| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2020/0188/Э |
| Дугаар | 183 |
| Огноо | 2020-04-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 23.1.1, |
| Улсын яллагч | Х.Эрдэнэтуяа |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 183
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Х.Эрдэнэтуяа, шүүгдэгч Д.С-, түүний өмгөөлөгч Ц.Эрдэнэчимэг, нарийн бичгийн дарга М.Солонго нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б овогт Д-ын С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1910026910156 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1955 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Улаанбаатар хот, Налайх дүүрэгт төрсөн, 65 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, хүү, бэр, ач нарын хамт, эрхэлсэн ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Б овогт Д-ын С /РД: 000000000/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.С нь 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн жолооч цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Б.А-ыг Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Ноосны нэгдлийн байрны 5а гудамжны 02 тоотод хүүхдүүдтэйгээ архи уугаад хоорондоо маргалдаад байна гэх дуудлагаар очиж, үйлдлийг таслан зогсоож, тус цагдаагийн хэлтэст авчирч шалгах үед алба үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн нүүрэнд нь гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь зовхины зөөлөн эдийн няцрал, салстын цус харвалт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигсдэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:
Шүүгдэгч Д.С-: “...2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 20 цагийн үед 200 грамм архи уугаад гэртээ байсан, гэтэл 21 цагийн үед намайг гэртээ байхад манай хүүхэд Пүрэвбаяр гаднаас архи уусан байдалтай, мөн тал шил архи бариад орж ирсэн, араас нь охин Мягмарчимэг орж ирсэн, Мягмарчимэг бид хоёрыг архи уулаа гэхээр нь би юу гэж архи уудаг юм гэж хэлсэн чинь Мягмарчимэг гараад явсан. Тэгсэн хүү бид хоёрыг архи уусан гээд манай том хүү Сайнхүүгийн эхнэр Отгончимэг цагдаа дуудсан байсан. Тэгээд манай гэрийн хаалгыг гаднаас цагдаа цохихоор нь би хүүдээ хаалга битгий тайл гэхэд манай хүү “цагдаа байна, намайг хамгаална” гээд хаалга онгойлгочихсон. Тэгсэн архи ууж, агсам тавьсан гээд Цагдаагийн хэлтэс дээр авчирсан. Тэгээд нөгөө цагдаа болсон зүйлийн талаар юм бичиж байсан, бичиж байхдаа намайг агсам согтуу тавьсан гэж бичихээр нь би “чи зөв бичээч” гээд нүд рүү нь хатгачихсан, тэгээд л ийм зүйл болсон, миний буруу л даа. Хүүхэдтэйгээ нийлж архи уугаагүй, хүүтэйгээ маргалдсан зүйл байхгүй байсан, гэтэл тухайн цагдаа худлаа зүйл бичээд байсан юм. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү, би сард 350,000 төгрөгийн тэтгэвэр авдаг, торгуулийн ялыг удаан хугацаанд төлөх боломжтой, төлөх хугацаа тогтоож өгнө үү...” гэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:
Хохирогч Б.А- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн өглөө 09 цагаас эрүүгийн чиглэл болох Эрхэс-111 чиглэлд 20-01 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээр эргүүлийн офицер а/д Ө.Мягмарсүрэнгийн хамт үүрэг гүйцэтгэсэн. Тухайн өдөр 11 цаг 30 минутын үед штабаас буюу Эрхэс-10-аас Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Ноосны нэгдлийн байрны 5а-2 тоотод аав, хүү хоёр агсам тавиад байна гэсэн дуудлага хүлээн авч, очиж шалгахад Д.С- нь өөрийн хүү Буянаагийн хамт архидан согтуурч, хэрүүл маргаан үүссэн байдалтай байсан. Тийм учраас тэдгээр иргэдийн аюулгүй байдлыг ханган албадан саатуулж, цагдаагийн хэлтэс дээр авч ирээд иргэн Д.С-ын биед үзлэг хийгээд үзлэгийн тэмдэглэл хөтлөөд зогсож байхад нь Д.С- би архи уугаагүй, чи яах гээд байгаа юм гэх мэтээр агсамнаад байхаар нь та цаашаа зогс, согтуу байна гэж хэлээд юм бичиж байхад шууд миний баруун нүд рүү гараа атгаад цохиод авсан. Энэ үед конторын цагдаагаар үүрэг гүйцэтгэж байсан д/а Е.Раби иргэн Д.С-ыг надаас холдуулж, гарыг гавлан эрүүлжүүлэх байр руу хүргүүлэхээр явуулсан юм...” /хх-ийн 19-20/ гэсэн,
Гэрч Е.Рабби мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр би Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс дээр жижүүрийг цагдаагаар үүрэг гүйцэтгэж байхад хэв журмын цагдаа ахлах ахлагч Б.А-, ахлах дэслэгч Ө.Мягмарсүрэн нар хоёр хүн дуудлагаар хэлтэс дээр авч ирсэн, намайг жижүүрийн ширээн дээр сууж байхад ахлах ахлагч Б.А- Д.С-ын биед үзлэг хийгээд тэмдэглэл бичээд жижүүрийн ширээн дээр зогсоод Д.С-аас юм асуугаад үзлэгийн тэмдэглэлээ бичиж байхад нь Д.С- Б.А-ыг доромжлоод чи муу намайг амжихгүй шүү, чамайг ална гээд байсан. Тэгэж байгаад Д.С- Б.А-ын нүүр рүү цохиод авахаар нь би очиж салгасан. Тэгээд эрүүлжүүлэх байр руу хүргүүлэхээр явуулсан...” /хх-ийн 21-22/ гэсэн,
Гэрч С.Мягмарчимэг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 15 цаг өнгөрөөгөөд гэртээ ирчихээд аавын гэрт ороход дүү С.Пүрэвбаяр, аав хоёр согтуу байсан. ...Тэгээд буцаж гэрээсээ гарч хотын төв орчихоод буцаж ирэхэд бэр эгч Отгончимэг аав, Пүрэвбаяр хоёрыг цагдаа дуудаад өгөөд явуулсан гэж хэлсэн...” /хх-ийн 25-26/ гэсэн,
Гэрч Ж.Отгончимэг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ...Пүрэвбаяр С.Мягмарчимэг рүү залгаад аавынд ороод ир гэж дуудсан. Тэгээд С.Мягмарчимэг аавынх руу орчихоод ирэхдээ аав, С.Пүрэвбаяр хоёр согтуу хоорондоо хэрэлдээд байна гэж хэлсэн. Тэр үед Пүрэвбаяр Мягмарчимэг рүү байн байн залгаад архины мөнгө нэхээд байсан. Манай нөхөр Сайнхүү тэр хоёр согтуу байгаа бол цагдаа дуудаж өг, тэгэхгүй бол хоорондоо зодолдоод бөөн юм болно гэхээр нь аавын гэрийн үүдэнд очиход Пүрэвбаярын дуу хадаад байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Дуудлага өгснөөс хойш 20 орчим минутын дараа цагдаа нар ирээд аав, Пүрэвбаяр хоёрыг авч явах гэхэд зүгээр байхад авч явах гэлээ гээд тавьсан шаардлагыг нь эсэргүүцээд хэрүүл маргаан гаргаж байгаад машинд нь суугаад явсан...” /хх-ийн 28-30/ гэсэн,
Шүүгдэгч Д.С мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр би гэртээ ганцаараа байхад миний дунд хүү С.Пүрэвбаяр манай гэрт 0,33 литрийн Ерөөл нэртэй архинаас бага зэрэг уучихаад барьчихсан орж ирсэн. Ингэж орж ирэхдээ бага зэрэг халамцуу байсан. С.Пүрэвбаяр зүүн талын диван дээр очиж суугаад авчирсан архинаасаа уугаад сууж байхад Ж.Мягмарчимэг орж ирээд чи аавтай архи уугаад байгаа юм уу гэхэд С.Пүрэвбаяр би юу гэж аавтай архи уудаг юм гэж хэлсэн. Би 19 цагийн үед 200 граммтай архи дэлгүүрээс авч ганцаараа уусан. Мягмарчимэг эргээд уурлаад гараад явснаас хойш 10 гаран минутын дараа хаалга нүдэхээр нь онгойлгоход хоёр цагдаа орж ирээд яагаад архи ууж, агсам согтуу тавиад байгаа юм гэхээр нь агсам согтуу тавьсан зүйл байхгүй, би юу гэж хүүхдүүдтэйгээ нийлж архи уух юм, би аль түрүүн л жоохон архи уусан гэж хэлсэн. ...Цагдаа нар хэлтэс дээр очно гэж хэлээд С.Пүрэвбаяр бид хоёрыг цагдаагийн машинд суулгаад Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс дээр авч ирсэн. ...Тэгээд гэртээ агсам согтуу тавьсан гээд цаасан дээр бичээд байхаар нь би агсам согтуу тавиагүй гээд би баруун гарынхаа эрхий болон долоовор хоёр хуруугаар толгой хэсэг рүү цохиход тэр цагдаа нүүрээ дараад тонгойсон...” /хх-ийн 66-68/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн №13703 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Б.А-ын биед зовхины зөөлөн эдийн няцрал, салстын цус харвалт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” /хх-ийн 33/ гэсэн дүгнэлт,
- Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10/,
- Дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 11/,
- Илтгэх хуудас /хх-ийн 12-13/,
- Б.А-ын цагдаагийн албанд томилсон тухай тушаал, ажлын үнэмлэхний хуулбар /хх-ийн 38-41/,
- Шүүгдэгч Д.С-ын хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 43/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 44/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Д.С-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч Д.С- нь 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн жолооч цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Б.А-ыг Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Ноосны нэгдлийн байрны 5а-02 тоотод хүүхдүүдтэйгээ архи уугаад хоорондоо маргалдаад байна гэх дуудлагаар очиж, үйлдлийг таслан зогсоож, тус цагдаагийн хэлтэст авчирч шалгах үед алба үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн нүүрэнд нь гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь зовхины зөөлөн эдийн няцрал, салстын цус харвалт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн үйлдсэн болох нь хохирогч Б.А-ын “...2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн өглөө 09 цагаас эрүүгийн чиглэл болох Эрхэс-111 чиглэлд 20-01 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй эргүүлийн офицер а/д Ө.Мягмарсүрэнгийн хамт үүрэг гүйцэтгэсэн. Тухайн өдрийн 11 цаг 30 минутын үед штабаас буюу Эрхэс-10 аас Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Ноосны нэгдлийн байрны 5а-2 тоотод аав, хүү хоёр агсам тавиад байна гэсэн дуудлага хүлээн авч, очиж шалгахад Д.С- нь өөрийн хүү Буянаагийн хамт архидан согтуурч хэрүүл маргаан үүссэн байдалтай байсан. Тийм учраас тэдгээр иргэдийн аюулгүй байдлыг ханган албадан саатуулж, цагдаагийн хэлтэс дээр авч ирээд иргэн Д.С-ын биед үзлэг хийгээд үзлэгийн тэмдэглэл хөтлөөд зогсож байхад нь Д.С- би архи уугаагүй, чи яах гээд байгаа юм гэх мэтээр агсамнаад байхаар нь та цаашаа зогс, согтуу байна гэж хэлээд юм бичиж байхад шууд миний баруун нүд рүү гараа атгаад цохисон...” /хх-ийн 19-20/ гэсэн, гэрч Е.Раббигийн “...2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ...Д.С- Б.А-ыг доромжилоод чи муу намайг амжихгүй шүү, чамайг ална гээд байсан. Тэгэж байгаад Д.С- Б.А-ын нүүр рүү цохиод авахаар нь би очиж салгасан. Тэгээд эрүүлжүүлэх байр руу хүргүүлэхээр явуулсан...” /хх-ийн 21-22/ гэсэн, гэрч С.Мягмарчимэгийн“...2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 15 цаг өнгөрөөгөөд гэртээ ирчихээд аавын гэрт ороход дүү С.Пүрэвбаяр, аав хоёр согтуу байсан. ...Тэгээд буцаж гэрээсээ гарч хотын төв орчихоод буцаж ирэхэд бэр эгч Ж.Отгончимэг аав, С.Пүрэвбаяр хоёрыг цагдаа дуудаад өгөөд явуулсан гэж хэлсэн...” /хх-ийн 25-26/ гэсэн, гэрч Ж.Отгончимэгийн “...2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ...С.Пүрэвбаярын дуу хадаад байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Дуудлага өгснөөс хойш 20 орчим минутын дараа цагдаа нар ирээд аав, С.Пүрэвбаяр хоёрыг авч явах гэхэд зүгээр байхад авч явах гэлээ гээд тавьсан шаардлагыг нь эсэргүүцээд хэрүүл маргаан гаргаж байгаад машинд нь суугаад явсан...” /хх-ийн 28-30/ гэсэн, шүүгдэгч Д.С-ын “...2019 орны 11 дүгээр сарын 11-ний өдөр ...цагдаа нар хэлтэс дээр очино гэж хэлээд С.Пүрэвбаяр бид хоёрыг цагдаагийн машинд суулгаад Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс дээр авч ирсэн. ...Тэгээд гэртээ агсам согтуу тавьсан гээд цаасан дээр бичээд байхаар нь би агсам согтуу тавиагүй гээд баруун гарынхаа эрхий долоовор хоёр хуруугаар толгой хэсэг рүү цохиход тэр цагдаа нүүрээ дараад тонгойсон...” /хх-ийн 66-68/ гэсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны №13703 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Б.А-ын биед зовхины зөөлөн эдийн няцрал, салстын цус харвалт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-ийн 33/ гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10/, дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 11/, илтгэх хуудас /хх-ийн 12-13/, Б.А-ын цагдаагийн албанд томилсон тухай тушаал, ажлын үнэмлэхний хуулбар /хх-ийн 38-41/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хохирогч Б.А- нь Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтсийн эргүүлийн цагдаа, жолоочоор цагдаагийн дэд ахлагч цолтой ажилладаг болох нь хэрэгт авагдсан Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газрын даргын тушаал, түүний ажлын үнэмлэхний хуулбар /хх-ийн 38-41/ зэргээр тогтоогдох бөгөөд түүнийг албан үүргээ гүйцэтгэж байх үед нь шүүгдэгч Д.С- хүч хэрэглэн халдаж, нүүрэнд нь цохисны улмаас эрүүл мэндэд нь “...зовхины зөөлөн эдийн няцрал, салстын цус харвалт” бүхий хөнгөн хохирол учирсан байх тул шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.
Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Д.С-ын хууль сахиулагч Б.А-ыг албан үүргээ биелүүлж байхад нь хүч хэрэглэн халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах”, мөн хуулийн тусгай ангийн й23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.С-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Д.С- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.
Гэмт хэргийн улмаас Б.А-ын эрүүл мэндэд зовхины зөөлөн эдийн няцрал, салстын цус харвалт бүхий хөнгөн хохирол учирсан, хохирогч Б.А- нь хохиролтой холбоотой баримт гаргаагүй, төлбөр нэхэмжлээгүй тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.
Шүүгдэгч Д.С- нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Дээр хөнгөрүүлэн үзэх нөхцөл болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирол, хор уршгийн хэмжээ, өөрийн гэм бурууг ойлгож, гэмшсэн байдал, ажил эрхэлдэггүй, тэтгэвэрт байдаг зэрэг нөхцөлийг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус торгуулийн ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тогтоов.
Шүүгдэгч Д.С- нь шүүхийн хэлэлцүүлэгт сард 350,000 төгрөгийн тэтгэвэр авдаг, торгуулийн ялыг төлөх хугацааг урт хугацаагаар тогтоож өгнө үү гэсэн түүний болон өмгөөлөгч нарын саналыг шүүх хүлээн авч, торгуулийн ял төлөх хугацааг хоёр жил гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоох боломжтой гэж үзэв.
Эрүүгийн 1910026910156 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Д.С- нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Б.А- гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Бовогт Д-ын С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Д-ын С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.С-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох торгуулын ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч Д.С-ын нийт ялыг биечлэн эдлэх ялыг 3150 /гурван мянга нэг зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,150,000 /гурван сая нэг зуун тавин мянга/ төгрөгөөр торгох торгуулийн ялаар тогтоосугай.
4. Шүүгдэгч Д.С-т оногдуулсан 3,150,000 /гурван сая нэг зуун тавин мянга/ төгрөгөөр торгох торгуулийн ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.С оногдуулсан торгуулийн ялыг 02 /хоёр/ жил 03 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож, тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн 1910026910156 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Д.С нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Б.А гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.С-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.С-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР