Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2021/0191

 

                                   “С г к т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                         захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Оюумаа, Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Буяндэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.С, Р.Э нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 70 дугаар шийдвэртэй, “С г к т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн газарт холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 70 дугаар шийдвэрээр: “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 6 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгч “С г к т” ХХК-ийн Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан гаргасан “Засгийн газрын 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 319 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах тухай  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “... Тост , тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авах тухай Улсын Их Хурлын шийдвэр, Тост тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагийг тогтоосон Засгийн газрын тогтоол гарахаас өмнө нэхэмжлэгч хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг ашигт малтмалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага олгосон байдаг.

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 512 дугаар “Талбайг нөөцөд авах тухай” тогтоолоор Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дэвсгэрт орших Тост, тосон бумбын нурууны 652527,98 га газрыг нөөцөд авсан ба тус тогтоолын хилийн заагт нэхэмжлэгч “С г к т” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын МV-0170388 MV-019036 тоот тусгай зөвшөөрлүүдийн талбай багтаагүй байна. Түүнчлэн Улсын Их Хурлын 2016 оны 35 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас гаргасан 2017 оны 91 дүгээр тогтоолоор тогтоосон “Тост, тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн зааг”-тай “С г к т” ХХК-ийн ашигт малтмалын МV-0170388 MV-019036 тоот тусгай зөвшөөрлүүдийн талбай багтаагүй байна.

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 512 дугаар тогтоол, 2017 оны 91 дүгээр тогтоолоос үзэхэд Тост, тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагийг тогтоохдоо заавал нэхэмжлэгчийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдтэй давхацсан байдлаар хилийн заагийг тогтоох хэрэгцээ шаардлага байхгүй байсныг илтгэж байна. Тост, тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагийг тогтоохдоо Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, Монгол Улсын Загийн газрын 2017 оны 287 дугаар тогтоол, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д тус тус заасныг зөрчин хууль зүйн үндэслэлгүй тогтоол гаргасан байна.

Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан нотлох баримт цуглуулах үүргийг хангалттай биелүүлээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Учир нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 512 дугаар тогтоол болон хариуцагчаас  нотлох баримт гаргаж өгсөн “Дэ нэйчэ консерванси” ОУБ-аас хийсэн судалгааны 16, 22, 28 дугаар зургуудтай нэхэмжлэгчийн ашигт малтмалын  ашиглалтын МV-0170388 MV-019036 тоот тусгай зөвшөөрлүүд давхцаж байгаа эсэхийг Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас нотлох баримтаар гаргуулах хүсэлтийг гаргасан боловч шүүх хүсэлтийг хэрэгсэхгүй болгож нотлох баримтыг зохих журмын дагуу цуглуулаагүй болно.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 70 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэв.     

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т “Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд ... хянан үзэх үүрэгтэй” гэж заасны дагуу давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянав.

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 ны 08 сарын 12-ны өдрийн 405 дугаартай шийдвэрээр “С г к т” ХХК-н MV-0170388 MV-019036  ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан. Монгол улсын Засгийн газрын 2019 оны 08 сарын 14-ний өдрийн “Байгалийн нөөц газрын хилийн заагийг тогтоох тухай” 319 дүгээр тогтоолоор  Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагийг нэмэгдүүлэн, шинэчлэн тогтоожээ. Энэхүү 2 захиргааны акттай нэхэмжлэгчийн зүгээс маргаж тус тусдаа захиргааны хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж буй ажээ.

 Энэ хэргийн тухайд нэхэмжлэгчээс Засгийн газрын 2019 оны 319 дүгээр тогтоолыг эс зөвшөөрч “... маргаан бүхий захиргааны акт нь Монгол Улсын Засгийн газрын 2017 оны “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ, заагийг тогтоох, ашиглах тухай” журмыг зөрчсөн, тусгай хэрэгцээнд авсан газар нь зөвхөн манай компанийн ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайтай давхцалтай байгаа нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна” гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...Монгол Улсын Их Хурлын гадаад дотоод бодлогыг тодорхойлох бүрэн эрхийн хүрээнд баталсан 35 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор гарсан 319 дүгээр тогтоол нь хууль зөрчөөгүй” гэж тайлбарлаж байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2-т “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж заасан бөгөөд Засгийн газрын аливаа тогтоол, шийдвэр “хууль дээдлэх” зарчимд нийцсэн байх ёстой.

Маргаан бүхий захиргааны акт уг харилцааг зохицуулсан Газрын тухай хууль, түүнд нийцүүлэн Засгийн газраас өөрөөс нь баталсан 2017 оны 287 дугаар тогтоолоор батлагдсан “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хил заагийг тогтоох, ашиглах журам”-д бүрнээ нийцэх ёстой, уг тогтоолд заасан журмын дагуу гарсан байх ёстой.

Анхан шатны шүүхээс  “... гэвч хариуцагч захиргааны байгууллага 2019 оны 319 дүгээр тогтоолыг гаргахдаа  “Газрын улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хил заагийг тогтоох, ашиглах журам”-д заасан үйл ажиллагааны журмыг хэрэгжүүлээгүй болох нь  ... тогтоогдов” гэж зөв дүгнэжээ. Ийнхүү зөв дүгнэсэн атлаа  шүүх дээр маргаантай байгаа өөр захиргааны актын талаар дүгнэлт хийж,  тэрхүү маргаан  хэрхэн шийдвэрлэгдэж болзошгүй байдалд урьдчилсан дүгнэлт өгч, улмаар ингэж шийдвэрлэгдвэл сэргэх эрх байна, байхгүй мэтээр дүгнэсэн нь буруу юм.

Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нэг гол үндэслэл нь “Харин Засгийн газрын 2019 оны 319 дүгээр тогтоолыг шүүхээс хүчингүй болгож шийдвэрлэснээр нэхэмжлэгч хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийнхөө  хүрээнд үйл ажиллагаа явуулах эрх нээгдэхгүй, мөн нөхөн олговор авах эрх үгүйсгэгдэх тул нэхэмжлэгчийн хувьд шүүхийн шийдвэрээр сэргэх эрх, хууль ёсны ашиг сонирхол байхгүй байна” гэсэн дүгнэлт бөгөөд яагаад ийнхүү дүгнэсэн нь ойлгомжгүй болжээ.  Өөрөөр хэлбэл АМГТГ-ын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 405 дугаар шийдвэр хүчингүй болоод улмаар Засгийн газрын 2019 оны 319 дүгээр тогтоол хүчингүй болсон ч нэхэмжлэгч хуулийн этгээдийн үйл ажиллагаа явуулах эрх сэргэхгүй гэж хийсвэрээр дүгнэж байгаа нь ойлгомжгүй болжээ.

Хэрвээ шүүхээс ийм агуулгаар дүгнэлт хийхээр бол дор хаяж дараах нөхцөл тус бүрт дүгнэлт өгөх ёстой байжээ.

 

АМГТГ-ын Кадастрын хэлдтсийн даргын 2019.08.12-ны өдрийн 405 дугаар шийдвэр

Засгийн газрын 2019.08.14-ний өдрийн 319 тогтоол

Үр дагавар

Үйл ажиллагаа явуулах эрх

Нөхөн олговор авах эрх

1

Хэвээр үлдэх

Хэвээр үлдэх

 

 

2

Хэвээр үлдэх

Хүчингүй болох

 

 

3

Хүчингүй болох

Хэвээр үлдэх

 

 

4

Хүчингүй болох

Хүчингүй болох

 

 

 

Гэхдээ давж заалдах шатны шүүхээс аль нэг шүүх дээр маргаантай байгаа өөр захиргааны актын талаар дүгнэлт хийж, тэрхүү маргаан хэрхэн шийдвэрлэгдэж болзошгүй байдалд урьдчилсан дүгнэлт өгч, улмаар ингэж шийдвэрлэгдсэн тохиолдолд сэргэх эрх байна, байхгүй мэтээр дүгнэх нь  буруу гэж үзэж буй болохоо дахин тэмдэглэж байна.

Нэхэмжлэгч талаас ... Тост, Тосон бумбын нурууны  байгалийн нөөц газрын хилийн заагийг 2019 онд дахин тогтоох хэрэгцээ, шаардлага байгаагүй” гэж маргасан байх бөгөөд анхан шатны шүүхээс хилийн заагийг 2019 онд дахин тогтоох хэрэгцээ, шаардлагын талаар ямар ч дүгнэлт хийгээгүй байна. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-т “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана” гэж заасныг зөрчсөн гэж үзэхээр байна.

Өмнө нь энэхүү  байгалийн нөөц газрын хил заагийг 2015 оны 512 дугаар тогтоолоор, 2017 оны 91 дүгээр тогтоолоор тус тус тогтоож байжээ. 2019 оны 319 дүгээр тогтоолын тухайд энэ асуудлаар гарсан 3 дахь захиргааны акт гэж үзэхээр байна. Захиргааны ерөнхий хуулиар тогтоосон захиргааны актын талаарх зохицуулалтууд хэрхэн яаж хангагдсан, хангагдаагүй талаар ямар ч дүгнэлт хийгээгүй байна. Энэ талаар холбогдох нотлох баримтыг цуглуулж дүгнэлт хийх нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-д заасныг тус тус удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дүгээр сарын 22-ны өдрийн 204 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарласан гэсэн үндэслэлээр хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                        Д.БАТБААТАР

                   ШҮҮГЧ                                                                           Д.ОЮУМАА

ШҮҮГЧ                                                                          Э.ЗОРИГТБААТАР