Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 52

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, шүүгч Н.Дуламсүрэн, шүүгч Ц.Одмаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны “1” дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Б , Ж. Д 

Хариуцагч: Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар,  “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК

Гуравдагч этгээд: “Т” ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: “...Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-иас 2013 оны 09 дүгээр сарын 15-нд “Т” ХХК-д олгосон 2745/2013 дугаар техникийн нөхцөлийг бусдын эрхийг зөрчсөн хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Нийслэлийн  ерөнхий төлөвлөгөөний газраас “Т” ХХК-д олгосон 06/2014 дүгээр “Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг бусдын эрхийг зөрчсөн хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, иргэн Б.Б , Ж.Д  нарын газар өмчлөх эрхийг ноцтой зөрчиж, тэд нарын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, Данзангийн 1 дүгээр гудамжинд байрлах газраар “Т” ХХК-ийн орон сууцны барилгын цахилгаан гадна хангамжийн BCH13-033 дугаар шифртэй ажлын зургийг бусдын газар өмчлөх эрхийг зөрчсөн болохыг тогтоож, хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Чулуунбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Миргэдийн төлөөлөгч Н.Цэгц, нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр нар оролцов.    

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч  Б.Чулуунбат 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “Нэхэмжлэлийн шаардлагын 3 үндэслэл байгаа. 2013 онд олгосон техникийн нөхцөлийг бусдын өмчлөх эрхийг зөрчсөн болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, 2014 онд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас “Т” ХХК-д өгсөн барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх тусгай зөвшөөрлийг олгосон нь бусдын өмчлөх эрхийг зөрчсөн болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, иргэн Б.Б , Ж.Д  нарын өмчлөх эрхийг ноцтой зөрчиж, тэд нарын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Данзангийн 1 дүгээр гудамжинд байрлах газарт “Т” ХХК-ийн орон сууцны цахилгааны гадна хангамжийн ажлын зураг хийсэн нь бусдын өмчлөх эрхийг зөрчиж хийсэн болохыг тогтоолгож, хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 

Гуравдагч этгээд барилга барихдаа нэхэмжлэгч нарын газар дээгүүр өндөр хүчдэлийн шугам татсан ба татах болсон шалтгаан нь ВСН13-033 дугаар ажлын зураг юм. 

“Т” ХХК орон сууц барихдаа барилгын зүүн талд орших Б.Б , Ж.Д  нарын газар дээгүүр хууль бусаар, ямар нэгэн зөвшөөрөл авалгүйгээр газар өндөр хүчдэлийн шугам татсан бөгөөд үүнээс болж Б.Б , Ж.Д  нарын өмчлөх эрхэнд халдсаны улмаас газраа өмчлөх боломжгүй болсон. 

Үндсэн хуульд заасны дагуу, шударгаар олж авсан эзэмшигчийн эрхийг ноцтой зөрчсөн. Гуравдагч этгээд нь газар өмчлөгч нараас ямар ч зөвшөөрөл авалгүй, эзгүй хойгуур нь хулгайгаар өндөр хүчдэлийн шугам татаж, өмчлөх эрхэд нь ноцтой халдсан.

Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-д “Хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө” гэж заасан байдаг. 

 Гэтэл гуравдагч этгээдийн зүгээс бүх үйл ажиллагаа хууль, дүрмийн дагуу хийгдсэн, “Ц.Төрмөнхөөс зөвшөөрөл авсан гарын үсэг нь байдаг” гэж түүнийг нас барсныг далимдуулан худал хэлдэг. 

“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, Нийслэлийн хот, төлөвлөлт ерөнхий   төлөвлөгөөний  газрыг  хариуцагчаар  татсан  шалтгаан  нь тухайн ажлын зургийг энэ 2 байгууллага баталсан. 

Тухай үед нь хандах боломжтой атал 4 жилийн дараа хандсан гэдэг. Захиргааны ерөнхий хуульд зааснаар иргэний эрхийг захиргааны байгууллага зөрчсөн тохиолдолд хугацаа харгалзахгүйгээр зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр хандах эрхтэй. 

2013 оны 09 дүгээр сард техникийн нөхцөл олгогдсон. Үүнд үндэслэж 2014 оны 01 дүгээр сард барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл өгсөн байдаг ба 2014 оны 03 дугаар сард буюу “Т” ХХК зөвшөөрөл авснаас 2 сарын дараа тус компанитай нэхэмжлэгч удаа дараа очиж уулзаж, анхааруулга өгсөн. 

2014 оны 03 дугаар сард гуравдагч этгээдийн бусдын өмчлөлд халдаж байгаа тухай асуудал яригдсан. “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д хандахад “манайд хамаагүй, Нийслэлийн Газрын албанд ханд” гэдэг, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт хандахаар иргэний журмаар ханд гэдэг. Энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдсан байгаа. 

Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн мэдэлд захиргааны акт гаргасан байгууллага байсан учраас түүнд хууль бус акт гаргасан байна гэж хандсан. Ямар нэгэн хариу өгөхгүй байсаар 1 жил хагасын хугацаа өнгөрсөн.

Газрын гэрчилгээ Ц.Төрмөнхийн нэр дээр байсан ба түүнийг нас барсны дараа газар эзэмших эрх нь өв залгамжлалын дагуу Б.Б д 2015 онд шилжсэн. 

Мөн Б.Б г хууль бусаар газар эзэмших эрхийг авсан мэтээр тайлбар хэлдэг. Талийгаач Тагнуулын ерөнхий газарт ажиллаж байхдаа 2004 онд газар эзэмших эрхийг авсан байдаг. Газар өөрөө үл хөдлөх хөрөнгө бөгөөд үл хөдлөх хөрөнгө нь гэр бүлийн дундын эд хөрөнгө байдаг. 

Тухайн барьсан барилгадаа 80 айл оруулсан байдаг ба тэдгээр айлын цахилгаан байхгүй болохоор гуравдагч этгээдэд асуудал үүсэх учраас тухайн газарт амьдарч байсан хүмүүсийг ашигласан. 

2013 онд гуравдагч этгээдээс “Танай 2 айлын газрыг 2 өрөө байраар худалдаж авъя, гэхдээ та нар газар дээгүүр шугам татах зөвшөөрөл өгчих” гэж байсан.  Би  Б.Б гийн  дүү нь болохын хувьд болсон процессийг сайн мэдэж байна. 

“Т” ХХК-ийн удирдлагуудтай уулзах гэхээр зугтдаг атлаа “4 жилийн дараа одоо асуудал үүсгэлээ” гэдэг. Нэхэмжлэгч нараас 4 жилийн турш хөөцөлдөж байна. 

Монгол Улсын хуулийн дагуу бүх ажлаа хийх ёстой атал нэхэмжлэгч нарт өөрийн газар дээрээ өндөр хүчдэлийн шугам татах зөвшөөрөл аль нь ч өгөөгүй. 

Гуравдагч этгээдээс “газар эзэмшигч зөвшөөрөл өгсөн боловч гарын үсэг нь алга болсон” гэж худлаа хэлдэг. Гэтэл тухайн газар дээр Мэргэжлийн хяналтын байгууллага үзлэг хийж газар эзэмшигч нарын эрхийг зөрчсөн байна гэдгийг тогтоосон. 

Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжаар Б.Б , Ж.Д  нарын газар дээр татагдсан байгаа шугаманд хязгаарлалтын бүс тогтоосон. 2016 онд гуравдагч этгээдийн төлөөлөгч нар нэхэмжлэгч нартай уулзахдаа “Нэхэмжлэлээсээ татгалзвал байр өгнө” гэдэг. 

Нэхэмжлэгчээс 80 айлын асуудал үүсэж байгаа учраас тохиролцох саналтай. Тэгэхээр эхлээд нэхэмжлэлээ авчих гэдэг. Гэтэл нэхэмжлэгч нар нэхэмжлэлээ буцаан татвал энэ асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно. 3 жил сануулга хэлсээр байхад нэхэмжлэгч нарыг үл тоож, өнөөдрийг хүрсэн. 

Ашиг хонжоо олохын тулд бусдын өмчлөх эрхэд халдаж, төрийн байгууллагыг төөрөгдөлд оруулж, тухайн албан тушаал хашаагүй хүнийг өөр хүнээр орлуулж гарын үсэг зуруулсан байдаг. Гол нь 3 дахь нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулж маргаж байгаа. 

Техникийн нөхцөл, барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх тусгай зөвшөөрөл өгөхдөө тухайн зөвшөөрлийг авсны дараа хэрхэн гүйцэтгэх нь чухал байдаг. Барилгын гаднах цахилгаан хангамжийн зургаа хийхдээ хүний өмчлөлийн газар дээгүүр цахилгааны шугамаа татахаар хийсэн. 

Тухайн ажлын зураг хийсэн компани бидэнд зөвшөөрөл байгаа гэж хэлсний үндсэн дээр хийсэн гэдэг. 

Нэхэмжлэлийн 3 шаардлага хуульд нийцсэн ба 3 дахь шаардлагын хүрээнд хүний өмчлөх эрхэд халдсан шууд үйлдэл байгаа. “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын холбогдох албан тушаалтнууд яагаад гадна ажлын зураг, төлөвлөгөөг баталсныг мэдэхгүй байна. Энэ захиргааны актын дагуу зураг хийгдэж, зургийн дагуу цахилгааны ажил хийгдсэн гэдэг. 

Үүсэх үр дагаврыг тухайн этгээдүүд мэдэж байсан атлаа үл тоомсорлосон байдлаар хандсан. 2016 онд Баянзүрх дүүргийн Засаг дарга бүрэн хэмжээнийхээ хүрээнд захирамж гаргасан ба түүний дагуу нэхэмжлэгч Б.Б , Ж.Д  нар тухайн газар амьдрах боломжгүй болсон. 

Тодруулбал  хүний  өмчлөлийн  газар  дээр хууль бусаар шугам татаж, Засагдаргын  бүрэн  эрхийн  хүрээнд  хязгаарлалтын бүс тогтоолгож, амьдрах боломжгүй болгосон. 

Гуравдагч этгээдээс эвлэрлийн талаар огт яриагүй. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

Хоёр. Хариуцагч Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын  итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч нараас 3 нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар нь барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах шаардлагын хариуцагч нь юм. 

 “Т” ХХК нь холбогдох хууль дүрмийн дагуу бичиг баримтаа бүрдүүлж, барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх тусгай зөвшөөрөл авах хүсэлтээ Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар /хуучин нэрээр/-т өгсөн. 

Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалт оруулах дүрмийн 4 дүгээр хавсралтын а-д дахь хэсэгт заасан баримт бичгийн бүрдүүлбэрийг хангаж, бичиг баримт ирүүлэхдээ “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн 2013 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 2745/2013 техникийн нөхцөлийг баримтын бүрдүүлбэр болгож ирүүлсэн ба тухайн дүрмийн хүрээнд бичиг баримтын бүрдлийг шалгаж, хангаж байсан учраас дүрэм журмын хүрээнд тусгай зөвшөөрөл олгосон. Бусад шаардлагын хүрээнд манай байгууллага хариуцагч биш. 

Ажлын зурагт Ж.Эрдэнэбатыг орлож, тухайн үед ажиллаж байсан инженер гарын үсэг зурсан. 

Хэрэв тухайн ажлын зургийг гаргахдаа тухайн эзэмшигчийн эрх ашгийг хөндсөн, эзэмшигчийн зөвшөөрлийг аваагүйн улмаас ажлын зураг хүчингүй болгоход татгалзах зүйл байхгүй. 

Манай байгууллагаас гаргасан захиргааны акт биш бөгөөд төлөвлөлтийн хүрээнд авч үзэж, зөвшөөрөгдсөн гэх байдлаар гарын үсэг зурсан. 

Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв. 

Гурав. Хариуцагч “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн  гүйцэтгэх захирал Д.Баярсайхан 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...“Т” ХХК нь тус компанид хандаж холбогдох эрх зүйн акт, журмын дагуу баримт бичиг бүрдүүлж, техникийн нөхцөл авах тухай хүсэлтийг 2013 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 189 дугаар албан бичгээр гаргасан. 

Дээрх  материал  хүсэлтийг  судалж  Монгол  Улсын  Эрчим  хүчний сайдын 2013 оны   01   дүгээр   сарын   04-ний   өдрийн  Цахилгаан, дулааны эрчим хүчээр  хангах техникийн нөхцөл олгох журам батлах тухай 03 дугаар тушаалын дагуу 2013 оны 09 дүгээр сарын 25-ны 2745/2013 дугаартай техникийн нөхцөл өгсөн. 

Мөн тус компанийн техникийн нөхцөл холбогдох цэгийг /ШШГЕГ о/с ХТП-2670-ын 0,4 кВ талын I ба II секцэнд рубильник бүхий групп тоноглож, кабель шугам татаж, тэжээх/ нь зааж өгдөг. 

Өөрөөр хэлбэл тэр цэгээс хаагуур яаж татах нь манай техникийн нөхцөлд зааж өгдөггүй бөгөөд манай байгууллагын бүрэн эрхийн асуудал биш юм. 

Энэ асуудлыг шүүхэд удаа дараа тайлбарлаж байгаа бөгөөд нэхэмжлэгчийн өмгөөлөгч уг хэргийг бүрэн ойлгохгүй байгаа болно. 

Мөн тодруулсан нэхэмжлэлийн шаардлагын 2,3 дахь асуудал нь тус компанитай хамааралгүй юм. 

Харин энэ шугамын байршил /трасс/-ын асуудлыг Монгол Улсын Засгийн газраас баталсан барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, зөвшилцөх, магадлал хийх дүрмийн дагуу асуудлыг захиалагч, ашиглагч болон зургийн байгууллага, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газартай зөвшилцөж, ерөнхий төлөвлөгөөнд оруулж батална гэж заасан байдаг. 

Дээрх байдлаас үзэхэд техникийн нөхцөлийг хүчингүй болгох үндэслэлгүй бөгөөд цуцлах шаардлагагүй гэж үзэж байна.

Иймд манай байгууллагатай холбоотой нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ. 

Дөрөв. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар болон “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-иас 2013 оны 09 дүгээр сарын 15-ны манай компанид олгосон 2745/2013 дугаар барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд тайлбар хэлэхэд 2013 онд барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх тусгай зөвшөөрлийг авахаар дүрэм, холбогдох хууль журмын дагуу баримт бичиг бүрдүүлж, хүсэлтээ Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт өгсөн бөгөөд холбогдох хууль, дүрмийн дагуу хийгдсэн учраас нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хүчингүй болгох үндэслэлгүй юм. 

2014 онд “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д Эрчим хүчний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.5, 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэгт заасны дагуу техникийн нөхцөлөө бүрдүүлж, хүсэлтээ өгсөн.

Иргэн Б.Б , Ж.Д  нарын газар өмчлөх эрхийг  ноцтой зөрчиж, тэд  нарын  өмчлөлийн  Баянзүрх  дүүргийн  16  дугаар  хороо, Данзангийн 1 дүгээр  гудамжинд байрлах газарт орон сууцны барилгын цахилгааны гадна хангамжийн ажлын зургийг хийхдээ бусдын газар өмчлөх эрхийг зөрчсөн гэх шаардлагын  хүрээнд тайлбар хэлэхэд 2014 онд ажлын зургийг “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний дагуу “Бодит чадал” ХХК-аар гүйцэтгүүлсэн ба тухайн үед харилцан тохиролцож, барилгын ажил хийж байсан инженер болон “Бодит чадал” ХХК-ийн холбогдох ажилчид Ц.Төрмөнхтэй уулзаж, зөвшилцөн, санхүүгийн тусламж үзүүлсний үндсэн дээр газраар нь дамжуулж, цахилгааны утсыг татах ажлыг хийсэн. 

Барилгын ажил хийж байсан инженер тайлбар өгсөн нь хавтаст хэрэгт авагдсан байгаа. Кабелийн утас тавигдсанаар хязгаарлалтын бүсэд орчихлоо гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбарладаг. 

Гэтэл нэхэмжлэгч нарын өмчлөлийн газрын хажууд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын цахилгаан хангамжийн станц байдаг. 

Ямар нэгэн зөвшөөрөл байхгүй байсан бол хүний хашаанд орж цахилгааны утас татах боломжгүй бөгөөд Ц.Төрмөнхийн зөвшөөрөл байсан гэдэг нь харагддаг. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй юм” гэв.

Тав. Иргэдийн төлөөлөгч Н.Цэгц 2018 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр гаргасан дүгнэлтдээ: “Нэхэмжлэгч талын гурван нэхэмжлэлийн шаардлагын сүүлийн нэг шаардлагыг зайлшгүй хангуулах хүсэлтэй бөгөөд хавтаст хэрэгт авагдсан баримттай танилцахад хүчин төгөлдөр газар өмчлөх эрхтэй харагдаж байна. Гуравдагч этгээд цахилгааны шугам татах зөвшөөрөл авсан нь баримтаар нотлогдохгүй байна. Иймээс трассын зураг бүхий захиргааны актыг хүчингүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагаа “Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар /хуучин нэрээр/, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-иас 2013 оны 09 дүгээр сарын 15-нд “Т” ХХК-д олгосон 2745/2013 дугаар техникийн нөхцөлийг бусдын эрхийг зөрчсөн хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас “Т” ХХК-д олгосон 06/2014 дүгээр “Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл”-ийг бусдын эрхийг зөрчсөн хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, иргэн Б.Б , Ж.Д  нарын газар өмчлөх эрхийг ноцтой зөрчиж, тэд нарын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, Данзангийн 1 дүгээр гудамжинд байрлах газраар  татсан  “Т”  ХХК-ийн  орон  сууцны  барилгын  цахилгаан  гадна хангамжийн   BCH13-033  дугаар  шифртэй  ажлын  зургийг  бусдын  газар  өмчлөх  эрхийг зөрчсөн болохыг тогтоож, хүчингүй болгуулах” гэж тодорхойлжээ.

Хавтаст  хэрэгт  авагдсан  бичмэл  нотлох  баримтууд,  хэргийн  оролцогчид  тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргээс үзэхэд “Т” ХХК  Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд есөн давхар орон сууц барихдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын ХТП-2670 дэд станцаас тус барилгын цахилгаан хангамжийг авч тусгай зөвшөөрөл бүхий “Бодит чадал” ХХК-иар зураг төслийг нь хийлгэхдээ иргэн Б.Б , Ж.Д  нарын өмчлөлийн газраар дайруулан хийж, “Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК болон Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар /хуучин нэрээр/-аар батлуулан техникийн нөхцөл, барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авсан нь маргаангүй үйл баримт болжээ.

Нэхэмжлэгчээс “...“Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК болон Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар нь тус барилгын цахилгаан хангамжийн зураг төсөл болон барилгын техникийн нөхцөл, барилга  барих зөвшөөрөл олгохдоо бидний хувийн өмчид дур мэдэн халдсан”  гэж, харин хариуцагч талаас “...“Т” ХХК-д олгосон барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрөл болон  барилгын техникийн нөхцөл олгосон зөвшөөрөл нь нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндөөгүй” гэж, харин гуравдагч этгээдээс “Барилгын цахилгаан хангамжийн зураг төслийг хийхдээ нэхэмжлэгчээс зөвшөөрөл авсан” гэж маргаж байгаа болно.

            Шүүх болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судалж, нэхэмжлэлийн шаардлага тус бүрээр дараахь байдлаар дүгнэлээ.

   1. “Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-иас 2013 оны 09 дүгээр сарын 25-нд “Т” ХХК-д олгосон 2745/2013 дугаар техникийн нөхцөлийг бусдын эрхийг зөрчсөн хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд: “Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК нь “Т” ХХК-ийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 53 дугаар сургуулийн  баруун талд Данзангийн 1 дүгээр гудамж 18,19, 20, 21 тоот байршилтай  орон сууцны барилгын 200 квт хүчин чадал бүхий цахилгаан сүлжээнд холбогдох техникийн нөхцөлийг ЗТТ-ын холболтын    цэг   тодруулсан   тодорхойлолт,   ШШГЕГ-ын  өөрийн  ХТП-2670 -аас тэжээл   авахыг   зөвшөөрсөн  албан  бичиг,  2013  оны  архитектор  төлөвлөлтийн даалгавар зэргийг үндэслэн 2013 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 2745/2013 дугаартай олгожээ. 

Энэхүү техникийн нөхцөлийн 9 дүгээр зүйлийн 9.1-т “дэд станц, кабель шугамын ажлын зургийг эрх бүхий байгууллагаар хийлгэн, Нийслэлийн барилга, хот байгуулалт төлөвлөлтийн газраар батлуулж, мэдээллийн санд оруулсан байх, схем холболт, хүчин чадлыг тус компаниар хянуулах”,  9.11-т “Энэхүү техникийн нөхцөлийн дагуу холболтыг 1 жилийн хугацаанд хийж гүйцэтгэх бөгөөд энэ хугацаанд цахилгаан сүлжээнд холбогдоогүй тохиолдолд шинээр техникийн нөхцөл авна” гэж заажээ. 

Үүнээс үзэхэд “Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК нь “Эрчим хүчний тухай хууль”-д зааснаар нийслэлийн хэмжээнд цахилгаан эрчим хүч үйлдвэрлэгч, хангагчийн хувьд шинээр баригдсан орон сууцны гадна цахилгааны эх үүсвэрээр хангах техникийн нөхцөлийг олгох бөгөөд “Т” ХХК-иас “Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрэм”-ийн хэрэглэгчдэд техникийн нөхцөл олгох тухай 2 дахь хэсгийн шаардлагыг хангаж хүсэлт ирүүлсний дагуу хариуцагчаас тус дүүргийн 16 дугаар хороонд байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын харьяа о/с ХТП-2670 дэд станцаас холбох зөвшөөрөл олгосон байна.

Мөн энэхүү техникийн нөхцөлийг 1 жилийн хугацаатай олгосон байх бөгөөд  “Т” ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан орон сууцны барилгын гадна цахилгааны эх үүсвэрийг хангах зөвшөөрөл олгосноор нэхэмжлэгчийн эрх,  хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэхээргүй байна.

Нөгөө талаар нэхэмжлэгч нарын өмгөөлөгч энэхүү нэхэмжлэлийн шаардлагатай маргахгүй гэсэн тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан болно.

2. “Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас “Т” ХХК-д олгосон 06/2014 дүгээр “Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл”-ийг бусдын эрхийг зөрчсөн хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар “Т” ХХК-ийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны Данзангийн 1 дүгээр гудамжны 0.1397 га газарт 30.0х18.0 хэмжээтэй, зоорьтой, 9 давхар, бүрэн цутгамал төмөр бетон карказ бүхий 81 айлын орон сууцны барилгад 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 06/2014 дугаартай “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл”-ийг олгожээ. 

Барилгын тухай хуулийн /2008 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн/ 6 дугаар зүйлийн 6.2.7-д заасан “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох” эрх нь Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын бүрэн эрхийн асуудал байх тул 06/2014 дугаар “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл” олгосон нь хууль зүйн үндэслэлтэй.

Засгийн газрын 2012 оны 151 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах дүрэм”-ийн 2 дахь хэсгийн 1-д “Барилгын ажлыг эхлүүлэх хүсэлтийг хөрөнгө оруулагч нь захиалагч буюу зөвлөх үйлчилгээ эрхлэгчээр дамжуулан холбогдох байгууллагад тавина”, Засгийн газрын 151 дүгээр тогтоолын 4 дүгээр хавсралтын “А” хэсэгт заасан зөвшөөрөл олгохыг хүссэн өргөдөл, барилгын ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ (тухайн ажлыг гүйцэтгэх хүрээнд тохирсон), тухайн барилгын магадлал хийгдсэн зураг төсөл” зэрэг материалыг бүрдүүлж ирүүлсэн захиалагч “Т” ХХК-ийн хүсэлтийг үндэслэн зөвшөөрөл олгосон хариуцагч Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын шийдвэр дээрх хууль, дүрэм, журмын холбогдох заалтуудтай нийцсэн байна.    

Нөгөөтэйгүүр 06/2014 дугаартай “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл”-ийн хүчинтэй хугацаа 2015 оны 06 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл гэж заасан байх тул хүчингүй болгох үндэслэлгүй, мөн нэхэмжлэгч нарын өмгөөлөгч нэхэмжлэлийн энэ шаардлагатай маргахгүй гэж тайлбар гаргасан болно.    

3. “Иргэн Б.Б , Ж.Д  нарын газар өмчлөх эрхийг ноцтой зөрчиж, тэд нарын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, Данзангийн 1 дүгээр гудамжинд байрлах газраар татсан “Т” ХХК-ийн орон сууцны барилгын цахилгаан гадна хангамжийн BCH13-033 дугаар шифртэй ажлын зургийг бусдын газар өмчлөх эрхийг зөрчсөн болохыг тогтоож, хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлагын тухайд: “...“Т” ХХК-ийн орон сууцны барилгын гадна цахилгаан хангамжийн ВСН13-033 дугаар шифртэй ажлын зургийг “Бодит чадал” ХХК-аар гүйцэтгүүлж, тухайн ажлын кабелийн трасс, байршлын зургаа “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, болон Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын холбогдох албан тушаалтнуудаар баталгаажуулан, зөвшөөрөл авснаар тухайн цахилгаан дамжуулах шугамын ажил гүйцэтгэх нөхцөл бүрдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох “Т” ХХК-ийн орон сууцны барилгын цахилгаан хангамжийн 0.4 кв-ын цахилгаан дамжуулах шугамын зургаар тогтоогдож байна. 

Мөн 2013 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 2745/2013 дугаар Техникийн нөхцөлийн 9 дүгээр зүйлийн 9.1-т “ ... кабель шугамын ажлын зургийг эрх бүхий байгууллагаар хийлгэн, Нийслэлийн барилга, хот байгуулалт төлөвлөгөөний газраар батлуулж, мэдээллийн санд оруулсан байх, схем холболт, хүчин чадлыг тус  компаниар  хянуулах” гэж заасан байх тул хариуцагч “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ”    ТӨХК-ийн   “...холбох    цэгээс   хаагуур   яаж   татах   нь   манай байгууллагын бүрэн эрхийн асуудал биш юм. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагын 2, 3 дахь асуудал нь тус компанид хамааралгүй асуудал юм” гэсэн тайлбар үндэслэлгүй байна.  

Засгийн газраас баталсан “Барилга, байгууламжийн зураг төсөл боловсруулах, зөвшилцөх, магадлал хийх” дүрмийн дагуу асуудлыг захиалагч, ашиглагч болон зургийн байгууллага, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газартай зөвшилцөж ерөнхий төлөвлөгөөнд оруулан батална” гэж заасан байх бөгөөд хариуцагч Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар /хуучин нэрээр/-аас “...нэхэмжлэгч нарын өмчлөх газраар дайрсан Баянзүрх дүүрэг 16 дугаар хороо, Данзангийн 1 дүгээр гудамжинд байрлах “Т”  ХХК-ийн орон сууцны барилгын гадна цахилгаан хангамжийн BCH13-033 дугаартай шифртэй ажлын зургийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд манай байгууллага тус ажлын зургийг зөвшилцөхдөө төлөвлөлтийн талаар нь хянан шалгадаг бөгөөд, тухайн газар өмчлөгч иргэдтэй тохиролцсон зүйл байхгүй бол, түүнчлэн эрх ашгийг нь зөрчсөн нь тогтоогдсон тохиолдолд хүчингүй болгуулахад татгалзах зүйлгүй болно” гэсэн тайлбар гаргадаг. 

Тусгай зөвшөөрөл бүхий “Бодит чадал” ХХК нь ВСН13-033 дугаар шифртэй ажлын зургийг гүйцэтгэхдээ нэхэмжлэгч нарын өмчлөлийн газраар дайрч өнгөрсөн болох нь иргэн Б.Б гийн өмчлөлийн нэгж талбарын 18647311781390 дугаар бүхий газар, иргэн Ж.Д  /РД:ИЭ72011011/-ийн  Баянзүрх дүүрэг 16 дугаар хороо Данзангийн 1 дүгээр гудамж 23 тоотод байрлах нэгж талбарын 18647311799386 дугаар бүхий газрын орчинд 2х800 кВА чадал бүхий 10/0.4 кВ-ын хүчдэлтэй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын мэдлийн о/с ХТП- 2670 дэд станцаас иргэн Б.Б гийн өмчлөлийн газраар “Т” ХХК-ийн барьсан орон сууц руу татсан 0.4 кВ-ын 195 мм2 хөндлөн огтлол бүхий хос кабел шугам дайрч өнгөрч байна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 2133 дугаар дүгнэлтээр тогтоогджээ.

Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-т “Шугам сүлжээ нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байна. Хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж зааснаас    үзэхэд    нэхэмжлэгч   нарын   өмчлөлийн   газарт   хамгаалалтын   бүс тогтоосон нь тэдгээрийн өмчлөлийн газраа  ашиглах эрхийг зөрчсөн байна.

Нийслэлийн улсын бүртгэлийн газраас Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо Данзангийн 1 дүгээр гудамж 24 тоот хаягт байрлах 18647311781390 нэгж талбарын дугаартай 275.0 м.кв талбай бүхий газрын хууль ёсны өмчлөгчөөр Б.Б г бүртгэж Г-2204014359 дугаарын газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгожээ.

Нэхэмжлэгч Б.Б , Ж.Давааадорж нар нь  дээрх газрын хууль ёсны өмчлөгчийн хувьд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Өмчлөгч.....өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй” гэж заасны дагуу эрхээ хамгаалуулах нь нээлттэй байна.

“Бодит чадал” ХХК маргаан бүхий ажлын зургийг хийхдээ нэр бүхий нэхэмжлэгч нарын өөрийн өмчлөлийн газар дээгүүр цахилгааны шугам явуулахыг зөвшөөрсөн, гараар бичсэн зөвшөөрөл байсан гэж тайлбарлаж байгаа хэдий ч энэ нь хэрэгт цугларсан баримтаар  хангалттай нотлогдоогүй байна. 

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь.....өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй”, 103 дугаар зүйлийн 103.1-д “Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлана”, “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль”-ийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Иргэн газар өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд нь бусад этгээд аливаа хэлбэрээр саад учруулахыг хориглоно” гэж тус тус зохицуулснаас үзэхэд маргаан бүхий ажлын зураг нь нэхэмжлэгчийн газар өмчлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.

Гэхдээ “Т” ХХК-ийн захиалгаар Эрчим хүчний зураг төсөл, барилга угсралтын тусгай зөвшөөрөл бүхий “Бодит чадал” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн BCH13-033 шифртэй гадна цахилгаан хангамжийн цахилгаан дамжуулах кабель шугамыг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр цаашид ашиглах боломжгүй боловч захиргааны эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр хийж гүйцэтгэсэн орон сууцны цахилгаан дамжуулах шугамыг хаагуур татах зэрэг нөхцөл байдлыг тодруулж, тусгай зөвшөөрөл бүхий байгууллагаар дахин зураг хийлгэх боломжтой эсэх асуудал нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэж, нэхэмжлэгчийн газар өмчлөх эрхийг зөрчиж хийсэн “Т” ХХК-ийн орон   сууцны барилгын  гадна  цахилгаан хангамжийн ВСН13-033 дугаар шифртэй ажлын зургийг гурван сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.  

 

                Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11, 106.3.13 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, “Барилгын тухай хуулийн /хуучнаар/ 6 дугаар зүйлийн 6.2.7, Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Б , Ж.Д  нарын Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар /хуучин нэрээр/, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д тус тус холбогдуулан гаргасан “Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-иас 2013 оны 09 дүгээр сарын 15-нд “Т” ХХК-д олгосон 2745/2013 дугаар техникийн нөхцөл, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас “Т” ХХК-д олгосон 06/2014 дүгээр “Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл” нь бусдын эрхийг зөрчсөн хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, Данзангийн 1 дүгээр гудамжинд байрлах газраар татсан “Т” ХХК-ийн орон сууцны барилгын цахилгаан гадна хангамжийн BCH13-033 дугаар шифртэй ажлын зургийг шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэж хариуцагчийг дахин шинэ акт гарах хүртэл гурван сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.  

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт заасны дагуу шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч шинэ акт гаргаагүй тохиолдолд маргаан бүхий актыг хүчингүй болохыг дурдсугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.   

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн  шийдвэрийг  эс  зөвшөөрвөл  гардан авснаас хойш арван дөрөв хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

           

 

 

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Д.ЧАНЦАЛНЯМ 

                               ШҮҮГЧ                            Н. ДУЛАМСҮРЭН

                    ШҮҮГЧ                            Ц. ОДМАА