд гэрийнхээ гудамжны харалдаа Хөх толгойн заман дээрээс таксинд суугаад ямар машин байсныг санахгүй байна. Тэгээд ар талынх нь суудал дээр суугаад 4 дүгээр арван жилийн ар талын гандантай засмал зам дээр буухад миний сууж явсан машины доод шалан дээр хар хөх өнгийн хавтгай, маркийг нь мэдэхгүй гар утас байсан. Мөн тэр гар утас дуугараад байсан. Тэгэхээр нь утас дуугараад байна гэж жолоочид хэлэхэд миний утас бишээ гэсэн тэгээд би тухайн утсыг машинаас аваад буусан. Хүүхдийн үсэглэлийн баяраас хоцрох гээд байсан учир тухайн гар утсыг бариад хүүхдийнхээ баярт орчхоод орой 22 цаг болж байхад гэртээ ирсэн. Тухайн үед утас асаалттай байсан дуудлага зөндөө орж байсан Тэгээд хүүхдүүд оролдож байгаад түгжээг нь тайлсан байхаар нь маргаашаас нь сим картаа хийж ашиглаж эхэлсэн. Тэгээд 10 хоног тухайн гар утсыг барьсан. Намайг тэр утсыг олоход утасны дэлгэц хагархай байсан. Мөн анивчиж байгаад дэлгэц нь шатсан тэгэхээр нь утас засварчинд янзлуулах гээд өгтөл засвар авахгүй юм байна гэхээр нь 30.000 төгрөгөөр сэлбэгт өгсөн. Сүүлд нь цагдаа дээр ирсний дараагаар 30.000 төгрөгийг нь өгсөн байгаа.....гэх мэдүүлэг /хх-ийн 63-64/

            2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.П нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.

   3. Хохирогч О.*******ий мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2019 оны 05 сарын 25-ны өдөр такси бариад Баян- Овоо сум хүргүүлээд буухдаа утсаа машинд үлдээгээд буусан байсан. Тэгээд тэр өдрөө аймаг орж ирээд машинаа хайгаад олоогүй цагдаад өргөдөл өгчхөөд явж байгаад машинаа олж уулзахад жолооч нь юу яриад байгаа юм чи өөрөө машинаас бууж суухдаа унагаасан юм байгаа биз гээд загнаад байсан... Би 12 цаг өнгөрч байхад Баянхонгор аймгийн төвөөс гараад замдаа замын зардал 30.000 төгрөгийг өөрийн утсаараа мобайл банкаар шилжүүлсэн тэгээд сумын төвд ирэхэд 13 цаг өнгөрч байсан би юм буулгаж аваад айлдаа орсон тэгээд өөрийн гар утсаа машинд орхисноо санаад буцаад гэрээс гартал миний сууж ирсэн такси яваад өгсөн байсан миний ирсэн айлд утастай хүн байхгүй байсан болохоор ойролцоогоор 10 минутын хугацаа алдсан байх айлаасаа гараад урагшаа ажлын газар луугаа яваад утас олоод өөрийнхөө дугаар луу нийт 8 удаа залгасан үүнээс сүүлийн 2 удаа миний утсыг авсан хэр нь дуугарахгүй байж байгаад таслаад байсан тэгээд тэр өдрөө 14 цаг өнгөрч байхад аймгийн төв руу орж ирээд нөгөө машинаа хайтал олдоогүй байж байгаад 4-5 хоногийн дараа цагдаад өргөдлөө өгчхөөд явж байтал гар утсаа орхисон гэх таксины жолоочтой таарч уулзсан.. Би хамгийн сүүлд ******* сум руу явахдаа яриагүй аймгийн төвд байхдаа утсаар ярьж байсан яг үнэнээ хэлэхэд санахгүй байна. Би хохирлоо бэлэн мөнгөөр барагдуулж авсан мөн миний гар утасны дэлгэц байхгүй ч гаднах гэр, имей кодоор тулгаж үзэхэд миний гар утас мөн байсан болохоор би өөрөө авсан байгаа одоо миний зүгээс хохирол нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг / хх-ийн 27-31/

            4. Гэрч Г.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Би учирсан хохирол болох 30.000 төгрөгөө эргүүлж авсан одоо ямар нэг гомдол санал байхгүй сэлбэгт авсан гар утас нь ашиглагдах боломжгүй ашиглагдвал палад дээрээс нь өөр утастай сэлбэх маягаар ашиглахаар байсан гэхдээ тухайн гар утсыг задлаагүй харин дэлгэц нь хагархай ирсэн болохоор дэлгэцийг нь хаясан байгаа бусдаараа бол яг хэвээрээ байгаа тэр гар утсыг одоо танд гаргаж өгч байна. гэх мэдүүлэг / хх-ийн 34-37/

5. Гэрч Г.*******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

....Г.П нь багийн даруухан чих хатуу гэртээ хүүхдээ хараад байж байдаг. Худлаа хүнд ярьдаггүй үнэнч сэтгэлтэй хүн байгаа юм. Найзлаад 10 гаран жил болж байна. 2 хүүхэдтэй хүүхдүүддээ хайр халамжтай хүнд тусархуу сэтгэлтэй бичиг үсэг мэдэхгүй ах дүү садан муутай ховор ааш зан сайтай хүн....гэх мэдүүлэг /хх-ийн 38-39/

6. Гэрч Б.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

......Би 2019 оны 05 дугаар 20 гарсан байх их л дулаарсан байсан өдрийг нь санахгүй байна Баянхонгор сумын амьчуулын хойд засмалын төгсгөл ертөнцийн зүгээр баруун талын гудамжны үзүүрийн ногоон хаалгатай хашаанаас 20 гаран насны монхор хамартай эмэгтэй хүн гарч ирээд гараа өргөсөн тэгэхээр нь зогстол ахаа Баян-овоо сум руу явах уу хүүхэдтэйгээ хоёулаа явах юм гэхээр нь би 30.000 төгрөгөөр явна ш дээ гэхэд тэгье гэсэн тэгээд тэр хүүхнийг аваад тэр хүүхнийг авахаас өмнө хоёр эмэгтэй охин суусан байсан эхлээд тэр хоёр охиныг зах дээр буулгаад буцаад 5 дугаар цэцэрлэг ороод нөгөө хүүхэн хүүхдээ авсан тэндээс доод зах ороод Наранбулаг дэлгүүр лүү тэр хүүхэн ороод надад нэг цэвэр ус өөртөө уух юм мандарин жимс авсан байсан тэгээд шууд Баян- Овоо сум руу явсан цаг 12 болж байсан байх ирэхэд 13 цаг болоод манай сургуулийн хүүхдийн хичээл орох цаг болж байсан. Баян-овоо сум руу явах замд тэр хүүхэн ******* сумын байгаль орчны байцаагч тэндхийн уурхайг хариуцдаг талаар юм яриад байсан тэгэхээр нь би манай нэг ажилгүй дүү байдаг оруулах талаар юм ярихад болж магадгүй манай нөхөр “Цагаан цахир” дээр чулууны нүхтэй гээд байсан тэгээд явж байтал сум ороод ирсэн би түүнийг хүүхэдтэй нь буулгаад тээшинд хийсэн ачааг нь хамт гаргаж өгөөд явлаа шүү гэж хэлээд явсан тэндээс явж байгаад ******* сумаас гарч яваад овооны тэр хавьд би зогсоод машиныхаа дотор талын урд хойд талын шалавчийг авч гөвж цэвэрлэсэн учир нь тэр хүүхэн замдаа хүүхдэдээ мандарин цэвэрлэж өгөөд өөрөө ч идээд надад ч гэсэн өгөөд тэгээд ундаа ус уугаад яваад байсан тэр хогоо шалавчаар хаясан байсан хүүхэд нь жоохон 2 ой гарантаа гэмээр хүүхэд байсан тэгээд намайг шалавч цэвэрлэхэд ямар нэг гар утас харагдаагүй хэрвээ байсан бол буцаж давхиад өгөх байсан тэгээд тэр өдрөөс хойш 4-6 хоногийн дараа намайг дунд захын урд талын зам дээр зогсож байтал нөгөө ******* суманд хүргэж өгсөн хүүхэн эгчийн хамт над дээр ирээд утсаа авъя ахаа гэсэн тэгэхээр нь юу утас гэтэл танаар хүргүүлээд буухдаа гар утсаа машинд чинь орхиод буусан байна лээ гэсэн тэгэхээр нь би юун утас бэ мэдэхгүй байна байхгүй байсан шүү гэтэл утсаа авъя гээд нэхээд байсан тэгэхээр нь би ******* сумаас аймаг орж иртэл миний машинд ямар нэг гар утас дуугараагүй аймгийн төв руу орж ирээд шууд таксинд яваад эхэлсэн гэж хэлсэн тэгсэн хажууд нь байсан хүүхэн 1.000.000 төгрөгийн утас цагдаад өгнө гээд яваад өгсөн. Миний машинд гар утсаа орхиод явдаг тохиолдолд гарч л байдаг би өөрөө олох юм бол аваад дуугарахыг нь хүлээж байгаад залгахаар нь хүнд нь буцаагаад аваачаад өгчихдөг. Машинд сууж явсан хүүхэн эхлээд гэрээсээ машины жолоочийн хажуу талын урд суудал дээр суугаад хавтгай дэлгэцтэй гар утсаараа ярьж байсан дараа нь нөгөө зах дээр хүргэж өгсөн 2 эмэгтэйн дараа цэцэрлэг орохдоо яриад Наранбулаг ороод Баян-овоо сум руу гарч явахад зардлын 30.000 төгрөгийг мобайл банкаар манай эхнэрийн данс руу шилжүүлсэн. Аймгийн төвөөс гарахад гар утас нь байсан замдаа гар утсаараа ярьсан талаар сайн санахгүй байна миний зүгээс буцаад аймаг явах замдаа шалавчаа авч сэгсрэхэд ямар нэг утас харагдаагүй миний машин нь ******* БНХ маркийн ногоон приүс 20 маркийн машин хэрэв гар утас байгаад доошоо шалавч руу унасан бол харагдана. Харин хоёр талын карма руу буюу дунд хайрцаг болон хаалга суудал хоёрын завсар луу гар утас унасан бол шалавч авахад харагдахгүй нэлээн явж байж яваан дундаа сэгсрэгдэж байж гулгаад шалавч рүү орох боломжтой. Би аймгийн төв рүү орж ирээд түүхий эдийн хашаа рүү ортол жоохон хүүхэд гараа өргөхөөр нь суулгаад сургууль гэхээр нь хуучин биржийн урд талын Шижир ойл колонкоос бензин хийгээд сургуулийнх нь хажууд гарц дээр буулгаад дээшээ өгсөөд 10 мянгат ороод гараа өргөсөн хүмүүс аваад үргэлжлүүлээд төв дээр орой 18 цаг хүртэл таксинд явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 40-42/

7. Гэрч С.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

.....Н.Пагамсүрэнтэй нэг доор цуг ажиллаж байсан эгч нь байгаа юм ямар нэг төрөл садны холбоо байхгүй. Г.П надтай хамт 5-6 жил ажилласан. Төрөлхийн ааш зан хүнтэй эвсэг ямар нэг элдэв ааш зан хулгай тийм зүйл байхгүй. Төрөлхийн чих дүлий, хөл нь хазгар ямар нэг боловсрол байхгүй, сургуульд сурч байгаагүй миний ажилладаг “” ресторанд үйлчлэгчийн ажил хийдэг байсан. Г.П нь 2 хүүхэдтэй нөхөр нь сайн залуу байдаг аюулгүй халамжтай байдаг. Хүний хэлснээр байдаг даруухан үг дуу цөөтэй хүн чанар сайтай бусдад тусархуу, хоол унд хийх талдаа сайн. Цэвэрлэгээ үйлчилгээндээ аягүй сайн байсан. Бие нь өвдөөд сүүлийн 3-4 жил эмнэлгээр явж байгаа бамбайн өвчинтэй Улаанбаатар хот 1 дүгээр эмнэлгийн харьяанд эмнэлгийн хяналтад байдаг. Тэндээ очиж үзүүлдэг. Мөн энд группд байдаг. 10 настайгаасаа эхлэн группд орсон гэдэг. Ах дүү төрөл садан муутай байдаг юм шиг байна лээ...гэх мэдүүлэг /хх-ийн 43-44/

8. Гэрч Б.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

.... 2019 оны 05 дугаар сарын 20-д гарч байсан байх хүүхдийн баяр болохоос өмнөхөн манай эхнэр Пагмасүрэн нь хөх өнгийн хавтгай дэлгэцтэй гар утас оллоо дэлгэц нь цуурсан байна гэж гэртээ ирсэн тэгээд 2-3 хоног гэртээ байлгаад сүүлд нь би сим картаа хийж 88982787 дугаарыг хийж барьж байсан тэгээд барьж байтал сүүлд нь дэлгэц нь хагарсан байсан болохоор харлаад алга болсон тэгээд утас засварчинд засуулах гээд өгтөл засвар авахгүй юм байна гэсэн тэгэхээр нь сэлбэгт 30.000 төгрөгөөр өгсөн. Манай эхнэр хэлэхдээ хүүхдээ сургуульд нь хүргэж өгөх гэж байгаад 4 дүгээр арван жилийн ар талын засмал зам дээрээс такинд суугаад буух гэхэд гар утас байсан тэгээд жолоочоос нь асуусан чинь миний утас биш гэхээр нь аваад буусан гэж хэлсэн..” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46/

9. ХХК-н 2019 оны 6 сарын 10-ны өдрийн 310 дугаартай шинжээчийн:

10. Самсунг Ж7 маркийн гар утас 560.000 төгрөг гэх дүгнэлт /хх-ийн 17-18/

11. Нарийн мэргэжлийн эмч нарын 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 84 дугаар

1. Яллагдагч  Г.П нь сэтгэцийн хувьд Оюуны хомсдол өвчтэй. Болсон байдлыг зөв тусган авч үнэн зөв мэдүүлэх өгөх чадвартай. Сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай.

2. Оюуны хомсдол нь төрөлхийн өвчин. Одоо ээнэгшлийн шатандаа байна.

3. Дуу дамжуулах мэдрэл-мэдрэхүйн холимог хэлбэрийн хүнд зэргийн бууралттай оношны учир чих хамар эмчийн хяналтад байдаг.

4. Яллагдагч  Г.П нь урьд өмнө нь сэтгэцийн хувьд Оюуны хомсдол өвчтэй. Энэ нь сургуульд сурч байгаагүй, сэтгэхүйн үйл ажиллагаа хоцронги байдлаар илэрхийлэгдэж байна.

5. Яллагдагч  Г.П нь тухайн хэрэг үйл явдал болсноос хойш сэтгэцийн хувьд айдсын эмгэгтэй болсон байна. Энэ нь сэтгэл засал болон эмийн эмчилгээгээр эмчлэгдэх боломжтой....гэх дүгнэлт /хх-ийн 51-52/, хавтаст хэргийн 68 дугаар хуудсанд авагдсан эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, хавтаст хэргийн 73 дугаар хуудсанд авагдсан хаан банкны тодорхойлолт, хавтаст хэргийн 81 дугаар хуудсанд авагдсан иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, хавтаст хэргийн 84 дугаар хуудсанд авагдсан эвлэрлийн гэрээ, хавтаст хэргийн 87 дугаар хуудсанд авагдсан нэг настай үеийн эрүүл мэндийн талаарх дүгнэлт, хавтаст хэргийн 70 дугаар хуудсанд авагдсан ял шийтгэлтэй эсэхийг шалгасан хуудас зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

     Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс гэм буруугийн талаар мэтгэлцэхгүй торгох ялын доод хэмжээг оногдуулах талаар дүгнэлт гаргасныг дурдаж шийдвэрлэв.

Шүүхээс шүүгдэгч Г.П нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6-15-01 тоот хашааны үүднээс иргэн О.******* нь 2019 оны 05 дугаар сарын 25-ны өдөр ******* БНА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд сууж ******* сум хүргүүлэхдээ уг машинд ******* маркийн гар утсаа гээгдүүлснийг олж авч хувьдаа завшиж 560.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болсон нь хохирогч О.*******, гэрч Г.*******, Б.*******а, Б. нарын мэдүүлэг, үнэлгээний ХХК-н 310 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна.

Иймд шүүхээс шүүгдэгч Г.Пг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул Г.Пд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Г.Пд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Г.П нь оюуны хомсдолын өвчтэй боловч хэрэг хариуцах чадвартай, түүнд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй талаар эмч нарын 84 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байх тул түүнд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

            Шүүх шүүгдэгч Г.Пгийн орлого олох боломжийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

            Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Г.П нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 Шүүгдэгч Г.Пд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  Г.Пг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч  Г.Пг дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг ялтан Г.Пг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Г.П нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван / 15 / нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдаж биелэлтэд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.   

5. Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Г.П нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д  зааснаар шүүгдэгч Г.Пд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй. 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Пд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Д.БАТЦЭНГЭЛ