| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 102/2015/03035/И |
| Дугаар | 102/ШШ2016/05850 |
| Огноо | 2016-11-24 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 24 өдөр
Дугаар 102/ШШ2016/05850
| 2016 оныз 11 сарын 24 өдөр | Дугаар 102/ШШ2016/05850 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Улаанхуаран С.Данзангийн гудамж, 22 дугаар байр, 1 тоотод оршин суух, Бичээч овогт Цогтгэрэлийн Эрдэнэбат /РД:ШВ85111219/-ын,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, Цэргийн хотхон, 517 тоотод оршин байгаа Баянмэдлэг ХХК /РД-5318009/-д холбогдуулан гаргасан,
Ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, гэрээний гүйцэтгэлд төлсөн 46,276,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл,
Хариуцагчийн, ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 7,161,640 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Эрдэнэбат, түүний өмгөөлөгч Ц.Жавхлантөгс /шүүхэд төлөөлөх эрх-0415/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Солонго нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Эрдэнэбат шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Эхнэр бид хоёр фасебүүкээс байрны төсөл үзсэн бөгөөд 2014 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Баян мэдлэг ХХК-ийн хэрэгжүүлж буй Май хаус /My house/ төсөлтэй танилцаж, улмаар утсаар холбогдон уулзахаар болсон. Тус компанийн хаягаар очиход захирал Д.Сүхбаатар хүлээж аваад бид хоёрт загварын байрыг танилцуулсан.
Тус орон сууцыг карказ ган төмөр дээр босгосон канад технологийн байшин, дээврийн халаалтын систем нь нарны гэрлээр усаа халаах системтэй, чанар сайтай материалаар, 1 м.кв талбайг 562,500 төгрөгөөр, 10-20 хоногийн хугацаанд барьж хүлээлгэн өгнө гэсэн нь миний сонголт хийх шалтгаан болсон.
Ингээд бид ярилцаад хувийн орон сууцыг бариулахаар 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Баян мэдлэг ХХК-тай Амины орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу хариуцагч компани нь 80 м.кв 2 давхар гурван өрөө орон сууцыг 2014 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хүлээлгэн өгөхөөр үүрэг хүлээсэн бөгөөд би гэрээнд заасны дагуу 36,976,000 төгрөгийн урьдчилгаа төлсөн.
Бид байшингаа 7 дугаар сарын 27-ны өдөр хүлээж авч 8 дугаар сарын 01-ний өдөр орох байсан боловч бэлэн болоогүй.
Түүнчлэн байшинг хүлээж авахаар очихдоо Барилгын хөгжлийн төв ХХК-иас мэргэжлийн хүн дагуулж очсон бөгөөд инженер нь хараад байшингийн хана цүлхийсэн, тааз, шал, угсралт буруу хийгдсэн байна гэсэн учир байшинг хүлээж авахгүй байхаар шийдсэн.
Загварын байшингаас өөр байсан.
Анх тохиролцохдоо компанийн мэргэжлийн, үндсэн ажилчдаар гүйцэтгүүлэхээр ярьж байсан ч ажлыг туслан гүйцэтгэгчээр гүйцэтгүүлсэн ба компанийн удирдлагад хэлэхэд бидэнд гаднах угсралтыг энэ бригадаар гүйцэтгүүлж, бусад ажлыг мэргэжлийн бригадаар гүйцэтгүүлнэ гэж байсан. Барилгын ажлыг ямар ч зураг төсөл, төлөвлөгөөгүйгээр хийж байсан бөгөөд бидэнд мэдэгдэлгүйгээр орон сууцанд өөрчлөлт оруулж, даацын хана нэмснээс цонхны бүтэц зохион байгуулалт бүхэлдээ өөрчлөгдсөн. 2 давхрын ариун цэврийн өрөөний ханын плита, ванныг бид өөрсдийн зардлаар авч өгсөн боловч зургийн дагуу бус буруу байрлуулж өнгө үзэмжгүй гүйцэтгэсэн. Мөн ханын цаасыг буруу нааж, солихоос өөр аргагүй болсон. Орон сууцны цахилгааны ажлыг мэргэжлийн хүнээр гүйцэтгүүлнэ гэж байсан ч аюулгүй байдлын шаардлага хангахгүйгээр ил хийсэн. Дээврийн ус зайлуулах хоолой байрлуулаагүй.
Бидний тус орон сууцыг сонгон бариулах нэг шалтгаан болсон дээврийн нарны ус халаах системийг суурилуулаагүй. Энэ талаар холбогдох хүмүүстэй нь уулзсан ч цаад үйлдвэрээсээ үйлдвэрлэхээ больсон бөгөөд оронд нь чанар сайтай герман ус халаагч суурилуулж өгнө гэсэн ч бодит байдалд чанар муутай, өнгө үзэмжгүй, хятад халаагуур суурилуулсан байсан.
Орон сууцны бүх цонхнуудад усны хамгаалалт хийгээгүй. Энэ талаар гомдол санал гаргаж байж солиулсан ч цонхнуудыг түгжих боломжгүйгээр хийсэн. Гадна тагтыг аюулгүй байдлын түвшинд хийгээгүй, тагтны ус зайлуулах хоолой хийгээгүй, мөн орон сууцны нийт таазыг барилгад хэрэглэхийг хориглосон лампираар хийсэн. Энэ талаар шаардлага тавьж 2 давхрын хэсгийг хуулуулсан боловч үүссэн сэв гэмтлийг засаагүй.
Анх гэрээгээр 2014 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хүлээлгэн өгөхөөр тохирсон боловч сунжирсаар 9 сар болсон. Ингээд 9 дүгээр сарын 10-ны өдөр тус компанийн захиралтай уулзан ажлыг харуулж, доголдолтой гүйцэтгэсэн ажлын жагсаалтыг гаргаж, акт тогтоон дахин гүйцэтгүүлэхээр болсон боловч гүйцэтгэгч талаас доголдлыг арилгах талаар ямар ч арга хэмжээ аваагүй, бидэнтэй холбогдохоо больсон. 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр тус компани руу шуудангаар мэдэгдэл явуулахад хүлээн авсан ч ямар нэг хариу өгөөгүй тул 3 дугаар сарын 18-ны өдөр гэрээнээс татгалзах тухай мэдэгдэл явуулж, захиралтай нь утсаар ярихад ирж уулз гэсэн. Шуудангийн явуулсан мэдэгдлийг хариуцагч тал хүлээн авахаас татгалзсан байсан.
Эхнэр бид хоёр шинэ гэр бүл болж тусдаа гарах байр маань бэлэн болоогүй байсан учраас байр түрээсэлж байсан бөгөөд орон сууцны хөлсийг 6 сараар төлсөн.
Орон сууц нь гэрээний дагуу барилга баригдаж, хугацаандаа орсон бол нэхэмжлэгч нь байр түрээсэлж амьдрах шаардлагагүй байсан.
Иймд Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1, 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1-д заасны дагуу гэрээнээс татгалзаж, гэрээгээр шилжүүлсэн 36,796,000 төгрөгийг гаргуулж, хугацаа хэтрүүлсний улмаас орон сууцны хөлсөнд төлсөн 3 сая төгрөгийн хамт Баян мэдлэг ХХК-иас гаргуулж, хариуцагчид уг барилгыг буулгаж газар чөлөөлөхийг даалгаж өгнө үү.
Бид гэрээнээс учирсан хохиролд худгийн үнэд 6,300,000 төгрөг нэхэмжилсэн боловч уг шаардлагаасаа одоо татгалзаж байна гэв.
Хариуцагч Баян мэдлэг ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Манай компани Монголдоо залуу гэр бүлийг дэмжих зорилгоор Май хаус /My house/ төсөл санаачилж, Гэрэлт хаус загвараа фасебүүк орчинд танилцуулсны дагуу Ц.Эрдэнэбат ирж амины орон сууц захиалан бариулахаар тохиролцож барилгын материалуудаа сонгон гэрээ байгуулсан.
Барилга барих явцад Ц.Эрдэнэбат эхнэрийн хамт байнга талбай дээр очиж барилгын явцыг шалгаж бидэнд шаардлага тавьж хамтран ажилласан. Бид барилгын гаднах фасадны өнгө таалагдаагүйгээс эхлэн сольж өгөх, таазны лампир, байшингийн фасадыг бүхэлд нь сольж ажлаа дуусгасан. Харин Ц.Эрдэнэбатын худаг нь газар хөлдөлтийн гүнээс дээш гарсан байсан тул өвөл хөлдөхийг өөрт нь ойлгуулан 720,000 төгрөгөөр тохирч, худгийг 2 м ухаж гаргасан ба турбаг байшин руу хоолой татаж оруулан дээрээс нь дулаалга хийж өгөх, цонх томруулах, терассыг саравчтай болгох гэх мэтчилэн ажил нэмж хийх болсон тул гэрээний хугацааг 3 хоног сунгаж ажилласан.
Ингээд байшинг 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдөр дуусган төлбөрөө төлөхийг шаардахад мөнгөө үрчихсэн, ирэх хавраас өгч болох уу гэж байсан. Энэ үеэс Ц.Эрдэнэбат байшинг шүүмжилж, засвар хийлгэж явсаар 9 сард нь ажил дуусган дутуу муу хийсэн ажлуудаа төгрөгөөр үнэлж, ажлын гүйцэтгэлийг дүгнэсэн актыг 9 дүгээр сарын 10-ны өдөр түүний эхнэрээр бичүүлэн үйлдэж, бид үлдэгдэл төлбөрөөс тодорхой хэмжээний мөнгө авахааргүй болж, 7 хоногийн дотор цонх сольж өгсөн.
Энэ өвөл над руу ярьж мэдэгдэл өгч, асуудлыг нэг тийш нь болгохоор шийдэх үед би тэр бичгүүдийг хүлээж авсан, дахин дахин бичиг болоод байхаар нь ирж уулз гэж хэлсэн.
Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэв.
Сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: Манай компани Ц.Эрдэнэбаттай 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдөр амины орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан. Тус гэрээний дагуу 80 м.кв талбай бүхий 2 давхар, 3 өрөө орон сууцыг 46,220,000 төгрөгөөр барьж гүйцэтгэн 2014 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр гэрээний 5.1-д заасан ёсоор гүйцэтгэл дүгнэж, акт үйлдсэн. Энэ өдрөөс хойш Ц.Эрдэнэбатыг төлбөрөө төлөхийг удаа дараа шаардаж өнөөдрийг хүргээд байна.
Ц.Эрдэнэбатын гаргуулсан худаг нь газрын хөлдөлтийн гүнээс дээш гарсан байсан тул өвөл худаг нь хөлдөхийг өөрт нь ойлгуулан 720,000 төгрөгөөр тохирч өөрийнх нь хүсэлтээр худгийн дээрээс 2 метр ухаж гарч ирсэн турбаг байшин руу хоолой татаж оруулсан бөгөөд нэмж ажил хийх болсон учир гэрээг 3 хоног сунгаж ажилласан.
Ингээд 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдөр ажлаа дуусган төлбөрөө төлөхийг шаардсан. Бид ажлаа хүлээлгэн өгч акт үйлдсэн бөгөөд уг актын дагуу үлдэгдэл төлбөр болох 9,244,000 төгрөгөөс 2,082,360 төгрөгийг авахааргүй болж, засан сайжруулах ажлыг 2 хоногийн дотор гүйцэтгэж, 8 том цонхны хаалт, 3 жижиг цонхны хаалт, 2 гэрлийг сольж өгсөн.
Иймд хариуцагч Ц.Эрдэнэбатаас гэрээний үлдэгдэл төлбөр болох 7,161,640 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ц.Эрдэнэбат сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. 2014 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн акт нь ажил гүйцэтгэлийг эцсийн байдлаар дүгнэж хүлээлцсэн акт биш ба гэрээний дагуу хийсэн ажлыг дуусгасан бол надад хүлээлгэж өгөх ёстой.
Хариуцагч тал гэрээнд заасан чанар, үзүүлэлтэд тохирохооргүй доголдолтой гүйцэтгэсэн тул хүлээн аваагүй, уг доголдлоо арилгахыг шаардсан ч хариуцагч үүргээ биелүүлэхгүй гэрээгээ ноцтой зөрчиж байна.
Энэ хугацаанд хариуцагч үлдэгдэл төлбөр төлөх талаар нэг удаа ч нэхэмжилж байгаагүй бөгөөд угаасаа нэхэмжлэх үндэслэл байхгүй.
Хариуцагч сөрөг нэхэмжлэлээ дэмжиж ирээгүй учир хурал дээр яриад байх шаардлагагүй гэж үзэж байна гэв.
Шүүх зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Эрдэнэбат, Баянмэдлэг ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, гэрээгээр шилжүүлсэн төлбөр болон учирсан хохиролд 46,276,000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлага,
Хариуцагч Баянмэдлэг ХХК нь уг шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэгчээс гэрээний үүргийн гүйцэтгэлд 7,161,640 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргасан байна.
Шүүх хуралдааны үеэр нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу гэрээнээс учирсан хохирол буюу худгийн үнэд 6,300,000 төгрөг гаргуулах шаардлагаас татгалзаж, нэхэмжлэлийн үнийн дүнг 40,276,000 төгрөг болгон багасгаж байна.
Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг буцаах нь зүйтэй гэж үзлээ.
1.Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэд Ц.Эрдэнэбат нь хариуцагч Баян мэдлэг ХХК-ийн сурталчилгааг үндэслэн, амины орон сууцны Май хаус /My house/төслийн хүрээнд санал болгосон Гэрэлт хаус загварын байшинг үзэн улмаар хариуцагч талтай 2014 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 44 тоот Амины орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, уг гэрээгээр гүйцэтгэгч нь Хан-Уул дүүрэг, 14 дүгээр хороо, Бурхантын 14-52 тоотод байрлах газарт 80 м.кв талбай бүхий, 3 өрөө, 2 давхар амины орон сууцыг 23 хоногийн хугацаанд буюу мөн оны 7 дугаар сарын 04-нөөс 24-ний өдрийн дотор барьж өгөхөөр, захиалагч тал нь ажлын хөлсөнд 46,220,000 төгрөг төлөхөөр тохиролцож, нэхэмжлэгч Ц.Эрдэнэбат нь гэрээний дагуу урьдчилгаа төлбөрт 36,976,000 төгрөгийг гэрээ байгуулсан өдрөө шилжүүлсэн байна. /хх-5-8 дугаар хуудас/
Ингэснээр зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн харилцаа үүсчээ.
Талууд амины орон сууц захиалан бариулах материалаа жагсаалт гарган сонгон баталгаажуулж, гэрээний дагуу 2014 оны 7 дугаар сарын 27-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээний үр дүн буюу орон сууцыг хүлээлцэхээр тохиролцсон боловч хариуцагч тал уг хугацаанд гэрээний үр дүн болох орон сууцыг хүлээлгэж өгөөгүй байхаас гадна талууд доголдлын улмаас нэмэлт хугацаа тохирсон болох нь хэн алиных нь тайлбараар нотлогдож байна.
Нэхэмжлэгч Ц.Эрдэнэбат нь хариуцагч Баян мэдлэг ХХК-д 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр барилгыг гэрээнд зааснаас чанар муутай материалаар, мэргэжлийн бус хүмүүсийг ажиллуулж буй талаар мөн актаар тогтоосон доголдлоо арилгах шаардлагыг хүргүүлсэн байдаг төдийгүй мөн оны 3 дугаар сарын 19-ний өдөр гэрээнээс татгалзах тухай мэдэгдэл явуулж байсан үйл баримт хэргийн 17-19 дүгээр хуудсанд авагдсан баримтаар тогтоогдож байна.
Хариуцагч тал уг шаардлага, мэдэгдлийн дагуу ямар ажил хийж гүйцэтгэн орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэж өгөх арга хэмжээ авснаа нотлоогүйн гадна шинжээч Барилгын хөгжлийн төвийн дүгнэлтээр барилгын суурийн бетоны бат бэх нь М250 марк В20 ангийг хангаагүй гэжээ.
Хариуцагч тал уг шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэж маргаагүй тул ажлын үр дүнгээ доголдолгүй гүйцэтгэсэн гэж үзэх боломжгүй байна.
Иймээс нэхэмжлэгч талд Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1, 225 дугаар зүйлийн 225.3-т зааснаар ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, гэрээгээр шилжүүлсэн төлбөрөө буцаан шаардах эрх үүссэн байх тул хариуцагч Баян мэдлэг ХХК-иас 39,976,000 /гучин есөн сая есөн зуун далан зургаан мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Эрдэнэбатад олгож, хариуцагч Баян мэдлэг ХХК-д Хан-Уул дүүрэг, 14 дүгээр хорооны Бурхантын 14-52 тоотод амины орон сууцны зориулалтаар баригдсан барилгыг буулган газар чөлөөлөхийг даалгав.
Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 389,330 төгрөг, хариуцагчаас төлсөн 129,540 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Баян мэдлэг ХХК-иас 357,830 төгрөг гаргуулан Ц.Эрдэнэбатад буцаан олгож, мөн 56 дугаар зүйлийн 56.1-д заасны дагуу 892,520 төгрөг гаргуулан шинжээч Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГазарт олгох нь зүйтэй байна.
Хариуцагч Баян мэдлэг ХХК-ийн үүсгэн байгуулагч буюу захирал Д.Сүхбаатар нь Б.Сансарнямд 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Компанийн эрх шилжүүлэх гэрээгээр компанийг болон хувьцааны дагалдах эрх, үүргийг шилжүүлсэн байх бөгөөд мөн өдрийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээгээр хувьцаагаа зарсан байна. /хх-149-150 дугаар тал/
Хариуцагч компанийн захирал Д.Сүхбаатар нь Б.Сансарнямаас итгэмжлэл авч уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно гэсэн учир шүүх 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдааныг хойшлуулж, шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудсыг хариуцагч Баян мэдлэг ХХК-ийн шүүхэд тодорхойлж өгсөн Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, ТЭЦ-4, зүүн урд тал гэсэн хаягаар хүргүүлсэн боловч тус хороонд бүртгэлгүйн улмаас мэдэгдэх хуудас буцаж иржээ.
Мөн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн шүүх хуралдааныг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн, хариуцагчийн улсын бүртгэлд бүртгэгдсэн хаягаар хүргүүлэх хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдааныг хойшлуулан, тов мэдэгдэх хуудсыг Баянзүрх 4 дүгээр хороо, Цэргийн хотхоны 517 тоот хаягаар хүргүүлсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /цаашид хуулийн гэх/ хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар зохигч нь шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэг хүлээдэг бөгөөд мөн хэргийн оролцогч хаягаа өөрчилбөл хуулийн 77 дугаар зүйлийн 77.8-д заасны дагуу шүүхэд мэдэгдэх, хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.3-т зааснаар шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэх үүрэгтэй юм.
Шүүх хариуцагчийг хуулиар тогтоосон дээрх үүргээ биелүүлээгүй гэж үзэн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд нэхэмжлэгчийн гаргасан тайлбар болон бусад баримт, нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн ба энэ нь талуудын тэгш эрхийн болон мэтгэлцэх зарчимд харшлахгүй гэж үзсэн болно.
Түүнчлэн хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжин шүүх хуралдаанд ирээгүй учир мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т заасныг баримтлан хариуцагч Баян мэдлэг ХХК-ийн, нэхэмжлэгч Ц.Эрдэнэбатаас ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 7,161,640 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг буцаахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.3, 343 дүгээр зүйлийн 343.1-д заасныг баримтлан хариуцагч Баян мэдлэг ХХК-иас 39,976,000 /гучин есөн сая есөн зуун далан зургаан мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Эрдэнэбатад олгож, хариуцагч Баян мэдлэг ХХК-д Хан-Уул дүүрэг, 14 дүгээр хорооны Бурхантын 14-52 тоотод амины орон сууцны зориулалтаар баригдсан барилгыг буулгаж, газар чөлөөлөхийг даалгасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т заасны дагуу хариуцагч Баян мэдлэг ХХК-ийн, нэхэмжлэгч Ц.Эрдэнэбатаас ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 7,161,640 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг буцаасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 389,330 төгрөг, хариуцагчаас төлсөн 129,540 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Баян мэдлэг ХХК-иас 357,830 төгрөг гаргуулан Ц.Эрдэнэбатад буцаан олгож, мөн 892,520 төгрөг гаргуулан шинжээч Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГазарт олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн шүүхийн шийдвэрийг энэ хуулийн 119.5-д заасны дагуу хүргүүлснийг гардан авсанд тооцох бөгөөд 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД