| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 102/2016/06836/И |
| Дугаар | 102/ШШ2016/05764 |
| Огноо | 2016-11-11 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 102/ШШ2016/05764
| 2016 оны 11 сарын 17 өдөр | Дугаар 102/ШШ2016/05764 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 8-59 тоотод оршин суух, Боржигон овогт Даваасүрэнгийн Баярмаа /РД-ЧК88011589/-гийн,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 82-13 тоотод оршин суух, Шамбийнхан овогт Батнасангийн Энхбат /РД-ПА83032811/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 3,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, мөн сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Баярмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Мөнхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Баярмаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Б.Энхбатад 2,400,000 төгрөг зээлсэн. Б.Энхбат нь зээл авахдаа миний автомашин ломбарданд байгаа, машинаа зээлээс чөлөөлөөд өндөр үнэтэй авдаг ломбарданд дахин тавьж байгаад мөнгийг чинь маргааш гэхэд буцаагаад өгчихнө. Нэг л өдрийн хугацаатай мөнгө зээлж байгаа учир хүүнд нь 50,000 төгрөг өгье гэж хэлсэн.
Ингээд бид нэг өдрийн хугацаатай 2,400,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. Гэтэл зээл авснаас хойш 7 хоногийн дараа зээлээ төлөхгүй байсан учраас би Б.Энхбат руу залгаж мөнгөө нэхэхэд ах нь хөдөө явж байна, хотод очоод шууд мөнгийг нь өгнө, битгий санаа зов гэсэн. Энэ мэт худлаа ярьж хугацаа хожиж явсаар өнөөдрийг хүрч байгаа бөгөөд одоо утсаа ч авахгүй байна.
Надад ломбарданд байсан машинаа зарчихсан, одоо чамд өгөх мөнгө байхгүй гэдэг тул зээлийн гэрээнд бичигдсэн хаягийн дагуу Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийн хаяг тодорхойгүй гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Ингээд шүүхээр эрэн сурвалжлуулан хаягийг нь тогтоолгосон.
Иймд хариуцагч Б.Энхбатаас үндсэн зээл 2,400,000 төгрөг, алданги 1,200,000 төгрөг, нийт 3,600,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б.Энхбат шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би 2014 оны 12 дугаар сарын 17-нд 2,400,000 төгрөгийг Д.Баярмаагаас зээлсэн. Уг мөнгийг зээлэхдээ 1 хоногийн хугацаатай гэрээ байгуулсан бөгөөд машинаа ломбарднаас чөлөөлөөд мөнгийг нь өгөх байсан боловч нөхцөл байдал өөрчлөгдсөний улмаас уг зээлээ төлж чадахгүй өдийг хүрээд байна.
Би хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж Д.Баярмаатай тохиролцон 2,400,000 төгрөгийг төлөх хүсэлтэй байна. Уг хүү, алданги нь зээлийн гэрээний үүрэг гэж үзэхгүй байна. Учир нь нэг хоногийн хугацаатай зээлийн гэрээ байдаг гэж бодохгүй байна. Энэ нь мөнгө хүүлж, үндэслэлгүйгээр хөрөнгөжиж байгаагийн илрэл бөгөөд Д.Баярмаа нь хүн амын орлогын албан татвар төлдөггүй бол мөнгө хүүлэх эрхгүй. Иймд хүү, алдангийг зөвшөөрөхгүй, үндсэн зээлээ төлж эвлэрэх хүсэлтэй байна. Тухайн үед хүүд 50,000 төгрөг өгсөн гэжээ.
Шүүх зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Баярмаа нь Б.Энхбатаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлд 2,400,000 төгрөг, алдангид 1,200,000 төгрөг, нийт 3,600,000 төгрөг шаардан шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээл болох 2,400,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, зээлийн хүү, алдангийг төлөх үндэслэлгүй гэж тайлбарлан, нэхэмжлэгчтэй эвлэрэн хэлэлцэх саналыг шүүхэд ирүүлсэн боловч нэхэмжлэгч Д.Баярмаа уг саналыг хүлээн авах хүсэлгүй байх тул хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх хариуцагчийн хүсэлтээр 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн шүүх хуралдааныг мөн сарын 17-ны өдрийн 08 цаг 40 минут хүртэл хугацаагаар хойшлуулж, улмаар түүний оршин суугаа газрын хаягаар шүүх хуралдааны тов хүргүүлэхэд хүнгүй байсны зэрэгцээ уг хаягт бүртгэлгүй, оршин суудаггүй талаар хорооноос нь тодорхойлжээ. /хх-29 дүгээр хуудас/
Улмаар хариуцагчийн, нэхэмжлэлийн шаардлагыг гардан авахдаа шүүхэд тодорхойлж өгсөн 99191173 дугаарын утсанд холбогдон түүнд шүүх хуралдааны товыг 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 15 цаг 53 минутад мэдэгдсэн байх ба уг хурлыг товыг мэдсэн болох нь Б.Энхбатын эхнэрийн тайлбараар тогтоогдож байна. /хх-30, 32 дугаар хуудас/
Мөн шүүх хуралдаан эхлэхийн өмнө хариуцагчийн гар утас руу холбогдоход эхнэр нь авч урд өдөр нь шоудаж архи уусан, хордлого болсон юм шиг байна гэх боловч хариуцагч шүүхэд хүсэлт гаргаж, өвчтэй гэдгээ нотолсон баримтыг ирүүлээгүй тул Б.Энхбатыг шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй гэж үзэхийн гадна хариуцагч нь өөрийн оршин суугаа газрын хаяг өөрчлөгдсөн тохиолдолд шүүхэд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасны дагуу түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хангав.
Учир нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд болон зохигчдын тайлбараас харахад тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний үүргийн харилцаа үүссэн буюу хариуцагч Б.Энхбат нь нэхэмжлэгчээс 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдөр зээлийн гэрээг бичгийн хэлбэрээр байгуулан, 2,400,000 төгрөгийг, 9 хувийн хүүтэй, 1 өдрийн хугацаатай зээлсэн байх ба талууд дээрх үйл баримтын талаар, мөн хариуцагч зээлийн гэрээгээр хүлээж авсан 2,400,000 төгрөгийг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй гэдгээ хүлээн зөвшөөрч маргаагүй байна. /хх-3, 18, 32 дугаар хуудас/
Харин хариуцагч нь зээлийн хүү, алдангийг зээлийн гэрээний үүрэг биш гэж маргадаг.
Гэтэл зохигчид, зээлийн гэрээний 3 дахь заалтаар зээлдэгч Б.Энхбат нь зээлийг эгүүлэн төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг анзын аргаар буюу Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож төлүүлэхээр тохиролцсон байх тул шүүх гэрээний талуудыг өөрсдийн хүсэл зоригоо илэрхийлэн, хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулж, түүнийг агуулгыг өөрсдөө тодорхойлсон хүчин төгөлдөр гэрээ гэж үзлээ.
Түүнчлэн гэрээний 3 дахь заалт нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т нийцэж байх тул нэхэмжлэгч хариуцагчаас алдангийг гэрээнд заасны дагуу шаардах эрхтэй байна.
Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Б.Энхбатаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 2,400,000 төгрөг, алданги 1,200,000 төгрөг, нийт 3,600,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Баярмаад олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 72,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Б.Энхбатаас 72,550 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Б.Энхбатаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 2,400,000 төгрөг, алданги 1,200,000 төгрөг, нийт 3,600,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Баярмаад олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 72,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Б.Энхбатаас 72,550 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн шүүхийн шийдвэрийг энэ хуулийн 119.5-д заасны дагуу хүргүүлснийг гардан авсанд тооцох бөгөөд 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ЦЭНД
|
| ||||
| |