| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 102/2016/06655/И |
| Дугаар | 102/ШШ2016/05660 |
| Огноо | 2016-11-08 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 08 өдөр
Дугаар 102/ШШ2016/05660
| 2016 оны 11 сарын 08 өдөр | Дугаар 102/ШШ2016/05660 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, 12.3 дугаар байрны 07 тоотод оршин байгаа Рояал гоулд ХХК-ийн,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж, Рокмон бюлдинг, 307 тоотод оршин байгаа Монгол дайвин ХХК-д холбогдуулан гаргасан
Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 45,060,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, мөн сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтүвшин, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гантөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Рояал гоулд ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтүвшин шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Тус компани нь Монгол дайвин ХХК-тай хэд хэдэн удаа хамтран ажиллаж байсан. Улмаар 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хариуцагчтай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын нутагт 24 айлын орон сууцны барилгын заслын ажлыг, мөн 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдөр гэрээ байгуулж Төв аймгийн Батсүмбэр суманд Атмор-24 төслийн 27 айлын 3 давхар орон сууцны ажлыг тус тус гүйцэтгэсэн.
Талууд дээрх орон сууцны барилгын ажлыг хийж гүйцэтгэсний дараа ажлын хөлс, төлбөр тооцооны талаар тооцоо нийлсэн акт үйлдсэн байдаг. Ингэхдээ 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн гэрээний хувьд захиалагчаас гүйцэтгэгчид өгөх ажлын хөлсний үлдэгдэл 15,880,000 төгрөг, 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн гэрээний ажлын хөлсний үлдэгдэл 14,160,000 төгрөг болохыг баталгаажуулсан. Талуудын хооронд байгуулсан гэрээнд ажлын хөлсийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд алданги төлөхөөр зохицуулсан байдаг.
2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Барилгын ажил гүйцэтгэх гэрээний 1.1-т барилгын дотоод заслыг түлхүүр гардуулах нөхцлөөр хүлээлгэн өгнө гэж заасан байгаа. Тиймээс уг гэрээ нь барилгын бусад карказ дүүргэлт, хучилт, дээврийн ажил зэрэгтэй холбоогүй юм. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дээврийн ажлын доголдлоос болж 34,741,229 төгрөгийн хохирол учирсан гэдгийг нотлох баримтгүйгээр тайлбарлаж байна. Дээврийн ажлыг Сүхбаатар аймгийн Засаг даргын орлогчийн нэг компаниар хийлгүүлсэн бөгөөд уг компани нь дээврийн ажлыг хувь хүмүүсээр хийлгүүлсэн.
Талууд гэрээг 2015 оны 10 дугаар сарын 24-ний өдөр дүгнэж, тооцоо нийлэх үедээ дээврийн доголдлын талаар ярилцаж байсан. Тухайн үед дээврийн доголдлыг засахад 7 сая төгрөгийн зардал гаргахаар байсан тул уг мөнгөө өгөх юм бол засч өгье гэсэн саналыг манай зүгээс хариуцагч компанид тавьж байсан. Бусад жижиг заслын ажлуудыг тухай бүрт нь засаад хүлээлгэж өгсөн.
Захиалагч тал ажлын хөлсөнд 4500 боодол өвс өгөхөөр тохиролцсон гэрээний үүргийн гүйцэтгэлээ зөрчсөн.
Хариуцагч тал дээврийн доголдлын асуудлаар сөрөг нэхэмжлэл гаргах гэж байснаас харахад баригдсан уг дээврийн ажлын доголдлын талаарх маргаан цаашид ч гэсэн хөндөгдөж гарч ирэх юм байна гэж ойлгож байна. Тэр үед нь энэ асуудал эцэслэн шийдвэрлэгдэх байх гэж бодож байна.
Иймээс эхний гэрээний алдангид 7,940,000 төгрөг, 2 дахь гэрээний алдангид 7,080,000 төгрөг, нийт 15,020,000 төгрөг, ажлын хөлсөнд 30,040,000 төгрөг, нийт 45,060,000 төгрөгийг хариуцагч Монгол дайвин ХХК-иас нэхэмжилж байна гэв.
Хариуцагч Монгол дайвин ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гантөр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлснээр Рояал гоулд ХХК болон Монгол дайвин ХХК-иуд нь 2 төрлийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажилласан гэдэг нь үнэн.
Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд баригдсан 24 айлын орон сууцны барилгыг 2016 оны 6 дугаар сард улсын комисст хүлээлгэж өгөөд ашиглалтад оруулсан.
Төв аймгийн Батсүмбэр суманд баригдсан 24 айлын орон сууцны барилгын хувьд нэхэмжлэгч компани ажлаа гүйцэтгэж байгаад тодорхой шалтгааны улмаас бүрэн хийж гүйцэтгэлгүй орхисон бөгөөд бид уг барилгын ажлын хөлс болох 14,160,000 төгрөг дээр маргадаггүй.
Харин Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд баригдсан барилгын хувьд талууд тооцоо нийлсэн акт үйлдсэний дараа харилцан тохиролцож, нэмэлт гэрээ байгуулсан байдаг.
Уг гэрээнд гүйцэтгэгч буюу Рояал гоулд ХХК-ийн зүгээс барилгын дээврийн ажлын доголдлыг хүлээн зөвшөөрч, доголдлыг 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр арилгана гэж тохиролцсон. Гэтэл нэхэмжлэгч компани уг үүргээ биелүүлээгүйгээс өөр компаниар дээврийн доголдлыг засах ажлыг хийж гүйцэтгүүлснээс манай компанид нийт 34,741,229 төгрөгийн хохирол учирсан.
Үүнийг задлан хэлбэл уг ажлыг анх хийхэд 13,000,000 төгрөг, дахин гүйцэтгэхэд материалын зардалд 4,336,574 төгрөг, гүйцэтгэсэн ажлын зардалд 11,404,655 төгрөг, тээврийн зардалд 4,500,000 төгрөг, менежментийн зардалд 1,500,000 төгрөг болсон. Тиймээс нэхэмжлэлийн шаардлага болох 45,060,000 төгрөгөөс 34,741,229 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй, үлдэх 10,318,791 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэв.
Шүүх зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн
нь:
Нэхэмжлэгч Рояал гоулд ХХК нь Монгол дайвин ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 45,060,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжилсэн байна.
Хариуцагч Монгол дайвин ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу Барилгын ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 14,160,000 төгрөг гаргуулах шаардлагыг зөвшөөрдөг, харин 2/03 тоот Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд шаардаж буй төлбөрийг эс зөвшөөрч, маргаж буй үндэслэлээ ... Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд баригдсан 24 айлын орон сууцны барилгын дээврийн ажлын доголдлыг арилгаагүйн улмаас өөр этгээдээр гүйцэтгүүлсэнээс манай компаниид 34,741,229 төгрөгийн хохирол учирсан ..., уг хохирлыг нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасч, 2015 оны 7 дугаар сард байгуулагдсан гэрээний үүргийн гүйцэтгэлд 10,318,791 төгрөгийг төлнө ... гэж тайлбарладаг. /хх-54 дүгээр хуудас/
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болголоо.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаас харахад маргааны талууд болох Монгол дайвин, Рояал гоулд ХХК-иуд нь 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2/03 дугаар Ажил гүйцэтгэх гэрээгээр Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын нутаг дэвсгэрт 24 айлын орон сууцны барилгын заслын ажлыг түлхүүр гардуулах нөхцлөөр хийж гүйцэтгэн, ажлын хөлсөнд 75 сая төгрөг авахаар, мөн оны 7 дугаар сарын 06-ны өдөр Барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулан Төв аймгийн Батсүмбэр суманд захиалагчийн хэрэгжүүлж буй АТМОР-24 төслийн 27 айлын 3 давхар орон сууцыг барьж, ажлын хөлсөнд 35 сая төгрөг авахаар тус тус тохиролцсон байна. /хх-5-8 дугаар тал/
Зохигчид дээрх үйл баримтын талаар маргаагүй тул шүүх тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн харилцаа үүссэн гэж үзлээ.
1.2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2/03 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ-ний хувьд:
Нэхэмжлэгч тал, хариуцагч компаниас 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд буюу ажлын хөлсний үлдэгдэлд 15,880,000 төгрөг, алданги 7,940,000 төгрөг, нийт 23,820,000 төгрөг нэхэмжилсэн.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байхаар заажээ.
Нэхэмжлэгч тал нь Ажил гүйцэтгэх гэрээ-гээр Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын нутаг дэвсгэрт 24 айлын орон сууцны барилгын заслын ажлыг түлхүүр гардуулах нөхцөлтэйгээр хийж гүйцэтгэх үүрэг хүлээсэн байна. /хх-5 дугаар тал/
Улмаар зохигчид нь дээрх гэрээгээ 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр дүгнэж тооцоо нийлсэн акт үйлдэж, актаар Б тал буюу нэхэмжлэгч Рояал гоулд ХХК нь Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд баригдсан 24 айлын орон сууцны барилгын ажлын гүйцэтгэлд гарсан 2 айлын хаалга суулгах, боссон паркетыг засах, дээврээс гоожсон усыг дагаж үүссэн талбайг эмульсдэх, дээврийн ажлыг дахин гүйцэтгэж, доголдлыг арилгах гэх мэт барилгын ажлын гүйцэтгэлтэй холбоотой зардлыг өөрийн материал, ажиллах хүчээр дахин засварлахаар, А тал болох хариуцагч Монгол дайвин ХХК нь энэ актаар тохиролцсоны дагуу нэхэмжлэгчийн ажлын хөлсний үлдэгдэл төлбөр болох 15,880,000 төгрөгийг Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын нутаг дэвсгэрт байрлах хадлангийн талбайгаас 4500 боодол өвс өгч барагдуулахаар тохиролцохдоо хариуцагч нь дээврийн ажлын доголдлоос бусад орон сууцны барилгад гарсан доголдлыг энэ актын 2 дугаар хэсэгт заасан төлбөрийг авахаас өмнө, дээврийн доголдлыг 4 сард багтаан засварлахаар тохиролцсон байх тул шүүх нэхэмжлэгчийг дээврийн ажлыг дахин гүйцэтгэх нэмэлт үүргийг актаар хүлээсэн гэж үзлээ. /хх-10 дугаар тал/
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үеэр ... талууд нэмэлт гэрээгээр дээврийн ажлын доголдлыг хүлээн зөвшөөрч, доголдлыг 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр арилгана гэж тохиролцсон ... гэж мэтгэлцэж байна.
Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж заажээ.
Хэргийн 10 дугаар хуудсанд авагдсан Ажил гүйцэтгэх гэрээг дүгнэж, тооцоо нийлсэн актын 3 дугаар хэсгээс харахад нэхэмжлэгч нь дээврийн доголдлыг 4 сард багтаан засварлахаар, харин дээврийн ажлыг, барилгын заслын ажлын доголдлыг засварлах хугацааг ажлын хөлс төлөхөөс өмнө дуусгахаар тусад нь тохиролцсон гэж үзэхээр байна.
Талууд Ажил гүйцэтгэх гэрээ-ний 3.3.5-д хөлс төлөгдөж байгаа ажлын гүйцэтгэл нь гэрээгээр тохиролцсон ажлын тоо хэмжээ байх ёстой, 3.3.6-д гүйцэтгэгч талын гүйцэтгэсэн ажил нь чанарын шаардлага хангасан, Монгол Улсын норм дүрэм стандартын шаардлага хангасан нөхцөлд захиалагч буюу Монгол дайвин ХХК ажлын хөлс төлөхөөр гэрээндээ тусгасан байдаг.
Маргааны зүйл болох 24 айлын орон сууцны барилгыг улсын комисст хүлээлгэн өгч, улмаар уг орон сууцанд оршин суугчид амьдарч байгаа болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар нотлогддог тул талуудыг уг гэрээгээ дүгнэж, орон сууцыг хүлээж авсан гэж үзэхээр байна. /хх-54 дүгээр хуудас/
Түүнчлэн хариуцагч нь нэхэмжлэгч Рояал гоулд ХХК-ийг барилгын заслын ажилтай холбоотой буюу тооцоо нийлсэн актаар хүлээсэн барилгын заслын ажлын доголдлоо арилгаагүй гэх үйл баримтын талаар маргаагүй, энэ талаар шүүхэд нотлох баримт цуглуулж гаргаж өгөөгүй байна.
Иймээс нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасны дагуу ажлын хөлсний үлдэгдэл төлбөрөө шаардах эрхтэй байх тул хариуцагч Монгол дайвин ХХК-иас 15,880,000 төгрөг гаргуулах нь зүйтэй.
Харин Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан алданги шаардах эрхгүй байна.
Учир нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь гэрээний 5.2 дахь заалтыг үндэслэн алданги нэхэмжилсэн.
Гэтэл уг заалтад захиалагч тал буюу хариуцагч нь гэрээний 3.2.1, 3.2.2 дахь хэсэгт заасан хугацааг хожимдуулсан бол хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар тооцон гүйцэтгэгч буюу Рояал гоулд ХХК-д алданги төлөхөөр хариуцлага ногдуулахаар тусгасан байгаа хэдий ч гэрээнд 3.2.1, 3.2.2 гэсэн заалт байдаггүй тул зохигчдыг үүргийн гүйцэтгэлийг хангах анзын гэрээг байгуулаагүй гэж үзнэ.
Ажил гүйцэтгэх гэрээг дүгнэж, тооцоо нийлсэн актад гэрээний дугаарыг 017 дугаартай гэж бичсэн байсан боловч талуудын хэн аль нь уг актыг 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2/03 тоот гэрээг дүгнэсэн акт гэдэгтэй маргаагүй хүлээн зөвшөөрдөг болохыг дурдав.
Мөн хариуцагч тал дээврийн ажлын доголдлыг нэхэмжлэгч тал арилгаагүйн улмаас манай компанид хохирол учирсан, Рояал гоулд ХХК-д төлөх ёстой ажлын хөлсний үлдэгдлээс суутгаж, зөрүүг өгнө гэж маргадаг боловч уг үйл явдлаа баримтаар нотлоогүй, сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй учир шүүх, талуудыг дээврийн ажилтай холбоотой асуудлаа тусад нь шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Үүний улмаас хариуцагчийн шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн СД бичлэг болон фото зургуудыг шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.
2.2015 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн Барилгын ажил гүйцэтгэх гэрээний хувьд:
Нэхэмжлэгч Рояал гоулд ХХК нь хариуцагч Монгол дайвин ХХК-иас 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн Барилгын ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 14,160,000 төгрөг гаргуулахаар шаардсан.
Хэрэгт авагдсан баримтаас харахад гэрээний талууд Тооцооны үлдэгдлийн баталгаа үйлдэн хоёр байгууллага хооронд 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 11 дүгээр сарын 05-ны өдрийг дуустал хугацаанд өгч авалцсан зүйлээ хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй хураангүй бүртгэлийн бичилтээр нийлэн Монгол дайвин ХХК нь 14,100,000 төгрөгийн өртэй гарсныг харилцан баталж, компанийг төлөөлж эрх бүхий албан тушаалтан болох нягтлан бодогч нар нь гарын үсэг зурсан байдаг. /хх-9 дүгээр тал/
Уг бичгийн нотлох баримтыг хариуцагч тал нь тэдгээрийн хооронд байгуулагдсан 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн Барилгын ажил гүйцэтгэх гэрээг дүгнэн, төлөх ёстой ажлын хөлсийг баталгаажуулсан гэж тайлбарлаж байхын зэрэгцээ энэ гэрээний хувьд тооцоо нийлсэн актын дагуу ажлын хөлсний үлдэгдлээ нэхэмжлэгч компанид төлөөгүй байгаа гэдгээ хүлээн зөвшөөрч маргахгүй байна. /хх-54-55 дугаар хуудас/
Шүүх, талуудыг 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн Барилгын ажил гүйцэтгэх гэрээний хувьд ажлын үр дүнгээ дүгнэн, тооцоо нийлсэнээр уг гэрээ дуусгавар болсон гэж үзлээ.
Хэргийн 7 дугаар хуудсанд авагдсан Барилгын ажил гүйцэтгэх гэрээний 2.2-т талууд гэрээгээр тохиролцсон хугацаа хожимдуулсан бол хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгий 0,5 хувьтай тэнцэх хувьтай тэнцэх хэмжээний алдангийг гэм буруутай тал нөгөө талдаа төлөхөөр тохиролцсон байна.
Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 236 дугаар зүйлийн 236.6-д зааснаар шаардах эрхтэй гэж үзэн хариуцагч Монгол дайвин ХХК-иас ажлын хөлсний үлдэгдэл болох 14,160,000 төгрөгийг алданги 7,080,000 төгрөгийн хамт гаргуулах нь зүйтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 384,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас 343,550 төгрөг гаргуулан Рояал гоулд ХХК-д буцаан олгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 343 дүгээр зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Монгол дайвин ХХК-иас 37,120,000 /гучин долоон сая нэг зуун хорин мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Рояал гоулд ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 7,940,000 /долоон сая есөн зуун дөчин мянган/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 384,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Монгол дайвин ХХК-иас 343,550 төгрөг гаргуулан Рояал гоулд ХХК-д буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн шүүхийн шийдвэрийг энэ хуулийн 119.5-д заасны дагуу хүргүүлснийг гардан авсанд тооцох бөгөөд 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД