Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 182

 

 

 

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Б.Хурц, хохирогч Б.Б, шүүгдэгч Э.С, нарийн бичгийн дарга М.Солонго нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б овогт Э-ны С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1910028840077 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1975 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эмэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын арга зүйч мэргэжилтэй, “Байлзуур” ХХК-д захирал ажилтай, ам бүл 5, нөхөр, хүүхдийн хамт, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Б овогт Э-ны С- /РД: 00000000/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

 Шүүгдэгч Э.С- нь 2019 оны 12 дугаар сарын 07-ны шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хунгийн хотхон 3 дугаар байрны 10 тоот орон сууцанд өр авлагын маргааны улмаас иргэн Б.Б-г гараараа цохиж, маажих зэргээр биед нь халдаж түүнд дээд уруулын зулгарсан шарх, баруун хацар, дух, баруун чихний урд гадаргуу, зүүн гарын 3 дугаар хурууны угийн зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг:

 

Хохирогч Б.Б: “...Иргэн Э.С надаас 40 сая төгрөг, бэлэн хувцас авсан байсныгаа өгөхгүй байхаар нь 2019 оны 12 дугаар сарын 07-ны амралтын өдөр гэртээ байгаа байх гээд гэрт нь очсон, гэрт нь очиход намайг юу хийж яваа юм бэ гээд уурласан. Тэгээд намайг зодсон, гэрт хоёр том, нэг жижиг хүүхэд байсан, Э.С- нь том хүүхэдтэйгээ нийлж зодсон, мөрдөн байцаалтын ажиллагаа нэг талыг барьж явагдсан, хүүхэдтэйгээ нийлж зодсон байхад би харин ч хүүхдийг нь шалга гээгүй, Э.С- урьд нь залилангийн хэргээр шалгагдаж байсан. Зодоон болсны дараа би цагдаа дуудсан, тухайн үед зодуулсныхаа дараа л цагдаа дээр очоод зургаа авахуулаад хэрэгт хавсаргагдсан байгаа. Эмчилгээ хийлгэсэн, нийтдээ 294,000 төгрөгийн зардал гарсан, энэ мөнгийг төлүүлмээр байна, маш их гомдолтой байна...” гэв.

 

Шүүгдэгч Э.С-: “...2019 оны 12 дугаар сарын 7-ны өдөр амралтын өдөр байсан болохоор манайх их орой боссон, босож амжаагүй байхад манай гэрийн хаалгыг маш хүчтэйгээр балбасан, хувцасаа өмсөөд очоод хэн бэ гэхэд Б.Б байна гэхээр нь хаалгаа тайлсан, би та хаалга ямар аймаар балбадаг юм бэ, хажуу айлын хүмүүс байна гэхэд намайг хэл амаар доромжилсон, тэгээд гэрт орж ирээд шууд том өрөөнд ороод буйдан дээр суусан. Би цай хийж өгөх гээд гал  тогооны хэсэгт очоод аяга угааж байхад миний араас ирээд над руу дайрахаар нь би биеэ хамгаалах гэж түлхэхэд хумсаараа нүүрийг нь маажсан байсан, Б.Б намайг шал угаадаг модоор хай сайгүй цохисон, тухайн үедээ Б.Б эгчийг тайвшруулаагүй буруу зүйл хийсэн байна. Тухайн үед миний биед ил харагдах шарх байгаагүй, цагдааг ирэхэд нь шүүх эмнэлэгт үзүүлэхгүй гэж хэлсэн, дараа нь миний хөл, гар хөхөрсөн байсан. Цочирдсондоо Б.Бг түлхсэн, учир зүггүй над руу дайраад байсан. Б.Бг толгойгоор нь дивааны доошоо дарсан, тэр олон гэмтлүүдийг би учруулаагүй. Энэ хүний нүүрэнд гэмтэл учруулсандаа харамсаж байна. Б.Б нь энэ хэргээс хойш миний харилцдаг компани, байгууллага руу миний талаар буруу байдлаар мэдээлэл өгсөн, танихгүй хүмүүсийн хажууд намайг элдвээр хэлсэн, эмчилгээний зардлыг төлнө, хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэв.  

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 12 дугаар сарын 07-ны өдөр би Жигжидийн зуслангаас С-огийн гэрт ирээд хаалганы хонхыг нь дарахад онгойлгохгүй байхаар нь гараараа нүдэхэд С- хаалгаа нээгээд юун аймаар балбадаг юм бэ гээд шууд над руу уурлаад эхэлсэн. Би мөнгөө нэхэхэд “байхгүй мөнгийг чинь яах юм бэ” гэхээр нь би юу болоод байгаа юм бэ гэсэн чинь “танд хэлэх алба уу, бид нар зөндөө өртэй байна” гэсэн. Тэгэхээр нь би буйдан дээр нь суугаад хоёулаа ярилцья гэхэд би тантай юугаа ярьдаг юм гээд гал тогооныхоо тэнд аяга угаагаад зогсоод байхаар нь би яваад очиход С- миний нүүр рүү гараараа мангасдахаар нь үснээс зулгаасан боловч миний гарыг тавиулаад намайг буйдан дээр дарж байгаад өөрийн хүүтэйгээ миний нүүрийг хумсаараа маажиж зодсон, ...” /хх-ийн 9-10/ гэсэн,

 

Гэрч О.Намсрай мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 12 дугаар сарын 07-ны өглөө ажилдаа явах гэж байхад манай эхнэрийн танил Б ороод ирсэн, би Бтай мэндлэхэд дуугарахгүй байсан. Манай эхнэр Бд та хаалга, үүд эвдлээ шүү дээ гэж хэлж байгаа нь сонсогдсон бөгөөд би ажилдаа гараад явсан. Тэгээд ажилдаа явж байхад С- над руу залгахаар нь авахад цаана хүүхэд уйлж байгаа мөн хүн орилж байгаа нь сонсогдсон. Би буцаад гэр рүүгээ ороод ирсэн чинь манай бага хүүхэд уйлчихсан, гэр орон нилээн ундуй сундуй болчихсон байхаар нь юу болсон бэ гэхэд намайг зодсон гэж манай эхнэр хэлсэн. Тэгэхээр нь би та яаж байгаа юм бэ, та авлагатай байж болно, тэглээ гээд хүн зодож байгаа юм уу гэж хэлээд нилээн ярилцсан. Тэр үед гаднаас цагдаа нар орж ирсэн бөгөөд Б цагдаа нарт энэ хоёр нийлж намайг зодсон гэж хэлсэн. ...Тэр өдөр Б, С- хоёрын үс нь арзайчихсан, Бгийн нүүр хэсэгт хумсаараа самардсан болов уу гэмээр улайчихсан байсан, С-н хөл, гар хөхөрсөн байсан...” /хх-ийн 24-26/ гэсэн,

 

Шүүгдэгч Э.С мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 12 дугаар сарын 07-ны өдөр гэртээ амарч байхад манай хаалгыг өшиглөх, чанга цохих чимээ гарахаар нь ...хаалгаа тайлаад Бд та ямар сүртэй юм бэ, тайлахын хооронд өшиглөж, нүдээд байхын гэхэд Б битгий хуцаад бай гээд орж ирээд гутлаа ч тайлахгүй шууд том өрөөний орон дээр суугаад луйварчин авгай минь мөнгө төгрөгөө авмаар байна гэхээр нь та хүүхдүүдийн хажууд юу яриад байгаа юм бэ гэхэд Б би эмнэлэгт хэвтэж байхад нэг ч эм тариа дөхүүлээд өгчихгүй, хүүхэд баригдаад хоригдчихоод байхад нэг ч удаа хамт яваад тус болчихгүй гээд орилж хашгираад байхаар нь та жоохон зөөлөн яриач, хүн амьтан сонсож байна гэж хэлээд цай хийж өгөх гээд аяга угааж байгаад эргээд харсан чинь Б миний нүүр рүү гараараа нэг удаа цохихоор та яагаад байгаа юм бэ гээд текээ тойроод хажууд нь очиход шал угаадаг зүйлээр миний хөл рүү цохихоор би орилоход манай хүү Тэнгис гарч ирээд болиоч гэж хэлсэн. Тэр үед бид хоёр бие биенээ зуурчихсан зогсож байсан. Тухайн үед манай нөхөр Намсрай ажилдаа Б эгчтэй зөрөөд гарсан бөгөөд би нөхөр рүүгээ залгасан чинь буцаад ирсэн. ...Б эгч над руу дайраад байхаар нь би гараараа нүүр рүү нь түлхсэн бөгөөд түлхэж байхдаа нүүрийг нь хумсаараа урчихсан юм байна лээ...” /хх-ийн 97-101/ гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн №30 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Б.Бгийн биед дээд уруулын зулгарсан шарх, баруун хацар, дух, баруун чихний урд гадаргуу, хүзүүний зулгаралт, баруун шууны дотор доод гадаргуу, зүүн гарын 3-р хурууны угийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” /хх-ийн 27-29/ гэсэн дүгнэлт,

- Өргөдөл /хх-ийн 05/,

- Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 83-84/,

- Хохирлын баримтууд /хх-ийн 105-106/

- Шүүгдэгч Э.С-н хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 34/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 36/, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 37/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 36/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт /хх-ийн 40/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Э.С-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

                                                                                                                                 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгч Э.С- нь 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хунгийн хотхоны 3 дугаар байрны 10 тоот орон сууцанд өр авлагын маргааны асуудлаас иргэн Б.Бг гараараа цохих, маажих зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь дээд уруулын зулгарсан шарх, баруун хацар, дух, баруун чихний урд гадаргуу, зүүн гарын 3 дугаар хурууны угийн зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б.Бгийн “...2019 оны 12 дугаар сарын 07-ны өдөр ...С- миний нүүр рүү гараараа мангасдахаар нь үснээс нь зулгаасан боловч миний гарыг тавиулаад намайг буйдан дээр дарж байгаад өөрийн хүүтэйгээ миний нүүрийг хумсаараа маажиж зодсон...” /хх-ийн 9-10/ гэсэн, гэрч О.Намсрайгийн “...2019 оны 12 дугаар сарын 07-ны ...өдөр Б, С- хоёрын үс нь арзайчихсан, Бгийн нүүр хэсэгт хумсаараа самардсан болов уу гэмээр улайчихсан байсан, С-н хөл, гар хөхөрсөн байсан...” /хх-ийн 24-26/ гэсэн, шүүгдэгч Э.С-н “...2019 оны 12 дугаар сарын 07-ны өдөр ...Б миний нүүр рүү гараараа нэг удаа цохихоор нь та яагаад байгаа юм бэ гээд текээ тойроод хажууд нь очиход шал угаадаг зүйлээр миний хөл рүү цохихоор би орилоход манай хүү Тэнгис гарч ирээд болиоч гэж хэлсэн. Тэр үед бид хоёр бие биенээ зуурчихсан зогсож байсан. Тухайн үед Б эгчтэй зөрөөд манай нөхөр Намсрай ажилдаа явсан байсан бөгөөд би нөхөр рүүгээ залгасан чинь буцаад ирсэн. ...Б эгч над руу дайраад байхаар нь би гараараа нүүр рүү нь түлхсэн бөгөөд түлхэж байхдаа нүүрийг нь хумсаараа урчихсан юм байна лээ...” /хх-ийн 97-101/ гэсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны №30 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Б.Б-гийн биед дээд уруулын зулгарсан шарх, баруун хацар, дух, баруун чихний урд гадаргуу, хүзүүний зулгаралт, баруун шууны дотор доод гадаргуу, зүүн гарын 3-р хурууны угийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-ийн 27-29/ гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 83-84/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Хохирогч Б.Б-гийн биед учирсан “...дээд уруулын зулгарсан шарх, баруун хацар, дух, баруун чихний урд гадаргуу, хүзүүний зулгаралт, баруун шууны дотор доод гадаргуу, зүүн гарын 3-р хурууны угийн зулгаралт” бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Э.С-н түүнийг маажсанаас үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Э.С-н хохирогч Б.Б-гийн биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Э.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Э.С нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б-гийн эрүүл мэндэд дээд уруулын зулгарсан шарх, баруун хацар, дух, баруун чихний урд гадаргуу, хүзүүний зулгаралт, баруун шууны дотор доод гадаргуу, зүүн гарын 3-р хурууны угийн зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан, хохирогч Б.Б нь гэмт хэргийн улмаас учирсан гэмтэлтэй холбоотой хохиролд 294,000 төгрөг  /хх-ийн 105-106/ нэхэмжилсэнийг гэм буруутай этгээдээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Э.С нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Дээр хөнгөрүүлэн үзэх нөхцөл болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирол, хор уршгийн хэмжээ, өөрийн гэм бурууг ойлгож, гэмшсэн байдал, ажил эрхлэлт зэрэг хувийн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Эрүүгийн 1910028840077 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Э.С нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.  

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Э-ны С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э-ны С-г 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч .Э.С-д оногдуулсан 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.С- торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.С-с 294,000 /хоёр зуун ерөн дөрвөн мянга/ төгрөг гаргуулж, хохирогч Б.Б -д олгосугай.

 

6. Эрүүгийн 1910028840077 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Э.С нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай. 

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

         

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Д.АЛТАНЖИГҮҮР