| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 102/2016/07136/И |
| Дугаар | 102/ШШ2016/05900 |
| Огноо | 2016-11-29 |
| Маргааны төрөл | Зуучлал, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 102/ШШ2016/05900
| 2016 оны 11 сарын 29 өдөр | Дугаар 102/ШШ2016/05900 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дорноговь аймаг, Сайншанд сум, 2 дугаар баг, Эрх чөлөөний 12 дугаар байрны 16 тоотод оршин суугаа, Огниуд овогт Самбадовдигийн Цогзолмаа /РД-ХЛ63120205/,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 45/2 дугаар байрны 04 тоотод оршин суух, Хатгин овогт Гансүхийн Мөнхжаргал /РД-УЗ88090549/-д холбогдуулан гаргасан,
Зуучлалын гэрээнээс татгалзаж, гэрээгээр шилжүүлсэн 7,500,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, мөн сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Цогзолмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Мөнхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Цогзолмаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Анх манай дүүгийн найз н.Отгонжаргал нь Г.Мөнхжаргалыг Боловсролын яаманд ажилладаг, Австралийн тэтгэлэгтэй сургуульд явуулдаг гэж хэлэхээр нь манай дүү бид хоёр очиж уулзахад хариуцагч нь миний охин н.Анхзаяаг Австралийн 100 хувийн тэтгэлэгтэй сургуулийн магистрын сургалтад явуулах бичиг баримт бүрдүүлэхэд 13 сая төгрөг шаардлагатай, эхлээд 6,500,000 төгрөг шилжүүл гэсэн. Ингээд Г.Мөнхжаргалын ХААН банкны 5007973443 тоот дансанд 2016 оны 4 дүгээр сарын 11-нд 1,500,000 төгрөг мобайл банкаар, дараа нь мөн сарын 14-ний өдөр 10 цагаас хуралд материал оруулна, 10 цагаас өмнө үлдсэн 5 сая төгрөгөө хий гэхээр нь шилжүүлгийн баримтаар 5 сая төгрөгийг тус тус шилжүүлсэн.
2016 оны 6 дугаар сарын 26-ны өдөр сургуульд явуулах юу болсон бэ гэж утсаар ярихад сайд сонгууль гээд олдохгүй байна, юу ч гэсэн хотод ирээд эрүүл мэндийн үзлэгт ороод материалаа бүрдүүлчих гэхээр нь охин хотод очиж үзлэгт орсон.
Ингээд Г.Мөнхжаргал Австрали Улсад суралцах боломжтой 10 сургуулийн талаар танилцуулаад, эдгээр сургуулиас 5 нь төлбөртэй, 5 нь төлбөргүй байдаг. Чи ямар сургуулийг нь сонгох юм бэ гээ асуусан. Манай охин төлбөртэй сургуулийг нь сонгоход Г.Мөнхжаргал тэгвэл 1 сая төгрөг нэмээд өгчих. Чиний материалыг сургууль руу чинь явуулахад мөнгө хэрэгтэй болно гэж хэлсэн. Тиймээс 1 сая төгрөг нэмж өгсөн. Хариуцагч нь 7 дугаар сарын 05-ны өдөр гэхэд сургуульдаа явчихсан байна гэсэн боловч одоог хүртэл сургуулийн сураг байхгүй байна.
Асуухаар жаахан хүлээж бай, сайд солигдох гээд байна гэж хойшлуулдаг байсан. Би саяхан зурагтаар тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломжгүй болсон тухай мэдээ сонссон.
Бид Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргасан бөгөөд хариуцагч нь 9 дүгээр сарын 27-ны өглөө 10 цагт уулзана гэж тохирсон хугацаандаа ирээгүй, утсаа аваагүй тул эвлэрүүлэн зуучлалд гаргасан өргөдлөө буцаан авч, шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Иймд хариуцагч Г.Мөнхжаргалаас 7,500,000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Г.Мөнхжаргал шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Би С.Цогзолмааг харж байгаагүй. Гэхдээ утсаар ярьж байсан. Нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа 7,5 сая төгрөг миний ХААН банкны дансаар шилжиж ирсэн нь үнэн боловч миний танил н.Энхтуяа эгчээр дамжуулан танилцсан хүн юм. н.Энхтуяа эгч С.Цогзолмаагийн хохирлыг бага багаар барагдуулж байна гэсэн хариу надад өгсөн. Уг мөнгөнөөс надад шагнал гэж нэмж өгсөн 1,5 сая төгрөгийг би өөрөө хариуцан төлөх болно гэжээ.
Шүүх зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Цогзолмаа нь С.Мөнхжаргалд холбогдуулан зуучлалын гэрээнээс татгалзаж, гэрээгээр шилжүүлсэн 7,500,000 төгрөг буцаан гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч С.Мөнхжаргал, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 1,5 сая төгрөгийг төлж, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэсэн тайлбар шүүхэд ирүүлсэн байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд С.Цогзолмаа нь охин н.Анхзаяаг Австралийн 100 хувийн тэтгэлгээр магистрын сургалтад явуулах зорилгоор хариуцагч Г.Мөнхжаргалд урьдчилгаа хөлсөнд 7,500,000 төгрөгийг дансаар шилжүүлсэн болох нь зохигчдын тайлбараар нотлогдож байна. /хх-1, 7-9, 23, 29 дүгээр хуудас/
Зохигчид өөрсдийн хүсэл зоригоо илэрхийлэн, харилцан тохиролцож байгуулсан дээрх аман гэрээ нь Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д заасан зуучлалын гэрээний шинжийг агуулсан байх тул тэдгээрийн хооронд зуучлалын гэрээний үүргийн харилцаа үүссэн гэж үзнэ.
Хариуцагч Г.Мөнхжаргал шүүхэд ирүүлсэн тайлбартаа ...миний танил н.Энхтуяа эгчээр дамжуулан танилцсан хүн юм. н.Энхтуяа эгч С.Цогзолмаагийн хохирлыг бага багаар барагдуулж байна гэсэн хариу надад өгсөн. Уг мөнгөнөөс надад шагнал гэж нэмж өгсөн 1,5 сая төгрөгийг би өөрөө хариуцан төлөх болно ... гэсэн байх боловч уг тайлбараа баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй гэм буруутай байна.
Талуудын гэрээний гол нөхцөл нь хариуцагч Г.Мөнхжаргал, нэхэмжлэгчийн охин н.Анхзаяаг Австралийн 100 хувийн тэтгэлэгт магистрын сургалтад явуулж, нэхэмжлэгч тал зуучлалын хөлсний үлдэх төлбөрөө төлөх байсан бөгөөд уг зуучлалын ажиллагаа биелэгдээгүйн улмаас нэхэмжлэгчид гэрээнээс татгалзах эрх үүссэн учир хариуцагчаас зуучлалын хөлсөнд шилжүүлсэн 7,500,000 төгрөгийг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасны дагуу шаардах эрхтэй.
Иймд Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг баримтлан хариуцагч Г.Мөнхжаргалаас 7,500,000 /долоон сая таван зуун мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Цогзолмаад олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /цаашид хуулийн гэх/ хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 134,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 134,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгохоор шийдвэрлэв.
Хариуцагч Г.Мөнхжаргал нь шүүх хуралдааны товыг 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр мэдсэн атлаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй учир нэхэмжлэгчийн хүсэлтээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасны дагуу нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт авагдсан баримтыг үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь талуудын тэгш эрхийн зарчимд харшлахгүй гэж үзсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг баримтлан хариуцагч Г.Мөнхжаргалаас 7,500,000 /долоон сая таван зуун мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Цогзолмаад олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 134,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 134,950 төгрөг гаргуулан С.Цогзолмаад буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн шүүхийн шийдвэрийг энэ хуулийн 119.5-д заасны дагуу хүргүүлснийг гардан авсанд тооцох бөгөөд 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД