| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 102/2016/06826/И |
| Дугаар | 102/ШШ2016/05809 |
| Огноо | 2015-11-22 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2015 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 102/ШШ2016/05809
| 2016 оны 11 сарын 22 өдөр | Дугаар 102/ШШ2016/05809 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, 6 дугаар хороолол, 30а байрны 01 тоотод оршин суух, Тодмойнчоймбол овогт Авирмэдийн Амартүвшин /РД-ЖЯ77041914/-гийн,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, өөрийн байранд оршин байгаа Төмөрт транс ХХК-д холбогдох,
Ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, гэрээгээр шилжүүлсэн мөнгө болон учирсан хохиролд 60,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, мөн сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Амартүвшин, түүний өмгөөлөгч Ш.Энхмаа /шүүхэд төлөөлөх эрх-0692/, хариуцагч Төмөрт транс ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Нямдаваа, түүний өмгөөлөгч Б.Батбаяр /шүүхэд төлөөлөх эрх-1960/, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Оюун-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Амартүвшин шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Төмөрт транс ХХК-тай 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр орон сууц захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Москвагийн гудамж 25/4-т байрлах Тохилог өргөө орон сууцанд захиалга өгсөн. Уг гэрээний 3.4-т зааснаар 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 40 сая төгрөгийг тухайн компанид тушаасан боловч тус компани нь гэрээний үүргээ биелүүлээгүй тул 2016 оны 8 дугаар сард шүүхэд нэхэмжлэл гаргаж, хариуцагчаас гэрээгээр шилжүүлсэн 40 сая төгрөг, алданги 20 сая төгрөг, нийт 60 сая төгрөг нэхэмжилж байна.
2013-2014 онуудад манайх Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороонд барилгын материалын үйлдвэр барьж байсан. Энэ ажилд зөвлөх хийж байсан Ши Ёонг Лин гэдэг хятад хүн надаас 40 сая төгрөг түр хугацаагаар авсан. Үүнийгээ Төмөрт транс ХХК-ийн гүйцэтгэгч хийж байсан Дэнхэр вэ Уул ХХК-ийн захиралд зээлсэн гэсэн. Энэ хүн нь Төмөрт транс ХХК-д 40 сая төгрөг тушаасан баримт дээр гарын үсэг зурсан байгаа.
Төмөрт транс ХХК-ийн барилгын гүйцэтгэгч хийж байсан Зан /Жанг И Чуан/ гэдэг нэртэй хятад хүнээс мөнгө авах гэж Ши Ёонг Лин нь 6-7 сар болсон байдаг бөгөөд би мөнгөө нэхэхээр энэ хүнд давхар өгсөн, Төмөрт транс ХХК нь надад баримт хийж өгсөн гээд надад хариуцагч тал 40 сая төгрөг авсан болно гэсэн бичиг авчирч өгсөн.
Ши Ёонг Лин, Зан бид нар Ш.Нямдаваа захирлын уулзалтын өрөөнд нь 2014 оны 10 дугаар сард уулзсан, мөн тус компани дээр 4-5 удаа очиж байсан. Очих болгонд төлбөрийг ямар ч байсан төлж барагдуулна гэж байгаад сүүлдээ Зан нь явах болоод байрны гэрээ хийж өгөөд он гартал мөнгөө өгөхгүй бол байрыг 100 хувь шилжүүлэхээр болсон. Ингээд он гараад би Ш.Нямдаваа захиралтай уулзаж, баригдаж байгаа байрныхаа 5 тоотыг надад өгсөн. Би уг байрыг үзээд Дорнод аймгийн найздаа зарахаар болж, урьдчилгаа мөнгө авч Ши Ёонг Линд 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 50,000 юань шилжүүлсэн. Төмөрт транс ХХК-ийн зөвшөөрсөн гэдэг үгийг сонсоод уг мөнгийг шилжүүлсэн.
Иймд хариуцагч Төмөрт транс ХХК-иас 60,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Төмөрт транс ХХК, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Нямдаваа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Манай зүгээс энэ гэрээг хэрэгжиж эхлээгүй гэж үзэж байна. Учир нь А.Амартүвшин нэг хятад хүнтэй ирж уулзсан. Тэр хүнд мөнгө өгсөн гэж яригдаж байгаа боловч манайд ямар нэг байдлаар энэ орон сууцыг захиалья гээд урьдчилгаа 40 сая төгрөг тушаасан зүйл байхгүй. Гэрээг урьдчилгаа мөнгө тушааснаар хэрэгжинэ гэж ойлгож байгаа байх. Сүүлд утсаар холбгдож 40 сая төгрөгийн асуудал яригдаж, танай хятадуудын манай хятадад өгөх ёстой мөнгийг баримтжуулаад танай компанитай гэрээ хийсэн гэсэн утгаар хэлэхэд нь та энэ байрыг хэрвээ авах сонирхолтой байвал гэрээнд заасны дагуу 84,500,000 төгрөгийг тушааж аваарай гэдгээ хэлсэн. Энэ хүн байр авах сонирхол байхгүй, 40 сая төгрөг авна гэсэн тайлбар тавьдаг байсан. Тэгээд уг байрыг дараагийн худалдан авагчид зарсан.
Байр 2015 оны 01 дүгээр улиралд ашиглалтад орсон, бид ямар нэг байдлаар үүргээ зөрчиж хугацаанд нь ашиглалтад оруулаагүй асуудал байхгүй.
Гэрээтэй холбогдуулж энэ хүнээс мөнгө аваагүй, цаад хятадтай юу гэж ярьсан талаар би мэдэхгүй. Би Ши Ёонг Лин гэдэг хүнийг огт танихгүй. Би нэхэмжлэгчид мөнгөө төлж байраа аваарай гэхээр хятадуудад мөнгө өгсөн байгаа, гэхдээ байр авахгүй гэдэг байсан учир нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй.
А.Амартүвшин нь нэхэмжлэлдээ гэрээнд бичигдсэн төлбөр болох 40 сая төгрөгийг Төмөрт транс ХХК-д 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр төлсөн гэх боловч бодит байдал дээр уг мөнгийг манай компани огт хүлээж аваагүй. 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн хуурамч гэрээний дагуу мөн өдөр кассын орлогын ордер буюу бэлэн мөнгөний баримтыг үйлдсэн байна. Гэвч уг баримт нь мөнгө хүлээн авсан гэх нотолгоо болохгүй гэв.
Шүүх зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Амартүвшин нь Төмөрт транс ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзан, гэрээгээр шилжүүлсэн мөнгө болон учирсан хохиролд 60 сая төгрөг гаргуулахаар шүүхэд ханджээ.
Хариуцагч тал нэхэмжлэлийг эс зөвшөөрч, татгалзаж буй үндэслэлээ ...гэрээний дагуу урьдчилгаа төлөөгүй, үүрэг үүсээгүй ... гэж тайлбарладаг. /хх-49 дүгээр хуудас/
Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан үүргийн харилцаа үүсээгүй байна гэж үзэн, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.
Учир нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтаас харахад А.Амартүвшин нь Төмөрт транс ХХК-тай 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутагт байршилтай шинээр ашиглалтад орон сууцны 2 давхрын 5 тоот, 42,25 м.кв талбай бүхий байрыг захиалан бариулах Орон сууцны барилгын захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ нэртэй гэрээ байгуулсан боловч уг гэрээний дагуу урьдчилгаа төлбөрт 40,000,000 төгрөг шилжүүлээгүй болох нь түүний шүүх хуралдаанд гаргасан ... манай компанийн зөвлөх хийж байсан Ши Ёонг Лин Төмөрт транс ХХК-ийн гүйцэтгэгч хийж байсан Дэнхэр вэ Уул ХХК-ийн захирал Зан /Жанг И Чуан/-аас мөнгө авах ёстой, ... Зан нь Төмөрт транс ХХК-иас авлагатай, өгөхгүй байна гээд Төмөрт транс ХХК-ийн касс дээр очиж 40 сая төгрөгийн баримт бичүүлж авч өгсөн ... гэх тайлбар, мөн гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байхын зэрэгцээ нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн Төмөрт транс ХХК-ийн кассын орлогын ордерын мөнгө тушаагч дээр А.Амартүвшингийн нэр, гарын үсэг байхгүй, харин Ши Ёонг Линий нэр бичигдсэн байна. /хх-3-6, 48-49, 51-52 дугаар хуудас/
Иймээс А.Амартүвшинд гэрээнээс татгалзаж, гэрээгээр шилжүүлсэн мөнгөө буцаан гаргуулах, мөн гэрээний хариуцлага тооцон, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хариуцагчаас алданги шаардах эрх үүсээгүй байна.
Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгч нь уг гэрээг байгуулах болсон шалтгаан болон нэхэмжлэл гаргаж буй үндэслэлээ шүүх хуралдаанд ... Ши Ёонг Лин нь надаас 40 сая төгрөг зээлж, Зан /Жанг И Чуан/-д өгсөн гэдэг, ... Ши Ёонг Лин энэ компаниас мөнгө авахад туслаач, ... намайг төлөөлж өгөөч гэж хүссэн ... гэж тайлбарладаг боловч Ши Ёонг Лин гэх этгээд өөрийгөө төлөөлөх эрхийг А.Амартүвшинд олгоогүйн гадна талуудын хооронд байгуулсан дээрх гэрээний агуулгыг тооцоо нийлсэн гэрээний үүргийн харилцаа гэж үзэх боломжгүй юм.
Харин Төмөрт транс ХХК нь Дэнхэр вэ уул ХХК-ийн захирал Зан /Жанг И Чуан/-д өгөх өглөгөтэй болох нь гэрчийн мэдүүлгээр нотлогдож байна. /хх-51-52 дугаар хуудас/
Иймд Иргэний хуулийн 343 дүгээр зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч А.Амартүвшингийн, Төмөрт транс ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 60,000,000 /жаран сая төгрөг/ гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 457,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
Шүүх, нэхэмжлэгчийн Хятад Улсын иргэн Ши Ёонг Лин рүү 50,000 юань шилжүүлсэн Капитал банкны юанийн гуйвуулгын даалгаврын баримтыг нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй гэж үзэн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно. /хх-7 дугаар тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 343 дүгээр зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч А.Амартүвшингийн, Төмөрт транс ХХК-д холбогдуулан гаргасан ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзан, гэрээгээр шилжүүлсэн мөнгө болон учирсан хохиролд 60,000,000 /жаран сая төгрөг/ гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 457,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн шүүхийн шийдвэрийг энэ хуулийн 119.5-д заасны дагуу хүргүүлснийг гардан авсанд тооцох бөгөөд 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД