Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2016/05815

 

2016 оны 11 сарын 22 өдөр

 

Дугаар 102/ШШ2016/05815

Улаанбаатар хот

 

 

Нэхэмжлэлийн шаардлагаас хэд хэдэн нэхэмжлэлийг

тусгаарлан, хариуцагч нарын зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 01 дүгээр хороо, Хос өргөө 2, Энгельс гудамж, 23 дугаар байрны В-1 тоотод оршин байгаа Гурван-Өргөө-2 Сууц өмчлөгчдийн холбоо /цаашид СӨХ гэх/-ны,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 17 дугаар хороо, Өнөр хороолол, 3 дугаар байр 56 тоотод оршин суух бүртгэлтэй, Баянгол дүүрэг 1 дүгээр хороо, Хос өргөө-2, Энгельс гудамж, 21-12 тоотод оршин суух, Сартуул овогт Төмөрбаатарын Баяржавхлан /РД-ИЦ81032915/,

Хариуцагч: Баянгол дүүрэг 1 дүгээр хороо, Хос өргөө-2, Энгельс гудамж, 21-53 тоотод оршин суух, Тайж Лхагвасүрэнгийн Зоригтбаатар /РД-ШЗ86071619/,

Хариуцагч: Баянгол дүүрэг 1 дүгээр хороо, Хос өргөө-2, Энгельс гудамж, 21-01 тоотод оршин суух, Монгол овогт Амарсанаагийн Халиун /РД-ЧО87030666/ Хариуцагч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Хос өргөө-2 хотхон, 23 дугаар байрны 19 тоотод оршин суух, Боржигин овогт Даваанямын Пүрэвсүрэн /РД-ЦП68062704/,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Хос өргөө-2 хотхон, 23 дугаар байрны 32 тоотод оршин суух, Дархдууд овогт Заяабаатарын Энхцэцэг /РД-ШД85052668/ нарт холбогдуулан гаргасан

Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 2,964,432 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, мөн сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Гурван өргөө 2 СӨХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батбаатар, Ч.Сарантуяа, хариуцагч Т.Баяржавхлан, Л.Зоригтбаатар, А.Халиун, Д.Пүрэвсүрэн, Ц.Оюун-Эрдэнэ .

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Гурван өргөө 2 СӨХ, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батбаатар, Ч.Сарантуяа нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Тус СӨХ нь 2013 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хос өргөө 2 хотхоны оршин суугчдын 100 хувийн санал, шийдвэрээр үүсгэн байгуулагдсан.

Улмаар Баянгол дүүргийн СӨХ, татварын албанд бүртгүүлж, гэрчилгээ, тамга, харилцах данс нээлгэж үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд үйл ажиллагаагаа явуулахдаа СӨХ-ны дээд зөвлөлийн тогтоол болон бүх гишүүдийн хурлаар сууц өмчлөгчдийн төлөх төлбөрийг тогтоосон.

Гэтэл тус СӨХ-нд харьяалагддаг 21, 22, 23 дугаар байрнуудын оршин суугчид нь СӨХ-ны төлбөрөө төлөхгүй хууль бус үйлдэл гаргаж байна.

 Иймд Т.Баяржавхлангаас 2014 оны 12 дугаар сараас 2016 оны 7 дугаар сарыг дуустал хугацааны зардал 334,000 төгрөг, Л.Зоригтбаатараас 2014 оны 7 дугаар сараас 2016 оны 7 дугаар сарыг дуустал хугацааны зардал 535,000 төгрөг, А.Халиунаас 555,432 төгрөг, хариуцагч Д.Пүрэвсүрэнгээс 2013 оны 4 дүгээр сараас 2016 оны 7 дугаар сарыг дуусталх хугацааны зардал 813,000 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү.

Хариуцагч З.Энхцэцэгээс 2014 оны 11 дүгээр сараас 2016 оны 7 дугаар сарыг дуусталх хугацааны төлбөрт 454,200 төгрөг нэхэмжилсэн ба хариуцагч нь хагас төлбөрөө төлсөн байна.

Иймээс нэхэмжлэлийн шаардлагаа багасган хариуцагч З.Энхцэцэгээс 266,200 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгаа гэв.

Хариуцагч Т.Баяржавхлан шүүх хуралдаан гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.

Хариуцагч Л.Зоригтбаатар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: СӨХ-ны нэхэмжилсэн 535,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.

Хариуцагч А.Халиун шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Гурван Өргөө-2 СӨХ-ны нэхэмжилсэн 555,432 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна, нэн даруй төлж барагдуулна гэв.

Хариуцагч З.Энхцэцэг шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Хос өргөө 2 хотхоны 23 дугаар байрны 32 тоотод 2012 оноос амьдарч байгаад 2013 онд түрээсэлсэн 1 жилийн хугацаанд түрээслэгч СӨХ-ны төлбөрөө төлөөгүйгээс болж төлбөр ихэссэн. Би 2016 оны 5 дугаар сараас бага багаар төлж байгаа бөгөөд надаас нэхэмжилж буй 454,200 төгрөг алдаатай байна. 2015 оны 5 дугаар сараас 2016 оны 7 дугаар сар хүртэл хугацааны төлбөр үлдсэн болно гэжээ.

Хариуцагч Д.Пүрэвсүрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би Ганбат өргөө ХХК-ийн барьж буй 23 дугаар байранд захиалга өгч гэрээ хийснээр 2013 оны 02 дугаар сараас тус байрны 19 тоотод оршин сууж байна.

Тус компани нь 2016 оны 01 дүгээр сард уг барилга улсын комисст хүлээлгэн өгсний дараа Ганбат өргөө СӨХ байгуулсан гэж нэг эмэгтэй ажиллуулж байсан, 2013 оны 4 дүгээр сарын 01-нээс 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Хос өргөө-1 хотхоны СӨХ хариуцан ажиллаж байсан. Гурван өргөө 2 СӨХ нь 2016 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс үүсгэн байгуулагдсан байдаг.

Эдгээр СӨХ-нууд нь оршин суугчдын хурлыг хэзээ зарлаж, хэрхэн байгуулагдсан, ямар үйл ажиллагаа явуулж байгаагаа огт тайлагнаагүй.

Одоогийн үйл ажиллагаа явуулж байгаа СӨХ-ны дарга, байцаагч гэж өөрсдийгөө танилцуулсан хүмүүс 4 дүгээр сарын 23-ны өдөр төлбөр барагдуулахыг шаардсан бөгөөд би тухайн үед бодит төлбөр болох цэвэрлэгээ, хог, орцны гэрэлтүүлэг, лифтны хураамжуудыг төлөхөөр тохиролцсон. Гэтэл төрийн банкинд тус СӨХ-ны бодсоноор зөрүүтэй байсан.

Нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй гэж үзсэн. Үүнд:

Шинээр ашиглалтад орсон барилга байгууламжийн засвар үйлчилгээг тухайн барилгын компани Ганбат өргөө 3 жилийн хугацаанд хариуцна.

Гурван өргөө-2 СӨХ нь 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс үйл ажиллагаагаа эхэлсэн тул өмнөх хугацааны СӨХ-ны төлбөрийг шаардах эрхгүй гэж үзэж байна.

Нэхэмжлэгч тал Хос өргөө-1 СӨХ-ноос эрхээ шилжүүлж авсан гэж ярьж байгаа боловч тийм баримт байхгүй байна. Хэрвээ эрхээ шилжүүлсэн баримтаа гаргаад ирвэл би төлөх ёстой төлбөрөө төлнө гэв.

 

Шүүх хэргийн оролцогчдын хүсэлт, тайлбарыг хянаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Гурван өргөө-2 СӨХ нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд Т.Баяржавхлангаас 334,000 төгрөг, хариуцагч Л.Зоригтбаатараас 535,000 төгрөг, хариуцагч А.Халиунаас 555,432, Д.Пүрэвсүрэнгээс 813,800 төгрөг, З.Энхцэцэгээс 454,200 төгрөг гаргуулах шаардлагыг нэг нэхэмжлэлд нэгтгэн гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдааны үеэр хариуцагч Т.Баяржавхлан нь нэхэмжлэлийн шаардлага болох 334,000 төгрөгийг, хариуцагч Л.Зоригтбаатар 535,000 төгрөгийг, хариуцагч А.Халиун нь 555,432 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхийг хүлээн зөвшөөрч, харин хариуцагч Д.Пүрэвсүрэн, З.Энхцэцэг нар зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /цаашид хуулийн гэх/ хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д нэхэмжлэгч хоорондоо холбоотой хэд хэдэн шаардлагыг нэг нэхэмжлэлд нэгтгэн гаргаж болно. Нэгтгэн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас нэг буюу хэд хэдэн нэхэмжлэлийн шаардлагыг тусгаарлан шийдвэрлэх нь зохистой гэж үзвэл тэдгээрийг шүүгчийн захирамжаар тусгаарлаж болохоор заасан тул Гурван өргөө-2 СӨХ-ны нэхэмжлэлээс хариуцагч Т.Баяржавхлан, Л.Зоригтбаатар, А.Халиун нарт холбогдох нэхэмжлэлийг тусгаарлах нь зүйтэй гэж үзлээ.

Улмаар хариуцагч нарын дээрх зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх ашиг хөндөгдөөгүй байх тул мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан хариуцагч Т.Баяржавхлан, Л.Зоригтбаатар, А.Халиун нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон, хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 44,670 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Баяржавхлангаас 10,670 төгрөг, Л.Зоригтбаатараас 16,700 төгрөг, А.Халиунаас 17,300 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Гурван өргөө-2 СӨХ-д буцаан олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Гурван өргөө-2 СӨХ-ны, Т.Баяржавхлан, Л.Зоригтбаатар, А.Халиун, Д.Пүрэвсүрэн, З.Энхцэцэг нарт холбогдох дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 2,964,432 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Т.Баяржавхлан, Л.Зоригтбаатар, А.Халиун нарт холбогдох нэхэмжлэлийг тусгаарласугай.

2.Гурван өргөө-2 СӨХ-ны нэхэмжлэлтэй, Т.Баяржавхлан, Л.Зоригтбаатар, А.Халиун нарт холбогдох иргэний хэргийн хариуцагч Т.Баяржавхлангийн нэхэмжлэлийн шаардлага болох 334,000 төгрөг, хариуцагч Л.Зоригтбаатарын 535,000 төгрөг, хариуцагч А.Халиуны 555,432 төгрөгийг Гурван өргөө-2 СӨХ-д тус тус төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 44,670 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Баяржавхлангаас 10,670 төгрөг, Л.Зоригтбаатараас 16,700 төгрөг, А.Халиунаас 17,300 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Гурван өргөө-2 СӨХ-буцаан олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Ч.ЦЭНД